Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00/ХТ2021/0107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          М.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

                       нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

                        Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох

                                                захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч, шүүгч:                                        Х.Батсүрэн

            Шүүгчид:                                                       Д.Мөнхтуяа

                                                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                                                     Ц.Цогт

            Илтгэгч Танхимын тэргүүн, шүүгч:         Ч.Тунгалаг

 

            Нарийн бичгийн дарга:                             Г.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дугаар сарын 06-ний өдрийн 26 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б-У, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээд “Б м” ХХК, “М ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан №А/457-1,29 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар акт, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

Хэргийн нөхцөл байдал:

2.Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №А/457-1,29 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар “Б м” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын архитектур төлөвлөлт болон  барилгын “эскиз”-ийг тус тус баталсан,

 Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар актаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... үйлчилгээтэй 136 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн,

  Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дүгээр Магадлалын ерөнхий дүгнэлтээр “Б м” ХХК-ийн эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий 2 блок 17 давхар барилгын ажлын зургийг хянаж магадласан байна.

 

 3. Маргаан бүхий барилга нь орон сууцны 4 дүгээр байрны зүүн талд байрших бөгөөд тус байрны 47, 56 тоотод нэхэмжлэгч М.Э болон Д.Бнарынх амьдардаг, тус барилга нь тэдний амьдардаг сууцны цонхоор тусах нарны гэрлийг бүрэн хаасны улмаас хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн болон нян устгах, дулааны үр ашигтай нөлөө шууд алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан гэж нэхэмжлэгч нар маргасан байна.

 

            Анхан шатны шүүх:

           

4. “…архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлахдаа иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг хянах хуулийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас иргэн М.Э, Д.Б нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, ажлын зураг нь тухайн барилгын хийц бүтээцийн талаар тусгасан, нэхэмжлэгч нарын маргаж буй нарны ээвэрлэлт, тусгалтай хамааралгүй, ... Комисс нь тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн комисс ажиллах зохиуцуулалтыг зөрчөөгүй” гэх дүгнэлтүүд хийж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан №А/4571.29 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсан үйлдэл болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх:

5. “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-той холбоотой хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, ... Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн зохицуулалтаас үзэхэд, баригдаж дууссан барилгыг улсын комисс хүлээн авахдаа эдгээр хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг бүхэлд нь хянах үүрэгтэй, … уг барилгыг улсын комисс хүлээн авсан нь хууль журамд нийцэхгүй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад хэсгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Гуравдагч этгээд “Б м” ХХК, “М ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч:

 6. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д тус тус заасныг нэхэмжлэгчид зөрчиж буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан гэдгийг мэдсэн атлаа гомдол гаргах хугацааг 3 сараар хэтрүүлэн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байдаг.

            7. Анхан шатны шүүх “...30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах байсан боловч нэхэмжлэгч нар нь уг хугацаанд гомдлоо гаргаагүй, дээд шатны захиргааны байгууллага уг хугацааг харгалзалгүйгээр урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан гомдлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн боловч дээд шатны захиргааны байгууллага түүнийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Гэхдээ нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1 дэх заалтад заасан хугацааны дотор дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй... хэмээн дүгнэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...нэгэнт захиргааны байгууллага хариу өгсөн, нэхэмжлэгч захиргааны байгууллагын хариуг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүх “...хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй...” гэж илт хуульд зааснаас зөрүүтэй байдлаар тайлбар дүгнэлт хийсэн. Энэ нь нэхэмжлэгчид хуульд заасан хугацааг хэдэн ч удаа хэтрүүлж дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж болох буруу жишгийг тогтоож байна.

 

            8. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4.12-т заасан эрх, үүргийн хүрээнд барилга байгууламжийн бичиг баримт, ажлын гүйцэтгэлийг шалгасны үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх улсын комиссын акт гарсны дараах буюу Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралт болох “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг үндэслэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг хууль бус байсан гэж дүгнэсэн нь буруу байна.

 

            9. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг хангалгүйгээр хоорондоо зөрүүтэй, илт норм дүрмийн дагуу нарны ээвэрлэлтийн тооцоолол гаргаагүй үнэн зөв эсэх нь эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй бөгөөд үнэн зөв болох нь эргэлзээтэй гарсан тул дахин шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

