Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 6000

 

2016 оны 12 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06000

 

 

 

 

                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 19-41 тоотод оршин суух, Есөн овогт Мөнхбазарын Лхамдорж /РД:ЧВ75061846/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 11-128 тоотод оршин суух, Есөн овогт Лувсан-Очирын  Маруся /РД:ЧВ46070221/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 56 тоотод оршин суух, Есөн овогт Мөнхбазарын Лхамжав /РД:ЧВ70040702/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 21-56 тоотод оршин суух, Завчир овогт Эрдэнэ-Очирын Одбаатар /РД:ЕП85092115/-т холбогдох

Орон сууцны 0 тооты өргөтгөлөөс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, оруулсан хөрөнгийн хэмжээгээр  өргөтгөлийн тухайн хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, гэрч С.Дэлгэрзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоот, 9 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2205019748 дугаартай 1 өрөө орон сууцыг өмчилдөг. Уг өмчлөлийн орон сууцаа 2005 онд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын төвлөвлөөгөөр оффисын зориулалттай болгон өргөтгөж, Нийслэлийн Онцгой байдлын алба, Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газруудаас зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Ингээд 2014 он 1 дүгээр сараас Э.Одбаатарын хүсэлтээр өргөтгөлд засвар хийлгэж, 2 жилийн хугацаанд түүнийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөн, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх тухай аман хэлцэл байгуулагджээ. Гэтэл Э.Одбаатар нь 2 жилийн хугацаанд ямар ч төлбөр төлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан атлаа цаашдаа ч мөн амьдрах сонирхолтой болж, өмчлөгч нарын шаардлагыг хүлээж авахгүй өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгч нарыг хохироосоор байгаа болно. Монгол Улсын Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар дээрх өргөтгөл нь 0 тоотоос салгаж үл болох, түүнийг өмчлөх эрхтэй салшгүй холбоотой эд хөрөнгө юм. Иймд хариуцагч Э.Одбаатарыг Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, 36А байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайгаас албадан гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Эрдэнэ-Очир овогтой Одбаатар миний бие нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие иргэн М.Лхамжавтай өргөтгөлийнх нь доод суурийн хоосон талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглах талаар зөвшилцөж одоо эзэмшиж, ашиглаж байгаа юм. Уг талбайг иргэн Э.Банзрагчтай 2014 оны 03 сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барьж байгуулахаар тохиролцон ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг, материалын зардалд 7,000,000 төгрөгийг гаргаж өөрийн хөрөнгөөр бариулсан. Одоо уг 7 м.кв талбайтай обьектод жижиг барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж амьдралаа залгуулж байна.

Би 2015 оны 9 сарын 07-ны өдөр “Хөрш-2005” СӨХ-той орчны газрыг ашиглах тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 36-А байрны 2-р орцны хажуу талд орших хана нийлүүлэн барьсан 7 м.кв талбайтай хэсгээр ашиглаж ашиглалтын зардалд сар бүр 35,000 төгрөгийг төлж ирсэн. Түүнээс өмнө ч ашиглалтын зардлыг төлж байсан нь баримттай байгаа болно. Нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан өргөтгөл хийх зохих зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй ч, миний хувьд СӨХ-ны орчны газрыг түүний зөвшөөрөлтэйгөөр гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа юм. Иймд би өөрийн хөрөнгөөр барьж ашиглаж байгаа уг обьектоос хууль зүйн хувьд хамааралгүй, өмчлөгч биш этгээд нь албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн лавлагаа нотлох баримтаар тухайн өргөтгөлийн суурь байрлаж байгаа газар нь “Хөрш-2005” СӨХ-ны газар болох нь тогтоогдож байгаа юм. Нэг талаас хариуцагч нар нь өргөтгөлийн тухайн хэсгийн өмчлөгч гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хуулиар улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч этгээд биш юм. Тэгэхээр хуульд зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ. Мөн нөгөө талаас миний бие тухайн хэсгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан үйл ажиллагаа явуулах хэмжээний болгосон тул тухайн хөрөнгөд эрхлэн хамгаалалт буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай болж байна. Тэгэхээр миний бие нийт өргөтгөлд оруулсан хөрөнгийн хувьд  хариуцагч нартай адил хэмжээтэй биш боловч яг тухайн хэсэгт оруулсан хөрөнгийн хувьд хариуцагч этгээдүүдээс давуу эрхтэй. Хариуцагч нартай тухайн 7 м.кв талбайтай хэсгийн хувьд ямар нэг гэрээ байгуулж байгаагүйг дурдах нь зүйтэй.  Хариуцагч нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны өргөтгөлийн миний хөрөнгө оруулсан хэсгээс намайг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаад байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 101 дүгээр зүйлийн 101.1 болон 106.1 –д заасны дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны өргөтгөлийн 7м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нар нь хариуцагч Э.Одбаатарт холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Э.Одбаатар нь нэхэмжлэгч нарт холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,5 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлүүлэх гэж тодруулан мэтгэлцэж байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадралд шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  дүгнэлээ.

Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотыг  хууль ёсоор өмчилдөг болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-4 тал/.

Нэхэмжлэгч нар нь “...өөрийн өмчлөлийн орон сууцыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оффисын зориулалттайгаар өргөтгөж, уг өргөтгөлийн 7 м.кв талбайг 2014 оны 01 сараас иргэн Э.Одбаатар нь өөрийн зардлаар засвар хийж, 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглахаар харилцан тохиролцож, эд хөрөнгө хөлслөх аман хэлцэл байгуулагдсан. Ингээд энэхүү тохиролцооны дагуу Э.Одбаатар нь 2016 оны 1 сард уг талбайг чөлөөлж өгөх ёстой байсан боловч чөлөөлж өгөхгүй байна ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “...М.Лхамжавтай өргөтгөлийнх нь доод суурийн хоосон талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглах талаар зөвшилцөж одоо эзэмшиж, ашиглаж байна, …“Хөрш-2005” СӨХ-тэй орчны газрыг ашиглах тухай гэрээ байгуулан газрын төлбөрт сар бүр 35,000 төгрөг төлдөг, ... өмчлөгч биш этгээд нь албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй...“ гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа төдийгүй, уг өргөтгөлийн талбайд оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь 2005 онд өөрийн өмчлөлийн  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотод  оффисын зориулалтаар өргөтгөл хийхээр барилгын зураг төслийн Кон-Инженерс ХХК-иар 27,5 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгын зураг төслийг хийлгэн, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.Сайнбуянаар батлуулж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай тушаалаар уг орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон болох нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал, өргөтгөлийн барилгын зураг төслөөр тогтоогдож байна / хх-7-14,115,116 тал/.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар  тухайн 27,5 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгыг нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотоос салгаж үл болох бүрдэл хэсэг  байх тул нэхэмжлэгч нарыг уг өтгөтгөлийн барилгын шударга эзэмшигч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь тухайн өргөтгөлийн барилга дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авч, хууль ёсны өмчлөгч болоогүй хэдий ч эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр уг өргөтгөлийн барилгыг барьж, 7 м.кв талбайгаас бусад талбайг өнөөг хүртэл эзэмшин ашиглаж байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар “Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “...өөрийн өмчлөлийн орон сууцыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оффисын зориулалттайгаар өргөтгөж, уг өргөтгөлийн 7 м.кв талбайг 2014 оны 1 сараас иргэн Э.Одбаатар нь өөрийн зардлаар засвар хийж, 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглахаар харилцан тохиролцсон...” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч талаас хэрэгт  өгсөн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр хаана байршилтай ямар объектыг түрээслэж байгаа нь тодорхойгүй байх хэдий ч “хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд өргөтгөлийг бүхэлд нь түрээслэж, түрээсийн төлбөрт сард 1,500,000 төгрөг төлдөг байсан гэж, уг тайлбараа нотлохоор нэхэмжлэгч М.Лхамдоржийн Хаан банкны 5023300070 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Мөн хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан “... М.Лхамжавтай өргөтгөлийнх нь доод суурийн хоосон талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглах талаар зөвшилцөж одоо эзэмшиж, ашиглаж байна ...” гэх тайлбар болон гэрч С.Дэлгэрзулын мэдүүлэг зэргээс дүгнэхэд талуудын хооронд  Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний  хугацаа дууссан гэх үндэслэлээр хариуцагчаас  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,1 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь тухайн өргөтгөлийг нэхэмжлэгч нарынх гэдэгтэй маргахгүй байгаа ба харин уг өргөтгөлийн 7м.кв талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглах талаар зөвшилцөж, 13,000,000 төгрөгний зардал гаргасан тул оруулсан хөрөнгийн хэмжээнд өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...”Хөрш 2005” СӨХ-той орчны газрын ашиглах тухай гэрээ хийж, газар ашигласны төлбөр төлдөг, мөн тухай хэсгийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан  гэж...” тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны орчны газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай захирамжаар “Хөрш 2005” СӨХ-д ашиглах эрхийг баталгаажуулан улмаар Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах тухай гэрээ байгуулжээ. Уг гэрээний 5.6-д газар ашиглагч нь газраа бусдад ашиглуулан төлбөр авсан тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэсэн байх тул хариуцагч Э.Одбаатарыг “Хөрш 2005” СӨХ-той орчны газрын ашиглах тухай гэрээ хийж, газар ашигласны төлбөр төлсөн байдал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагч нь өргөтгөлийн 7м,кв талбайд өөрийн зардлаар засвар хийснээр  тухайн талбайг өмчлөх эрх үүсэхгүй.

Иймд хариуцагч Э.Одбаатарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,1 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Лхамдорж, Л.Маруся, М.Лхамжав нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх зааснаар хариуцагч Э.Одбаатараас Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын 27,1 м.кв талбай бүхий өргөтгөлийн 7 м.кв талбайг албадан чөлөөлсүгэй.

2 Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Одбаатарын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 2 дугаар орцны 0 тоотын өргөтгөлийн 7 м.кв талбайтай хэсэгт оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Одбаатараас улсын  тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                          Х.ЭНХЗАЯА