| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 185/2020/0544/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 22.1.3., |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 43
Ж.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Б.Мөнхбат, цагаатгагдсан этгээд С.М, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т, С.М нарт холбогдох 1902006980256 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Ж.Э
2. Монгол Улсын иргэн, Б.О
3. Монгол Улсын иргэн, Д.Г
4. Монгол Улсын иргэн, Д.Т
5. Монгол Улсын иргэн, С.М
Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т, С.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос С.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,
шүүгдэгч Ж.Э , “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар,
шүүгдэгч Б.О нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, шүүгдэгч Д.Г , Д.Т нарыг хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э , шүүгдэгч Б.О нарыг тус бүр нийтийн албан томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Г ыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын: тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Ж.Э ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.О ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Г ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Т ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г ын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /71x15.000=1.065.000/ эдлэх ялаас нь хасч /30.000.000-1.065.000=28.935.000/, түүний эдлэх ялыг 28.935.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай ...” гэсэн,
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 28.935.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай ...” гэсэн,
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй ...” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г ыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Э гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу хэрэглэн хүний хувь заяа, эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаад миний бие туйлын харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт, тогтоол, магадлалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ товчхон энгийнээр бичлээ.
1. Шүүх миний даргалсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааныг, тус хуралдаанаас гарсан 256 дугаар тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж ял шийтгэл оногдуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын хуралдааны журам гэж эрхийн акт бий.
... Гэтэл прокурор болон шүүхийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 256 дугаар тогтоолыг миний бие дангаараа дур мэдэн гаргасан мэтээр үзэж, тогтоолыг албажуулсан үйлдлийг минь гэмт хэрэг гэж үзсэнд туйлын гомдолтой байна. ... 256 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудлууд нь хууль, журмынхаа дагуу л явагдсан, хэлэлцэх асуудлын жагсаалтанд байсан л асуудал.
... 15 хавтаст хэрэгт чинь намайг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй, “... та бүхэн 15 хавтаст хэрэг гэж ерөнхий яллах бус чухам ямар нотлох баримтаар ямар үйл баримтыг хэрхэн тогтоож байгаа, тэдгээр нь яагаад гэмт хэрэг гэж үзэхэд хүргээд байгаагаа нарийвчилж гаргаж өгөөч ...” гэхээр өнөөх л яллах дүгнэлтэнд заасан нотлох баримтуудыг магадлалд бичсэн байх юм. Угтаа шүүх нь прокуророос хүний гэм бурууг эргэлзээгүй баримтаар тогтоосон байхыг шаардах ёстой атал эргэлзээтэй ч баримт байхгүй байхад таамаг төсөөлөлд тулгуурлан биднийг гэм буруутайд тооцож байгаа нь хуульд заасан зарчимд харшилж байна.
... 2. Намайг “... Ерөнхий сайд байхдаа “Э.О ” ХХК-иар дамжуулан дүүдээ газар авч өгч дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгож, албан тушаалаа ашигласан ...” гэж буруутгадаг. Миний хувьд Засгийн газрын 256 дугаар тогтоол гарч байхад “Э.О ” ХХК гэж ямар компани байдаг, захирал удирдлагууд нь ямар хүмүүс байдаг, нөхөх олговроор ямар талбай авч байгаа талаар огт ойлголтгүй ямар ч мэдээлэлгүй байсан. Миний дүү 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа “Э.О ” компанийн хүмүүстэй ярилцаж тохироод худалдан авсан талбай байсан. Тэр тусгай зөвшөөрлийн хувьд “Э.О ” ХХК нь улсад хураалгасан талбайнхаа оронд дүйцүүлэхээр авсан байдаг. Ямар нэг хууль зөрчөөгүй, хууль бус хэлцэл ар өврийн хаалга хэрэглээгүй, хууль бус хуйвалдаан хийгээгүй хууль, журам дүрмийнхээ л дагуу авсан талбай байсан нь хэргийн материалаас тодорхой харагддаг.
... Засгийн газар 2018 онд 300 дугаар тогтоолыг гаргаж стратегийн орд газрын хилийн заагийг тэлж тогтоохын өмнө тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдтэй УУХҮЯ-ны ажлын хэсгийн хүмүүсийг уулзахад энэ тусгай зөвшөөрлийг улсад буцаан өгөх гэж байгаа тухайгаа компанийн удирдлага хэлэхэд тогтоол гартал түр хүлээж байгаарай гэсэн нотлох баримт ч хэрэгт байдаг. Түүнээс хойш удалгүй буцааж өгөх хүсэлтээ гаргаад улсад буцаан өгсөн. “Хэрх Илч” ХХК-аас “Бэстланд майнинг” ХХК руу тусгай зөвшөөрөл шилжүүлсэн асуудал нь манай дүү тэр талбайд хайгуул хийх туршлага ч байхгүй, хөрөнгө, мөнгө ч байхгүй байсан учраас л шилжүүлсэн асуудал.
... Миний бие анхан шатны шүүх хурал дээр Засгийн газрын 256 дугаар тогтоол гарахын өмнө би болоод дүүгээ ч юм уу өөр хэн нэгэн хүнээр “Э.О ” компанид удирдлагуудтай болоод тэр компанитай хамааралтай хэн нэгэн хүнтэй нь уулзаж энэ тусгай зөвшөөрлийг дүүдээ авч өгөх талаар хэлэлцэж ярилцаж тохирсон зүйл байгаа эсэхийг тогтоосон уу? тогтоосон бол надад танилцуулж хэлж өгч болох уу гэж олон удаа асуусан, тэгж гэрчилсэн гэрч ч юмуу, хэн нэгэн хүн байвал шүүх хуралдаанд оруулж өгөөч гэж ч олон удаа хүсэлт гаргасан.
... 3. Авлигатай тэмцэх газар нь намайг сошиал дээр гарсан мэдээллээс үндэслэн шалгаж байгаа гэж анх танилцуулсан. Энэ нь тусгай зөвшөөрлийг улсад буцаан олгох асуудал яригдсаны дараагаас сошиал дээр гарч эхэлсэн. Миний хувьд ч энэ тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Э.О ” ХХК-д нөхөх олговор хэлбэрээр олгогдсон юм байна гэдгийг тэгэхэд л мэдэж авсан.
... Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш жилийн дараа 2018 оны Засгийн 300 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газрын хилийн заагийг тэлэх шийдвэр гаргаснаар хамааралтай болсон байхад яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах болсон талаарх шалгалгүйгээр 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/6063 гэсэн тоот Ашигт малтмалын газраас авсан албан бичигт үндэслэн намайг буруутгаж байгаа. Ашигт малтмалын газарт дээрх орд газрын бүртгэл байдаг гэдэг нь энэ албан бичгээс харагдаж байгаа байх. Ийм л тохиолдолд хэзээ ч Засгийн газрын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий газрыг аж ахуйн нэгжүүдэд олгох ямар ч боломжгүй гэдгийг ойлгох чадваргүй байгааг үнэхээр гайхаж байна.
... 5. Давуу байдал өөртөө болон дүүдээ бий болгосон гээд байгаа. Хуульд давуу байдал гэдгийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг юм билээ. Албан тушаалаа хэрхэн яаж ашигласныг нь тогтоогоогүй, давуу байдал нь хаана хэнд бий болгоод ямар ашигтай байдал үүссэнийг олж тогтоосон нэг ч баримт, нотолгоо заагаагүй атлаа зүгээр л хийсвэрээр ургуулан бодож яллаад байгаа. Шүүхээс намайг мөн 256 дугаар тогтоолд орсон “А.Г.Ч” компанитай холбоотой асуудлаар зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Намайг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр АТГ-т очиход яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан танилц гээд прокурорын тогтоолыг танилцуулсан. Өмнө нь “Э.О ” ХХК-тай холбож буруутгаж байснаа шинээр тогтоол танилцуулахдаа миний огт таньж мэдэхгүй хүмүүстэй намайг хамтарч зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хэмээн “А.Г.Ч” ХХК-тай холбож өөр гэмт хэрэгт нэмж буруутгасан.
... Миний хувьд яллагдагчаар татсан тогтоол дээр тайлбар хийн гарын үсгээ зураад байж байтал АТГ-ын өрөөнд прокурор орж ирэн яллах дүгнэлттэй танилц гэсэн. Би өмгөөлөгчөөсөө “... прокурорын эхний тогтоолын учрыг олоогүй байхад юун 2 дахь, 3 дахь тогтоолууд танилцуулах гээд байнаа ...” хэмээн юу болж байгааг асуухад “... ингэж болохгүй хууль зөрчиж байна ...” гэсэн учраас би яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.
... 6. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор ААН-үүдэд тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг нь л яриад байхаас тогтоолын 2 дахь заалтаар ААН-ын тусгай зөвшөөрлийг нь хураан авч цуцалсан талаар огт ярихгүй судалж ч үзэхгүй байгаа. Засгийн газар ААН-ийнхээ хуулийн дагуу эзэмшиж байгаа өмч хөрөнгийг нь хураан авсан юм бол оронд нь аж ахуйн нэгжүүдээ хохиролгүй болгох нь Засгийн газрын үүрэг. УИХ-ын 2011 оны 18-р тогтоолоор “А.Г.Ч” компанийн 40 гаран мянган га талбайг хамарсан 4 ширхэг тусгай зөвшөөрөл улсын тусгай хамгаалтанд авсан газартай давхацсан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй түдгэлзсэн байдаг. Энэ нь нөхөх олговор юмуу, нөхөх төлбөр өгч байж тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж УИХ-ын тогтоол бүрэн хэрэгжих нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор урьд нь 4 тусгай зөвшөөрлөөр 40 гаран мянган га талбайг эзэмшиж байсан компанид 8 ширхэг тусгай зөвшөөрлөөр 40 гаран мянган га талбайг нь л олгосон юм байна лээ. Хайгуул хийгээд 300 гаран кг алтны нөөцтэй гэж тогтоосон байсан талбайг нь улс хурааж аваад оронд нь юу байгаа нь мэдэгдэхгүй адил хэмжээтэй газрыг нь олгосон. 40 гаран мянган га талбай их байна гэж бодож байгаа бол өмнө нь тийм хэмжээний талбай олгосон байсан хүмүүсийг нь шалгаж үзэх хэрэгтэй байх.
Тухайн үед УУХҮЯ-нд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байхад нь “... “А.Г.Ч” компанийн тавьсан асуудлыг шийдэх ёстой, шийдэхгүй бол тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандуул Засгийн газар шүүх дээр ялагдаж нэг бол газрыг нь буцаан өгнө эсвэл нөхөх төлбөр гэж мөнгө төлөх болно шүү ...” гэсэн зөвлөмж бичиж өгсөн хуулийн хэлтсийн дарга нь анхан шатны шүүх дээр цагаадсан. Тэр хуулийн хэлтсийн даргын өгсөн зөвлөмж нь хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцсэн байсан юм билээ. Энэ ажлын хэсгийн албан тушаалтнууд хуулийн дагуу л ажлаа хийсэн. Анхан шатны шүүх зөвлөмж нь хуулийн дагуу байна гэж цагаатгасан мөртлөө зөвлөмжийн дагуу Засгийн газрын тогтоол боловсруулсан ажлын хэсгийн дарга, хууль зөвлөмжийн дагуу гомдлоо барагдуулж авсан компанийн удирдлага, зөвлөмжийн дагуу боловсруулагдаад холбогдох яам хэлтэс газруудаар хянагдаад Засгийн хуралдаанд ороод танхимын зарчмаар Засгийн газрын тогтоол болон гарсныг нь баталгаажуулж гарын үсэг зурсан намайг буруутай гэж үзэж ял оногдуулсныг огтоос ойлгохгүй байна. Төрийн хууль нэг үйл явдал, нэг үйл ажиллагаа, нэг шийдвэрт нэг л янзаар үйлчлэх ёстой.
7. Засгийн газрын 256 дугаар тогтоол ч ААН-үүдээ ядаж төр нь хохироохгүй байх үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хүрээнд л гаргасан шийдвэр. Энэ тогтоолоор Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь хурааж аваад нөхөх төлбөр олгосон 10 гаран компанийн асуудал байгаа. Бүгд л ижил нөхцөлтэй байсан. Ямар ч хууль зөрчөөгүй. Гэтэл эдгээр зөвхөн хоёр компанийн асуудлыг ярьж буруутай байна гээд байгааг ойлгоход хэцүү л юм.
... 8. Би анхан шатны шүүх хурал дээр хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй шүүх хурлаа хийе гэдэг санал гаргахад хүлээж аваагүй мөртлөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхан шатны шүүх шийдвэрээ шүүхийн нэрээр гаргаж “15 хавтаст хэргээр гэм буруутай нь нотлогдсон” гэж намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй материалаа дурдаж иргэд олон нийтийн тархи толгойг угаах зорилготой илтэд худал мэдээлэл тараасанд харамсаж байна.
... Эцэст нь намайг шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцуулж өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй. Шударга шүүхээр шүүлгэхийн тулд шүүгчээс болон нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг минь хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын явцад болоод шүүх хуралдааны үеэр олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зэрэг хуулийн зөрчлүүдийг миний өмгөөлөгч нар та бүхэнд гомдлоороо илэрхийлнэ. ... шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгдэгч Ж.Э ын өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар хамтран гаргасан гомдолдоо “... Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /цаашид “ЭХХШТХ” гэнэ/ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үзэж буй үндэслэлийн тухайд:
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ж.Э ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг доор дурдсан байдлаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
1.1.Хэргийн бодит байдлыг тогтоох талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт зөрчигдсөн тухай:
... Энэ хэрэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийг нотлож байгаа гэж үзэж, нийтдээ 54 нотлох баримтыг нэрлэн заасан байдаг.