           10. Шүүхээс томилогдсон шинээжчид болон хэрэгт авагдсан мэргэжилтнүүд дээрх норм дүрмийн дагуу нарны ээвэрлэлтийн тооцоог хийгээгүй, нарны ээвэрлэлтийн зураг нь илт алдаатай байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон “...шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй хэдий ч агуулгын хувьд маргаан бүхий барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн батлагдсан эскиз зураг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг дүгнэсэн байна...” хэмээн дүгнэсэн, давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч М.Э нарын эрүүл аюулгүй орчинд тохитой амьдрах нөхцөл алдагдсан, нарын тусгалын болон архитектур төлөвлөлтийн хувьд зөрчилтэй болох нь тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            11. Онцгой байдлын ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актад хамаарах шинээр баригдсан барилгын зураг төсөлд хяналт хийж гаргасан дүгнэлтээр тус барилга нь галд тэсвэршилтийн II зэрэгт хамаарч байгаа ба шүүхээс томилогдсон шинжээч болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хэмжилтээр маргаан бүхий захиргааны актад хамаарах барилга нь “нэхэмжлэгчийн орон сууцны байрнаас 44 м зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтад барилгын гал тэсвэршилтийн зэргээс хамаарч барилга хоорондын гал тусгаарлах хамгаалатын зай 6м-10м зайтай байх шаардлагыг хангаж байна” гэж дүгнэснийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд огт үнэлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

 

            12. Учир нь барилга хороондын зай болон галын тэсвэршилт, бусад бүтэц хийц, газар хөдлөлтийг даах ачаалал зэрэг бүх үзүүлэлтүүд нь барилгын норм дүрмийн шаардлагыг хангаж байхад 4-р байрны 2 оршин суугчийн нэхэмжлэлээр нарны тусгалын үргэлжлэх хугацаа норм дүрэм хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь учир дутагдалтай. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь шинжээчийн дүгнэлт, нарны ээвэрлэлтийн тооцоолол хийсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож, нэхэмжлэгчдийн эрх ашгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн атал давж заалдах шатны шүүх “...шүүх мэргэжлийн байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй тул ...гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах гомдол үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

 13. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

14. Нэхэмжлэгч М.Э, Д.Б нараас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлээ тодруулж,  2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг үндэслэн шүүх, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээс үзвэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу захиргааны хууль бус актаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд уг актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж, шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлүүлэх талаар, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т зааснаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар тус тус зохицуулсныг  зөрчөөгүй  болно.

 

15. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-34.1.8-д нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдлуудыг, үүнд  34.1.8энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж заасан, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч М.Э нь, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын баталсан “Б м” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №А/457-1,29 Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын “эскиз”-ийг тус тус хүчингүй болгуулахаар 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 9 дүгээр сарын 22-ны өдөр  тус тус  гомдлын хариуг авснаар шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзвэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, шүүх тухайн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь уг хуулиар тогтоосон хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журмыг  мөн зөрчөөгүй байна.

 

16. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсөн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол...”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан, эдгээр зохицуулалтыг үндэслэл болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий захиргааны актын талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд 3 сар хэтрүүлж гаргасан гомдолтой нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой” гэж маргасан, шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан уг хуулиудыг хэрэглэсэн нь буруу хэдий ч дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, түүнийг хүлээн авснаас хойш  хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтыг үгүйсгэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах  үндэслэл болохгүй гэж үзнэ.

 

17. Иймээс, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан  “хуульд заасан хугацааг хэдэн ч удаа хэтрүүлж дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж болох буруу жишиг шүүх  тогтоосон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

18. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын /тухайн үеийн нэрээр/ даргын  2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн  №А/457-1,29 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар баталсан барилгын төлөвлөлт, уг төлөвлөлтийн дагуу батлагдсан тухайн  барилгын “эскиз”-ээр баригдаж, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний  газрын барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар актаар ашиглалтад оруулсан маргаан бүхий уг барилга нь орон сууцны  4 дүгээр  байрны зүүн урд талд байрших бөгөөд тус байрны 47, 56 тоотод нэхэмжлэгч Д.Б болон  М.Э /хууль ёсны өмчлөгч/  нарынх амьдардаг, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

19. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Э, Д.Б нараас нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний /хуучнаар/ газарт  холбогдуулан гаргасан тус газрын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №А/457-1,29 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, “Б м” ХХК-ийн эмнэлэг, орон сууц үйлчилгээний барилгын “эскиз” зэргийг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “үйлчилгээтэй 136 айлын орон сууцны барилга”-ын ажлын зураг төсөлд  магадлал хийсэн  2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, гуравдагч этгээдээс уг магадлалд гомдол гаргаагүй тул эдгээр шаардлагад холбогдуулж хяналтын шатны шүүх дүгнэлт  хийхгүй.

 

20. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын  2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага”-ыг хэрэгсэхгүй болгохдоо улсын комисс ажиллах бүрэлдэхүүний тоо, ашиглалтад  оруулахад шаардлагатай  баримт бичгийн бүрдэл хангагдсан талаарх дүгнэлтээр хязгаарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107  дугаар  зүйлийн  107.4-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ “...захиргааны актын хууль зүйн үндэслэл...”-д дүгнэлт өгөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйн зэрэгцээ барилгын архитектур төлөвлөгөө, уг төлөвлөгөөг үндэслэн батлагдсан барилгын эскиз зэргийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа эдгээр актаар зөвшөөрөгдөж баригдсан уг барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын актыг “хууль зөрчөөгүй” гэж, үндэслэлгүй дүгнэлтээр  нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаар дүгнэж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.3-т нийцжээ.

 

 21. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3 болон  Барилгын тухай /2016 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.7-д тус тус заасны дагуу Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ээр, мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 317 дугаар тогтоолоор  батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах журам, эрх үүргийг тус тус тодорхойлсон бөгөөд энэ тохиолдлын хувьд маргаан бүхий  барилгыг ашиглалтад оруулахаар улсын комисс ажиллах үед  Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “дүрэм” хүчин төгөлдөр үйлчилж байснаас үзэхэд, давж заалдах шатны шүүх, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан  “дүрэм”-ийн  4.1.2, 4.1.3, 4.1.7 дахь заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэсэн нь зөрчилтэй болжээ.

 

22. Гэвч, давж заалдах шатны шүүхээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 2017/30 дугаар актыг хууль бус байсан болохыг тогтоохдоо зөвхөн 2018 оны  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн зохицуулалтыг хэрэглэж, үүнийг зөрчсөн гэж үзээгүй, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих  Барилгын тухай хуулийн  холбогдох зүйл заалтыг,  2012 оны  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

23. Тодруулбал, Барилгын тухай /2016 оны/ хуулийн 14 дүгээр зүйлд барилга байгууламжид тавигдах шаардлагуудыг, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”-ыг, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”-ыг тус тус хуульчилсан, тухайн тохиолдолд барилга, байгууламжийг ашиглалтад оруулах Комисс нь түүний үйл ажиллагаа, эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг буюу Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.12.1-д заасан “Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын бичиг  баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ”, 4.12.2-т  заасан “комиссын ... шийдвэр нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна”, 4.12.8-д заасан “ашиглалтад оруулах барилга байгууламж нь Барилгын тухай, ...хууль болон бусад хууль тогтоомж, барилгын норм, нормативын бичиг баримтын заалтыг ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй тохиолдолд энэ тухай эрх бүхий байгууллагад холбогдох хууль тогтомжид заасны дагуу санал хүргүүлэх” эрх үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

 

24. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хяналтын журмаар гаргасан “улсын комиссын акт гарсны дараах 2018 оны “дүрэм”-ийг үндэслэн комиссын актыг хууль бус байсан гэж дүгнэсэн нь буруу” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

 

 

25. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2016-2020 онд/ 15 орчим удаа шүүгч захирамж гаргаж, хэд хэдэн байгууллага, эрх бүхий этгээдийг шинжээчээр томилсон ба тэдгээр нь нэхэмжлэгч нарын сууцны цонхоор тусах нарны  тусгалын үргэлжлэх хугацааг ялгаатай  дүгнэсэн  боловч  маргаан бүхий барилгыг төлөвлөхдөө заавал мөрдөх Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт БНбД 30-01-04-ийн  2.11-т “орон сууц хоорондын, ...нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр  зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу ... төлөвлөнө” гэж заасныг; Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж БНбД  23-04-07-ийн 3.3-т “тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг ... сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх  нь энэхүү нормын шаардлага болно” гэснийг зөрчсөн, нэхэмжлэгч нарын сууцны  цонхоор тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь барилгын норм ба дүрмээр тогтоосон заавал хангуулах норматив хэмжээнд хүрэхгүй  байна гэж  шинжээч нар адилхан дүгнэснээс үзэхэд,  шүүх шинжээчдийн дүгнэлтийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзнэ.

 

            26. Түүнчлэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дахин шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1698 дугаар захирамжийг давж заалдах шатны шүүх хянаж, дахин томилсон шинжээчийн дүгнэлтийг  зөвшөөрөхгүй  байх нь  шинжээч  дахин томилж, дүгнэлт гаргуулах үндэслэл биш, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах талаар  зааж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээс үзвэл, хэргийн оролцогчоос хуульд  заасан эрхийн дагуу  гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэхгүй, уг захирамж хүчин төгөлдөр байна.  

 

27. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй, дээрх үндэслэлүүдээр шийдвэрийн зарим хэсэг, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

28. Харин, анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны актууд болох 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №А/457-1,29 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, барилгын эскиз зураг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтэд холбогдуулж, 2016 оны Барилгын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу тул магадлалд хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн нэг заалтын “Барилгын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 35 дугаар зүйлийн 35.1.2” гэснийг “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 9 дүгээр зүйлийн  9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай /2016 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 35 дугаар зүйлийн 35.1.2” гэж өөрчилж, бусад хэсэг заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                                          Д.МӨНХТУЯА

                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                             Ц.ЦОГТ

                                                                                                             Ч.ТУНГАЛАГ