Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 58

 

М.Эрдэнэ-Отгонд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Х.Анхцэцэг,

          Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа,

          Хохирогч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч Д.Данзандорж,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70Б дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар М.Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн 2014 2600 05285 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгон, 1989 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр хийцийн угсрагч мэргэжилтэй, “Элит Техно Металл Сервис” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжны 36 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УУ89032572/,

М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хэвлий, цээжин тус газарт хутгалж бие махбодид нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх ...” бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Эрдэнэ-Отгоны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоныг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгонд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоны цагдан хоригдсон 297 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоноос 3.895.100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бямбадоржид олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг чулуу, 1 ишгүй хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртийг эрх бүхий байгууллага буюу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, М.Эрдэнэ-Отгоны иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70Б шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай.

Анхан шатны шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан.

2. Шүүх буруу хууль хэрэглэсэн тухай.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасан “...хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...” гэсэн заалт, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, 79, 80, 82, 150, 151, 320 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэг. М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж зүйлчилсэн нь тогтоогдохгүй байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолд “онц харгис хэрцгий арга”-ыг тайлбарлажээ.

Хоёр. Мөрдөн байцаагч Мөнхбат 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг байцаахдаа урьд орой цагдаагийн ажилтнуудад өгсөн мэдүүлгээ дахин ярихыг шаарджээ.

М.Эрдэнэ-Отгон хүн хутгалсан хэргийг би хийгээгүй гэхэд Мөнхбат байцаагч түүнийг өрөөндөө үлдээгээд гарчээ. Ахмад цолтой хүн зөрж орж ирээд М.Эрдэнэ-Отгоныг өшиглөж, цохиж зодсон гэдэг.

Мөнхбат байцаагч буцаж өрөөндөө орж ирээд “чи хэргээ хүлээсэн байна шүү дээ” гээд уурлаад, айлгаад байсан тул М.Эрдэнэ-Отгон урьд орой төлөөлөгч нарт өгсөн худал мэдүүлгээ давтан ярихын өмнө “би өмгөөлөгч авна, гэхдээ одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгье” гэсэн байна. /1-р хх 123/

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Эрдэнэ-Отгон “...би тэр ахыг хутгалчихаад айсандаа шоконд орсон байсан. Би их айсан учраас хутгаа хаана хаяснаа үнэхээр санахгүй байна. Би тухайн үед нилээн согтуу байсан учраас тэр ахтай хаана, аль гудамжинд таарснаа мэдэхгүй байна, саарал өнгийн юүдэнтэй цамцаа хаана хаяснаа санахгүй байна. Би тэр ахыг урьд өмнө харж байгаагүй, одоо харвал танихгүй байх, учир нь гудамж харанхуй байсан. Би хэдэн цагийн орчимд гарснаа санахгүй байна. Мөн тэр ахыг хэдэн цагийн үед хутгалснаа мэдэхгүй байна...” гэсэн зохиомол мэдүүлгийг айлган сүрдүүлж авсан. /1-р хх 124/

Дээрх мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ өмссөн гэх юүдэнтэй саарал цамцыг хаанаас авсан, хаана хаясан, хутгыг хаана хаясан гэх мэт гэмт хэргийн сэдэлтийг нотлоогүй.

Энэ мэдүүлгийн дагуу мөрдөн байцаагч Мөнхбат шалгасан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ өмссөн гэх юүдэнтэй саарал цамц, хутга олдоогүй нь тэрээр зохиомол мэдүүлэг өгсөн учраас эх сурвалж нь тогтоогдоогүй байна.

М.Эрдэнэ-Отгон 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагаас хойш найз Т.Отгонбаяр, Б.Золбаяр, Амараа нарын хамт хоёр том пиво уусан бөгөөд 23 цагт гэртээ байсан.

Гэрч Т.Отгонбаяр, Б.Золбаяр нар тэр өдөр М.Эрдэнэ-Отгон ямар хувцастай явсныг санахгүй байна гэж мэдүүлдэг. /2-р хх 64/

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай Удирдлагын төвийн 2015 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн лавлагааг үзэхэд “2014 оны 10 дугаар сарын 26-ны орой 23.31 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-36 тоотоос иргэн Мөнхбаяр 95173124 дугаарын утсаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст согтуугийн дуудлага өгчээ. /3-р хх 232/

Харин энэ дуудлагад хутгатай холбоотой дуудлага өгөөгүй байна.

М.Эрдэнэ-Отгон Баянхошуунд оршин суудаг тул гэрийнхээ ойр орчмын газар, гудамжийг мэддэг. Гэтэл хаана гэмт хэрэг үйлдсэнээ зааж өгч чадаагүй байна.

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Эрдэнэ-Отгонд хүч хэрэглэж, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Гурав. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр цагдаагийн төлөөлөгч нар М.Эрдэнэ-Отгоныг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж бусдыг хутгалсан гэх хэрэг яриулсан гэдэг. М.Эрдэнэ-Отгон өөрт сүрдүүлгээр хүлээлгэсэн хэргийг шалгуулахаар хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагад 6 удаа өргөдөл бичжээ. Үүнд:

1. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангиас Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурор Б.Баян-Очирт гомдол гаргасан.

Өргөдөлд “...2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн цагдаа нар намайг дагуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр аваачин өрөөнд оруулангуутаа зодож, дарамтлан хэргээ хүлээ гэж зодсон. “Чи муу хүн хутгалчихаад үхсэндээ маяглаад худлаа хуцаад байгаа юм бэ, хэргээ хүлээ” гээд зодоод байсан. Миний бие тэсэхийн аргагүй өвдөж энэ хэргийг хийсэн гэж худлаа хүлээсэн. Намайг цохисон төлөөлөгч хуруугаараа өөрийнхөө хэвлийн зүүн хэсэгт, дараа нь баруун доод хэсэгт зааж “чи энд, энд хутгалсан биз дээ” гэж тулгасан. Тэгэхээр нь би айсандаа тиймээ тийм саяын таны заасан газар чинь хутгалсан юмаа” гээд амыг нь дагуулаад худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Тэгэхгүй бол намайг дахиж зодох гээд айлгаж далайлгаад байсан юм...” гэж бичжээ /1-р хх 147/.

2. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурор У.Солонгод цагдаагийн ажилтнуудад дарамтлуулсны улмаас худал мэдүүлэг өгсөн тухай гомдол гаргажээ /1-р хх 198/.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн м/б, а/х Б.Цогтбаяр 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тус хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Б.Болдбаяр, У.Золзаяа нараас М.Эрдэнэ-Отгоныг зодож, эрүү шүүлт хэрэглэсэн эсэх талаар асууж тайлбар авсан байна /1-р хх 203-204/.  Гэхдээ м/б Б.Цогтбаяр гомдолд дурдсан хүмүүс, тэдний зургийг М.Эрдэнэ-Отгоноор таньж олуулах ажиллагаа хийлгүй, гэрч нарыг асуулгүй гомдлыг дутуу шалгаж хаасан болно.

3. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Улсын Ерөнхий Прокурорын газарт өргөдөл гаргасан.