Эдгээр нотлох баримтыг нэг бүрчлэн судлаж үзэхэд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх 54 нотлох баримт нь тодорхой үйл баримтуудыг нотлож байгаа ба тэдгээр үйл баримтууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлох, нотлох баримт болж чадахгүй байгаа юм.
Жишээлбэл:
1. Гэрч С.С , гэрч Ж.Эрдэнэтөгс, гэрч Б.Баярбилэг, гэрч Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг болон ХҮ-020922 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Э.О ” ХХК-иас “Хэрх илч” ХХК-д шилжүүлсэн талаарх нотлох баримтууд нь ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр, хэзээ шилжүүлсэн, тухайн талбайд ямар ямар үйл ажиллагаа явуулсан, хэзээ улсад буцаан өгсөн үйл баримтыг л нотлож байгаа. Эдгээр нотлох баримтуудаар Ж.Э Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргах үйл ажиллагаанд оролцохдоо анхнаасаа "Э.О ” ХХК-д олгох тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид шилжүүлэн өгөх зорилгоор хууль зөрчиж, ганцаараа уг шийдвэрийг гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй.
... 2. Гэрч Ж.Уранчимэгийн мэдүүлэгт “... Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулахад тухайн яамыг хариуцсан референт ямар үүрэг оролцоотой байдаг, зарим тохиолдолд хариуцсан референтээс саналыг авалгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж хуралдааны явцад саналыг авч шийдвэрлэдэг ...” гэх асуудлаар зөвхөн түүний ярьсан үйл баримтуудыг нотлож байгаа ба харин Ж.Э нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг хууль зөрчиж, ганцаараа шийдвэрлэсэн гэх үйл баримтыг нотлоогүй.
... Анхан болон давж заалдах шатны шүүх ийнхүү өмгөөлөх талын дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтын ямар хууль зүйн үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэн няцааж байгаа талаар шийтгэх тогтоол болон магадлалынхаа тодорхойлох хэсэгт тусгаагүй нь ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана: ... 2.3-ын “... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ..., өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... -ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл гэсэн шаардлагыг хангаагүй тул энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.
1.1.2. ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээж байгаа эсэх асуудлын хянан үзэж дүгнэлт өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж бид үзэж байгаа.
А. ... Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор заасан бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Засгийн газрын тухай 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэж, Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлэхээр”, мөн зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь Засгийн хуралдаан байхаар” тус тус хуульчлагдсан.
... Монгол Улсын Засгийн газар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудалд хамаарах “Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай” асуудлыг шийдвэрлэж, 256 дугаартай тогтоолыг гаргахдаа дээр дурьдсан хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу танхимын зарчмын үндсэн дээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Бидний үйлчлүүлэгч Ж.Э нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж, Засгийн газрын гишүүд хамтын зарчмын үндсэн дээр гаргасан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зуржээ.
... Гэтэл шүүх танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлээд гаргасан Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг тухайн асуудлыг шийдвэрлэхэд саналын нэг л эрхтэй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хамаатуулан, түүнийг уг тогтоолыг ганцаараа гаргасан мэтээр тайлбарлаж, гэмт хэрэгт буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3, 4 дэх хэсгуүдэд тус тус нийцэхгүй бөгөөд “шүүх, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг чанд сахих тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим”-ыг зөрчсөн шийдвэр гаргасан.
Б. Ж.Э ыг гэмт хэрэгт буруутгасан асуудлын талаар
Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор ““Э.О ” ХХК-д нөхөх төлбөрийн зориулалтаар олгосон ХҮ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон”, мөн тогтоолоор “А.Г.Ч” ХХК-д нөхөх төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” гэх үндэслэлүүдээр Ж.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, гэм буруутайд тооцон, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь дараах байдлаар бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа.
“Э.О ” ХХК-д холбогдох асуудлын талаар
Шүүх “Э.О ” ХХК-д холбогдох асуудалд Ж.Э ыг буруутгахдаа “... Ж.Э нь өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор “Э.О " ХХК-д олгож, улмаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, ... өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-аар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгохдоо өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ...’’ хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.
Нэгдүгээрт: Ж.Э ын дүү Ж.Эрдэнэтөгс нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа тухайн тогтоолоор нөхөх төлбөрт олгосон тусгай зөвшөөрлийг “Э.О " ХХК-иас худалдан авсан байх бөгөөд ийм үйл явдал болохыг тэрээр шийдвэр гаргах үедээ урьдчилан мэдэх ямар ч боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
... Ж.Э ын “... намайг анх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энэ хэрэгт яллагдагчаар татаж, тогтоол танилцуулах үед л би дүү Ж.Эрдэнэтөгсийн авсан зөвшөөрөл нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор нөхөх төлбөрт олгогдсон талбай байсан болохыг нь олж мэдсэн ...” гэх мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримт хэрэгт байхгүй байна.
Түүнийг Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Э.О '’ ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа бол тэрээр тухайн асуудлыг шийдвэрлэсэн бүх хүнтэй харилцаж, тэдний оролцоотойгоор ийм гэмт хэрэг үйлдэх боломжтой. Прокурор ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд ийм үйл явдал болсон эсэхийг баримтаар нотлож, эргэлзээгүйгээр тогтоосон байх үүрэгтэй боловч прокурор энэ үүргээ хэрэгжүүлж чадсаныг нотлох нэг ч баримт хэрэгт авагдаагүй.
... Хоёрдугаарт: Яллах дүгнэлтэд Ж.Э ыг “2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад” хэмээн 2017 оны 256 дугаар тогтоол гаргах үед “Э.О ” ХХК-д олгосон ХҮ-020922 тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байсан гэж үзэж ялласан ба шүүх ч яг энэ үндэслэлээр буруутгасан.
Ийнхүү буруутгах тохиолдолд ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргах үед “Э.О ” ХХК-д олгосон талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байсан эсэх, яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсан болохыг баримтаар нотлож, тогтоосон байх шаардлагатай.
УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай” гэж заагаад Нэгдүгээр хавсралтын 2-т “Нарийн сухайт”-ын орд Өмнөговь аймгийн, Гурвантэс суманд байршилтай зөвхөн тухайн үед Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан талбайг л хамааруулсан байна.
Хэргийг шалгах явцад Ашигт малтмалын газраас ХУ-020922 дугаартай тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий Нарийн сухайтын бүлэг ордод багтаж байгаа гэх мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/6063 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч яг хэзээ тухайн ордод хамаарах болсон талаарх баримтыг ирүүлээгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд эх сурвалжийг нь шалгаж баталгаажуулаагүй дээрх албан бичгийг үндэслэн Ж.Э ыг Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байгаа талбайг “Э.О ” ХХК-д олгосон мэтээр түүнийг буруутгасан.
Энэ асуудлын талаар Ж.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын талаар тодорхой мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Засгийн газрын 2018 оны 300 дугаартай тогтоолын Нэгдүгээр хавсралтаар Нарийн сухайтын нүүрсний ордын талбайг тэлж өргөжүүлсэн болох нь тогтоогдож байгаа.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил, заагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлтэй холбогдуулан УУХҮЯ-ны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн танилцуулгад “... Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордын талбайн хил, заагийг геологи хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ашигт малтмалын нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан 164933.9 га-гаар тодорхойллоо” хэмээн талбайн хэмжээг нэмэгдүүлж маш тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарласан байдаг.
Нарийн сухайтын нүүрсний ордын талбайг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар тэлж өргөжүүлсэн бөгөөд энэ нь 2017 оны 256 тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа “Э.О ” ХХК-ийн нэр дээр анх олгогдсон ХҮ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Нарийн сухайтын бүлэг ордын талбайд хамруулсан болохыг харуулж байгаа.
“Э.О ” ХХК-ийн захирал гэх гэрч С.С ын мэдүүлгээр Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Э.О ” ХХК нь хоёр тусгай зөвшөөрөл авсны нэг болох ХҮ-020922 дугаартай тусгай зөвшөөрлөө “Хэрх илч” ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа.
“А.Г.Ч” ХХК-д холбоотой асуудлын талаар
Анхан шатны шүүх Ж.Э ыг “А.Г.Ч” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “... шүүгдэгч Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, “А.Г.Ч" ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь гэмт хэргийг хамтран зохион байгуулагч гэж үзэх үндэслэл боллоо” гэж тайлбарласан нь дараах байдлаар бодит байдалд нийцээгүй, шүүх эрүүгийн хуульд байхгүй хамтран зохион байгуулагч гэх нэр томъёогоор Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн.
1. Улсын яллагчид болон шүүх Ж.Э ыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг зөвхөн Засгийн газрын 2017 оны 90 /Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай/, 91 /Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийн тухай/ дүгээр тогтоолын хүрээнд л гаргах ёстой гэж буруутгасан.
... УИХ-ын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, уг тогтоолын 5 дугаар хавсралтаар Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хилийн заагийг баталсан байна.
Энэ шийдвэрийг үндэслэн “А.Г.Ч” ХХК-ийн ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрөл нь улсын тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь түдгэлзүүлсэн болох нь хэрэгт баримтуудаар тогтоогдсон байгаа.
“А.Г.Ч” ХХК нь 2012 оноос 5 жилийн туршид холбогдох байгууллагад нөхөх олговрын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараалан хүсэлт гаргаж, тэр нь шийдвэрлэгдээгүй байгаа талаарх хүсэлтийг нь ажлын хэсэгт гаргасныг ажлын хэсгийн ахлагч Д.Г 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж, улмаар яамны хуулийн хэлтсийн даргад хандан тухайн асуудлаар зөвлөгөөг авахаар хандсан байна.
... Хоёр шатны шүүх ийнхүү “А.Г.Ч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын талаар хуулийн хэлтсийн даргын зөвлөгөөг зөв гэж үзсэн атлаа Ж.Э ад нарт холбогдох үйлдэлд энэ дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай дүгнэлт хийсэн нь “нэг хэрэгт хамаарах, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийж” шүүгдэгч нарт ялгамжтай хандсан нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болж байгаа.
2. “А.Г.Ч" ХХК-д нохөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор хамтран шийдвэрлүүлэх болсон гол эх сурвалж нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн газрын дарга С.М аас тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г ад хүргүүлсэн дотоод албан бичиг болох нь тогтоогдож байна.
... 1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Э болон өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааны талаар:
Хэргийг хянан шийдвэрлэх явцад Ж.Э болон өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн дараах үйл ажиллагаанууд явагдсан:
Прокурор яллах дүгнэлт гардуулах ажиллагаа явуулахыг оролдох үед тэрээр дээр дурдсан эрхээ эдлэсний дараа гардаж авахаа илэрхийлж, яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байсан. Энэхүү үйл баримтын талаар гаргасан Ж.Э ын хүсэлтийг шүүх огт хэлэлцэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь түүний эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Давж заалдах шатны шүүхээс энэ асуудлын талаар “...шүүгдэгч Ж.Э ад яллах дүгнэлт гардуулах талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулсан боловч гардаж аваагүй бөгөөд гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулан өгсний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулах нь ЭХХШТХ-ийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхээ хэрэгжүүлэх, үүний үндсэн дээр өөрийгөө өмгөөлөх, улсын яллагчтай мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хууль зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа. Гэтэл шүүх шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулан өгч мэтгэлцэх боломжийг нь олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг гажуудуулж, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн хэлэлцүүлэг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах” шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
... Анхан шатны шүүх Ж.Э ын УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ захирамждаа “... Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр хамгаалагдсан гишүүний бүрэн эрхийн баталгаа ямарч тохиолдолд үйлчлэхийг дараах байдлаар ойлгож, тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ ... УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа тохиолдолд Засгийн газрын гишүүний хувиар хийсэн аливаа хууль бус үйлдлийг шалгах, шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа үйлчлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад төрийн албан хаагч, энгийн иргэнтэй адил түвшинд авч үзнэ ...” гэж, шийтгэх тогтоолдоо “... Ж.Э нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголт болохын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх зүйн ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ойлголт юм ...” гэж тус тус тайлбарласан байдаг.
Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын хуульд “УИХ-ын халдашгүй байдал”-ыг бус харин “УИХ-ын гишүүний халдашгүй” байдлыг хуульчилсан байдаг.
... Анхан шатны шүүх энэ дүгнэлтээ ямар нэгэн хуульд үндэслэн хийгээгүй болох нь “УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ойлголт юм” гэх тайлбараас нь харагдаж байгаа. Зөвхөн энэ тайлбараас нь дүгнэлт хийхэд “шүүх гагцхүү хууль захирагдаж шийдвэрээ гаргах” тухай Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн холбогдох зохицуулалтыг ноцтойгоор зөрчсөн.
“УИХ-ын гишүүний халдашгүй байдал”-д хууль бусаар халдсан шүүгч Х.Идэрийн дээрх шийдвэр нь ганц УИХ-ын гишүүн Ж.Э ын бус “халдашгүй байдал” нь Үндсэн хуулиар баталгаажсан бүх субъектын халдашгүй байдлыг хууль бусаар хязгаарлах жишиг болохуйц шийдвэр болсон.
