Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00866

 

Макс групп ХХК, Макс импекс ХХК нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00236 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Макс групп ХХК,

Нэхэмжлэгч : Макс импекс ХХК,

Хариуцагч : Хаан банк,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 446.539.046 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан гэрээний зарим зүйл, заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа, Б.Жүгдэррэгчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Макс групп ХХК нь Хаан банктай 2007.7.24-ний өдөр 07/26-01 зээлийн гэрээ байгуулж 5.400.000 ам.доллар, 2008.6.09-ний өдөр 08/50 зээлийн гэрээ байгуулж 4.100.000 ам.доллар, Макс импекс ХХК нь Хаан банктай 2010.5.26-ны өдрийн ЗГ-10/27 тоот зээлийн гэрээ байгуулж 3.000.000 ам.доллар, 2010.5.26-ны ЗГ-10/28 тоот зээлийн гэрээ байгуулж 1.711.656 ам.доллар, нийт 14.211.656 ам.долларыг зээлж авсан. Талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж хамтран ажиллаж байсан. Дээрх зээлийн гэрээнүүдийг хэрэгжүүлэх явцад Хаан банк хүүгийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүү тооцож авсан.Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлиин нийт үлдэгдэл дүнгээс тооцсон нь хууль бус болсон.  Ийнхүү Хаан банк нийт 133.462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүд  тооцож  өөрийн санаачилгаар шууд суутгаж авсаны улмаас манай компаниас дахин 45.894 ам.долларын нэмэлт хүүгийн зардал гарсан. Хаан банкинд 2010 оны оны 9 сараас эхлэн  гомдол  гаргасан боловч  татгалзсан.  Хаан банк "зээл" ба "хүү" гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгахгүй, хүү төлөх хуваарьт хугацааг цөөхөн хоног хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн үлдэгдэлээс тооцсон нь буруу. Хаан банк 133.462 ам.долларыг  хууль бусаар  аваагүй бол  манай компани 45.894 ам.доллар хэмнэх байсан. Хэрэв 133.462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд бус зээлд тооцож төлсөн бол манай компаниас 45.894 ам.долларын нэмэлт зардал гарахгүй байсан болно.  Талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийг Хаан банк өөрт ашигтайгаар хэрэгжүүлж хууль бусаар тооцож авсанг  зөвшөөрөхгүй.  Энэ нь Иргэний хуулийн 56.1-г зөрчсөн. Иймд  2010.5.26-ны өдрийн 07/26-01/1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, 2010.5.26-ны өдөр байгуулсан 08/50/1 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, 2010.5.26-ны өдөр байгуулсан дугаар ЗГ10/28 тоот зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөр..." гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэсэн нөхцөл,  2010.5.26-ны өдөр байгуулсан дугаар ЗГ-10/27 тоот зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөр..." гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Мөн хууль бусаар нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нийт 258.089.696,88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банк нь Макс групп ХХК-тай 2007.5.24-ний өдөр 07/26-01 тоот зээлийн гэрээ байгуулан 5.400.000 ам.долларын, 2008.6.09-ний өдөр 08/50 тоот зээлийн гэрээг байгуулж 4.100.000 ам.долларын, 2010.5.26-ны өдөр ЗГ10/27 зээлийн гэрээ байгуулан 3.000.000 ам.долларын, Макс импекс ХХК-тай 2010.5.26-ны өдөр ЗГ10/28 тоот зээлийн гэрээг байгуулан 1.711.565 ам.долларын зээлийг тус тус олгосон. Улмаар зээлдэгч нарын тухай бүрт гаргасан хүсэлтийн дагуу Макс групп ХХК, Макс импекс ХХК-ийн бизнесийн байдал, санхүүгийн чадавхийг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдэд нийт 14 удаа нэмэлт өөрчлөлт оруулан "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г байгуулж зээлийн гэрээний хугацаа, хүү, зээл буцаан төлөх хуваарь зэргийг өөрчилсөн. Иргэний хуулийн 189.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан ба банкны зүгээс гэрээгээр тохирсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авч байсан. Зээлдэгч нь гэрээний эрх, үүрэг зөрчигдөн өөрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх нь нээлттэй байдаг. Макс групп ХХК-тай байгуулсан 07/26-01 тоот зээлийн гэрээний 2.1.5, 08/50 тоот зээлийн гэрээний 2.1.6, ЗГ1028 тоот зээлийн гэрээний 2.1.5-д "Нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэж тус тус заасан. Энэхүү заалтаар болон гэрээний чөлөөт байдлын зарчим ёсоор зээл буцаан төлөх хуваарьт хугацааг зөрчсөнийг хугацаа хэтрүүлсэнд тооцох, мөн төлөгдөөгүй байгаа нийт зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд харилцан тохиролцсон нь холбогдох хууль, журамд нийцсэн. Иргэний хуулийн 452.1-д заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон авч байсан тул хууль бусаар илүү төлүүлсэн гэх нэмэгдүүлсэн хүү, түүнтэй холбоотойгоор гарсан гэх нэмэлт зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй юм. Макс групп ХХК, Макс импекс ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж дуусгаснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээний зүйл заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуулан банк хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00236 шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан Хаан банк, Макс групп, Макс импекс нарын хооронд 2010.5.26-ны өдрийн байгуулагдсан 08/50/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...", 07/26-01/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс...", ЗГ-10/27 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "... хүүгийн төлбөрийг ...", 3.1.6 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...", ЗГ 10/28 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөрийг...", 3.1.5 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ..." гэснийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Хаан банк ХХК-иас 183.489.578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Макс групп ХХК, Макс импекс ХХК нарт олгож, үлдэх 263.049.468 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.776.746,26 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 315.901 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1.075.398 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, шинжээчийн ажлын хөлсөнд 896.150 төгрөгийг нэхэмжлэгч нараас, 1.284.715 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Монгол банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 803 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатйар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00236 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “451.1, 452.2, 453.1” гэснийг дараа “492.1.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас 2016.5.04-ний өдөр дахин шинжээч томилуулах хүсэлтийг Д.Нямбазар шүүгч албажиж томилогдоогүй байхдаа 2016.8.26-ны өдөр 181/11132016/03196 захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн  6.3, 6.4, 38.6-г зөрчсөн. Мөн хуулийн 5.2, 78 дугаар зүйл,  Шүүхийн тухай хуулийн 24.1.2,25.5-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтсон хуваариар хэрэг хуваарилагдаж, ерөнхий шүүгчийн албажуулсан захирамж гарч томилогддог. Шүүх  шинжээч нарын дүгнэлтийг харьцуулж, үнэлэхдээ өөрийн тусгай мэдлэгээс давсан дүгнэлт хийж Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтийг эргэлзээгүй гэж үзсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн бол нотлох баримт болж чадахгүй. 2014.01.14-ний өдрийн 9783/С шүүгчийн захирамж, 2015 онд 13430 тоот шүүгчийн захирамжууд нь нэг ижил утга агуулгатай бөгөөд нийт нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргуулах" тухай байдаг. Шүүгч  хөндлөнгийн хараат бус байдал алдагдсан. Хуулийг тайлбарлан хэрэглэх эрх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-р зөвхөн шүүгчид хадгалагдах бөгөөд шинжээч хууль тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийсэн нь буруу."дахин шинжээч томилуулах" хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин уг хүсэлтийг хүлээн авахдаа "дүгнэлт эргээлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй" гэж үзэн үндэслэлээ заагаагүй. Маргааны зүйлээр бол шинжээч дүгнэлт гаргах биш шүүгч дүгнэлт гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Нэмэгдүүлсэн хүүний 70-80 хувь нь 2007-2010 оны хооронд ам.доллар 1169-1190 төгрөг байх үед төлөгдсөн ба энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч ам.долларт хөрвүүлэн бүх төлбөрийг 1438.98 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн нь 250 төгрөгийн зөрүүг үндэслэлгүйгээр төлүүлж хохироосон. Нэхэмжлэгч төгрөгөөс хөрвүүлэн  төлбөрөө төлж байсныг ялгаагүй  шийдвэрлэсэн. Талуудын хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг гэрээ тус бүр дээр 2011 онд дуусгавар болсон байсан, түүнчлэн шүүх Иргэний хуулийн 218.1 буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардах эрхийг өөрсдөө тодорхойлсон. Мөн хөөн хэлэлцэх хугацааг 2010 оны 9 дүгээр сараас тооцох нь зүйтэй. 2013.5.16-ны өдрөөс урагш 3 жил буюу 2010.5.16-ны өдрөөс хугацаанд гүйцэтгэсэн үүрэг буюу банкинд илүү төлсөн гэх нэмэгдүүлсэн хүүг шаардах хэлэлцэх хугацаа дууссан.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Макс групп ХХК, Макс импекс ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2 шаардлага тавьсан байна.    

1. Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу хариуцагчаас “...нэмэгдүүлсэн хүүд хууль бусаар суутган авсан 192.049.148,76 төгрөг /133.462 ам.доллар/, нэмэлт хүүд гарсан зардал 66.040.548,12 төгрөг /45.894 ам.доллар/ нийт 258.089.696,88 төгрөг /177.356 ам.доллар/ гаргуулах шаардлага тавьжээ. /хх 1-ийн 1-12/   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан, шаардлагаа америк долларын хашийн өсөлттэй холбоотойгоор 76.672.894,44 төгрөгөөр нэмж үнийн дүнг нийт 334.762.593,32 төгрөг болгосон байна. /хх 2-165/

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандан, нэхэмжлэлээ америк долларын хашийн өсөлттэй холбоотойгоор 111.776.452,68 төгрөгөөр нэмж үнийн дүнг нийт 446.539.046  төгрөг болгожээ. /хх 3-46/  

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч нар нь “...нэмэгдүүлсэн хүүд хууль бусаар суутган авсан 133.462 ам.доллар, нэмэлт хүүд гарсан зардал 45.894 ам.доллар нийт  177.356 ам.долларыг ханшаас хамаарч 446.539.046 төгрөг болгон шаардсан гэж үзэхээр байхад шүүх “...нэмэгдүүлсэн хүүд хууль бусаар суутган авсан 192.049.148,76 төгрөг /133.462 ам.доллар/, нэмэлт хүүд гарсан зардал 66.040.548,12 төгрөг /45.894 ам.доллар/ нийт 258.089.696,88 төгрөг /177.356 ам.доллар/ гаргуулах, хохиролд 188.449.349 төгрөг гаргуулахыг нэхэмжилсэн гэж дүгнэсэн үндэслэл тодорхой бус байна.  