Өргөдөлд “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өглөө байцаагч Мөнхбат ирсэн. Намайг эрүүгийнхэн авч гараад өрөөндөө байцаах гэхээр нь би “энэ хэргийг хийгээгүй” гэж хэлсэн. Мөнхбат байцаагч намайг өрөөндөө үлдээгээд гарсан. Нэг ахмад цолтой хүн зөрж орж ирээд намайг өшиглөж, цохиж зодсон. Мөнхбат байцаагч буцаж орж ирээд “чи хэргээ хүлээсэн байна шүү дээ” гээд уурлаад айлгаад байсан. Тэгэхээр нь би айсандаа урьд орой өгсөн худал мэдүүлгээ давтаад ярьсан. Намайг өмгөөлөгчгүй байцааж дууссаны дараа нэг өмгөөлөгч оруулж ирээд гарын үсэг зуруулсан...”  /1-р хх 197/ гэжээ.

4. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид гомдол гаргажээ. Өргөдлийг шалгуулахаар 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхий Прокурорын газарт шилжүүлсэн байна.

ХЭҮКомиссын албан бичигт гомдлын дагуу М.Эрдэнэ-Отгонтой уулзаж тодрууллаа: “...2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаа нар намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр дагуулж ирээд өрөөнд оруултал нэг цагдаа миний нүүр рүү 2 удаа цохисон. “Чи хүн хутгалчихаад хэргээ хүлээ, чамайг хорьж байгаад хүнд гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулна, хүчээр хүлээлгэж чадна” гэж дарамталж шахалт үзүүлж заналхийлсэн. Тэгээд өөр өрөөнд нэг өндөр туранхай цагдаа оруулаад миний толгой руу жижиг цахилгаан бороохойгоор цохиулж байгаад “жижиг цахилгаан бороохой сайн болохгүй байна, том цахилгаан бороохой олоод ир” гэхэд махлагдуу өндөр цагдаа гараад том цахилгаан бороохой олж ирээд дахин миний толгой руу цохиулахаар нь би тэсэхээ байгаад би хутгалчихсан гэж хэлсэн...” гэж тайлбарласан  /1-р хх 232/ гэжээ.

5. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 3 дугаар сард хорих 461 дүгээр ангиас Монголын Хуульчдын Холбоонд гомдол гаргасан.

Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо М.Эрдэнэ-Отгоны гаргасан өргөдлийг “гэмт хэргийн шинж агуулсан” гэж үзээд шалгуулахаар 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжүүлжээ /2-р хх 234/.

6. М.Эрдэнэ-Отгоны эх Н.Мөнхбаяр 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газарт гаргасан өргөдөлдөө: “...Миний хүүг эрүүгийн төлөөлөгч нар шөнөжин зодож, цахилгаан бороохойгоор цохиулж байгаад хэрэг хүлээлгэсэн байна. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорт өргөдөл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү хуваарилан хүүгийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Цогтбаяр, эрүүгийн төлөөлөгч Б.Болдбаяр, У.Золзаяа нараас байцаалт аваад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан хаасан байна. Энэ асуудлыг нарийвчлан шалгаж өгнө үү...”  /2-р хх 22/ гэжээ.

Дөрөв. 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр а\х Б.Эрдэнэдэлгэр Г-238 дугаартай гомдлын дагуу М.Эрдэнэ-Отгоноор бусдыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн. М.Эрдэнэ-Отгон “...намайг 2 цагдаагийн ажилтан зодсон, би тэдний гэрэл зургийг харвал танина, эхний хүн нь өндөр нуруутай 170-175 см нуруутай жижиг дугуй нүүртэй, духны 2 талаар бага зэрэг халзан байсан, дараагийн хүн нь өндөр шар царайтай, дээд үүдэн нэг шүд унасан байсан...” гэж өргөдөлдөө дурджээ.

Таниулах үед М.Эрдэнэ-Отгон  “зураг дээр гурав дахь эгнээний баруун гар талаас 5 дахь албан хаагчийг зааж энэ нүүр нь тал гарсан хүн намайг цахилгаан бороохойгоор цохиулсан, харин эхний эгнээний баруун гар талаас эхний хүн намайг гаднаас орж ирэхэд шууд миний нүүр лүү цохисон хүн мөн шиг байна” гэж заасныг тэмдэглэлд тусгажээ. /3 хх 235/

М.Эрдэнэ-Отгон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр тус хэлтсийн ажилтнууд дарамталж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх эхний өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн м\б Б.Цогтбаяр, дараагийн өргөдлийг м\б, а\х Б.Эрдэнэдэлгэр нар шалгажээ. Б.Цогтбаяр нь М.Эрдэнэ-Отгоны хэргийг шалгаж байсан ажилтан юм. Б.Цогтбаяр, а\х Б.Эрдэнэдэлгэр нар өөрийн хэлтсийн ажилтнуудыг шалгахдаа өргөдөл гаргагч М.Эрдэнэ-Отгоны эх, эхнэр, ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй, өргөдөлд дурдсан ажилтнуудыг М.Эрдэнэ-Отгоноор биеэр таньж олуулах ажиллагаа хийлгүй өргөдлийг дутуу шалгаж хаасан болно. Иймээс М.Эрдэнэ-Отгоныг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал одоо бүрэн шалгагдаж дуусаагүй байна.

Тав. Гэрч Ц.Мөнхбат /мөрдөн байцаагч/ 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэхдээ “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч а\х Болдбаяр, д\ч Золзаяа нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг өрөөнд оруулж ирсэн бөгөөд Бямбадоржийг хутгалсан этгээд гэж танилцуулсан...” гэжээ. /2-р хх 104/

Гэтэл М.Эрдэнэ-Отгон гэмт хэрэг үйлдээгүй гээд байхад айлган сүрдүүлж гэмт хэргийн талаар зохиомол мэдүүлэг авсан мөрдөн байцаагч Ц.Мөнхбатыг хэрэгт гэрчээр тогтоож, байцаалт авсныг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “...хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ...” гэж заасан.

Зургаа. Гэрч Б.Чинбат /өмгөөлөгч/ 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.2 дахь заалтыг зөрчиж байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Долоо: Мөрдөн байцаалтын үед 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.Бямбадоржоор зураг дээр өөрийг нь хутгалсан хүний зураг байгаа эсэх талаар таньж олуулах ажиллагаа хийжээ. /1-р хх 64-66/

Гэтэл хохирогчоор өөрийг нь хутгалсан хүнийг ямар зүс царай шинж тэмдэг, онцлогоор нь таньж болохыг урьдчилан асууж тэмдэглэлийн эхэнд тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Таниулах үед бичгийн цаасан дээр 4 хүний зургийг байрлуулж, цагаан өнгийн юүдэн малгайтай цамц өмссөн, гадуураа бараан өнгийн хувцастай М.Эрдэнэ-Отгоны зургийг “2” гэсэн дугаартай байрлуулжээ.