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг баталгаажуулан, нэр дэвшсэн тойрогтоо хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүнийг үнэмлэх олгосон тогтоолыг шинээр сонгогдсон гишүүн бүрт олгосон ба Ж.Э ыг ч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох асуудлыг СЕХ-ны 2020 оны 06 дугаар 25-ны 229 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их хурлын тухай (2020 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхлэх зохицуулалт нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тойрогтоо хамгийн олон санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчийн гишүүний халдашгүй байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Учир нь, Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн ...” гэж, Улсын Их Хурлын тухай (2020 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн ...” гэж тус тус зохицуулсан бөгөөд УИХ гишүүн бол түүнийг сонгосон ард түмэн (сонгогчдын)-ий элч тул сонгуулийн дүн гарснаар УИХ гишүүний халдашгүй байдал үүсдэг.
Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.9 дэх заалтад тус тус зааснаар СЕХ нэгэнт сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлэх, гишүүний үнэмлэх олгох шийдвэрийг гаргахаар хуульчилсан тул дээр дурьдсан хууль, шийдвэрийн үндсэн дээр Ж.Э ын хувьд УИХ-ын гишүүний халдашгүй байдал дахин шинээр үүссэн гэж үзнэ.
Үндсэн хуулийн ноцтой зөрчилд хамаарч эдгээр асуудлын талаар бидний гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт давж заалдах шатны шүүх “... Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн байхад ... цагдан хорьсон гэсэн гомдлуудын хувьд анхан шатны шүүхээс хууль зүйн тайлбар, дүгнэлт нь тодорхой бөгөөд үндэслэлтэй гарсан ...” гэснээс өөр дорвитой тайлбар дүгнэлт хийгээгүй байна.
4. Ж.Э нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өмгөөлөгч Д.Батсүхээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчөөр сонгон авч, өөрт холбогдох хэрэгт оролцуулах хүсэлтийг гаргасан.
Өмгөөлөгч Д.Батсүх тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан “...Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн b) заалт, ЭХХШТХ-ийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах” талаархи үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангах, ЭХХШТХ-ийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т заасан “шүүх хуралдаанд зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох үүрэг”-ээ хэрэгжүүлэх үүднээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх боломж олгож, шүүх хуралдааныг 14-оос доошгүй хоногийн хугацаагаар хойшлуулж өгөх ...” хүсэлтийг гаргасан.
Хэргийг шийдвэрлэж байсан шүүгч Х.Идэр “...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг судлахад оролцоод эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой...” гэж тайлбарлаад өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Ж.Э ын өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх болон дээр дурдсан Олон Улсын гэрээ, хуульд заасан “өмгөөлүүлэх ажилдаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, боломж, нөхцөлөөр хангуулах эрх”-ийг ноцтойгоор зөрчсөн.
Шүүгч Х.Идэр өмгөөлөгчид “хэргийн материалтай танилцах, өмгөөлөх ажилдаа бэлтгэх боломж, хангалттай хугацаа олгоогүй”-гээс өмгөөлөгч нь Ж.Э ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар тухайн шүүх хуралдаанд түүнийг өмгөөлөн оролцохоос татгалзаж, шүүгч хуралдааны танхимыг орхин гарсан.
... Өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон хууль зүйн үндэслэлдээ холбогдох хууль, Олон улсын гэрээ, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн зүйл заалтуудыг маш тодорхой дурьдаж, тайлбар, хүсэлтээ гаргасан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх “...өмгөөлөгч Д.Батсүх нь “хэргийн материалтай танилцуулаагүй тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, шүүх хуралдаанаас гарах хүсэлттэй байна” гэж шүүх хуралдааны танхимаас гарсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна ...” хэмээн илтэд худал, өмгөөлөгчийг үйл ойшоосон, гүтгэсэн дүгнэлт хийжээ.
Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч Х.Идэр нь Ж.Э ыг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн d) заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах”, “сонгон авсан өмгөөлөгчөөрөө өмгөөлүүлэх”, “шүүн таслах ажиллагааны эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх” зэрэг өмгөөлүүлэх эрхэд хамаарах түүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Шүүгдэгч Ж.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаагүй” байхад шүүгч Х.Идэр “та өөрөө өөрийг өмгөөлж байгаа” гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа.
Давж заалдах шатны шүүх Ж.Э ыг өмгөөлөгчгүйгээр шүүсэн зөрчлийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн ... 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заажээ ... өмгөөлөгч авах, солих, шүүх хуралдаанд бэлтгэл хангалттай цаг хугацаа шүүгдэгч нарт байсан бөгөөд энэхүү эрхээ урвуугаар ашиглаж, шүүн таслах ажиллагааг тасалдуулах зорилготой байсан нь тогтоогдсон, эрхээ урвуугаар ашиглаж байгаа үйлдлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна ...” гэх зэргээр зөвтгөжээ.
ЭХХШТХ-ийн 3 дахь хэсгийн зохицуулалт нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах шаардлагыг зохицуулсан бөгөөд энэ нь шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
... Хэрвээ шүүх ЭХХШТХ-ийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар бол томилогдсон өмгөөлөгч оролцуулан шүүх хуралдааныг явуулах хууль зүйн шаардлага, журмыг хууль тогтоогч хуульчилсан байхад шүүх энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь хүний эрхийн ноцтой зөрчил гаргахад хүргэсэн.
6. Ж.Э шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Шударга шүүхээр шүүлгэх ...” эрх нь хөндөгдсөн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан байна.
ЭХХШТХ-ийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ ...” гэж заасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Х.Идэр нь нийт шүүгчдээс татгалзсан Ж.Э ын хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн тухайд:
Шүүх Ж.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон бөгөөд уг хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх”, “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байх” гэж тодорхойлсон байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэг хүнийг буруутгахын тулд ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын хүрээнд “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотолсон байх шаардлагатай.
... Ж.Э ыг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас тэрээр өөртөө болон бусдад буюу тодруулбал өөрийн дүү Ж.Эрдэнэтөгсөд “эдийн болон эдийн бус ашигтай” байдлыг ямар давуу байдал бий болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.
Ж.Эрдэнэтөгс нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа “Э.О " ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийг “Хэрх илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан, уг шилжүүлэн авсан ХҮ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ямар ч нөөцгүй, ашиглах боломжгүй байсны улмаас 2018 оны сүүлээс эхлэн тухайн талбайг бүхэлд нь буцаан өгөх асуудал яригдаж, улмаар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор буцаан авах шийдвэр гарсан болох нь гэрч Х.Бат-Эрдэнэ, Б.Баярбилэг нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Дээрх үйл баримтаар Ж.Э болон түүний дүү Ж.Эрдэнэтөгс нар “XҮ-020922 дугаартай тусгай зөвшөөрлийг анхнаасаа “Хэрх илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх зорилготойгоор Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолд оруулсан”, “ХV-020922 дугаартай тусгай зөвшөөрлийг “Хэрх илч” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авснаар тэдэнд эдийн болон эдийн бус ашигтай давуу байдал бий болсон гэдгийг прокурор нотлож чадаагүй байхад Ж.Э ыг ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Анхан шатны шүүх “А.Г.Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О , Ж.Э нарыг энэхүү гэмт хэргийг хамтран зохион байгуулсан, бусад шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.
Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх тохиолдолд ЭХЕА-ийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэднийг “гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан тохиролцсон” эсхүл “хэрхэн санаатай нэгдсэн”-ийг нотлох баримтаар тогтоосон байх шаардлагатай.
Гурав. Хяналтын шатны шүүхэд гаргах хүсэлт:
Дээрх үндэслэлүүдээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчим, “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох” шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолын, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15 өдрийн 1190 дугаартай магадлалын Ж.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгдэгч Ж.Э ын өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Энэ хэрэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа гэж үзэж, нийтдээ 54 нотлох баримтыг нэрлэн заасан байдаг. Эдгээр нотлох баримтыг нэг бүрчлэн судалж үзэхэд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх 54 нотлох баримт нь тодорхой үйл баримтуудыг нотолж байгаа ба тэдгээр үйл баримтууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж, Ж.Э , Б.О нар гэмт хэргийг хамтран зохион байгуулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д.Т , Д.Г нар гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг тодорхойлсон болон тэднийг гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн үйл баримтыг нотлох баримт байхгүй байгаа юм. Бид гомдлынхоо энэ хэсгийн жишээ болгож Гэрч С.С , гэрч Ж.Эрдэнэтөгс, гэрч Б.Баярбилэг, гэрч Х.Бат-Эрдэнэ, Ж.Уранчимэг нарын мэдүүлгийн нотолж байгаа үйл баримтыг тодорхой дурдсан байгааг шүүх анхаарч үзэх байх.
Давж заалдах шатны шүүх энэ хэрэгт ял шийтгэгдсэн 4 хүнийг гэмт хэрэг хамтран үйлдсэнийг гэрч Мөнхтамир, Батбаяр, Эрдэнэмядаг, Болортуяа нарын мэдүүлгээр нотолсон гэж дүгнэсэн боловч эдгээр гэрчийн мэдүүлгүүдэд дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.3, 3.5 дугаар зүйлд заасан хамтран оролцогчийн шинжийг нотлох нэг ч үйл баримт дурдагдаагүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Анхан шатны шүүх хуралдаан дээр Ж.Э болон бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн зүгээс яллах дүгнэлтийн үндэслэл болгоод байгаа дээрх 54 нотлох баримтууд нь ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн яаж нотлоод байгааг шүүгдэгч тус бүрээр нь ялгаж зааглаж, тодорхойлж өгөх хүсэлтийг тайлбар, дүгнэлтдээ тодорхой тавьсан боловч анхан шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт, няцаалт хийгээгүй байдаг. Шүүгдэгч Ж.Э болон өмгөөлөгч бидний зүгээс давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд яллах талын нотлох баримтууд, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаах, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй зэрэг олон асуудлуудыг хөндөж, Ж.Э ыг яллах үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн боломж байгаа тухай үндэслэлүүдээр санал, гомдлоо тодорхой гаргасан боловч давж заалдах шатны шүүх магадлалдаа өмгөөлөгч бидний гомдол, тайлбарт дурдсан үндэслэл, нотлох баримтыг үгүйсгэсэн няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүй байна.
... Ж.Э ыг гэмт хэрэгт буруутгаад байгаа асуудлуудын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар хуулийн зохицуулалт зөрчигдсөн талаар тайлбарлая. Шүүхээс Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-д нөхөх төлбөрийн зориулалтаар олгосон тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч ” ХХК-д шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон”, мөн тогтоолоор “А.Г.Ч” ХХК-д нөхөх төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” гэх үндэслэлүүдээр Ж.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа. Түүнийг Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Э.О '’ ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх тохиолдолд тэрээр тухайн асуудлыг буюу “Э.О '’ ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судалж танилцуулсан болох нь Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхэд оролцдог бүх мэргэжилтэн, референт, Засгийн газрын бүх гишүүд зэрэгтэй харилцаж тэдний оролцоотойгоор ийм гэмт хэрэг үйлдэх боломжтой.
... Яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүх Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор “Э.О ” ХХК-д олгосон дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байсан гэж үзэж буруутгасан. Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргах үед “Э.О ” ХХК-д олгосон талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байсан эсэх, яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсан болох асуудлын талаар тодорхой нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг дурдсаныг бодитоор хянаж үзээсэй гэж хүсч байна. Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол гарснаас хойш жил гарны дараа Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар тогтоолоор бүлэг орд дахь стратегийн ач холбогдол бүхий газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тэр үед энэ талбай стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах болсон юм билээ. Энэ талаар тодорхой мэдүүлэг, баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа.
“А.Г.Ч” ХХК-д холбоотой асуудлын хувьд шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна. Гомдлын энэ хэсэгт “А.Г.Ч” ХХК-д нөхөх төлбөр, тусгай зөвшөөрөл олгох болсон бодит үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тодорхой тусгасан байгаа. “А.Г.Ч” ХХК нь 2012 оноос 5 жилийн туршид холбогдох байгууллагад нөхөх олговрын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараалан хүсэлт гаргаж, тэр нь шийдвэрлэгдээгүй байгаа талаарх хүсэлтийг нь ажлын хэсэгт гаргасныг ажлын хэсгийн ахлагч Д.Г 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж, улмаар яамны хуулийн хэлтсийн даргад хандан тухайн асуудлаар зөвлөгөөг авахаар хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Уг хүсэлтийн дагуу тухайн үед Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М бичгээр зөвлөгөө өгсөн болох нь хэрэгт авагдсан. Уг зөвлөгөө нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир С.М ал холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. Хоёр шатны шүүх ийнхүү “А.Г.Ч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын талаар хуулийн хэлтсийн даргын зөвлөгөөг зөв гэж үзсэн атлаа Ж.Э нарт холбогдох үйлдэлд энэ дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай дүгнэлт хийсэн нь “нэг хэрэгт хамаарах, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийж” шүүгдэгч нарт ялгамжтай хандсан нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болж байгаа.
... Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байх үед яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг зөрчсөн. Гомдлын энэ хэсэгт прокурорын дээрх зөрчлийн талаарх нотлох баримт, хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой тусгаж, энэ зөрчлийн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой тусгасан байгааг хянан үзэж зөрчлийг арилгуулахыг хүсч байна.
... Бусад гомдлын үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тусгасан байгаа. Дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчим, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолын, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дугаартай магадлалын Ж.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгөх хүсэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Э ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгчид бид хамтран хяналтын журмаар гомдол гаргасан. Д.Батсүх өмгөөлөгч гомдлынхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хоёр шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ж.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн өрөөсгөл дүгнэлтийн талаар гомдолдоо тодорхой дурдсан. Ж.Э ыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн зорилго агуулж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй байна” гэв.
