Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01309

 

 

 

 

 

 

    2023         06           30                                          210/МА2023/01309                         

 

“Ю-с ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01064 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ю-с ББСБ” ХХК-ийн хариуцагч Л.Ж-, Д.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 52,299,680 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч Л.Ж-, Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Ю-с ББСБ” ХХК нь Л.Ж- Д.Э- нартай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 20,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулан, зээлийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн хугацаа сунгах тухай гэрээний 1.2 дахь хэсгийн 3-т зээл сунгасан хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гэж заасан хугацаа дуусахад зээл, зээлийн хүүгийн төлөлтийг бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй байна. Зээлийн үлдэгдэл нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүү 31,786,666 төгрөг 67 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 6,051,866 төгрөг 67 мөнгө нийт 57,838,533 төгрөг 33 мөнгө байна. Зээлдэгч нар нь энэхүү зээлийг гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БГ/17/04/073 дугаартай барьцааны гэрээг байгуулан өөрсдийн хамтын өмчлөлд байдаг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036584 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000120118 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 106 дугаар байрны 38 тоот хаягт байрлалтай 32 м.кв талбайтай 1 өрөө байрыг барьцаалуулж, барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээний дагуу манай банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч нарт 20,000,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн гэрээний үүрэгт нийт 57,838,533 төгрөг 33 мөнгө нэхэмжилсэн. Эхний шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 18,000,000 төгрөг болгосон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчээс гаргах мөнгөн дүн 52,299,680 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие “Ю-с ББСБ” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-нд өөрийн байрыг барьцаалан 18,000,000 төгрөг авсан болно. Энэ хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 18,000,000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэйгээр бодож сар бүр 684,000 төгрөгийг бэлнээр болон нягтлан М.Уянгын дансаар төлдөг байсан. 12 сарын хугацаанд 8,208,000 төгрөг төлсөн байна. Дахин гэрээг 2 жилээр сунгаж 2019 оны 12 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал үнийн дүнгээрээ 8,208,000 төгрөг төлсөн баримт байгаа. 2020 оны 01 дүгээр сараас гэрээний хугацаа дууссан. Энэ хугацаанд ковид 19 цар тахал гарсан. Эдийн засаг хямран бүх юм хаагдсан. Мөн Засгийн газраас тогтоол гарч тус “Ю-с ББСБ” ХХК хүүгээ 3 хувь болгосон гэсэн. Дахин гэрээ хийж зээлийн хүүг 3 хувь болгосон. Миний бие 2021-2022 оны хооронд зээлийн хүү болох 6,200,000 төгрөг төлсөн баримт байгаа. “Ю-с ББСБ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд 18,000,000 төгрөг олгосон байна. Гэтэл 20,000,000 төгрөг болсон. Түүний дараа 2,000,000 төгрөгийн хүү, алданги нэмэгдэн гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйМөн үнийн дүн тооцоо муутай, гэрээ буруу алдаатай гаргасан. Тооцоо дээр нягтлан бодогч гарын үсэг зураагүй. Хянаж үзээгүй. Үүнд: Үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 31,786,666 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 6,051,866 төгрөг, нийт 57,838,503 төгрөг гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг хуурамчаар гаргаж хүсэлтийг хэлэлцүүлж байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ж-, Д.Э- нараас 45,275,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю-с ББСБ” ХХК-д олгож, үлдэх 7,024,680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Ж-, Д.Э- нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036584 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 106 дугаар байрны 38 тоот, 32 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ж-, Д.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю-с ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн бүх зээлийн төлөлтүүдийг оруулан, зээлийн үндсэн хүүг гэрээнд заасны дагуу 3.8 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож зээлийн тооцооллыг гаргасны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судлалгүйгээр хариуцагч нараас 45,275,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,024,680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,024,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг шүүх тайлбарлаагүй, энэ талаар шийдвэртээ тусгаагүй, илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлөлт хийж байсан талаарх банкны шилжүүлгийн баримтуудыг гаргаж өгсөн боловч хариуцагчийн гаргасан баримтууд дээрх төлөлтүүд нь бүгд зээлийн тооцоололд орсон дүн байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс баримтаар гаргасан зээлийн тооцоолол дээр хариуцагчийн бүх зээлийн төлөлтүүдийг оролцуулан зээлийн тооцооллыг гаргасан буюу хариуцагчийн зүгээс шүүхэд гарган өгсөн баримтууд дээрх төлөлтүүд бүгд багтсан байсан. Талууд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд хариуцагч нарын хүсэлтээр гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл дахин 1 жилээр сунгасан. Гэтэл хариуцагч нар нь гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хуваарьт хугацаандаа төлөөгүй. Нэхэмжлэлээс 7,024,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хариуцагч нараас 7,024,680 төгрөгийг нэмж гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын тайлбарын агуулга: Бид “Ю-с ББСБ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, нэг өрөө орон сууцыг барьцаалж 18,000,000 төгрөг зээлсэн. Ингээд 10 хоногийн дараа 10,000,000 төгрөг тус компанийн нягтлан бодогч М.Уянгын 5062041235 тоот данснаас, 2 хоногийн дараа “Ю-с ББСБ” ХХК-ийн 42701956 тоот данснаас 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Гэтэл 20 хоногийн дараа нягтлан бодогч М.Уянга 2,000,000 төгрөгийг өөрийн данс руу татан авсан. М.Уянга нь хувийн данснаасаа “Ю-с ББСБ” ХХК-д мэдээлэл өгөхдөө дутуу өгсөн байдаг. Бид 18,000,000 төгрөг зээлсэн байхад 20,000,000 төгрөг зээлсэн гэдэг бөгөөд нягтлан бодогч М.Уянга 2,000,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй бөгөөд бид 26,284,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэжээ.