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...хохирогч Л.Бямбадорж 4 ширхэг зургийг харснаа “2” гэсэн тоон дээр байгаа залуу намайг хутгалсан залуу мөн байна. Энэ залуу цагаан өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна. Энэ залуу тухайн үед гадуураа хар өнгийн куртик өмсөөгүй, энэ цамцтайгаа явж байсан гэж тайлбарлав...” гэжээ.

Л.Бямбадорж таньж байгаа хүнээ /М.Эрдэнэ-Отгон/ юүдэнтэй цамц өмссөн байдлаар таньсан гэж тайлбарласан болно.

Найм. Л.Бямбадоржоор 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Эрдэнэ-Отгоныг зургаар таньж олуулах ажиллагаа хийх үед Л.Бямбадорж М.Эрдэнэ-Отгоны зургийг харснаар түүний зүс царайг таньж мэдэхээр болжээ.

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүнийг биеэр нь таниулах ажиллагаа явуулахын өмнө хохирогчоос өөрийг нь хутгалсан хүнийг ямар зүс царай, шинж тэмдгээр нь таньж болохыг урьдчилан асуугаагүй, тэмдэглэлийн эхэнд тусгаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь заалт зөрчигдсөн.

Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүнийг биеэр таниулах ажиллагаа явуулахдаа гаднах байдлаараа адил төстэй хүмүүсийг таниулах байтал 1989 онд төрсөн М.Эрдэнэ-Отгоныг 1990 онд төрсөн М.Түвшинбаяр /1 нас дүү/, 1995 онд төрсөн Б.Түмэнжаргал /6 нас ах/ , 1976 онд төрсөн Ж.Бат-Очир /12 нас ах/ нарын хамт зогсоож байгаад олон насны зөрүүтэй хүмүүстэй хамт биеэр нь олуулах ажиллагаа явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх заалтыг зөрчсөн болно. /1-р хх 172/

Ес. Л.Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр архи уусан байх үедээ гэмт халдлагад өртсөн. Архи уусан байсныг нь түүний ой санамжид сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс хохирогч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч ирсэн.

1. Хохирогч Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...сэжигтнийг 16-17 орчим насны, 165 см орчим өндөртэй, туранхай, шардуу царайтай залуу байсан, царайг нь би тодорхой хэлж чадахгүй байна, сайн санахгүй байна, тэгэхэд сар гарсан өдөр шиг байсан...” /1-р хх 27/ гэсэн.

Гэтэл гэрч Т.Мөнхцагаан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...Бямбадоржтой хамт 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 шил архи уусан, эхний архийг 19 цагийн орчим ууж эхэлсэн гэж бодохоор сүүлийн архийг 23 цагийн орчим дууссан гэж бодож байна...”гэдэг. /1-р хх 72/.

2. 2015 оны 3 дугаар сарын 31-ний шүүх хуралдаанд Л.Бямбадорж “...надад 4000 гаруй төгрөг байсан, 2 шил архи уусан, эхний шилийг гүүрний тэнд, дараагийн шил архийг Мөнхцагааны гэрийн тэнд уусан...” гэж мэдүүлгээ өөрчилсөн /2-р хх 37/.

Гэтэл хохирогч Л.Бямбадорж “...2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Т.Мөнхцагаанаас 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжинд буюу зүүн салааны хуучин эцсээс салсан юм. Тэгээд шууд хойшоогоо гэр лүүгээ явсан...” гэж мэдүүлгээ өөрчилсөн. /2-р хх 62/

2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гэрч Г.Ганбаяр өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цагийн орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Гэрт ороход 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн байсан. Манай эхнэр хөдөөнөөс ирж байгаа гээд утас нь тасарчихсан юм. Ах нь хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор доошоо явж тосох санаатай гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу, малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд, намайг бариад авахаар нь би “яаж байгаа юм бэ миний дүү” гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон, халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн гэж ярьсан...” гэжээ. /2-р хх 237/

Г.Ганбаярт Г.Бямбадоржийн энэ ярьсан зүйл 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй эрс зөрдөг.

3. Хохирогч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө сэжигтний барьж байсан хутганы иш шар өнгөтэй байсан гэсэн бол 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд би хутгыг хараагүй, би хүзүүгээр нь тэвэрсэн гэдэг нь худлаа гэж мэдүүлгээ өөрчилсөн /2-р хх-46/.

4. Гэрч Т.Мөнхцагаан 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...0.5 граммын “Монгол Стандарт” архи 5.200 төгрөг гэж байсан. Нэг нэгээр нь хувааж авсан юм. Г.Бямбадорж надад 4.000 төгрөг өгөөд одоо надад мөнгө байхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр машинаас буухад Г.Бямбадоржид мөнгө байгаагүй...” гэжээ. /1-р хх 67/

Хохирогч Г.Бямбадорж 2016 оны 10 дугаар сарын 14-ний шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр надад 100, 500 төгрөгийн дэвсгэрт үлдсэн байсан...” гэсэн.

Энэ нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хохирогчоор өгсөн “...би ахад нь мөнгө байхгүй гээд 500, 1000 төгрөгийг утастайгаа гаргаж ирэхэд...” гэх мэдүүлэг, мөн гэрч Т.Мөнхцагааны машинаас буухад Г.Бямбадорж мөнгө байгаагүй гэх мэдүүлэгтэй зөрж байгаа юм.

5. Хохирогч Г.Бямбадорж “2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед сар гарсан өдөр шиг байсан” гэж мэдүүлсэн нь Н.Тунгалагийн тодорхойлолт, “Филипс” ХХК-ийн тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна. Үүнд: Одон орон Гео физикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Н.Тунгалагийн тодорхойлолтод “...2014 оны 10 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө, 02-03 цагийн хооронд тэнгэр саргүй байсан. Нар 19 цаг 20 минутад жаргасан...”  /3-р хх 91/ гэжээ.

“Филипс” ХХК-ийн тодорхойлолтод “...2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11 дүгээр гудамжинд гэрэлтүүлэг огт байхгүй болно...”  /3-р хх 92/ гэжээ.

Арав. 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр Одонтын 11 дүгээр гудамж харанхуй, гэрэлтүүлэггүй, гадаа саргүй байхад хохирогч Г.Бямбадорж нь 2 шил архи уусан согтуу үедээ юүдэн малгай өмссөн сэжигтний нүүр царайг буюу чих, үс, хамар, эрүү, уруул, хөмсөг, нүд, духыг нүүрний ерөнхий хэлбэрийг таниагүй нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний өгсөн “...царайг нь би тодорхой хэлж чадахгүй байна, сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээс тодорхой байна.

2016 оны Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 434 дугаартай дүгнэлтэд “Г.Бямбадорж нь 1992 онд толгойдоо цохиулсан, дараа нь машинтай онхолдож гэмтэл авч байсныг тэмдэглэжээ. /3-р хх 95/

Одонтын 11-10 тоотод оршин суугч гэрч Д.Алтанчимэг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “манай дээд талын 11 тоотын айлын хүмүүс хэцүү амьдралтай, байнга агсам согтуу тавьдаг, нөхөр Бямбаа нь архи уудаг гэж эхнэр нь надад ярьж байсан, 2013 онд эхнэр Бямбаагаа зодоод хөөгөөд явуулсан...” гэжээ. /1- р хх 81/

Арван нэг. 2014 оны 10 дугаар сарийн 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжны хамгийн баруун талын хашааны /1а тоот/ урд талд 3.2м зайд шороон дээр 100-ын дэвсгэрт 1 ширхэг, түүнээс 25см зайд цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 4 чулууг нотлох баримтаар авсан. Мөнгөн дэвсгэртээс зүүн тийш 12м зайд /хохирогч Г.Бямбадоржийн гэр лүү явах замд/ бариулгүй хутганы ажлын хэсгийг эд мөрийн баримтаар хураан авсан.

Мөнгөн дэвсгэрт байсан газраас Одонтын 11 дүгээр гудамжны 11 тоот буюу Г.Бямбадоржийн гэр хүртэл 200м зайтай байна. /1-р хх13/

Гэтэл хохирогч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...би ахад нь мөнгө байхгүй гээд 500, 1000 төгрөгийг утастайгаа гаргаж ирэхэд нөгөө залуу цохиод авах шиг болсон...” гэдэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...нотлох баримтаар авсан бариулгүй хутган дээрээс цус илрээгүй, хүрэн улаан зүйлээр бохирлогдсон чулуун дээрх цусыг хүн амьтны цус болохыг тогтоох боломжгүй, чулуун дээрх цус эрэгтэй хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан чулуун дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...”  /1-р хх 97/ гэжээ.

Өөрөөр хэлбэл эдгээр чулуун дээрээс Г.Бямбадоржийн 3 дугаар бүлгийн цус илрээгүй, бариулгүй хутган дээрээс цус илрээгүй тул хэргийн нотлох баримт болж чадахгүй байна.

Хохирогч Г.Бямбадорж мэдүүлэг өгөхдөө “...саарал юүдэнтэй цамцтай залуу намайг хутгалчихаад над руу харсан чигтээ хойшоо ухарч байснаа зүүн хойшоо явчихсан...” гэдэг. /3-р хх61/

Саарал юүдэн цамцтай залуу хутгаа хаялгүй авч явсан гэдгийг түүний араас хараад үлдсэн Г.Бямбадоржийн мэдүүлэгт тодорхой байх тул хэргийн газраас олдсон бариулгүй хутга энэ хэрэгт хамааралгүй баримт байна.

Гэрч Мөнхбаяр 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Мөнхбат байцаагч манай гэрт ирж үзлэг хийхдээ хохирогчийг хутгалсан гэх нарийхан, хурц үзүүртэй хутга хайгаад олоогүй гэдэг.

Хэргийн газраас олдсон гэх 11.5 см урт, 2 см өргөн, ховилгүй, бариулгүй хутгыг хохирогчийн хэвлийд үүссэн шархны нүхтэй харьцуулсан шинжилгээ хийгээгүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд Г.Бямбадоржийг хутгалсан хутга олдоогүй.

3. Шүүх нотлох баримт дутуу үнэлсэн тухай

Хайрханы 17-36 тоотоос /шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны гэр/ урд зүгт авто замаар автобусны 4 буудал яваад /Г.Галбадрахын хэмжсэнээр 3094 алхам/ Одонтын 11 дүгээр гудамжны 1а тоот буюу хэрэг гарсан газар, хохирогч Г.Бямбадоржийн гэр байдаг гудамж байна. /2-р хх 116/

Одонтын 11 дүгээр гудамжны 1а тоотоос хойд зүгт авто замаар автобусны 1 буудал яваад 500 метрийн зайд “Улаан дэлгүүр” байдаг.

Одонтын 11 дүгээр гудамжны 1а тоотоос урд зүгт 1км орчим зайд 104 дүгээр дунд сургууль байна. /2-р хх 117/ Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 03.22 цагт “Улаан дэлгүүр”-ийн дэргэдүүр авто замаар хойноосоо урд зүгт юүдэнтэй саарал өнгийн малгайтай цамц өмссөн хүн гүйж байгаа камерийн бичлэг нотлох баримтаар авагджээ.

104 дүгээр сургуулийн галч Банзрагч “...2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03 цагаас хойш юүдэнтэй цамц өмссөн нэг хүн урагшаа маш хурдан гүйж байхыг харсан, холоос харсан тул нүүр царайгаар нь танихгүй...” гэдэг.

2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 03.22 цагт “Улаан дэлгүүр”-ийн дэргэдүүр юүдэнтэй малгайтай цамц өмссөн хүн гүйж байгаа камерийн бичлэгийг мөрдөн байцаагч галч Банзрагчид үзүүлэхэд тэрээр гүйж байгаа хүнийг хараад таньжээ.

Банзрагч 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...надад үзүүлсэн бичлэг дээрх хүн мөн байна. Энэ өдөр Цогтбаяр байцаагч бичлэг үзүүлж байцаалт авсан болохоор тодорхой зүйлийн талаар ярьсан гэжээ. /2-р хх 208/

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 204 тоот тогтоолд “2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00.03 секундийн гэх бичлэг дэх юүдэн цамцтай гүйж яваа хүний дүрс, түүний ямар шинж байдал нь шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонтой төстэй байгаа эсэх, насны байдал зэргийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн хүрээнд шалгах боломж байгаа эсэхийг тодруулж энэ талаар зохих ажиллагааг хийх” гэж дурдсан. /2-р хх 58/

Мөн дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 40 тоот тогтоолд “М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэрэгт юүдэнтэй, биеийн тамирын цамцтай, эрэгтэй хүн гүйж байгааг ар талаас нь авсан камерийн бичлэг нотлох баримтаар авагджээ. Энэ бичлэг дээрх царай нь үл харагдах хүн, М.Эрдэнэ-Отгон мөн эсэхийг тодруулах зорилгоор өмгөөлөгч нарыг байлцуулан туршилт явуулах тухай” хүсэлтийг хүлээн авсан. /2-р хх 93/

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч болон өмгөөлөгч “Г.Өлзий-Орших нь шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоноос камерийн бичлэг дээрх “Улаан дэлгүүр”-ийн дэргэдүүр гүйж байгаа юүдэн малгайтай цамцтай хүн та мөн үү гэж асуухад М.Эрдэнэ-Отгон “би биш ээ” гэж хариулсан. /1-р хх 209/

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Болормаа хохирогч Л.Бямбадоржоос “камерийн бичлэг дээр “Улаан дэлгүүр”-ийн дэргэдүүр гүйж байгаа юүдэн малгайтай цамцтай хүнийг та харсан уу, гэж асуусан Л.Бямбадорж “энэ гүйж байгаа хүн намайг хутгалсан хүнтэй их төстэй байна” гэж хариулсан.

2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03.22 цагт “Улаан дэлгүүр”-ийн камерт юүдэн малгайтай цамц өмссөн хүн гүйж байгаа бичлэг хийгдсэнээс хойш 13 минутын дараа 03.35 цагт Цагдаагийн хэлтэст хохирогчийн гэрээс хүн хутгалуулсан тухай дуудлага өгсөн.