Шүүгдэгч Б.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... тогтоол, ... магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгуулж, цагаатгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Г нарыг огт танихгүй бөгөөд бид биечлэн нэг ч удаа уулзаж байгаагүй, түүнчлэн утсаар болон бусад байдлаар огт холбогдож байгаагүй юм. Мөн миний бие Монгол Улсынхаа төрийн албанд нэг хоног ч ажил, хөдөлмөр эрхэлж үзээгүй хүн.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Б.О намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэн, төлөвлөж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь шууд гүтгэсэн, огт үндэслэлгүй юм.
Намайг буруутгаж байгаа нийт 17 хавтаст хэргийн материалтай нэг бүрчлэн өмгөөлөгчдийн хамт танилцсан бөгөөд уг хавтаст хэрэгт цугласан баримтуудаар Б.О намайг уг хэргийг зохион байгуулагчаар, хэрэгт хамт буруутгагдан ял шийтгэл хүлээсэн Ж.Э , Д.Г , Д.Т нартай бүлэглэн хамтран оролцсон талаарх нотлох нэг ч нотлох баримтыг олж уншсангүй. Миний бие ядаж ямар нотлох баримтаар гэмт хэрэг хийсэн гэм буруутай болж ял эдлэх болсноо мэдэх эрхтэй гэж бодож байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан байна. Энэ хуулийн зохицуулалтыг хууль хэрэглэж мэдэхгүй би ухаж ойлгоход гэмт хэрэгт хамтран оролцохын тулд Б.О би Монгол Улсын Ерөнхий сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г , “А.Г.Ч” ХХК-ийн захирал Д.Т нартай “хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг яаж төлөвлөж зохион байгуулсан талаар эхлээд нотлож тогтоосон байх ёстой гэж бодож байна. Гэтэл уг магадлал болон шийтгэх тогтоолд энэ талаар огт дүгнээгүйн зэрэгцээ намайг яллах үндэслэл болсон прокурорын зүгээс гүтгэж бичсэн яллах дүгнэлт болон түүний хавсралтад ч энэ талын нотлох баримт тусгаагүй нь үүнийг давхар нотолно.
Ер нь энэ “гэмт хэрэг”-ийг хэрхэн, яаж зохион байгуулсныг нотлох баримттай тогтоосон юм уу? Энэ талаар баримт нотолгоо шүүхэд хүргүүлсэн үү? Хэрэгт хавсаргасан байгаа юм уу?
2. Миний бие “А.Г.Ч” ХХК-ийг 2006 онд ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үүсгэн байгуулж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Т д тус компаний өмчлөлийг нь 100 хувь шилжүүлсэн. Түүнээс хойш тус компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй бөгөөд ганц ч хувьцаа эзэмшдэггүй болно.
“А.Г.Ч” ХХК нь Б.О миний өмчлөлд байх үед Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компаний нэр дээр байсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43290.43 га талбай нь бүхэлдээ дархан цаазат газрын хилийн заагт орсон юм. Үүнээс хойш Б.О би “А.Г.Ч" ХХК-ний хувьцааг 100 хувь Д.Т д шилжүүлэх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу цуцлагдсан талбайдаа гаргасан зардлаа төрөөс нөхөх олговор олгуулахаар тухайн үеийн Ашигт малтмалын асуудал хариуцсан агентлаг, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад удаа дараа хандаж албан бичиг, хүсэлтийг хуулийн хүрээнд явуулж байсан болно. Энэ тухай харилцаж байсан албан бичгүүд хавтаст хэргийн материалд бүгд байгаа.
3. “А.Г.Ч” ХХК нь өөрөөс шалтгаалахгүйгээр буюу 2011 оны УИХ-ын шийдвэрээр их хэмжээний хохирол амсч, хуулийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох төрийн байгууллагад хандсан нь албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болж, улмаар Б.О намайг ямар ч хамаагүй нэг гэмт хэрэгт холбогдуулан буруутгах гэж анхнаасаа л улайрч байна. Ингэхдээ Монгол Улсын хууль, Олон Улсын гэрээ конвенцыг зөрчин байж иргэн миний эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, улмаар эрүүл мэнд, амь насаараа хохироход хүргэлээ.
Анх намайг 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Тайвань улсад өвдөгний хагалгааны цаг авчихсан, визээ мэдүүлчихсэн виз гарчихсан байхад “оргон зайлах гэж байна” гэсэн үндэслэлээр хууль бусаар 127 хоног буюу 4 сарын хугацаанд тасралтгүй цагдан хорьсон. Цагдан хоригдохоос өмнө 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Грандмед эмнэлэгт өвдөгний үений артритс, жийргэвч шөрмөсний урагдал гэсэн яаралтай хагалгаа хийлгэх онош тавигдсан байсан. Уг хагалгааг хийлгэхээр Тайвань улсад хагалгааны цаг аваад явах гэж байсан үе. Энэ тухай холбогдох баримтуудыг өмгөөлөгчийн хамт үндэслэл бүхий гомдол, хүсэлтүүд удаа дараа гаргаж байсан хэдий ч огт авч хэлэлцээгүй 4 сар хоригдсон. Энэ хугацаанд миний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц ходоодны хорт хавдар гэсэн өвчтэй болсон. Ийм айхтар өвчний онош тогтоогдсон боловч эмчилгээ хийлгүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч хилс хэрэгт гүтгэгдэн ялтан болж шоронд хоригдлоо.
Миний бие цагдан хоригдохоос өмнө элэгний идэвхгүй хэлбэрийн С вирус тээгч гэж оношлогдсон байсан. 2019 оны 03-р сард Япон улсад эрүүл мэндийн иж бүрэн оношлогоо, шинжилгээнд ороход хэвийн үзүүлэлттэй, эрүүл байсан. Гэтэл энэ байдал цагдан хоригдсоноос хойш эрс өөрчлөгдсөн, эрүүл байсан хүн амь насанд нь аюултай олон өвчтэй болсон бөгөөд эмнэлгийн байгууллагын нарийн шинжилгээ, оношлогоогоор улам бүр тодорхой болж байна. Хоригдож байх хугацаанд ч миний биеийн байдал эрс доройтож цагдан хорих ангийн эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан. Эрүүл мэндийн байдал эрс доройтсны улмаас 10 кг жин хассан, жингийн алдагдал одоог хүртэл нөхөгдөхгүй байгаа. Улмаар 4 сар гаруй хугацаанд цагдан хоригдож байгаад арга буюу эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх болсноор сая нэг өвдөгний шөрмөсийг цэвэрлэх мэс заслыг хийлгэсэн. Уг нь хууль бусаар цагдан хоригдоогүй байсан бол өвдөгний шөрмөсийг хусуулах биш залгуулах мэс засал хийх боломжтой байсан юм.
Намайг гэмт хэрэгтэн болгох гэж улайрч байгаа хэсэг нөхдүүд энэ хавар “хэсэгхэн хугацаанд надад эрх чөлөө олгосон” боловч миний бие огт сайжрахгүй, улмаар гэнэт ухаан алдаж унаснаас үүдээд 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгүүд болох “Улсын гуравдугаар төв эмнэлэг”, “Интермэд” эмнэлгүүдэд тус тус үзүүлж, оношлуулахад “зүрхний гол судасны нарийсал”, “тархины цусан хангамжийн дутагдал”, “ходоодны хорт хавдартай” гэж оношлогдсон. Энэ тухай нотлох баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн.
Хэрэв хууль бусаар цагдан хоригдоогүй байсан бол миний эрүүл мэндэд дээр дурдсан хэмжээнд хүртэл /ходоодны хорт хавдар/ ноцтой үр дагаварт хүрэх нөхцөл үүсэхгүй байсан юм. Үүнд миний бие маш их гомдолтой байна.
4. Бодит байдалд миний үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан “А.Г.Ч” ХХК нь УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт багтсан учраас эзэмшиж байсан лицензүүд нь цуцлагдаж 2 тэрбум гаруй төгрөгийн, хохирол учирсан. Биднээс шалтгаалаагүй зүйлээс болж их хэмжээний учирсан хохирлоо барагдуулах гэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний төлөө гэмт хэрэгтэн болгож байгаа нь шударга ёсонд хэр нийцэх үү? Тэгээд ч миний үүсгэн байгуулсан, одоо надад хамааралгүй болсон “А.Г.Ч” ХХК-д хууль ёсны дагуу нөхөх олговорт нь олгосон гэх 8 тусгай зөвшөөрөл нь урд өмнө нь компаниуд аваад хайгуул хийгээд нөөц нь тогтоогдоогүй, улсад буцааж олгосон байсан талбайнууд байсан гэсэн.
Намайг буруутгаж яллаж байгаа Б.Батсайхан, П.Ганбаатар прокурорууд ямар нотлох баримтаар буруутгаж байгаагаа анхан, давах шатны шүүх хурлуудад огт хэлж чадсангүй. Тийм нотлох баримт байхгүй юм чинь юуг ч хэлэх юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хавтаст хэрэгт авагдсан нууц ажиллагааны магадлагаа гэдэг сүртэй нэртэй “зүйлд” намайг Д.Т тай “хөдөө явж байна" гэж ярьсан учраас “гэмт хэрэг” үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдлоо гэж дүгнэсэн байна. Ийм байж болдог юм уу?
Иймд Эрхэм шүүгчид та бүхэн Ж.Э , Б.О , Д.Г , Д.Т биднийг энэ хэрэгт хамтран оролцоогүй болохыг үнэн зөвөөр нь тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1190 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.О намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.О ын өмгөөлөгч Т.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон тухайд:
... Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт 31-32-р талд дүгнэхдээ "... Ж.Э ын нэг, Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г нарын хамтарсан үйлдлийн явцад гарсан Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоол нь Улсын Их Хурлын тогтоол, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолыг зөрчин гарахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, ... эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хууль тогтоох байгууллагаас тогтоож, хуульчилсныг тус тус зөрчсөн байна.
... 1.1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан байх явдал. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас бусад тохиолдолд ямар ч үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, ял шийтгэх учиргүй.
Миний үйлчлүүлэгч Б.О ын үйлдэлд түүнийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж огт байхгүй. Гэтэл шүүхээс Б.О ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэж буруутгаж ял оногдуулсан.
... Б.О Ж.Э ыг өмнө нь огт танихгүй, бизнесийн болоод хувийн ямар нэгэн харилцаа, нэгдмэл сонирхол байхгүй, урьд өмнө нь холбогдож байсан зүйлгүй, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд зүс мэдэх төдий хүн. Түүнтэй санаа зорилго нэгдэх, Ж.Э Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.О т давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Энэ нь шийтгэх тогтоолын 11-р талд шүүгдэгч Ж.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Прокурорууд намайг огт танихгүй хүмүүстэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж байна ..., Ерөнхий сайд байсан болохоор уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэж магадлалын онолоор хүнийг яллаж болдог юм уу? ..., Хавтаст хэргийн материалд Ж.Э гэдэг хүнийг бусад шүүгдэгч нартай хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон ямар баримт байна вэ? Би Уул уурхайн яамны нэг ч хүнтэй уулзаагүй, ЗГХЭГ-ын нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй. Өгсөн бол би хоёрын хооронд ингэхгүй, хэргээ хүлээгээд явна ...” гэсэн, 16-р талд С.М ын “...би бие дааж дотоод албан бичгийг боловсруулах, эцэслэн гаргахдаа аливаа нэг этгээд, тэр дундаа УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Д , тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Г болон аливаа бусад этгээд нөлөөлөөгүй. Миний бие энэ хэрэгт холбогдож буй Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э болон Б.О , Д.Т нарыг танихгүй бөгөөд эдгээр хүмүүс надад энэхүү албан бичгийг боловсруулан гаргахад өөрсдөө болон аливаа бусад өөр хүнээр дамжуулан нөлөөлөөгүй юм гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын явцад 9-р хх-ийн 17-р талд Б.О ын яллагдагчаар өгсөн, 8-р хх-ийн 229-р талд Д.Г ын яллагдагчаар өгсөн, 10-р хх-ийн 99-р талд С.М ын яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдоно.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хэзээ, хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулсан, гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйлдэл оролцоог хэрхэн хуваарилсан талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, энэ тухай нотолсон, нотолгоо, нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан 15 хавтаст хэрэгт огт байхгүй.
1.2 Түүнчлэн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Т ын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй ...” гэж буруутгасан.
“А.Г.Ч” ХХК Б.О ын өмчлөлд байх үед Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компаний нэр дээр байсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43290.43 га талбай нь бүхэлдээ дархан цаазат газрын хилийн заагт багтсан байдаг. Үүнээс хойш Б.О “А.Г.Ч” ХХК-ний хувьцааг 100 хувь Д.Т д шилжүүлэх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ийг хүртэл, түүнээс хойших хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу цуцлагдсан талбайдаа гаргасан зардлаа төрөөс нөхөх олговор олгуулахаар тухайн үеийн Ашигт малтмалын асуудал хариуцсан агентлаг, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад удаа дараа хандаж албан бичиг, хүсэлтийг хуулийн хүрээнд явуулж байсан нь өнөөдөр шүүхийн дүгнэсэн шиг бодит байдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор, бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болж таарах уу? 2011 онд Ж.Э гэдэг хүн УИХ-ын гишүүн ч болоогүй байсан үе байна.
Бодит байдалд Б.О ын үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байсан “А.Г.Ч” ХХК нь УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт багтсан учраас эзэмшиж байсан лицензүүд нь цуцлагдаж 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг. Хэн ч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэх, нөхөх олговорт хамруулах хүсэлтэй байж болно. Өөрөөс шалтгаалаагүй зүйлээс болж их хэмжээний учирсан хохирлоо барагдуулах гэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний төлөө миний үйлчлүүлэгч гэмт хэрэгтэн болж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх үү?
Иймд Эрүүгийн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд
Шийтгэх тогтоолын 23-р талд Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г нарыг бүлэглэсэн гэж буруутгасан. Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага тавигддаг бөгөөд үндэслэлтэй гэх шалгуур нь шүүхийн дүгнэлт нь нотолгоонд тулгуурласан байх явдал. Гэтэл тухайн хэрэгт Ж.Э , Б.О Д.Т , Д.Г нар хэрхэн бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, энэ талаар ямар нотлох баримт байгааг огт дурдаагүй.
... ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгахаар зохицуулсан атал энэ “хэрэг”-т Б.О ын үйлдэл хэрхэн хамтран оролцсон талаар нотлож, дүгнээгүй нь мөн л хууль хэрэглээний алдаа төдийгүй тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх хангалттай үндэслэл мөн.
Мөн Ж.Э , Д.Г , Д.Т нартай хэзээ хэрхэн санаа зорилгоо нэгтгэж, яаж энэ хэргийг зохион байгуулсныг яаж нотлогдсон талаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй. Үүгээрээ мөн бүлэглэн гүйцэтгэх, хэрэгт хамтран оролцохтой холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг илтэд буруу хэрэглэсэн.
...шийтгэх тогтоолд Б.О ын гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудыг болон энэ гэмт хэрэгт оролцоогүйг нотолсон баримт, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн, өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй орхигдуулсан, хэт ерөнхий, нэг талыг барьсан дүгнэлт хийн ялласан нь буруу болжээ.
Иймд ЭХХШТХ-ийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т үндэслэлүүд байх тул тус хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоол, болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1190 дугаартай магадлалыг өөрчлөлт оруулж, Б.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.
Б.О нь одоогийн байдлаар амь насанд нь аюул занал учруулахуйц ходоодны хорт хавдар гэсэн оноштой, үүнийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 сарын хугацаанд эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болгосон. Тухайн үед хорт хавдрын 2 дугаар шатанд байсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хэддүгээр шатанд байгааг тодорхойлох боломжгүй нөхцөлд байна. Хоригдож байгаа учир дараа дараагийн шатанд орсон байх магадлалтай гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Б.О , Ж.Э нарын бүлэглэн үйлдсэн гэдэг зүйлчлэлийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын 1 хэсгийг хүчингүй болгосон. Харамсалтай нь оногдуулсан ялд нь огт өөрчлөлт оруулаагүй. Энэ нь Эрүүгийн хуулийн хууль хэрэглээний нэг алдаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчмыг зөрчсөн явдал гэж дүгнэж байна” гэжээ.
Шүүгдэгч Б.О ын өмгөөлөгч Т.Золбоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” хэмээн заасны дагуу Засгийн газар тогтоол, Ерөнхий сайд захирамж гаргана. Үүний дагуу Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд” болох Ерөнхий сайд нь өөрийн гаргасан захирамжийн хүрээнд хариуцлага хүлээх боломжтой. Гэтэл шийтгэх тогтоол болон магадлалд тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Э ын ямар нэгэн захирамжийн тухай огт дурдагдаагүйн дээр хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх ба харин Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоолыг гаргахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээсэн байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зааснаар Засгийн газрын тогтоол нь хамтын шийдвэр ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна” хэмээн зааснаар Ерөнхий сайд зөвхөн баталгаажуулах үүрэгтэй ба үүнийг эрүүгийн давахын шүүх ч магадлалдаа тусгасан байна /магадлалын 93 дахь тал/.
Үүний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 тогтоолыг хууль, журмын дагуу засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Засгийн газраас гаргаж Ж.Э зөвхөн баталгаажуулах үүрэгтэй гарын үсэг зурсан байхад шүүх шийтгэх тогтоолдоо Засгийн газрын 256 дугаар тогтоолыг тухайн үеийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э хууль, журмыг зөрчин дангаар гаргасан мэт авч үзсэн нь Засгийн газар болон Ерөнхий сайд гэх хоёр тусдаа ухагдахууныг адилтган үзэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн ноцтой алдаа үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх уг шийтгэх тогтоолдоо Ж.Э ын гаргаагүй мөн гаргах боломжгүй шийдвэрт хариуцлага хүлээлгэжээ.
... “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдлийг Авилгын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгохоор заасан байна. Гэтэл анхан шатны шүүх Ж.Э ыг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэснийг тал бүрээс нь тогтоон нотолж чадаагүй байж тус үйлдлийг хийсэн хэмээн үзсэн нь хилс хэрэгт олон хүнийг унагаж байгааг тодорхой харуулна.
Хавтаст хэргийн материалд Ж.Э албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэсэн нэг ч нотлох баримт байхгүйн дээр харин эсрэгээр Засгийн газрын үйл ажиллагааг хууль, журамд заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж хэлэлцэх асуудлуудыг хэлэлцсэн байна /1-р хх-163-166/.
Субъектив шинжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрийг заавал агуулсан байхыг шаарддагийг анхан шатны шүүх тогтоолоороо зөвшөөрсөн /ШТ-ын 22 дахь тал/ ба С.М ын үйлдэлд уг шинж тогтоогдсонгүй гэсэн байна /ШТ-ын 22-23 дах тал/.
Ийнхүү гэм буруугийн санаатай хэлбэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж гэсэн атлаа Ж.Э болон зохион байгуулагч хэмээн үзсэн миний үйлчлүүлэгч Б.О нар өөрийн үйлдлийн хууль бус шинжийг хэрхэн ухамсарлаж, хүсэж байсан нь шүүх хуралдаан дээр хэлэлцсэн нотлох баримтаар огтхон ч нотлогдохгүй байхын дээр шүүхийн шийдвэр, магадлалд энэ талаар нотолсон баримт бүү хэл энэ талаар огт дурдаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “санаатай үйлдэгдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байхыг дурдсан байна /ШТ-ын 22 дахь тал 4 дэх догол мөр/. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Э , Б.О нарын үйлдлийн улмаас бодит хохирол хэн нэгэнд учраагүйн дээр хохирогч байхгүй хэрэг юм. ЭХХШТХ-ын 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн зааснаас субъектийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж байгаа бол түүний үйлдлийн улмаас хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд заавал байх ёстойг харж болно.
... Ж.Э нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан учир түүний эрх хэмжээ Ерөнхий сайдын эрх хэмжээг тодорхойлсон хууль буюу Засгийн газрын тухай хуулиар тодорхойлогдох учиртай юм. Өөрөөр хэлбэл, Ж.Э нь Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан байх учиртай. Гэтэл прокурор, анхан шатны болон давахын шүүх Ж.Э ыг Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдад олгосон ямар эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласныг тогтоогоогүй байна.
Давахын магадлалд Ерөнхий сайдын албан тушаалд Үндсэн хуулиар олгосон зарим нэг эрхийг дурдсаны дээр Ж.Э ыг Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх, зохион байгуулах үүргийг хүлээсэн тухай бичсэн байна /Магадлалын 93-94 дэх тал/. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт Ж.Э ыг Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны гаргасан 256 тогтоолын хэрэгжилтийг хангах, зохион байгуулах явцдаа эрх мэдэл, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тухай огт дурдаагүй ба уг тогтоолыг гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн үзсэн байдаг. Энэ байдлаас давахын шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу ЭХХШТХ-ын 39.7 зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шууд үүсгэснийг харж болно.
Товчхондоо прокурор болон анхан, давах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан” гэх ойлголтыг тайлбарлахдаа Засгийн газрын эрх хэмжээ, Ерөнхий сайдын эрх хэмжээ гэх хоёр тусдаа ухагдахууныг хольж төсөөтэй хэрэглэсэн буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Э ын эрх хэмжээг тухайн үеийн Засгийн газрын эрх хэмжээгээр орлуулан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан байна. Энэ байдал нь ЭХХШТХ-ын 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцлийг шууд үүсгэж байна.
... 2. Прокурор, анхан болон давах шатны шүүх Ж.Э ын үйлдлийг зүйлчлэхдээ зүйлчлэлийн ноцтой алдаа гаргасан байна.
Прокурор, анхан болон давах шатны шүүх Ж.Э ыг ганцаараа нэг, Б.О , Түвшинжаргал, Д.Г нартай хамтарсан хоёр үйлдэл хийсэн хэмээн үзсэн билээ /ШТ-ын 31 дэх тал 5 дах догол мөр/.
Ж.Э ын ганцаараа үйлдсэн үйлдлийг “Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолын дагуу “Э.О ” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр ХҮ-020922 дугаар бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэж байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгож, өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдэл хэмээн тогтоосон байна.
Гэтэл уг үйлдэлд түүнийг зүйлчлэхдээ зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн үзсэн байна. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн хамтран оролцох хэлбэр үүсэхийн тулд хоёр буюу түүнээс олон хүн байх учиртай. Гэтэл Ж.Э ын дээрх үйлдэлд хамтран оролцсон этгээд байгаагүйн дээр анхан шатны шүүх өөрөө ганцаараа үйлдсэн гэдгийг шийтгэх тогтоолын 31 дэх талд цохон бичжээ.
Товчхондоо Ж.Э ыг “өөрийн үүсгэн байгуулсан “Хэрх Илч" ХХК-иар ХҮ-020922 дугаар бүхий газрыг авахдаа өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдлийг ганцаараа хийсэн гэж тогтоосон атлаа түүнд ял оногдуулан зүйлчлэхдээ зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн зүйлчлэн Эрүүгийн хуулийг ноцтойгоор буруу хэрэглэж түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан байна.
Хэрэв Ж.Э ад ял оногдуулах тохиолдолд дээрх үйлдэлд зохион байгуулагчаар оролцсон гэж зүйлчлэх юм бол дээрх үйлдлийг хамтран үйлдсэн өөр нэг субъект хэрэгт байх учиртай ба ингэж хамтран оролцох хэлбэрийн үндсэн шинж болох “хоёр буюу түүнээс дээш хүн” гэх ухагдахуун үүсэх учиртай. Энэ байдал нь ЭХХШТХ-ын 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нөхцөлийг тодоор үүсгэж байгаатай хэн ч маргахгүй байх.
Б.О ын зохион байгуулсан гэх үйлдлийн тухайд
3. Миний үйлчлүүлэгч Б.О ыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн засгийн газрын 256 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Хайрхандулаан, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрийн үүсгэн байгуулсан “А.Г.Ч” ХХК-д авах давуу байдлыг үүсгүүлэх хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн юм.
Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасны дагуу гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйлдэл болгон тусдаа байх бөгөөд зохион байгуулагчийг Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” хэмээн тусдаа бие даасан үйлдэлтэй субъект байхаар хуульчилсан. Үүний дагуу Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 256 тогтоолоор нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрийн үүсгэн байгуулсан “А.Г.Ч” ХХК-д авахыг санаачилсан, үүнийг удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан үйлдэл хийсэн нь нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоогдох ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан үйлдлүүдийн нэгийг ч тогтоох нотлох баримт байхгүйн дээр угаас ийм баримт хавтаст хэрэгт байхгүй учир анхан шатны шүүхийн хурлын явцад нотлох баримтаар шинжлэн судлаагүй юм.
Гэтэл үүний оронд хамтран оролцогч гэж үзсэн Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г нарын тус бүрийн үйлдлийг тогтоолгүй нэг цул хэлбэрээр авч үзсэн ба “Шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Т ын оролцоо дэмжлэггүй хийх бололцоогүй” /ШТ-ын 32 дахь тал/ хэмээн үзэж зохион байгуулагч, хамжигч гэх хоёр тусдаа ойлголтыг нэг мэтээр хэрэглэсэн нь хууль хэрэглээний байж боломгүй алдааг үүсгэж байна.
ЭХХШТХ-ын 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7 ... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол ЭХХШТХ-ыг ноцтой зөрчсөн хэмээн үзэхээр заасан байна. ЭХХШТХ-ын 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заана” гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.О ямар үйлдэл, оролцоо, хамтран оролцсон хэлбэрээр тус хэрэгт оролцсоныг тодорхойлон бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр шаардлага хангаагүй гэх нөхцөлийг давхар үүсгэж байна.
... Мөн Б.О ыг Засгийн газрын тухай хуулийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн хэмээн шийтгэх тогтоолын 3 дахь талд бичсэн атлаа яг Засгийн газраас гаргасан ямар шийдвэрийг биелүүлээгүй тухай огт дурдаагүй юм.
Миний үйлчлүүлэгч Б.О ын эрх зүйн байдал нь Засгийн газрын тухай хуулиар тодорхойлогдох боломжгүй ба Б.О нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь шийтгэх тогтоолын шүүгдэгч нарын биеийн байцаалтаас /ШТ-ын 1 дэх гал 3 дахь догол мөр/ тодорхой харагдаж байна. Энэ нь түүнийг Засгийн газарт хамаарах эрх бүхий субъект биш гэдгийг харуулна.
... 4. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдал”-ыг ... харгалзан үзсэн байна /ШТ-ын 34 дэх тал 5 дахь догол мөр/. ЭХ-ын 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ” хэмээн туйлын тодорхой заасан байна. Гэтэл шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзсэн нь ЭХХШТХ-ын 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцөл байдлыг шууд үүсгэж байна. ЭХ-ын 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэм хэмжээ нь нийт гэмт хэрэг үйлдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх санааг илэрхийлж байхад шүүх онцгойлон гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нарийн хувийн байдлыг харгалзан үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгох ба ингэснээрээ Үндсэн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчжээ.
