| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2023/00198/И |
| Дугаар | 210/МА2023/01154 |
| Огноо | 2023-06-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/01154
“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01929 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар зээлдэгч “Ш-” ХХК, Т.М-, П.М нараас 2,559,565,036 төгрөгийг гаргуулан “Х-” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч нь барьцааны зүйл болох 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 191 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9,824,747,240 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий өндөр байгаа тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй. Хариуцагч НН-раас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн үнэ тодорхой болоогүй, уг үнэлгээнд гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байхад албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулж хууль зөрчсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь хөрөнгийг нийтэд нь 9,824,747,240 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр авагч “Х-”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбандид 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр үнээр үнэлсэн гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Нэхэмжлэгчийн хувьд хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилох нь шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгосон эрх бөгөөд үүнийг нэхэмжлэгч хууль бус гэж үзээгүй энэ талаар маргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2-т нийцээгүй.
4.а.Барилгын бодит үзлэгээр гадна, дотор засал муудсан байхад үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудсанд гадна, дотор заслыг сайн гэж дүгнэсэн байгаа нь биет үзлэгийг хангалтгүй хийсэн гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд уг дүгнэлттэй холбоотойгоор үнэлгээний 22 дугаар хуудасны үнэлгээний тооцоололд чанар байдлын тохируулгыг буруу хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үнэлгээний тайлангийн 20 дугаар хуудсанд харьцуулалт болгож авсан барилгууд нь 860 м.кв, 296 м.кв, 755 м.кв зэрэг бага талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлж буй 951 м.кв, 2,415 м.кв зэрэг том талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахдаа талбайн хэмжээнээс хамаарсан тохируулга хийгээгүй. Жижиг талбайтай барилгын хувьд том талбай бүхий барилгаас хөрвөх чадвар илүү байдаг талаар дүгнэлт хийгээгүй. Нийт 3 барилгын талбайг 3,654 м.кв гэж бичсэн байгаа бөгөөд хэрхэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд дурдсан хэмжээнээс илүү 288 м.кв талбайн хэмжээг тооцож гаргасан талаарх болон өргөтгөл гэх талбайг оруулан үнэлсэн талаар тайлбар, үндэслэл байхгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.3.9, 9.3.11-д заасныг зөрчсөн. Үнэлгээний тайлангийн 23 дугаар хуудсанд орлого капиталчлах аргын тооцоололд түрээсийн үнэ, үйл ажиллагааны зардлыг хэрхэн тооцсон талаар үндэслэл, эх сурвалжийн талаар мэдээлэл байхгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.3.5, 9.3.8, 9.3.11-т заасныг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Орлогын хандлагаар хөрөнгийг үнэлэхдээ капиталчлах хувийг ямар үндэслэлээр ашиглаж буй талаарх ерөнхий таамаглалыг баталгаа, нотолгоотой дэвшүүлээгүй. Үнэлгээний тайлангийн 17, 19 дүгээр хуудсанд газрын жишиг үнийг тогтоохдоо сонгон авсан гурван жишиг газрын хэмжээнүүд нь үнэлж буй газрын хэмжээнээс 2 дахин бага эсвэл 2 дахин том хэмжээтэй байгаа нь нэгж үнэд хэмжээнээс хамаарсан нөлөөллийг арилгаагүй. Үнэлгээний тайлангийн 17 дугаар хуудсанд жишиг болгон авсан газар 1 болон 3-ын хувьд байршил нь үнэлж буй газраас илэрхий хол зайтай байхад байршлын нөлөөллийг арилгаагүй байгаа нь газрын үнэ цэнийг бодитоор үнэн зөв тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудсанд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төвийн шугам сүлжээнд холбогдсон, цэвэр усны шугамтай гэжээ. Гэтэл үнэлгээ хийж буй үл хөдлөх эд хөрөнгө нь төвийн шугамд холбогдоогүй болох нь бодит байдал дээр нийтэд илэрхий мэдээлэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудалд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилох тогтоолын дагуу хөрөнгийг үнэлүүлж, дүгнэлтийг танилцуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тиймээс шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан. Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, төлбөр төлөгч талаас хөрөнгийн үнэлгээний саналыг манай байгууллагад ирүүлэхдээ 17,000,000,000 төгрөгийн үнийн дүнгийн санал ирүүлсэн. Мөн 2 тал тохиролцоогүй гэдэг үндэслэлээр “Х-” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Н- нь “үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022838 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 1 дүгээр гудамж, 1а тоот хаягт байрлах 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2201023494 дугаар бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, нэгж талбарын 18637315447122 дугаартай 191 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18637315443150 дугаартай 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009952 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны 18010, Баянхошууны гудамжны 02 тоотод байрлах 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Б.Батзаяаг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 154-р тал/
3.а.Дээрх шинжээч томилох тогтоолд заасан 951 м.кв болон 2,415 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан ба “... үнэлгээний зүйлтэй танилцахад 2,415 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд өргөтгөл хийгдсэн байсан” талаар шинжээч тайлбарлажээ. /1хх-ийн 115-117, 2хх-ийн 4-р тал/.
3.б.Нэгдүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндсэн барилгын талбайн хэмжээг 2,415 м.кв, 951 м.кв, 144 м.кв гэж тус тус бичсэн боловч хэргийн 47 дугаар талд талбайн хэмжээг 2,559 м.кв, 951 м.кв, 144 м.кв буюу нийт 3,654 м.кв гэж зөрүүтэй бичсэн байгааг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2,415 м.кв гэх боловч бодитоор хэмжилт хийхэд 2,559 м.кв байсан эсэх, эсхүл 2,415 м.кв-д өргөтгөлийн 144 м.кв-ыг нэмж 2,559 м.кв-аар тооцсон эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.
3.в.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шинжээч нь хэмжилт хийж үнэлгээг тогтоосон талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шинжээчээс тодруулаагүй, маргаан бүхий нөхцөл байдлын талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. Энэ талаар тодруулах нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодитой гарсан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.
4.Түүнчлэн, нэхэмжлэгч “Х-” ХХК нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журамтай байхад анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурьдах нь зүйтэй.
5.Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х-” ХХК-аас төлсөн нийт 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Г.ДАВААДОРЖ