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрч Уянгоо мэдүүлэхдээ “2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М.Эрдэнэ-Отгоныг найз Отгонбаяр утсаар дуудаад орой 18 цагийн орчим гараад явсан. Би шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад М.Эрдэнэ-Отгон унтаж байсан...” гэжээ. /1-р хх 92/

М.Эрдэнэ-Отгоны гэрээс урагш автобусны 6 буудлын зайд байгаа сургуулийн галч Банзрагч 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03 цагаас хойш юүдэнтэй  цамц өмссөн нэг хүн урагшаа маш хурдан гүйж байхыг харсан гэдэг. Хэрэв энэ юүдэнтэй цамцтай хүн М.Эрдэнэ-Отгон гэж үзвэл тэрээр үүрээр 04 цагийн орчим гэртээ унтаж байх боломжтой юу гэсэн асуудлыг шалгаж тогтоогоогүй.

Хэрэв энэ хүн М.Эрдэнэ-Отгон юм бол яагаад үүрээр 03.22 цагт өөрийн гэрээс урагш автобусны 4 буудлын цаана байгаа Одонтын 11 дүгээр гудамжны дэргэдүүр урагшаа чигт гүйсэн юм бол. Тэр орой М.Эрдэнэ-Отгон пиво уучихсан байсан юм бол юүдэнтэй цамцтай хүн шиг жигд хурдан гүйж чадах уу зэрэг асуудлыг нягталж шалгаагүй орхисон.

“Улаан дэлгүүр”-ийн камерт бичигдсэн хүнийг удаа дараа үзэхэд М.Эрдэнэ-Отгонтой төсгүй, түүнээс арай биерхүү хүн харагддаг.

Бид бичлэг дээрх үл таних хүн Л.Бямбадоржийг хутгалсан хүн байж болзошгүй гэж үздэг. Энэ хүн хэн бэ. М.Эрдэнэ-Отгон мөн үү гэдгийг тогтоож өгөхийг прокуророос удаа дараа хүссэн боловч мөрдөн байцаалт дутуу явагдаж шалгаж тогтоож өгсөнгүй. Юүдэн цамцтай гүйж яваа хүн М.Эрдэн-Отгон мөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгасангүй. Иймээс Л.Бямбадоржийг хутгалсан хэргийн жинхэнэ эзэн холбогдогч тогтоогдоогүй гэж үзнэ. Зөвхөн хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлгийг үндэслэн М.Эрдэнэ-Отгонд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэргийн хувьд шалгавал зохих зүйлийг бүрэн шалгаагүй, дутуу шалгасан гэж үзэж байна.

1. Хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэг, фото зургийг таньж олуулах ажиллагаа зэрэг нь зөрүүтэй.

2. Хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгийг шинжлэн судлахад цаг хугацааны болон орон зайн хувьд зөрүүтэй байдаг тул эдгээрийг шалгаж, тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, гаргасан давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Гомдолд дурдсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй. Прокуророос М.Эрдэнэ-Отгон нь сэжигтнээр хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчийг таньсан гэх хоёр баримтаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хэргийг М.Эрдэнэ-Отгон үйлдсэн гэж үзэх баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгсэл олдоогүй, тухайн үед юүдэнтэй цамц өмсөж явсан хүнийг М.Эрдэнэ-Отгон мөн эсэхийг нарийвчлан тогтоож чадаагүй. Давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч Г.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хохиролтой байна, намайг М.Эрдэнэ-Отгон хутгалсан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч Г.Бямбадоржийн өмгөөлөгч Д.Данзандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан М.Эрдэн-Отгоны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой бүрэн танилцсан. Давж заалдах гомдол нь ойлгомжгүй, няцаалт хийсэн зүйл байхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 14-нд гарсан шийтгэх тогтоолоор бүх нотлох баримтыг нэг бүрчлэн тодорхойлсон. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Эрдэнэ-Отгон нь хүн хутгалсан гэмт хэргийг үйлдээгүй гэдэг. Гэхдээ 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг. Одоо яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би энэ хүнийг хутгалаагүй, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа архи уусан, гэртээ хариад ээжтэйгээ муудалцсан, гараа зүсээд эхнэрээрээ боолгоод унтсан, 29-ний өдөр эрүүгийн төлөөлөгч нар барьж авчраад “чи хүн хутгалсан биздээ, хэргээ хүлээ” гэхэд “би тийм хэрэг хийгээгүй” гэхэд намайг зодсон” гэдэг. Эдгээр мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг.

 

Иймд М.Эрдэнэ-Отгоны үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв

  •  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг, шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр, өөрийн гэрээс авч гарсан хутгаараа онц харгис хэрцгий аргаар буюу 2 удаа хутгалж /цээж, хэвлий/, 1 удаа эрүүнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь:

 

1. Хохирогч Г.Бямбадоржийн талаар.

Хохирогч Г.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... шөнийн 02 цагийн орчимд би гэр лүүгээ харих гээд явсан. Харих гээд алхаж явахад засмал замаар хойноосоо урагш чиглээд миний өөдөөс нэг залуу ирж явсан ба тэр залуу надаас түрүүлээд зүүн тийшээ Одонтын 11 дүгээр гудам руу эргээд орчихсон, манайх уг гудамжинд байдаг болохоор би мөн уг гудамж руу эргээд тэр залуугийн хойноос алхаад дөнгөж гудам руу ороод блокон хашааны хажуу талд очиход нөгөө залуу эргэж хараад “яах гээд байна” гэж хэлээд миний гэдэс рүү цохиод авах шиг болохоор нь хартал хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би “яаж байна аа” гэсэн чинь тэр залуу “мөнгө байна уу” гээд дахиад миний цээж рүү хутгаараа хатгаад авахаар нь “яаж байгаа юм бэ, ахад нь мөнгө байхгүй” гээд өмдний халаасанд байсан 500, 1000 төгрөгөө өөрийн гар утастайгаа гаргаад ирсэн чинь нөгөө залуу миний шанаа руу цохиод авах шиг болсноо цаашаа эргээд жалга дагуу зүүн хойшоо гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж санаад шууд гэр лүүгээ явсан. Тэр залуу надаас юм аваагүй, миний халаасыг ч ухаж үзээгүй. Саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан. Гутал болон бусад зүйлийг нь ажиглаагүй. Цамцны гадуураа юм өмсөөгүй байсан. Надаас арай намхан, туранхай, шардуу царайтай залуу байсан. Намайг хутгалсан залууг харвал танина. Тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь “ахыгаа яаж байна аа” гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан. Тэр залууг хаашаа, аль зүгт явсныг би яаж мэдэх вэ. Араас нь дагаж явсан биш. ...Миний биеийн байдал тааруухан байна. Одоо би амьсгаадах, хутгалуулснаас болж гэдэс наалдангитай болж гэдэс дүүрнэ, бусад эрхтэн системийн хэвийн ажиллагаа алдагдаж зовиур ихтэй байгаа, дээрээс нь би эд материал, эрүүл мэндээрээ бүрэн хохирч байна.