5. Б.О ыг Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 тогтоолыг гаргах ажлыг зохион байгуулсан гэх нэг ч бодит баримт байхгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой нотлох баримтад тулгуурлах бус харин “аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохион байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь” /ШТ-ын 32 дахь тал 1 дэх догол мөр/, “Шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Т ын оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй” /ШТ-ын 32 дахь тал, 2 дахь догол мөр/ гэх зэрэг бодит бус таамаглал дээр тулгуурлан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна. Гэмт хэрэг төгсөх тухай асуудал нь зохион байгуулагчаас хамаарах бус харин гүйцэтгэгчтэй холбоотой ухагдахуун юм. Гэтэл уг шийтгэх тогтоолд гэмт хэрэг төгсөх тухай асуудлыг зохион байгуулагчтай холбоотойгоор бичсэн байх нь хууль хэрэглээний ноцтой алдаа үүсгэж байна. Зохион байгуулагч нь гэмт хэргийн үйлдэлд бодит байдлаар оролцдоггүй учир хэргийг төгсгөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.
6. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн заасан байна. Гэтэл уг хэрэгт хохирол, хохирогч байхгүйн дээр Ж.Э , Б.О , Д.Г , Д.Т нар нь өөр хоорондоо огт уулзаж байгаагүй байхад гэмт хэрэг хамтран үйлдсэн хэмээн үзэж сонгох санкцтай хэргийн хамгийн хүнд төрлийг, тэр дундаа 6 жилийн хорих ял оногдуулсан нь Шударга ёсны зарчмыг илт зөрчсөн зүйл болжээ.
Эцэст нь дурдахад Б.О т “Ходоодны хорт хавдар” гэх өвчний онош тогтоогдсон нь Улсын гуравдугаар эмнэлгийн шинжилгээний хариугаар нотлогдоно. Дээрх өвчинтэй холбоотойгоор Б.О ын биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа бөгөөд 6 жилийн хугацааг хорих ангид өнгөрөөх тохиолдолд зохих эмчилгээг авч чадахгүй байснаар амь нас нь эрсдэх аюултай байгаа юм. Иймд Монгол Улсын дээд шүүхийг хэргийн хувьд болоод түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээг анхааран үзнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүх Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаар захирамжуудын биелэлтийг хангаж, тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь тусгай хамгаалалтанд хамрагдсан компаниудын нөхөх олговрын асуудлыг судлах, санал боловсруулах чиг үүрэгтэйгээр УУХҮ-ийн сайдын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн А\110 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Г ыг дээрх тогтоолуудад нэр нь заагдаагүй “А.Г.Ч” компанид нөхөх олговор олгуулахаар Ажлын хэсгийн тайланд хамруулж, тодорхой талбайнуудыг тус компанид олгуулахаар тайланд тусгах хэлбэрээр “улс төрд нөлөө бүхий этгээд /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э / эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг журамлан 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 30.0 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Давж заалдах шатны шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлт нь ЭХХШ тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчил үүссэн гэж үзэж мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү хуульд нийцээгүй дүгнэлтээс үйлчлүүлэгч Д.Г эрүүгийн ял шийтгэл эдлэхэд хүрсэн ноцтой үр дагавар үүсээд байна.
Учир нь, Д.Г ын ахалсан Ажлын хэсэг А.Г.Ч компанийг нөхөх олговорт хамруулахаар тайланд тусгасан нь хуулийн үндэслэл бүхий байсныг дараах хуулийн заалт, Улсын их хурлын тогтоол болон үйл баримтууд нотолдог.
Тухайлбал: Д.Г Ажлын хэсгийн ахлагч байсан боловч Ажлын хэсгийн тайлан, танилцуулгыг дангаараа дур мэдэн гаргаагүй, Ажлын хэсгийн бүх гишүүд санал нэгтэй гаргасан.
“А.Г.Ч” компаний тусгай зөвшөөрөлтэй талбайнууд Булган, Сэлэнгэ аймгуудын нутгийг дамнан оршдог Зэд-Хантай-Бүтээлийн нурууд орчимд байдаг ба энэхүү газар нутаг УИХ-ын 2011 оны 05 сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авагдсан.
Тус компаний ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд ийнхүү тусгай хамгаалалтанд орсноор А.Г.Ч компани Ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж зааснаас үзэхэд, “А.Г.Ч” компани нөхөх олговор авах бүрэн эрх бүхий компани байсан.
Тус компани 2012-2017 онуудад өмнө дурьдсан хуулийн заалтын дагуу удаа дараа төрийн захиргааны байгууллагуудад нөхөх олговрын асуудлаар хандсан боловч асуудлыг шийдвэрлүүлж чадаагүй байсан. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сард Ашигт малтмалын газарт хандахад УУХҮ-ийн яаман дээр Ажлын хэсэг ажиллаж байгаа, тийшээ хандах нь зөв гэсэн хариу \хэргийн 4-р боть 180-р хуудас\ өгснөөр тус яамны Д.Г даргатай Геологийн бодлогын газарт хандсан боловч Д.Г Ажлын хэсгийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхэд эргэлзэж, тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон. Үүнтэй холбогдуулан тус компани УУХҮ-ийн сайдын нэр дээр, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ, гэсэн “сүрдүүлэг” бүхий гомдол гаргаснаар Сайд 2017 оны 08 дугаар сард Д.Г ыг дуудаж тухайн компаний нөхөх олговрын асуудлыг судлах үүрэг өгсөн болох нь Д.Т ын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Ажлын хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, тухайн компаний хүсэлт гомдлууд болон тэдгээрийг хүлээж авсан баримт зэргээр нотлогдсон байгаа.
Д.Г ын хувьд, сайдаас тухайн үүргийг аваад, түүнийг шууд биелүүлээгүй, даалгавар хуульд нийцэж буй эсэх асуудлаар яамныхаа Хуулийн хэлтсээс мэргэжлийн зөвөлгөө авахаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтэст хандан хүсэлтээ илгээсэн. Түүний хүсэлтэд “... УУХҮ-ийн сайдын 2017 оны А\110-р тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хүрээнд “А.Г.Ч” компаний асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан үзээд хариу ирүүлнэ үү” \Хэргийн 2-р хавтас, 17-р хуудас\ гэсэн байдаг нь Д.Г ын зүгээс Сайдын даалгавар хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж, “А.Г.Ч" компаний нөхөх олговрын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх санаа зорилгын үүднээс хийгдсэн ажиллагаа гэж шууд ойлгогдохоор байдаг.
УУХҮ-ийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.М Ажлын хэсгийн дарга Д.Г ад энэ асуудлаар өгсөн хариу албан бичигтээ \Хэргийн 2-р хавтас, 16-р хуудас\ “А.Г.Ч” компаниас тус яаманд ирүүлсэн албан бичиг болон холбогдох бусад баримт бичгийг судалж үзлээ. УИХ-ын 2011 оны 18-р тогтоолоор “А.Г.Ч” компаний тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тул тус компанид нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. ... Иймд энэхүү асуудлыг УУХҮ-ийн сайдын 2017 оны А\110-р тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэсэн байдаг юм.
Харин давж заалдах шатны шүүх УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.М ад дээрх зөвөлгөөтэй нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дараах дүгнэлтүүдийг өгч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэж хэвээр үлдээсэн. Тухайлбал, давж заалдах шатны шүүх өмнө дурьдсан С.М даргын хариу албан бичгийн талаар “Энэхүү дотоод албан бичгийн агуулга нь УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болох эсэх асуудлаар хууль зүйн хувьд дүгнэлт хийсэн тайлбар байна” гэж дүгнэсэн.
Гэхдээ С.М даргын Д.Г ад өгсөн зөвөлгөө нь магадлалд дурьдсан шиг УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болох эсэх асуудлаар хууль зүйн хувьд дүгнэлт хийснээр хязгаарлагдаагүй бөгөөд харин ч “...УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэж УУХҮ-ийн сайдаас өгсөн үүргийг шууд хэрэгжүүлэх чиглэлийг Д.Г ад өгсөн байдаг. Гэхдээ бид үүгээр С.М ыг цагаатгасан шүүхүүдийн шийдвэртэй маргаагүй.
Өөрөөр хэлбэл, Хуулийн хэлтэс, С.М ын зөвөлгөө хуульд нийцэж байгаа бол түүнийг нь биелүүлсэн Д.Г ын үйлдэлд ч хуулийн зөрчил байхгүй гэж бид ойлгож байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүх Д.Г ыг Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.1 \Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг хүндэтгэж сахин биелүүлэх\, 13.1.4 \харъяа дээд албан тушаалтны хуульд нийсэн шийдвэрийг биелүүлэх\ хэсгүүдийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгөөгүй гэж дүгнэхэд хүргэж байна. Д.Г нь Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах ёсны зарчмын хүрээнд хуулийн ямар ч зөрчилгүй ажилласан гэж бид үзэж байгаа.
Мөн давж заалдах шатны шүүх “С.М нь уг хууль бус үйлдлийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, бусад оролцогчтой урьдчилан тохиролцсон, амлалт өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэл хууль бус шинжгүй, гэм буруугийн санаатай хэлбэр нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдуулсан хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй” гэж үзсэн.
Тэгвэл Засгийн газар нөхөх олговрын асуудлаар ямар шийдвэр гаргахыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдалд байгаа Д.Г ын ахалсан Ажлын хэсэг нөхөх олговрын асуудлаар тайлан, танилцуулга гаргахдаа сайдын даалгавар, яамны хуулийн хэлтсийн зөвөлгөөг хэрэгжүүлэх хэмжээнд ажилласан байхад Д.Г ыг Ерөнхий сайд асан Ж.Э , А.Г.Ч компаний хуучин болон шинэ захирлуудтай үйлдлээрээ санаатай хамтарсан гэж үзэх ямар нөхцөл байдал тогтоогдсон, ямар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан юм бэ? Тийм нөхцөл байдал, нотлох баримт нэг ч байхгүй.
Иймд Д.Г ад Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 3 дахь зааснаар ял ногдуулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020\ДШМ\1190 дугаартай магадлал болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020\ШЦТ\646 дугаартай шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Д.Намсрайжав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүхийн хууль зүйн дүгнэлт, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. “А.Г.Ч” ХХК-ийг нөхөх олговорт оруулах асуудлыг Д.Г ганцаараа дур мэдэж шийдээгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын даалгавар байсан.
Сайд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлын хэсгийн ахлагч Д.Г ыг дуудаж нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ “А.Г.Ч” ХХК нь 2011 онд тусгай зөвшөөрөл нь түдгэлзээд одоо болтол нөхөх олговроо авч чадахгүй байна. Шүүхэд хандах асуудал яриад байна, энийг хамтатгаж судлаад шийдчих гэсэн үүрэг даалгавар өгсөн байдаг. Энэ үүрэг, даалгавар нь хуульд нийцэж байгаа эсэхийг, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны хуулиар удирдах дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу сайдын өгсөн даалгавар хуульд хэр нийцэж байна вэ гэдгийг Д.Г шалгуулсан.
Шалгуулахын тулд тухайн яамны мэргэжлийн хуулийн хэлтэст хандсан байдаг. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хүрээнд “А.Г.Ч” ХХК-ийн асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан үзэж хариу ирүүлнэ үү гэсэн бичгийг хүргүүлсэн. Хуулийн хэлтсээс С.М ын гарын үсэгтэй хариу ирсэн байдаг.
... Д.Г ын хувьд хууль зүйн ямар нэгэн зөрчилгүй асуудал байна, би үүнийг хийж болох юм байна гэдэг дүгнэлтэд хүрч, уг ажлыг хийсэн. Мөн ажлын хэсэгтээ энэ асуудлыг танилцуулсан байдаг. Ингээд “А.Г.Ч” ХХК-ийн асуудлыг нөхөх олговор авах компаниудын жагсаалтад оруулж Засгийн газарт дүгнэлт хүргүүлсэн үйлдэл байгаа.
... Түүнчлэн Д.Г ыг газар дээр нь очиж үзээгүй гэсэн буруутгал байдаг. Ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сараас эхэлж ажилласан, сайд “А.Г.Ч” ХХК-тай холбогдсон даалгаврыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны үеэр өгсөн. Засгийн газрын тогтоол сарын дараа буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Энэ хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан. Цаг хугацааны хувьд боломжгүй байсан, “А.Г.Ч” ХХК-ийн байрлаж байсан талбайнууд нь хүрэх боломжгүй байсан. Тийм учир шинжээчид онгоцоор очиж үзсэн байдаг. Сайдад очиж үзээгүй гэдгээ танилцуулсан. Д.Г ад холбогдуулж буй үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Нөгөө талаар Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайд байсан хүнтэй холбогдуулан хэргийг хүндрүүлж улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамтарсан гэдэг агуулгаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоол Засгийн газрын тогтоол болохоос биш Ж.Э ын захирамж биш, Ж.Э Засгийн газар биш. Тийм учраас Засгийн газрын төлөө эдгээр хүмүүст хариуцлага хүлээлгэж байгаа асуудлын хувьд энэ асуудлаар тайлбар хийсэн өмгөөлөгч нартай санал нэг байна. Шийтгэх тогтоол, магадлалын Д.Г ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ажлын хэсэг нь сайдын тушаалаар батлагдсан бөгөөд сайдад уг дүгнэлтийг гаргаж хүргүүлэх зорилготой ажлын хэсгийн дүгнэлт байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар хамтран гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүугийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх дараах үндэслэлүүд байна.