Түүнчлэн, нэхэмжлэгч нар хариуцагчаас мөнгө шаардахдаа талуудын хооронд байгуулагдсан, нэхэмжлэлд хавсаргасан нийт 18 гэрээнээс /хх1-ийн 32-70/ аль гэрээний дагуу хэдэн төгрөг тооцож нийт 446.539.046 төгрөг болсонг тайлбарлаагүйгээс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлага болон хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

2. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу талуудын хооронд 2010 онд байгуулагдсан 07/26-01/1., 08/50/1., ЗГ-10/27., ЗГ10/28 дугаар гэрээний /хх1-ийн 37-38, 49-50, 55-57, 62-65/ зарим зүйл, заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56-р зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

а/. Нэхэмжлэгч нар нь Макс групп ХХК, Хаан банкны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 07/26-01/1 тоот гэрээний 2.1.3 дахь заалт, Макс групп ХХК, Хаан банкны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/50/1 тоот гэрээний 2.1.3 дахь заалт, Макс групп ХХК, Макс импекс ХХК, Хаан банкны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ10/28 тоот гэрээний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөр..." гэсэн заалт., 3.1.5 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэснийг , Макс групп ХХК, Макс импекс ХХК, Хаан банкны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ-10/27 тоот  гэрээний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөр..." гэснийг., 3.1.6 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэснийг тус тус хүчин төгөлдөр бус...” гэж маргаснаас үзвэл энэ нь тусдаа шаардлага биш, харин эхний буюу 446.539.046 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл байж болохоор байна.

Хэлцэл нь Иргэний хуулийг 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан үндэслэл байвал хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

б/. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ шүүх өөр үйл баримтын талаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэлд дурдаагүй шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэх, улмаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэх нөхцөл юм. 

Тодруулбал, нэхэмжлэгч нар 07/26-01/1 тоот гэрээний 2.1.3, 08/50/1 тоот гэрээний 2.1.3 дахь заалтыг тус тус  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн байхад шүүх эдгээрээс “...хүүгийн ...буюу зээлийн үлдэгдлээс...” гэснийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хэдий ч бусад заалт нь хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус эсэх талаар шийдвэрт заагаагүй нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. 

Түүнчлэн, ЗГ10/28 тоот гэрээний 3.1.5 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэснийг мөн ЗГ10/27 тоот гэрээний  3.1.6 дахь заалтын "...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэснийг тус тус хүчин төгөлдөр бус гэж маргасан байхад шүүх эдгээр заалтаас зөвхөн “...хүүг ...буюу зээлийн үлдэгдлээс...” гэснийг хүчин төгөлдөр бус гэж  үзсэн үндэслэлээ заагаагүйг шүүх нэхэмжлэлийн шаардлалыг бүрэн шийдвэрлээгүй гэж үзнэ.

3. Шүүх шинжээч томилохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

а/. Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх  шинжээч томилно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд хүсэлт гаргаагүй байхад шүүх Монгол банкийг шинжээчээр томилсон /хх 2-ын 52-56/ тул уг этгээдийн дүгнэлт /хх 2-ын 61-77/  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

б/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх анх удаа зохигчийн буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13430 дугаар захирамж гаргасан /хх 2-ын 130-131/ боловч захирамжаа “дахин шинжээч томилсон” агуулгатай гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-21-р зүйлийг зөрчжээ. / хх 2-ын 124-131/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-21 дүгээр зүйлд зааснаар  шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд “нэмэлт” шинжилгээ хийнэ. Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал “дахин” шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш “шинжээчийн бүрэлдэхүүнтэй”-гээр хийлгэж болно.

в/. Хаан банк-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд зохигчдын хооронд байгуулагдсан аль гэрээний дагуу нэхэмжлэгч нар хэзээ, хэдэн төгрөг /ам.доллар/ хариуцагчид төлснийг тодруулах шаардлагатай байхад шүүх шинжээчид тусгай мэдлэгтэй нь холбоотой бус, харин эрх зүйн дүгнэлт хийх хэмжээний асуулт тавьсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд нийцээгүй байна.

Хуулийн 47 дугаар зүйлд заасан “тусгай мэдлэг” гэдэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг мэдээлэл хамаарна. Эрх зүйн дүгнэлтийг шүүх хийнэ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ. 

г/. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгоогүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчжээ.     

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн өмгөөлөчгийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00236 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 1.075.398 төгрөгийг Хаан банкинд буцааж олгох захирамж гаргасугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