Намайг тэр яллагдагч этгээдийг яг таньж заагаад байхад иймэрхүү байдлаар хэргийг шийдэхгүй байгаад гомдож байна. Надад тэр шөнө сартай л юм уу гэж санагдаж байсан, учир нь намайг хутгалсан залуугийн царай тод харагдаж байсан. Магадгүй үйл явдал ойрхон болсон болохоор замын гэрэл ч нөлөөлсөн байж магадгүй. Ямар ч байсан тас харанхуй байгаагүй, хүний зүс царай харагдаж л байсан. Хэрэв би тэр хүнийг сайн хараагүй, эргэлзээтэй байсан бол ингэж итгэлтэй хэлэхгүй л байсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 67-70, 2 хх 62, 225, 3 хх 61-62 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:  "... А4 хэмжээтэй цаасан дээр наасан 4 ширхэг /хүний/ зурагнаас хохирогч Г.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүний зураг байгаа эсэх, байвал зааж өгнө үү гэхэд 2 гэсэн тоон дээр байгаа залууг /М.Эрдэнэ-Отгон/ мөн байна гэж заасан бөгөөд хохирогч Г.Бямбадоржийг онцлог ямар шинжээр нь таньж байгаа талаар тодруулахад тухайн үед энэ залууг сайн харж авсан, энэ залуу туранхай шөвгөрдүү царайтай, хөнхөрдүү нүдтэй залуу байсан. Би энэ залуугийн зургийг хараад шууд таньсан гэх" тэмдэглэл /1 хх 64-66/,

-2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр: “... танигдагч этгээдүүдийг 1-4 гэж дугаарласан байдалтай дурын байрлалаар зогсоож хохирогч Г.Бямбадоржоор таньж олуулах ажиллагаа хийхэд хохирогч Л.Бямбадорж нь 3 гэсэн дугаартай залууг /М.Эрдэнэ-Отгон/ зааж ... энэ залууг өмнө ч гэсэн зурган дээрээс нь хараад шууд таниад заасан, одоо биеэр харсан чинь тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд, арагшаа ухраад байсан залуу яг мөн байна” гэх тэмдэглэл /1 хх 170, 172-174 /,

 

Гэрч М.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны орой гэр лүүгээ иртэл гэрт гал түлчихсэн байсан ба Г.Бямбадорж гэртээ байгаагүй учир би унтаад өгсөн. Нөхрийгөө орж ирэхэд нь би цаг харахад 03 цаг 40 минут болж байсан шиг санагдаж байна. Манай нөхөр “хөгшөөн би үхлээ” гэж хэлээд баруун талын орон дээр дээшээ хараад хэвтээд өгөхөөр нь би очоод харахад хүзүү хоолой орчим, мөн гэдэс орчим нь цус болчихсон, гараараа гэдсээ дарж байсан. Би “юу болсон бэ хүнд зодуулчихсан юм уу” гэж асуухад нөхөр хэлэхдээ “доороос ирж явтал юүдэнтэй цагаан саарал цамц өмссөн залуу тааралдаад надаас мөнгө асуухаар нь байхгүй гэж хэлэхэд гэдэс рүү цохих шиг болсон, би дүү яаж байгаа юм бэ гэж хэлээд гэдсээ дараад болохоо байлаа гэдгээ мэдээд хурдан гэртээ орьё гээд ирлээ, тэр хүн жалга дагаад зүүн хойшоо гүйчихлээ” гэж хэлсэн. Би нөхрийнхөө цамцыг сөхөөд үзэхэд хүйсний дээд талд, баруун хөхний орчим цус болоод шархнаас нь юм цухуйсан болохоор нь айгаад шууд л 00-н цаасаар шархыг нь дараад түргэн дуудсан. Би хэд орчим насны ямар хүн бэ гэж асуухад “өрвийсөн, туранхайдуу шар царайтай, надаас арай өндөр, 17-18 орчим насны залуу байсан” гэсэн. Өөр юм яриагүй. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ дан цамцтай орж ирсэн, куртик нь байгаагүй. Би тухайн үед тулгамдаад нөхрийнхөө гар утсыг аваад дуудлага өгсөн. Тэр үед яг хаашаа дуудлага өгсөнөө одоо хэлж мэдэхгүй байна. Намайг дуудлага өгөөд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдож байхад эхлээд 103 орж ирээд, дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн орж ирсэн болохоор би зэрэг дуудлага өгсөн байх. Та бүхний шалгаж ирүүлсэн баримтаар дуудлага нь бүртгэгдсэн бол би дуудлага өгсөн гэсэн үг. Яагаад гэвэл 96200473 дугаарыг манай нөхөр барьж байсан. Би нөхрөө орж ирэнгүүт нь гар утсыг нь аваад дуудлага өгсөн болохоор цагдаа, эмнэлэг 2 хамт ирж гэж ойлгож байна ...” гэсэн мэдүүлэг /1 хх 76-78, 152, 2 хх 227/,

 

Гэрч Т.Мөнхцагааны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим буцаж явтал Г.Бямбадорж дахин залгаад ... улмаар уулзаж, бид хоёр миний машинтай хөдлөөд Баянхошууны эцсийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод Г.Бямбадорж надад 4.000 төгрөг өгөхөөр нь би машинаас буугаад дэлгүүрээс 0.5 литрийн “Монгол стандарт” нэртэй архи ... нийт 2 шил архи аваад буцаж урагшаа хөдлөөд манай хашааны гадаа очоод бид хоёр машин дотор уг архиа хувааж уусан. Ойролцоогоор 3 цаг гаран уусан болов уу гэж бодож байна. Сүүлийн архийг ууж дуусаад би машинаа асаах гэтэл аккумулятор суугаад асахгүй байсан чинь Г.Бямбадорж дээгүүрээ өмсөж явсан бараан өнгийн куртикээ надад өмсгөчихөөд “Би аккумулятор олоод ирье, ойрхон манай таньдаг найз байдаг юм” гэж хэлээд машинаас буугаад явсан. Гадаа харанхуй байсан болохоор аль зүг рүү явсныг нь мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй ...” гэсэн мэдүүлэг /1хх 72-73/,

 

2. Ялтан М.Эрдэнэ-Отгоны талаарх гэрчүүдийн мэдүүлэг.

Гэрч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө сургууль дээрээ хонож ажилласан юм. Тэгж байгаад шөнө цагийг нь сайн санахгүй байна, нилээн л шөнө байсандаа, уурын зуухаа галлачихаад гадна ойр орчныг хараад зогсож байтал хойноосоо урагш чиглэлтэй машины замаар нэг эрэгтэй хүн их хурдан гүйж явсан. Би тэр залууг хулгай хийгээд явж байна даа араас нь хүн явж байгаа болов уу гээд хэсэг харж зогсоход тэр их хурдан гүйж явсан залуугийн араас ямар ч хүн яваагүй. Тэр үед машины замаар машин тэрэг огт явахгүй байсан. Тэгэхээр их л орой байсан болов уу гэж бодож байна. Толгойгоо битүүлчихсэн сааралдуу хувцастай залуу байсан. Сая таны харуулсан бичлэг дээр гарч байгаа залуу их адилхан юм, бараг л мөн юм шиг байна. Тухайн замын гэрэлтүүлэг сайн байсан. Миний харж байснаар тэр хүн 100-120 метрийн зайтай гүйж би түүнийг 104 дүгээр сургуулийн баруун урд булангаас буюу уурын зуухнаас хараад зогсож байсан. Тэр хүнийг би замын хажуугийн гэрэлтүүлгээр сайн харсан, зам дагаад өөр машин, хүн явж харагдаагүй их нам гүм байсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 89-90, 2 хх 107, 228/,

 

Гэрч Г.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахлах ахлагч Чөдөрбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 25, 24, 7 дугаар хорооны нутагт ачит-117 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс 23 цаг 30 минутын орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-36 тоотод согтуу хүн агсраад байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг аваад дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар хорооны ойролцоо машинтайгаа очоод хаягийг нь нарийвчилж асуугаад зааж өгсөн газраар нь машинтайгаа яваад очиход 17 дугаар гудамжны үзүүрт ирэхэд нэг эмэгтэй хүн урдаас алхаж байсан. Тэр Мөнхбаяр гэх настай эмэгтэй нь гудамжинд гарч ирсэн, гэрээ зааж өгөөгүй, манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө их огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан” гэсэн болохоор гэрт нь очиж үзээгүй. Ингээд ажлаа үргэлжүүлээд хийж байхад шөнийн 03 цагийн орчим байх жижүүрээс станцаар “яаралтай дуудлага байна. Сонгинохайрхан дүүргийн 25 хороо, Одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөн юм. Гэрт ороход гэрийн баруун орон дээр 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь мөн ойролцоо насны эмэгтэй хүн зогсож байсан. Түргэний эмч гэмтсэн хүний хэвлий хэсэгт боолт хийж байсан болохоор тэр эрэгтэй ихээр ёолж байсан. Би уг эрэгтэйгээс юу болсон талаар асуухад “... гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд намайг бариад авахаар нь би яаж байгаа юм бэ миний дүү гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн” гэж хэлсэн. Би уг хүнээс хутгалсан хүнийх нь содон шинж тэмдэг, хувцасны талаар асуухад “малгайтай цамцтай, малгайгаа өмссөн залуухан эрэгтэй” байсан гэж хэлсэн. Би энэ хүнээс ийм л мэдээлэл авч чадсан. Тухайн үед уг хүн өвчиндөө шаналаад энэ миний асуусан асуултанд гүйцэт хариулж чадаагүй. Би гэмтсэн хүнийг явуулчихаад ойр орчим хэргийн газар ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг шалгаж үзээд 11 дүгээр гудамжны дунд хэсэгт шороонд дарагдсан ишгүй хутга, “цагаан өргөө” хайрцагтай тамхи, 100 төгрөг байсан, тухайн өдөр их салхитай байсан болохоор мөнгийг нь чулуугаар даруулж тавьсан юм. Мөн 11 дүгээр гудамжны баруун үзүүрт шороон дээр цус мэт хүрэн улаан зүйл болсон байсан, энэ газруудад хамгаалалтын тууз татаж хэргийн газрыг хамгаалж хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн ...” гэсэн мэдүүлэг /2хх 237-238/,

 

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж эхэлсэн. ... Тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ агсам тавьж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд М.Эрдэнэ-Отгон нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэртээ ээждээ агсам тавьж хутга аваад гарсан тухай дуудлага өгүүлсэн мэдээлэл байсан тул эрүүгийн төлөөлөгч нараар олуулах үүрэг өгч тэр хооронд хохирогч Г.Бямбадоржийн тухайн үед өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийж Г.Бямбадоржийг хохирогчоор тогтоож, мөн холбогдох гэрчүүдийг тус тус байцаасан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Болдбаяр, Золбаяр нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг авчирхад бичиг үсэг мэддэг эсэхийг лавлахад сайн мэдэхгүй гэхээр нь тухайн үед тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Чинбаттай уулзуулж хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд зөвшөөрсөн. Өмгөөлөгч Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан тул уулзуулж эрхийг нь хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар сэжигтнээр тооцон байцааж 17.10 минутад хойшлуулшгүйгээр баривчилсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож байцаахаар цагдан хорих 461 дүгээр ангид очиход би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч авахаар болсон, тэр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй байдаг. Үүнээс харахад сэжигтнээр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Чинбаттай мэдүүлэг өгсөн гэдэг нь харагддаг. Би М.Эрдэнэ-Отгоныг байцааж байхад өмгөөлөгч Чинбат байсан. Түүнийг зодсон цохисон асуудал байхгүй, миний хувьд түүнийг зодох нь битгий хэл загнаж зандраагүй, юу яриад байгааг ойлгохгүй байна ...” гэсэн мэдүүлэг /2хх 104-105/,

 

Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2014 оны 10 дугаар сарын 30-гы өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн байцаалтын ажиллагаанд суучихаад гарч явахад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надтай тааралдаад энд бичиг үсэг муу мэддэг хүнийг сэжигтнээр тооцож байцаах гэсэн юм, та байцаалтанд сууж хууль зүйн туслалцаа үзүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргахаар нь би Ц.Мөнхбат байцаагчийг даган өрөөнд нь ороход М.Эрдэнэ-Отгон гэх 20 гаруй насны эрэгтэй хүн гарцаараа сууж байхаар нь би түүнтэй ганцаарчлан уулзаж ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар асуухад, шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан гэж ярьж байсан. Би түүнд одоогоор өмгөөлөгч авсан уу, би таны байцаалтанд сууж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйл байна уу гэж саналыг асуухад тэрээр бичиг үсэг муу мэддэг, одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, та энэ удаагийн байцаалтанд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэж өөрөө хүссэний дагуу түүний хүсэлтээр сэжигтний байцаалтанд оролцсон. Байцаалт авсаны дараа М.Эрдэнэ-Отгон сэжигтний байцаалтаа өөрөө уншиж би мөн уншиж тайлбарлаж өгөхөд миний хэлсэн ярьсан зүйл үнэн бичигдсэн байна гэж хэлээд байцаалтын төгсгөлд өөрийн гараар бичиж байсан. Тухайн байцаалт явагдаж байх үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийг бичиж байхад тухайн байцаалтын явцад эрүүгийн төлөөлөгч гэх энгийн хувцастай хүн өөрийнхөө гар утсан дээр сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийн талаар бичлэг хийж байгаа харагдсан ...” гэсэн мэдүүлэг /2хх 108/,

 

Гэрч Д.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... манай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамж бол ямар ч гэрэлтүүлэггүй, гэхдээ манайх гудамжныхаа хамгийн баруун үзүүрийн айл ба замаас ойрхон болохоор манай хашааны орчим ер нь тас харанхуй болдоггүй, учир нь замын гэрэлтүүлэг манай хашааны орчим тодорхой хэмжээнд тусаад байдаг ...” гэсэн мэдүүлэг /3хх 74-75/,

 

Гэрч Ц.Самбуубаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай хүнсний дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-02 тоотод байдаг “Улаан дэлгүүр” гэдэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр юм. ... надаас эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч гээд хүн ирээд дэлгүүрийн гаднах зам руу харсан байсан камерийн шөнийн бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авсан. Түүн дээр ямар хүн бичигдсэн байгааг анзаарч хараагүй, харин тэр хүмүүсийн ярьж байснаар хойноосоо урагш чиглээд явж байгаа хүний дүрс бичигдсэн талаар сонссон ...” гэсэн мэдүүлэг /2хх 130/,

 

Гэрч Б.Ангарагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь үл таних хүнд хутгалагдан эмнэлэгт хүргэгдсэн хэрэгт хутгалсан гэх хүнийг олж тогтоох зорилгоор ажилласан юм. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны зам дагуу дэлгүүрүүдийн гадаа камерийн бичлэгийг хэрэг болсон цаг хугацаатай тааруулан шүүж үзэхэд хэд хэдэн дэлгүүрийн камерийн бичлэгт хойд зүгээс урд зүг рүү зам дагуу гүйж явсан хүний бичлэг байсан. Гадаад төрх нь эрэгтэй хүн шиг туранхайвтар, толгой дээрээ юүдэн малгайтай хүний дүрс бичлэг байсан. Шөнийн бичлэг байсан тул ганцаараа гүйж байсан. Ойр орчимд хүмүүс байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /2хх 229/,

 

Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би тэр орой хүүхэд болох М.Эрдэнэ-Отгонтой маргалдсан байсан учраас уурандаа ээжийнхээ гэрт унтсан. М.Эрдэнэ-Отгоныг гадагшаа гарсан үгүйг, гарсан бол хэзээ гараад хэзээ ирснийг мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /1 хх 83-84,/

 

Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Хэрэг болдог өдөр М.Эрдэнэ-Отгон манайд орж ирэхэд би жорлонд бие засчихаад ороод иртэл ээжийгээ архи уусан гэж хэлээд муудалцаад гарынхаа шууг зүссэн байдалтай байсан. Тэгтэл эхнэр Уянгоо орж ирээд М.Эрдэнэ-Отгоныг аваад гарсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 91/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16533 дугаар дүгнэлтэд:

а/ Г.Бямбадоржийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн   хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

г/.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /1 хх 110/.

 

3. Ялтан М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг.

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ хэсэг байж байснаа эмээгийн гэрт орлоо гэж эхнэртээ хэлээд гарахдаа гэртээ байсан шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан. Намайг хутга аваад гарахыг эхнэр маань хараагүй болов уу гэж бодож байна. Би гэрээсээ гараад эмээгийнхээ гэрт ороогүй, хашаанаас гараад урагшаа нилээн явсан тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг “Зүгээр эвтэйхэн явчихаач” гэж хэлсэн чинь өөдөөс “Чи муу бацаан дуугүй байгаарай” гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд зугтсан. Яаж хаагуур явснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд уулан дээр ганцаараа сууж байсан. Би тэндээ хэсэг сууж байгаад гэртээ очиж унтсан. Яг хэдэн цагийн үед гэртээ очиж унтсанаа санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /1 хх 124-126/,

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар
мэдүүлсэн: “... би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байгаа, өөр өмгөөлөгч авахаар
болсон. Тэр өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна” гэсэн мэдүүлэг /1 хх 128/ зэрэг дээр дурдагдсан нотлох баримтуудаар М.Эрдэнэ-Отгон уг хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэг тодорхой шалтаг, шалтгаангүйгээр, хохирогчийг амь өрссөн, зовж тарчилсан байдалд оруулан 2 удаа хутгалж /цээж, хэвлий/, 1 удаа эрүүнд зүсэгдсэн шарх учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

                                                                                                          

Танхайн сэдэлт нь урьдаас төлөвлөгдөөгүй, тухайн агшинд гэнэт, зарим тохиолдолд ялимгүй зүйлийг шалтаглан үүсдэг бөгөөд хохирогчийн зүгээс эхэлж ямар нэгэн өдөөн хатгалт хийгддэггүй, уг үйлдэл бусдыг илтэд үл хүндэтгэсэн зэрэг шинжийг агуулсан байдаг. Харин хохирогч Г.Бямбадоржийн зүгээс М.Эрдэнэ-Отгоныг өдөөн хатгасан, улмаар уг гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой шалтгаан тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч М.Эрдэнэ-Отгоны өөрийн гэм бурууг хүлээсэн нэгдүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар хуудсанд байгаа мэдүүлэг нь дээр дурдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул үнэн зөв мэдүүлэг гэж үзэх үндэслэл болсон бөгөөд түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг дангаар нь үнэлээгүй болно.

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 82.2 дахь хэсгүүдэд заасан “сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардсан, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцсан, нэр төрийг нь гутаасан” шинжтэй ямар нэг үйлдэл гарсан, улмаар ийнхүү авсан мэдүүлгийг үндэслэн ялласан гэх үндэслэл бүхий, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Хохирогч Г.Бямбадорж сэжигтнийг шууд таньж заасан, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолдоо дурдсан хохирогч Г.Бямбадоржийн өгсөн удаа дараагийн мэдүүлэг өөр хоорондоо болон гэрч М.Бямбаагийн мэдүүлэгтэй ноцтой зөрсөн, таньж олуулах ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн, тухайн хэрэг нь шөнийн цагаар, харанхуй орчинд үйлдэгдсэн, хохирогч нь тухайн өдөр их хэмжээний согтолттой явж байсан тул болсон үйл явдлын талаар санаж байгаа эсэх, өөрийг нь хутгалсан хүнийг харсан эсэх нь эргэлзээтэй, М.Эрдэнэ-Отгонд хийгээгүй хэргийг нь хилсээр тулгаж, түүнээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа зодож, дарамталсан, өмгөөлөгч оролцуулаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаагаар М.Эрдэнэ-Отгон нь өөрийг нь зодсон эрүүгийн төлөөлөгч нарыг заасан тул тэдгээр хүмүүсийг шалгуулах, саарал цамцтай хүн гүйж байгаа дүрс бүхий бичлэг нь “Улаан дэлгүүр”-ээс гадна хэд хэдэн дэлгүүрийн камерт бичигдсэн байдаг тул тус бичлэгүүдийг авч шалгуулах, мөн бичлэгт бичигдсэн хүний дүрс нь М.Эрдэнэ-Отгонтой ижил төсөөтэй эсэхийг шалгуулахаар М.Эрдэнэ-Отгоныг гүйлгэж үзэж харьцуулан шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар гаргасан хүсэлтүүдэд хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Мөн анхан шатны шүүхээс “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон байх бөгөөд М.Эрдэнэ-Отгоны үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Г.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих яллаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэмт хорд нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хамтран гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70Б дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                             Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