Нэг. Шүүх иргэн Д.Т надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн “шударга ёсны зарчим”-ыг үл хэрэгсэн маш хүнд ял шийтгэл хүлээлгэсэн.
... Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол “төр” тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох хуультай. “А.Г.Ч” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг “төр” тусгай хэрэгцээнд авсан учраас “нөхөх олговор авах хуулийн боломж”-оо эдлэх зорилгоор нөхөх олговрын асуудлаар төрд хандаж хүсэлт гаргасан. Нөхөх олговорын хэмжээг 2014 онд 1.8 тэрбум төгрөгөөр тогтоосон боловч өгөлгүй байсаар 2017 он хүрсэн. Энэ талаарх бүх нотлох баримт 4 дүгээр хавтаст хэргийн 181-250 дугаар талд авагдсан байгаа.
Тухайлбал: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17/019 дугаартай албан тоотоор Ашигт малтмалын газарт хандсан. Ашигт малтмалын газраас 2017 оны 05 сарын 08-ны өдөр 3/3500 дугаартай албан тоот /4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/-оор Уул уурхайн яаманд ханд гэсэн хариу өгсний дагуу 2017 оны 06 сарын 07-ны өдөр 17/032 дугаартай албан тоот /4 дүгээр хавтаст хэргийн 17в-179 дүгээр тал/-оор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны геологийн бодлогын газарт хандсан байдаг. Улмаар тус газраас “... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-т ханд гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/18 дугаартай албан тоот /4 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал/-оор “ажлын хэсэгт” хандсан юм.
Эдгээр баримтууд нь ажлын хэсгийн хэн нэгэнтэй хуйвалдаж “гэнэт оруулж ирсэн” гэсэн дүгнэлтийг няцаах төдийгүй нөхөх олговрын асуудлаа шийдвэрлүүлэхээр шат шатны байгууллагуудад нь ном журмын дагуу хандаж байсныг нотолно. Хууль, журмын дагуу төрийн байгууллагуудад хандсан эдгээр хүсэлтийг “гэмт үйлдлээ хууль ёсны болгож харагдуулах” зорилготой үйлдэл байсан мэтээр дүгнэж байгаа нь дэндүү хилсдүүлсэн дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх зорилгоор 2012 оноос эхлэн төрд хандаж бичиг өгөөд байсан мэтээр үзсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болсон.
Манай компанийн хувьд төр, засгийн байгууллагуудад хандан “нөхөх олговрын асуудлыг шийдээд өгөөч” гэсэн хүсэлт л гаргасан, “хэрхэн, яаж шийдэх” нь тухайн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудал юм. Тухайлбал: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга С.М : “... 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон 9.1.13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтын талбайгаас олгох байдлаар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой” гэсэн зөвлөгөө өгсөн. Түүний өгсөн энэ зөвлөгөө хуулийн үндэслэлтэй байсан учраас шүүх түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн, хуулийн үндэслэлтэй уг зөвлөгөөний дагуу ажилласан учраас ажлын хэсгийн дарга Д.Г ын ялыг хөнгөрүүлсэн гэж ойлгож байна. Гэтэл “хуулиар олгогдсон боломжоо эдэлье” гэсэн хүсэлт гаргасан миний үйлдэлд яагаад заавал удаан хугацаагаар шоронд хорих хариуцлага хүлээлгэх ёстой болохыг үнэндээ ойлгохгүй юм.
1.2. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан тусгай субъекттэй хэрэгт “жирийн хүн” хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгагдахын тулд зөвхөн тухайн зүйл хэсэгт заасан тусгай субъекттэй “нэг зорилгод хүрэх тухайгаа урьдчилан тохиролцоонд хүрсэн буюу нэгдсэн зорилготой болохоо хэн хэн нь мэдсэн байж” хамтрагч болох учиртай. Гэтэл Д.Т миний бие Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” Ж.Э тай “урьдчилан амлах” байдлаар хамтарсан үйлдэл хийгээгүй. Тийм ч учраас шийтгэх тогтоол болон магадлалд намайг Ж.Э ын үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнээгүй. Харин “... Д.Т нь Б.О тай урьдчилан тохиролцож, амлан дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн байдаг. Шүүх намайг нийтийн албан тушаалтан биш “жирийн хүн” болох Б.О т дэмжлэг үзүүлэх үйлдэл хийсэн гэж дүгнэсэн хэрнээ улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамтран оролцсон гэмт хэрэгт оногдуулдаг ял шийтгэлийн хамгийн хүнд төрлийг сонгон шийтгэж байгаа нь хэтэрхий хүнд ял шийтгэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл тусгай субъект буюу улс төрд нөлөө бүхий этгээдийн үйлдэлд шууд биш “дам” хамжсан гэх байдлаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж бодож байна. Зүй нь Д.Т миний бие “А.Г.Ч” ХХК-ийг төлөөлөн иргэний хариуцагчаар татагдах ёстой байсан боловч гэмт хэрэгт “хамжигчаар хамтран оролцсон" хэмээн буруутгагдаж улмаар маш хүнд ялаар шийтгүүлсэн нь дэндүү хэлмэгдүүлсэн шийдэл болсон.
1.3. “А.Г.Ч” ХХК 2017-2019 онд “нөхөх олговорт авсан тусгай зөвшөөрөл”-үүдийн төлбөрт 42.945.195 төгрөг, хайгуулийн ажлын зардалд 208.321.932 төгрөг, байгаль орчныг нөхөх сэргээх менежментийн төлөвлөгөөны зардал болон хайгуулийн ажпын төлөвлөгөө, тайлан хянуулах холбоотой зардалд 56.600.000 төгрөг, нийтдээ 307.867.127 /гурван зуун долоон сая найман зуун жаран долоон мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийн зардал гаргасан. Ямар нэгэн ашиг, орлого олоогүй.
Мөн “А.Г.Ч” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 09 сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байсан бөгөөд эдгээр бүх тусгай зөвшөөрөл, компанийн тамга тэмдэг, гэрчилгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газраас хураан авсан, миний бие 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн шоронд хоригдсоны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах асуудлыг шийдвэрлүүлж чадалгүй байсаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон. Ийнхүү “А.Г.Ч” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүд дуусгавар болж хор уршиг бүрэн арилсан энэ нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ гэдэгт найдаж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэсэн заалтыг хэрэглээгүй.
Тухайлбал: Д.Т миний бие 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, цагдан хоригдсон бөгөөд энэ талаарх баримт 8 дугаар хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд авагдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Д.Т ...энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй” гэж бичсэн байсан. Тиймээс энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүх мөн л үүнийг үл хэрэглэсэн. Энэ нь хууль хэрэглээний алдаа болохоос гадна үүнийг “жижиг асуудал” хэмээн үл тоож байгаа шүүхийн буруу хандлагыг илтгэж байна.
Гурав. Хувийн байдлын тухайд: Энэ хэрэгт удаан хугацаагаар хоригдох ял шийтгүүлснийг сонсоод өндөр настай ээжийн минь бие муудаж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Мөн миний бие 4, 6, 9 настай гурван бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань намайг санан бэтгэрсний улмаас сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж цэцэрлэг, сургуульдаа ч явж чадахгүйд хүрч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хэнд ч хүнлэг бус хандаж болохгүй ...” гэж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус ... шинжгүй байна” гэж заасан байдаг. Тиймээс надад өндөр настай ээжийгээ асарч халамжлах, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, эхнэр хүүхэддээ халамж анхаарал тавих боломжийг олгохыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1190 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Д.Т надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Т ын өмгөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гомдол гаргасан үндэслэл нь шударга ёсны зарчим болон эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, гэм буруугүйд тооцох зарчмын асуудал анхан болон давж заалдах шатны шүүхэд яригдсангүй. Нөхөх олговор олгож болох уу, үгүй юу гэдэг дээр тухайн 256 тогтоолоор тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, төр хураан авсан 11 компанид лиценз өгсөн шийдвэр юм. Бусад 10 компанитай холбоотой асуудал дээр хууль зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзсэн бөгөөд нөхөх олговорт тусгай зөвшөөрөл өгч болно гэдгийг зөвшөөрч байх шиг байгаа юм. Гол буруутгаж байгаа үндэслэл нь Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолд хамааралгүй, “А.Г.Ч” ХХК-ийг хамааруулсан байна гэдэг байдлаар буруутгадаг. Дархан цаазат газар, тусгай хэрэгцээний газар, дурсгалт газар, нөөц газруудын хувьд шийдвэр гаргаж байгаа субъект нь өөр байгаа. Жишээ нь, байгалийн нөөц, дурсгалт газрын хувьд Засгийн газар хил заагийг нь тогтоодог. Дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурал тогтоодог. Тухайн талбайг нь тусгай хэрэгцээнд төр авсан тохиолдолд нөхөх олговор өгнө гэдэг нь өөрөө хууль.
Гэтэл Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол хамааралгүй байвал орох ёсгүй байсан байна гэдэг байдлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Үүн дээр нөхөх олговор авч болохгүй гэдэг байдлаар үзэх боломжгүй. 2011 онд дархан цаазат газрын ангиллаар тухайн талбайг нь авсан. 2012 оноос эхлэн 256 дугаар тогтоолоор асуудлаа шийдвэрлүүлэх хүртэл хугацаанд төр захиргааны байгууллагатай тухайн компани тасралтгүй харилцаж байсан. Тухайн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлсэн процесст ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Нөхөх олговрын асуудлыг хэзээнээс эхлэн, хэрхэн шийдвэрлүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан. Эдийн засгийн давуу байдал олж авсан гэж буруутгадаг. Гэтэл бодит байдал дээр 2.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор авах ёстой гэж компани хандсан бөгөөд судалж үзээд 2014 онд 1.8 тэрбум төгрөгийг өгөх ёстой юм байна гэдэг шийдвэр гарсан байдаг. 1.8 тэрбум төгрөгийн нөхөх олговорт 2017 онд тусгай зөвшөөрөл авсан. Нөхөх олговорт авсан тусгай зөвшөөрлүүд өнөөдрийн байдлаар дуусгавар болсон бөгөөд энэ компани дээр ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл авснаас хойш талбайнууд дээр 2017-2019 оны хооронд 300.000.000 төгрөгийн зардал гаргасан.
Өөрөөр хэлбэл 1.8 тэрбум төгрөгийн нөхөх олговор авахаар төрд хандсан биш, 300.000.000 төгрөгийн зардал нэмж гаргаад, 3 жилийн хорих ял авчихаад сууж байгаа нь шударга бус байна. Тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан гэдэг тусгай субъекттэй хэрэг. Тухайн субъекттэй холбоотой, хамтарсан, бүлэглэсэн үйлдэл байгаа тохиолдолд тэр зүйл, ангид заасан гэмт хэрэгт буруутгагдах ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд Ж.Э тай Д.Т ямар нэгэн байдлаар хамтарсан, бүлэглэсэн зүйл алга байна, Б.О тай хамтарсан байна гэдэг дүгнэлт хийсэн атлаа улс төрд нөлөө бүхий албан тушаалтны үйлдэлд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон асуудал байгаа.
Өөрөөр хэлбэл, жирийн иргэнтэй хамтарсан гэж дүгнэж байгаа хирнээ тусгай субъекттэй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгч нар гаргаж мэтгэлцдэг. Гэтэл энэ талаар хариу өгдөггүй атлаа ойлгомжгүй байдлаар нэг талд нь шийдэж ирлээ. Шүүхийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн хувьд зарим талаар итгэл алдарсан. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд олон нялх хүүхэдтэй, ээж нь хүнд өвчтэй байгаа учир яаж энэ ажиллагаанаас хохирол багатай салах вэ гэдэг шийдэлд хүрсэн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан” гэв.
Цагаатгагдсан этгээд С.М ын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн С.М ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Тусгайлан гаргах санал, хүсэлт байхгүй” гэв.
Цагаатгагдсан этгээд С.М ын өмгөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэлэх зүйлгүй” гэв.
Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ж.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журам, хэм хэмжээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдах, хэрэгжүүлэхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ. Тухайлбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийн буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчид танилцуулахаар мөрдөгчид даалгах, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авахуулах, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт яллагдагч яллах дүгнэлтийн хувийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилжээ.
Нийслэлийн прокурорын газраас дээрх хуулийн зохицуулалтын дагуу Ж.Э нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх явцдаа урьд яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгаж, яллагдагч яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан тул энэ талаар тэмдэглэл үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэ үйл ажиллагаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн прокурорт санал, хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй бөгөөд яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг харьяа шүүхэд шилжүүлэх, талууд шүүх хуралдааны явцад санал, хүсэлт, гомдол гаргах эрхийг хөндөөгүй гэж дүгнэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тухайн яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримтад тусгасан мэдээллийн хэр хэмжээ, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг тусгах” шаардлагыг хангаж үйлдсэн прокурорын тогтоолтой танилцсан яллагдагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхээр нь хангаагүй, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Ж.Э нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцсан өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхээр хангагдсан, энэ талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан байна. Шүүх, хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч эрхээ эдлэх боломж нөхцөл хангагдсан байхад хэрэгжүүлээгүй асуудал нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл бүрдэж байна гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болох хэм хэмжээг хуулиар олгосон байх тул хууль зөрчиж, өмгөөлөх эрхийг хангаагүй гэж үзэх, энэ талаарх шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Г , Д.Т нарын үйлдсэн гэмт хэрэг, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 256 дугаар тогтоол гаргаж, өөртөө болон бусад хүн, хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам, хуулийн дагуу хамтын зарчмаар шийдвэрлэж байгаа мэт явуулахын тулд шүүгдэгч нарын эрхэлж буй албан тушаал, эрх хэмжээ, хүн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эд хөрөнгө, газар өмчлөх, эзэмших, өргөдөл, гомдол гаргах эрх зэрэг нөхцөл байдлыг ашиглан хамтран оролцсон үйл баримт нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэхээр байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, хоорондоо харилцаа холбоотой байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, бие биенээ танихгүй, хэн нэгэндээ үүрэг даалгавар өгсөн гэх байдал нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй гэж байгаа хэдий ч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үйл явцыг цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, үйл баримтаар Ж.Э , Б.О нар нь гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан, бусад шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэхээр байна.
Тухайлбал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд удирдан, төлөвлөж, зохион байгуулсан, үйлдлээрээ санаатай нэгдсэн хэн нэгнийх нь гүйцэтгэх үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэм хэргийг хамтран үйлдсэнд тооцох, хамтран оролцогчийн хэлбэрийг тогтоох үндэслэл болсон гэж үзэхээр байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.М ын явуулсан албан бичгийн үндэслэлийг “нөхөх олговроор тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд судалж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх, хүсэл зоригоо илэрхийлсэн, тусгай зөвшөөрөл хууль бусаар олгох зорилго бүхий Ж.Э ын үйл ажиллагаанд санаатай нэгдэх, хүсэл зориг байгаагүй гэдгийг нотолж байна” хэмээн дүгнэж, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Учир нь Ж.Э , Б.О , Д.Г , Д.Т нарын шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд зохион байгуулсан, үйлдлээрээ санаатай нэгдсэн хэн нэгнийх нь гүйцэтгэх үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэм хэргийг хамтран үйлдсэнд тооцох үндэслэл болно гэж дүгнэж шийдвэрлэсэн дүгнэлт, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хэмээн үзсэн нотолж буй нотлох баримтын жагсаалтад “Яллагдагч С.М ын дэмжлэг үзүүлэх зорилгоор Д.Г ад хүргүүлсэн дотоод албан бичиг” гэж дурдсан байгаа нь шүүгдэгч С.М ыг цагаатгах үндэслэлтэй зөрчилдөж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх явцад С.М нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын албыг хашиж байсан, албан тушаалын тодорхойлолтод зааснаар яамнаас боловсруулан гаргаж буй албан тоот, бодлогын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэлийг хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хэрэгжилтэд хянах тавих үүрэгтэй байжээ.
Гэтэл шүүгдэгч ажлын хэсгийн ахлагч Д.Г ын хүргүүлсэн албан бичиг, “А.Г.Ч” ХХК-ний хүсэлттэй танилцаж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлэлгүй, биелэгдэх боломжгүй, илтэд хууль бус шийдвэр гэдгийг мэдсээр байж энэ талаараа чиглэл, зөвлөгөөг шүүгдэгч Д.Г ад хүргүүлж, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь үйл баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М яамны хуулийн хэлтсийн даргын хувьд Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор яамнаас ажлын хэсэг гаргаж, санал боловсруулж байгааг мэдсээр байж, уг тогтоолд хамааралгүй, Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолыг ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах зүйтэй гэсэн чиглэлийг хүргүүлсэн. Мөн уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай яамнаас хүргүүлсэн албан бичигт 18 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тусгаагүй, Хууль зүйн яамнаас нөхөх олговор олгогдохгүй тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орсон талаар анхааруулсан байхад албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт үйлдэхэд санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Г , Д.Т нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон гэж дүгнэхээр байна. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Г ын ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр хөнгөрүүлж байгаа талаар дүгнээгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан гэж дүгнэлт хийж шийдвэрлэжээ.Тодруулбал, шүүгдэгч Д.Г Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, санал боловсруулах, тайлан, дүгнэлт гаргах эрх үүргээ урвуулан ашиглаж, тогтоолуудад хамааралгүй аж ахуйн нэгжийг сайдын өгсөн чиглэлийн дагуу санал, тайланд тусгасан нь гэмт хэрэгт үйлдэгдэх, санаа зорилгоо хэрэгжүүлэх үндэс болсон байх тул ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, оролцсон хэлбэрт тохирохгүй гэж дүгнэсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн С.М ын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн заалт, давж заалдах шатны шүүхийн холбогдох заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах, шүүгдэгч Д.Г ын ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э , түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г , С.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Улс төрд нөлөө бүхий этгээд болох Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Д , тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г , Хуулийн хэлтсийн дарга С.М , “А.Г.Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О , захирал Д.Т нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг батлахдаа уг асуудалд хамааралгүй буюу Улсын Их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах 43.290.43 га талбай нь давхцсаны улмаас тусгай зөвшөөрөл нь түдгэлзэгдсэн “А.Г.Ч” ХХК-ийг нэмж хамруулан 5 аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталснаар тус компанийн үүсгэн байгуулагч Б.О , захирал Д.Т нарт давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан,
мөн дээрх тогтоолыг батлахдаа “Э.О ” ХХК-д Монгол Улсын Их Хурлын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолд заасан стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах газарт давхцалтай Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбай бүхий ХҮ-020922 дугаар газрыг өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 559 дугаартай шийдвэрээр олгож, улмаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Х.И” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авснаар өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан,
“А.Г.Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О , тус компанийн захирал Д.Т нар нь тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Ж.Э , Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Д , тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г , Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга С.М нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолын дагуу улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 дугаартай тогтоолд Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан өөрийн үүсгэн байгуулсан “А.Г.Ч” ХХК-ийг хамруулан 5 аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталж тус компанид эдийн засгийн илт давуу байдал бий болгосон гэмт хэргийг Б.О нь зохион байгуулсан, Д.Т нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,
Д.Г нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Д ийн 2017 оны А/110 дугаатай тушаалаар байгуулагдсан Засгийн газрын 2017 оны 90, 91 дугаартай тогтоолоор Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгийн нэр бүхий тодорхой бүс нутгуудад байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосонтой холбогдуулан тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа ажлын хэсгийн тайланд “А.Г.Ч” ХХК-ийг хамруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/98 дугаартай тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллахыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “А.Г.Ч” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй тус компанид нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, Ж.Э , Б.О нарын зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар,
С.М нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Д ийн 2017 оны А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Д.Г ад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А.Г.Ч” ХХК-д нөхөх олговор олгох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судалж үзэх, газар дээр нь очиж танилцан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэсэн дотоод албан бичгийг хүргүүлж, улс төрд нөлөө бүхий этгээд болох тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э , Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Д , тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г , “А.Г.Ч” ХХК-ийн захирал Д.Т , уг компанийн үүсгэн байгуулагч Б.О нарын Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй буюу Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх, ашиглах нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан “А.Г.Ч” ХХК-г Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолд хамруулж тус компанид давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгасан эсэх, хэргийн үйл баримт нотлох баримтаар нотлогдсон эсэх талаар хэт явцуу дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.
Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү үүргээ мөрдөгч, прокурор бүрэн хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.
Улсын Их хурлын 2016 оны 13 дугаар тогтоол, 2016 оны 35 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолууд тус тус гарч, улмаар тухайн тогтоолын хавсралтад заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Уул уурхай, үйлдвэр худалдааны сайдад үүрэг болгосон байтал тухайн тогтоолуудад хамааралгүй, нэр заагдаагүй “А.Г.Ч” ХХК-ийг хамааруулж тус компанийн 2011 онд түдгэлзүүлсэн гэх 4 тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт 5 аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх нийт 8 тусгай зөвшөөрлийг олгохоор солбицол баталсан Засгийн газрын 256 дугаар тогтоол гарчээ.
Нөхөх олговор олгох хүрээнд үйлдэгдсэн гэх дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэхүү ажиллагааг шүүхээс зөвтгөн дүгнэх боломжгүй юм.
“А.Г.Ч” ХХК-нд 2017 оны Засгийн газрын 256 дугаар тогтоолоор нөхөх олговор олгох эрх үүссэн эсэх, тухайн компани 1.9 тэрбум төгрөгийн зардал гарсан нь үндэслэлтэй эсэх, энэхүү зардал нь хэрхэн нотлогдсон, ажлын хэсгийн гишүүд талбай дээр нь биечлэн очиж танилцалгүй нөхөх олговрын хэмжээг тогтоож олгох нь хэний эрх хэмжээний асуудал болох, ямар хууль, дүрэм, журмаар зохицуулагдах, 2011 оноос хойш 6 жил орчмын хугацаанд нөхөх олговор аваагүй шалтгаан, нөхцөл юу болох, Улсын Их Хурлын тогтоолд нөхөх олговор олгохоор заагаагүй тухайн тохиолдолд нөхөх олговор олгох ажиллагаа ямар хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэгдэх ёстой байсан, “А.Г.Ч” ХХК-ийн ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл нь түдгэлзэгдэхээс өмнө буюу 2007-2011 оны хооронд олборлолт, хайгуул хийж дууссан байсан эсэх, нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, тус газрын ойр орчмын газар сүйтгэгдсэн эсэх, олборлолтыг ямар хэмжээгээр явуулсан, эрх түдгэлзсэнээс хойш 1 жилийн дотор төрөөс холбогдох нөхөх олговор олгоогүй бол дахин үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах тухай Ашигт малтмалын тухай хуулийн заалтын дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх, Засгийн газар ямар хууль тогтоомжийн дагуу “А.Г.Ч” ХХК-д нөхөх олговор олгох байсан, нөхөх олговор олгох шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн, яаж тогтоох, ямар шалгуураар дүйцүүлэн олгох байсан зэрэг асуудлуудыг нарийвчлан шалгаж, эргэлзээгүй байдлаар нотолж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн “А.Г.Ч” ХХК-нд 5 аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх нийт 8 тусгай зөвшөөрлийн солбицол буюу нөхөх олговорыг хууль бусаар олгосон, олгуулсан гэх тухайн үйлдэлд шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г , С.М нарын хамтран оролцсон оролцоог баталсан нотлох баримтын эх сурвалжийг шалгаж, ялгаа заагтайгаар зөв тогтоох шаардлагатай байна.
Түүнчлэн Ж.Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-нд нөхөх олговор хэлбэрээр олгогдсон “Улаан сайр 2” гэх хайгуулын тусгай зөвшөөрлийг өөртөө болон өөрийн дүүгийн хамаарал бүхий “Х.И” ХХК-нд олгож давуу байдал бий болгосон, тийнхүү шилжүүлж авахдаа ямар хууль тогтоомж зөрчин, хэнтэй, хэрхэн яаж хамтран үйлдсэн, 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-нд нөхөх олговор олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байсан эсэх, ямар үндэслэл, баримтаар гэмт хэрэгт тооцсон, түүнчлэн албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийсэн өөр бусад ямар үйлдлүүдийг тус гэмт хэргийн шинжид хэрхэн, яаж, ямар нотлох баримтын хүрээнд хамааруулж байгаагаа мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн шалгах, хянах ажиллагаа хуулийн дагуу бүрэн хийгдээгүй байгааг шүүх нөхөх гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн үндэслэл хангалтгүй буруу дүгнэлт хийсэн, тус алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, зөв дүгнэж чадаагүй гэсэн дүгнэлтийн тухайд дараах үндэслэл тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан баримтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн дарга С.М нь албан үүргийн хувьд тус яамнаас гаргах аливаа шийдвэрийн хууль ёсны үндэслэлийг хянаж, хууль бус шийдвэр, баримт бичгийг хүчингүй болгуулах, дахин шалгуулах үүрэгтэй байтал “А.Г.Ч” компанийн асуудал нь Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, тус хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн чиг үүрэгт шууд хамааралгүй бөгөөд жич тусдаа Засгийн газрын тогтоол гаргуулан дахин ажлын хэсгээр иж бүрэн судлуулж шийдвэрлүүлэх асуудал болохыг мэдсээр байж яаралтай шийдвэрлэхээр “чиглэл” өгсөн, улмаар Засгийн газрын холбогдох албан тушаалтнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэрэгжүүлсэн нөхөх олговор олгох тайланд хууль зөрчсөн асуудал байгааг мэдэгдэж холбогдох судалгаа, баримтыг шаардахад Д.Г , С.М нар “Ц.Д сайдаас яаралтай оруулах шаардлагатай гэж хэлж байсан, уулзуулья, эргээд тодруулна” гэж хэлж, тийнхүү шийдвэрлүүлэхэд хүргэсэн зэрэг нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй бөгөөд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотолж тогтоогоогүй, зарим шүүгдэгч нарын шүүхийн өмнөх шатанд эдлэх зарим эрх бүрэн хангагдаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэт явцуу, үйл баримтыг бүхэлд нь дүгнэж чадаагүй, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж, уг зөрчлүүдийг тус шүүх хуралдаанаар нөхөх гүйцэтгэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэлээ.
Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээгүй нотлох баримтыг үнэлж хэргийн үйл баримтыг шинээр тогтоох, няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг нотлогдсон гэж үзэх, нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх талаар урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул Эрүүгийн хуулийг хэрэглэхэд суурь үндэслэл болдог гэмт хэргийн үйл баримтыг нотлоход гарсан дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Т , Д.Г , С.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, тэдгээрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Э , Б.О , Д.Т нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Г , С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН