Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00863

 

М.Лхамдорж, Л.Маруся,

М.Лхамжав нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаар шийдвэр,                                                 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 661 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : М.Лхамдорж,

Нэхэмжлэгч : Л.Маруся,

Нэхэмжлэгч : М.Лхамжав,

Хариуцагч : Э.Одбаатар,

Нэхэмжлэл : Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлөх

Сөрөг нэхэмжлэл: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбай бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбадралын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоот, 9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өмчилдөг. 2005 онд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын төлөвлөөгөөр оффисын зориулалттай болгон өргөтгөж, зохих  газруудаас зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд 2014 он 01 дүгээр сараас Э.Одбаатарын хүсэлтээр өргөтгөлд засвар хийлгэж, 2 жилийн хугацаанд түүнийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөн, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх тухай аман хэлцэл байгуулагдсан. Гэтэл Э.Одбаатар нь   өмчлөгч нарын шаардлагыг хүлээж авахгүй өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгч нарыг хохироосоор байна. Иймд тухай хөрөнгөнөөс албадан гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. М.Лхамжавтай өргөтгөлийнх нь доод суурийн хоосон талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглах талаар зөвшилцөж одоо эзэмшиж, ашиглаж байгаа. Уг талбайг иргэн Э.Банзрагчтай 2014.3.15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барьж байгуулахаар тохиролцон ажлын хөлсөнд 6 сая төгрөг, материалын зардалд 7 сая төгрөгийг гаргасан. Одоо уг объектод  “барьцаалан зээлдүүлэх газар” ажиллуулдаг. 2015.9.07-ны өдөр “Хөрш-2005” СӨХ-тэй орчны газрыг ашиглах гэрээ байгуулж,  ашиглалтын зардалд сар бүр 35.000 төгрөг төлж ирсэн.  Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан өргөтгөл хийх зохих зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй ч, миний хувьд СӨХ-ны орчны газрыг түүний зөвшөөрөлтэйгөөр гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа. Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн лавлагаагаар тус газар нь “Хөрш-2005” СӨХ-н болох нь тогтоогдоно. Өргөтгөлийн  хэсгийг өмчлөгч гэж үзэж шаардаж  байгаа ч  Иргэний хуулийн 182-р  өмчлөгч биш. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Харин сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тухайн хэсгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан үйл ажиллагаа явуулах хэмжээний болгосон өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай болж байна. Тэгэхээр миний бие нийт өргөтгөлд оруулсан хөрөнгийн хувьд хариуцагч нартай адил хэмжээтэй биш боловч яг тухайн хэсэгт оруулсан хөрөнгийн хувьд хариуцагч этгээдүүдээс давуу эрхтэй. Иймд, Иргэний хуулийн 90, 101.1, 106.1 –д заасныг үндэслэн  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны 2-р орцны өргөтгөлийн 7м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар Э.Одбаатараас Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,1 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Одбаатарын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Одбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 661 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул Э.Одбаатарын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийг 14 хоног хойшлуулан тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөхийг даалгасан боловч танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь ИХШХШТХ-ийн  25.1.1-г зөрчсөн. Мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Нэхэмжлэгч нар маргааны зүйлийн өмчлөгч биш ийм баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 85.1-т заасны дагуу  чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу  хэрэглэсэн. Иргэний хуулийн 85.2-н заалт  нэхэмжлэгчид ашиггүй байсан тул зориуд буруу заалт хэрэглэсэн.  Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг объектыг бариулсан төлбөрөө суутган, ашиглуулсан юм шиг зүйл ярьж байгаа. Энэ тохиолдолд хариуцагч талын оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж олгох ёстой. Хариуцагч нь хөдлөх хөрөнгө болох мөнгийг зарцуулан үл хөдлөх хөрөнгийн барьсан. Шүүх эд хөрөнгө нийлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн ямар үндэслэл байгааг дурдсангүй. Давж заалдах шатны шүүх хэргийн энэ талаарх баримтыг бүхэлд нь хянаж үзээгүй, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны өргөтгөлийн 7 м.кв талбайг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэл, Э.Одбаатар нь уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл  гаргаж, мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан гэж үзэн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 90-р зүйлийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны  шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт “...Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1...” гэснийг “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.” болгон өөрчилж, бусад заалтыг нь хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт Э.Банзрагчийн тодорхойлолт болон гэрээний хуулбар авагдсан /хх 24-26/ байх боловч үүнийг тухайн этгээд үйлдсэнг нотлох баримт хэрэгт байхгүй, Сууц өмчлөгчдийн холбоонд мөнгө төлж байсан гэх баримтууд нь нэхэмжлэлийг үгүйсгээгүй /хх 27, 29-32/, Б.Алтанчимэгийн тодорхойлолт /хх 28/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан баримтад хамаарахгүй, хэрэгт байгаа баримтаар хариуцагчийн татгалзал тогтоогдоогүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах, улмаар Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотыг өмчилдөг болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Зохигчдын гаргаж өгсөн баримт, тайлбараас үзвэл Э.Одбаатар нэхэмжлэгч нарын хөрөнгийг гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байсан нь нотлогджээ.  

М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нар  2005 онд  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн барилгын зураг төслийг хийлгэн, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тушаалаар орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан нь тогтоогдсон тул хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн иргэний эрх зүйн хамгаалалтын талаарх зохицуулалтыг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой бус болжээ. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 661 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбадралын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