6.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Ю-с ББСБ” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-нд өөрийн байрыг барьцаалан 18,000,000 төгрөгийг авсан болно. Энэ хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 13 сарын хугацаанд 18,000,000 төгрөгний хүүг 3.8 хувиар  бодож сар бүр 684,000 төгрөгийг бэлнээр болон (506 204 1245) тоот дансаар байнга төлдөг. Бүгд 13 сарын хугацаанд 8,892,000 төгрөг төлсөн баримт байна. Гэрээг дахин нэг жилийн хугацаагаар сунгаж 2019 оны 01 дүгээр сараас 2019 он 12 дугаар сарыг дуустал нэг жилийн хүү болох 8,208,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 06-нд миний төрсөн охин Ж.Урангоо “Ю-с ББСБ” ХХК-ийн (427012957) тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлж үлдсэн зээлийг 16,000,000 төгрөг болгосон юм. Энэхүү бодит байдлаас 16,000,000 төгрөгний 3.8 хувийн хүү нь 608,000 төгрөг болно. Үндсэн зээлээсээ төлөөрэй гэж шаардаж байгаад манай охин төлсөн. 2022 оны 12 сар, бүгд 36 сар. Сарын хүү 608,000 төгрөг, 1 жил нь = 7,296,000 төгрөг 3 жил нь 21,888,000 төгрөг .Үүнээс 7,000,000 төгрөг хүүнд төлсөн. Хасаад үлдэгдэл 14,888,000 төгрөг. Үндсэн зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг +14,888,000 төгрөг =30,888,000 төгрөг төлөхөөр тооцоо байна. Эрхэм шүүгч та энэхүү бодит байдлыг харгалзан үзэж шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол зөрүүтэй ба эхний гомдолдоо 30,888,000 төгрөг төлөхөөр байна гэсэн атлаа нөгөө гомдолдоо 3,668,000 төгрөгийг зээлийн дүнгээс хасаж тооцуулахаар дурдсан. Хариуцагч нарын юу хүсэж байгаа нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчид 30,888,000 төгрөг төлөх тооцоог гаргасан байна. Ингээд гомдлын үндэслэл болгосон баримтыг гомдолдоо хавсаргасан нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй.гэж, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. гэж тус тус заасан. Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хуульд нийцнэ. Ю-с ББСБ ХХК-ийн нягтлан бодогч 20,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр 2 удаа хариуцагч нарт шилжүүлээд буцаагаад 2,000,000 төгрөгийг авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 18,000,000 төгрөгөөс тооцон багасгасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

            2.Нэхэмжлэгч “Юанайтед финанс ББСБ” ХХК нь хариуцагч Л.Ж-, Д.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 52,299,680 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх хариуцагч Л.Ж-, Д.Э- нараас 45,275,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Юанайтед финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,024,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч энэхүү шийдвэрийн үндэслэл тодорхой бус байна.

            3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ чухам ямар нотлох баримтыг үндэслэл болгосон талаараа шийдвэртээ заагаагүй нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэхээр байна.

            3.б.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ж-, Д.Э- нар нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгч “Юанайтед финанс ББСБ” ХХК болон тус компанийн нягтлан М.Уянгад тус тус төлж байсан гэж тайлбарласан. Хариуцагч нарын энэхүү тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, мөн хэрэгт М.Уянгад мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтууд авагджээ. /хх-ийн 70-72-р тал/

            3.в.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “М.Уянгын хувь дансаар орсон мөнгийг хасаж тооцсон, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн” гэх боловч хэргийн 61 дүгээр талд авагдсан “зээлийн тооцоо” гэх баримтад М.Уянгад шилжүүлсэн мөнгөн дүн тусгагдаагүй байна.

            3.г.Энэ тохиолдолд маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлэх, мөн талууд зээлийн төлбөрийн хэмжээнд эвлэрэх боломжтой эсэх талаар тодруулах шаардлагатай.

            3.д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах нь хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.

4.Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01064 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ю-с ББСБ” ХХК-аас төлсөн 384,325 төгрөг, хариуцагч Л.Ж-аас төлсөн 229,885 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН                       

                                         ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

                                                                              Г.ДАВААДОРЖ