Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 661

 

М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нарын

       нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Одбаатарт холбогдох      

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайгаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Оруулсан хөрөнгийн хэмжээгээр өргөтгөлийн тухайн хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоот, 9 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2205019748 дугаартай 1 өрөө орон сууцыг өмчилдөг. Уг өмчлөлийн орон сууцаа 2005 онд оффисын зориулалттай болгон өргөтгөж, Нийслэлийн Онцгой байдлын алба, Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газруудаас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд 2014 он 01 дүгээр сараас Э.Одбаатарын хүсэлтээр өргөтгөлд засвар хийлгэж, 2 жилийн хугацаанд түүнийг үнэ төлбөргүй ашиглуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөн, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх аман хэлцэл байгуулагджээ. Гэтэл Э.Одбаатар 2 жилийн хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй үйл ажиллагаа явуулсан атлаа цаашдаа амьдрах сонирхолтой болж, өмчлөгч нарын шаардлагыг хүлээж авахгүй хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар дээрх өргөтгөл нь 0 тоотоос салгаж үл болох, түүнийг өмчлөх эрхтэй салшгүй холбоотой эд хөрөнгө юм. Иймд хариуцагч Э.Одбаатарыг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайгаас албадан гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч М.Одбаатар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие иргэн М.Лхамжавтай өргөтгөлийнх нь доод суурийн хоосон талбайг өөрийн хөрөнгөөр барьж, эзэмшиж, ашиглаж байгаа. Уг талбайг иргэн Э.Банзрагчтай 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан барихаар тохиролцон ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг, материалын зардал 7 000 000 төгрөг гаргаж өөрийн хөрөнгөөр бариулсан. Одоо уг 7 м.кв талбайтай обьектод жижиг барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байна. Би 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Хөрш-2005” СӨХ-той орчны газрыг ашиглах тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36-А байрны 2 дугаар орцны хажуу талд орших хана нийлүүлэн барьсан 7 м.кв талбайтай хэсгээр ашиглаж ашиглалтын зардалд сар бүр 35 000 төгрөг төлж ирсэн. Түүнээс өмнө ч ашиглалтын зардлыг төлж байсан. Нэхэмжлэгчийг өргөтгөл хийх зохих зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй ч, миний хувьд СӨХ-ны орчны газрыг түүний зөвшөөрөлтэй гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа. Иймд уг обьектоос хууль зүйн хувьд хамааралгүй, өмчлөгч биш этгээд нь албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн нотлох баримтаар тухайн өргөтгөлийн суурь байрлаж байгаа газар “Хөрш-2005” СӨХ-ны газар болох нь тогтоогдож байгаа. Нэг талаас хариуцагч нар нь өргөтгөлийн тухайн хэсгийн өмчлөгч гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хуулиар улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч этгээд биш юм. Тэгэхээр хуульд зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ. Нөгөө талаас миний бие тухайн хэсгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан үйл ажиллагаа явуулах хэмжээний болгосон тул тухайн хөрөнгөнд эрхлэн хамгаалалт буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай болж байна. Миний бие нийт өргөтгөлд оруулсан хөрөнгийн хувьд  хариуцагч нартай адил хэмжээтэй биш боловч яг тухайн хэсэгт оруулсан хөрөнгийн хувьд хариуцагч этгээдүүдээс давуу эрхтэй. Хариуцагч нар 7 м.кв талбайтай хэсгийн хувьд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны өргөтгөлийн миний хөрөнгө оруулсан хэсгээс намайг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаад байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлйин 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Одбаатараас Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,1 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Одбаатарын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Одбаатараас улсын  тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулан нэхэмжлэгчийг тайлбар нотлох баримт гаргаж өгөхийг даалгасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлд холбогдох тайлбар болон түүний үгүйсгэх нотлох баримттай танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийг ноцтой зөрчсөн.

2. Хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцууулахгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргасан. Шүүх сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөх боломж нөхцөлөөр хангаагүй шүүх хуралдааныг явуулсан.

3. Нэхэмжлэгчид тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байр, 2 дугаар орцны 7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч этгээдүүд биш атал Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн өөрийн өмч хөрөнгөөрөө барьж байгуулсан 7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, тухайн заалт нь "салгаж үл болох тухайн бүрдэл хэсэг нь Иргэний эрх зүйн харилцааны бие даасан обьект болох" тухай хуулийн зохицуулалт юм. Гэтэл хамааралгүй заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан. Шүүх нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхэд нэхэмжлэгчид ашиггүй байсан тул түүнд ашигтай байлгах гэж зориуд буруу заалт хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьсан. Шүүх эд хөрөнгө нийлсэн холилдсон асуудлыг анхаарч үзсэнгүй. Өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн ямар үндэслэл байгааг дурдаагүй. Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болон хууль хэрэглээний алдаа гаргасныг анхаарч шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нар нь хариуцагч Э.Одбаатарт холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч оруулсан хөрөнгийн хэмжээгээр өргөтгөлийн тухайн хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

М.Лхамдорж нь Э.Одбаатартай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоот 1 өрөө орон сууцны  өргөтгөлийн 7 м.кв талбайг ашиглах талаар хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна /хх-54-57/.

Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/-гээр тогтоогдсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийн салшгүй хэсэг болсон өргөтгөлийн хувьд ч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг эдлэх эрхтэй. Харин үл хөдлөх хөрөнгийн хэсэгт салшгүй бэхлэгдэж байгаа зүйлийг тусдаа хөрөнгө бий болсон гэж үзэх боломжгүй, уг үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй залгаа баригдсан 27.5 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн 27.5 мк.в өргөтгөлийн маргаан бүхий 7 м.кв талбайн өмчлөгч болсон гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч Э.Одбаатар нь “Хөрш-2005” СӨХ-той 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Орчны газрыг ашиглах тухай” гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн салшгүй бүрдэл хэсэг болсон 7 м.кв талбайн өмчлөх эрхийг олох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн 0 тоот орон сууц түүний 27.5 м.кв өргөтгөлийн хэсгийн маргаан бүхий 7 м.кв талбай нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө бөгөөд маргаж буй 7 м.кв талбай нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасан энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг болжээ.

Түүнчлэн бүрдэл хэсгийг хуульд тусгайлан заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан тусдаа обьект гэж үзэхээр Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасан. Иймд өргөтгөлийн хэсгийн 7 м.кв талбай нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан обьект болох үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэж зааснаар хөлслөгч нь ашиглаж байгаа зүйлдээ салгаж болох засан сайжруулалт хийх, үүнтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч шаардлага гаргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй байна.

Харин анхан шатны шүүх өмчлөх эрхийн агуулгыг тодорхойлсон Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1, хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх 106 дугаар зүйлийн 106.1, шударга эзэмшигчийн талаар тодорхойлолт болох 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан заалтуудыг баримтлан өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу байх тул зөвтгөн залруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн гаргасан өмчлөх эрхээ тогтоолгох сөрөг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй учраас шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нотлох баримтуудтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаагүй гэж үзэх боломжгүй, мөн түүнд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна /хх-178, 181/.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/06000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Одбаатарын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА