Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 0188

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Шинэ өргөө цогцолбор, 00А байрны 00 тоотод оршин суух  Сартуул Санжааагийн Ганболд /РД: УХ65033111/,

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 00-р байрны 00 тоотод оршин суух Буянтынхан Баяраа Буджавд /РД: ТЯ77101517/-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Буджавын сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч С.Ганболдод холбогдох 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2003 оны үед Ч.Гантулга гэж хүнтэй гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн наймаа хийсэн. Ч.Гантулга тэр үед газар тариалан эрхэлдэг байсан. Би гурилын үйлдвэр ажиллуулж байгаад үйлдвэрийнхээ байршлыг солиод Дархан руу нүүх гэж байхад миний тоног төхөөрөмжийг Ч.Гантулга авъя надад зарчих гэсэн саналын дагуу зарсан. Тоног төхөөрөмж зарсны дараа Ч.Гантулга Улаанбаатараас хүмүүс ирж үйлдвэр дээр ажиллах учраас олон хүн зочид буудалд байх хэцүү байна, чи байраа хэрэглэхгүй байгаа юм чинь байрныхаа түлхүүрээ өгч байгаач, найз нь тэр хүмүүсээ суулгаж байгаад түлхүүрийг чинь буцааж өгье гэж анх миний байрны түлхүүрийг надаас авсан. Би энд гурилын үйлдвэр ажиллуулж байхдаа Говь-Алтай аймгаас төрсөн дүүгээ авч ирээд энд амьдруулж байсан. 4-р байранд нэг байртай 10-р байранд нэг байртай байсан. Үйлдвэрийн маань байршил өөрчлөгдөөд явахдаа дүүгийнхээ амьдарч байсан байрыг зарчихаад энэ байраа дүүдээ өгнө гээд хэлчихсэн байсан. Тухайн үед би энэ байрыг хэрэглэж байгаагүй дүү маань Дархан руу шилжээд явчихсан байсан би өөрөө хотод байсан. Үйлдвэр маань Дарханд ажиллаж байсан учраас энэ байр тухайн үед ажиллагаагүй сул байсан учраас би Гантулгад зөвшөөрч түлхүүрээ өгсөн. Сүүлд Гантулгын дүү Говь-Алтай аймгаас шилжиж ирээд миний байранд амьдарч байгаа сонсогдсон. Бид нар багаасаа бие биенээ сайн мэднэ дээд доод ангийн найз нар бид хоёр нийлж худалдаа наймаа хийж байсан. Дүү нь амьдарч байсан учраас би байр гэж нээх юм яриагүй. Дараа нь Д.Бат-Орхон гуай энд би байрлаж байгаа, чи тэрийгээ зарчихаач Ч.Гантулга бит хоёр наймаа хийх гэх гэсэн юм гээд /тийм юм/ ярьсан. Би тухайн үед тийм юм байхгүй тэр чинь манай дүүгийн байр би дүүдээ өгнө гээд хэлчихсэн байгаа манай дүү хөдөөнөөс ороод ирчихсэн байгаа гэж хэлсэн. Дараа нь ахиад энэ яриа маань давтагдсан. Байрныхаа ордерыг өгчих би Ч.Гантулгатай наймаа хийх гэсэн юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? Ч.Гантулга яагаад миний байрыг зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Үнэхээр тийм зарах шаардлагатай юм бол наадмын дараа уулзаж байгаад зөв зүйтэй шийдэж болно гэсэн... харин Ч.Гантулга бид хоёрын дунд ямар наймаа хийгдээгүй яагаад миний байрыг зарна гээд байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед зарна гэж байна гэхэд нь тухайн үедээ итгээгүй яагаад гэхээр Ч.Гантулга, Д.Бат-Орхон гуай хоёр ах дүү шиг хүмүүс тэгээд би энэ хүмүүсийн хооронд ах дүү садан төрлийн холбоо байдаг гэж өөрийн зүгээс мэднэ. Тэрний дараахан бие жаахан тааруухан болоод хөдөө гараад Сэлэнгэ аймгийн Орхон сумд ирсэн. Тэгээд энэ Буджав гэж хүнийг амьдарч байгаа гэж мэдээд Буджавыг байрыг маань суллаж өгөөч гэсэн хэлсэн. Ямар ч худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй би энэ хүмүүсээс ямар ч мөнгө төгрөг аваагүй... Би Ч.Гантулгатай байрны талаар наймаа хийсэн юм байхгүй. Ч.Гантулгатай худалдах худалдан авах юм огт яригдаагүй байсан учраас энэ байрны бичиг баримтыг шилжүүлэх тухай ямар ч ойлголт байх ёсгүй би тэгж яриагүй. Үнэхээр худалдан авалт хийх гээд байгаа бол Ч.Гантулга гэж хүнтэйгээ учраа олоо, наадах чинь миний байр шүү эртхэн шиг Ч.Гантулгатайгаа учраа олоорой Ч.Гантулга яагаад миний байрыг зарах гээд байгаа юм бэ? гэдэг асуудлыг би энэ хүмүүст хэлж байсан. Адуу хайж байгаад очоод тэгж ярьсан гэдэг бол зарим юм дээр эд нар чинь ах дүү хүмүүс хоорондоо үгссэн юм гарч байна. Тийм шилжүүлж өгнө гэсэн яриа байгаагүй... Нотлох баримт болдог ч бай болдоггүй ч бай өмгөөлөгч Нинжбат прокурорын тогтоол гарсан гээд байна. Энэ дүгнэлт ямар үндэслэлээр гарсан энэ дүгнэлт гарах ямар ч байцаалт байгаагүй мөрдөн байцаагч намайг нэг удаа дуудаж уулзсан би байгаа бодит үнэнийг л хэлсэн. Энд худалдах худалдан авах тийм ю м яригдаагүй Гантулгыг гуйхаар нь би түлхүүрээ өгсөн гэж нэг удаагийн байцаалт өгсөн. Гантулгад тэр гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй цуг зарсан байна гэдгийг юугаар нотлоод байна. 17.000.000 төгрөгөөр зарсан гэдгийг энэ энэ байгууллага нотлож байна гээд байна. Гантулга бид хоёрыг 17.000.000 төгрөг өгөлцөж авалцаад байж байхад энэ хүмүүс энэ байгууллагын хүмүүс хараад зогсож байсан юм уу? би ойлгохгүй байна. Сүүлд нь яахав Буджав амьдарч байгаа амьдралынхаа өртгийг төлж амьдардаг. Харин би энэ хүмүүсээс өдий хугацаанд амьдарч байгаа түрээсийн мөнгө нэхэхгүй байгаа. Гантулгыг Улаанбаатараас хүмүүс ирж олон хоног буудалд байх хэцүү байна найздаа түлхүүрээ өгчих чи одоохондоо хэрэглэхгүй байгаа юм чинь гэхээр нь үнэхээр хэрэглэхгүй сул байж байсан. Гантулга өөрөө ирж очин байдаг байсан тэгээд хонож өнжөөд хэрэглээд явж байсан хүн тийм учраас найзаасаа харамлах зүйл байгаагүй. Надад энэ байр нээх тийм шаардлага байгаагүй. Өнгөрсөн жил Гантулгыг шилжээд явахад нь за нөгөө байр чинь юу болж байна гэсэн чинь зарчихсан гэсэн. Зөвхөн өнгөрсөн онд утасдаж миний байрыг зарчихлаа гэж Бат-Орхон гуайд хэлсэн гэж энэ залуу хэлж байна. Үгүй анх уулзсан цагаасаа эхлээд Гантулга учрыг нь олно шүү наадах чинь миний байр Гантулга яагаад хүний байрыг зарчихваа гэдгийг би Бат-Орхон гуайд уулзах болгондоо хэлж байсан. Гантулга хэрэглэж байгаа гэж ойлгож байгаа тэр мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байна гэдгийг би мэдээгүй хүнээс сураг сонсоод шилжээд явчихлаа гэхээр нь байраа авна гэсэн... Байрны хэдэн төгрөг, ямар өртөгтэй байх нь надад ямар ч хамаа байхгүй би тэр талаар сонирхоогүй хамгийн гол нь миний найз өөрийнхөө ах, дүү нараа суулгаж байгаа учраас би байрны талаар яриагүй. Өнгөрсөн жил шилжээд явж байгаа учраас байр эзгүйрлээ байраа авъя гэсэн. Би энэ байрыг 2001 онд авч байсан. Түүнээс хойш би энэ байрыг хэнд ч худалдаагүй, хэнд ч зараагүй. Тийм учраас энэ байрыг минь надад хүлээлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа... ” гэв.

            Хариуцагч Б.Буджав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Орхон сумд хөдөө амьдардаг. 2006 онд манай охин сургуульд ороод тэгээд Д.Бат-Орхон ах энэ байрыг 2006 оны 08-р сард авч өгсөн юм. Тэгээд байрны бичиг баримтыг нэхэх үед Ч.Гантулга гэж хүн өөр хүний нэр дээр байгаа би намрын ажил дуусгаад зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Ганболд гуай Д.Бат-Орхон ахынд адуу хайж очоод Д.Бат-Орхон ах С.Ганболд гуайгаас өөрөөс дуулсан байдаг. Та энэ байрыг Ч.Гантулгатай наймаа хийж авсан юм уу? гэсэн чинь Д.Бат-Орхон ах тийм гэсэн, танд би бичиг баримтыг нь янзалж өгнө над дээр байдаг юм гэж хэлсэн байдаг. Хавар нь энэ 3 ярилцаад өгнө гэж хэлээд салсан байсан. 2008 онд С.Ганболд гуайг Орхон сумын элчин гэдэг газар айлын гадаа морь уяж байхад нь би өөрөө эхнэр, хүүхэдтэйгээ очиж асууж байсан. Энэ байрыг Д.Бат-Орхон ах надад авч өгсөн юм аа, таны нэр дээр гэрчилгээ нь байдаг гэж байна гэхэд дүүгийн нэр дээр байж байгаад, дүү авгайгаасаа салахдаа шатаачихаад явсан гэхдээ ах нь янзалж өгнө гэж надад өөрөө хэлж байсан. Би энхэртэйгээ сонсож байсан. С.Ганболд гуай ногоон өнгийн ISUZU маркийн машинтай явж байсан би өөрөө портертой очиж байсан юм. Би хааяа Д.Бат-Орхон ахаас нэхэхэд уулзаад өгнө гэсэн зохицуулж өгнө гэсэн гээд яваад байдаг байсан. Хамгийн гол нь шатаачихсан гэж хэлэхээр нь бид нар очиж үл хөдлөхөөр шалгуулах гэхээр эзэн нь байхгүй байхад та нарт үзүүлэхгүй гээд байдаг байсан. 2014 онд би Д.Бат-Орхон ахтай 42-ын гарам дээр явж байхад С.Ганболд Ч.Гантулга хоёртой таараад бид 4 уулзаад миний нүдэн дээр С.Ганболд гуай өгнөө морь уяж байгаа наадам өнгөрөөгөөд янзлаад өгнө, энэ намар энэ асуудлаас салъя энэ тэр гээд тийм юм болж л байсан.  Тэрийг би өөрийн биеэр сонсож байсан. Энэ байранд би 2006 оноос 2016 он хүртэл амьдарч байгаа. Одоо манай охин 11-р ангид сурч байгаа би Хөтөлийг арай гайгүй юм болов уу? гэж охиноо энд оруулж ирж сургуульд оруулсан. 10 жил энэ байрыг өөрийнхөө нэр дээр бүх юмыг нь төлж байсан. Манай хөрш болох Эрдэнэчимэг гэдэг айл хүртэл намайг 10 жил амьдарч байгаа гэдгийг маань шүүхэд бичгээр мэдүүлсэн байгаа. Бусад зүйлийг Д.Бат-Орхон гэж хүнээс тодруулж болно... Удаа дараа С.Ганболд гуай Д.Бат-Орхон гуайд миний юм гэж хэлж байсан юм байдаггүй. 2015 оны 10-р сарын сүүлээр утасдаж 1 удаа хэлж байсан. Ч.Гантулгатай морины наймаа хийсэн чинь хээрийг нь аваад явсан байна одоо би байраа авна шүү гэж ганц удаа хэлсэн байсан... Бүх зүйлийг үгүйсгэж ярьж байгааг гайхаж байна. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн байрны бичиг баримтыг 10 жил амьдарсан миний нэр дээр болгож өгөөч ээ гэж хүсэж байна...” гэв

Хариуцагч Б.Буджав нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Буджав нь 2006 оны 07-р сарын сүүлээр өөрийн одоо амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг ах Д.Бат-Орхоноор зуучлуулан иргэн Ч.Гантулгаас 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин Ч.Гантулга нь энэ орон сууцыг өөрийн найз С.Ганболдоос худалдаж авсан гэж сонсож байсан. Тэгээд байрны ордер буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар шаардлага тавихад Ч.Гантулга, С.Ганболдоос шилжүүлж өгнө гэж ярьдаг байсан. Улмаар 2007 оны 5-р сарын эхээр тариалалтын үрийн улаан буудай олгож байх үеэр Ч.Гантулгад байраа худалдсан С.Ганболд, Д.Бат-Орхон ах энэ гурав “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл дахь салбарын конторт уулзалдаж байрны гэрчилгээг шилжүүлж өгөх тухай нүүрэлдэн ярилцсан юм билээ. Тэр үед С.Ганболд “Би Ч.Гантулгад энэ байраа зарж, мөнгийг нь авчихаад одоог хүртэл бичиг баримтыг нь шилжүүлж өгч чадахгүй байгаа юмаа. Учир нь манай дүүгийн авгай, дүүгээс салахдаа бүх бичиг баримтыг шатаачихсан юм билээ. Би дүүгээ авчирч энэ асуудлыг шийдвэрлэж өгнөө” гэж Д.Бат-Орхон ахад хэлж тохиролцоод салцгаасан юм. Энэ тухай Ч.Гантулга, Д.Бат-Орхон ах нар гэрчилж ярьдаг. Үүний дараа 2013 оны 06 дугаар сарын сүүлээр С.Ганболд, Ч.Гантулга нар хамт явж байхад нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг 42-ын гарам дээр Д.Бат-Орхон ах бид хоёр санаандгүй тааралдсан юм. Бид наадам, зун, зуншлага, морь ярьж байх зуур Д.Бат-Орхон ах “С.Ганболдоо чи одоо энэ Б.Буджавын нөгөө байрных нь бичиг баримтыг яаралтай шилжүүлж өгөөч. Бид адаглаад энэ байраа барьцаанд тавьж зээл хунар хөөцөлдмөөр байх юм” гэж хэлсэн. Тэгэхэд С.Ганболд “би одоо морь уяад завгүй байна. Наадмын дараа би бүх бичиг баримтыг янзлаад өгье. Би одоо ахиж худлаа хэлэхгүй ээ. Найдвартай” гэж хэлсэн. Би тэр үед Ч.Гантулга “С.Ганболд оо, Б.Бат-Орхон оо, та хоёр надгүйгээр наад асуудлаа шийдээ. Би та хоёрыг хоёр ч удаа уулзууллаа. Энэ олон жил болж байхад С.Ганболдоо чи энэ байрны асуудлыг шийдвэрлэчихэж болно шүү дээ” гэж хэлэхэд С.Ганболд “За ойлголоо” гэж хэлж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд С.Ганболд надад холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлдээ С.Ганболд нь Ч.Гантулгад зарсан орон сууцаа өөрийн хөрөнгө мэтээр бичиж одоо намайг орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна. С.Ганболд нь байраа зарснаас хойш хоёр ч удаа Д.Бат-Орхон, С.Гантулга нартай уулзсан байдаг... Энэ маргаантай асуудлаар Ч.Гантулга нь С.Ганболдыг шүүхэд хандан бусдад худалдсан хөрөнгөө худалдаагүй мэтээр улаан цайм гүжирдэн гөрдөж буцаан нэхэмжилж өргөдөл гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн тасагт хандаж гомдол гаргасан байдаг... Цагдаагийн тасаг асуудлыг шалгаад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай тогтоол гаргасан байна. Уг 5/17 дугаартай тогтоолд “...баримтуудаар С.Ганболд нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот байрыг оролцуулан гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Ч.Гантулгад 17,0 сая төгрөгөөр худалдсан байх бөгөөд Ч.Гантулга нь тухайн байрыг 2006 онд Д.Бат-Орхоноор дамжуулан Б.Буджавд худалдаж, Б.Буджав нь уг байранд 2006 оноос 2016 он хүртэл 10 жил оршин сууж байгаа болох нь тогтоогдож байна” гэжээ. Энэхүү 5/17 дугаартай тогтоолыг талууд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч хэн аль нь гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. Сэлэнгэ айгмийн прокурорын газрын 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай тогтоолоор С.Ганболд нь орон  сууцаа Ч.Гантулгад худалдсан нь, мөн Ч.Гантулга нь уг орон сууцыг надад худалдсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байгаа юм байна. Иймд нэгэнтээ С.Ганболд намайг тухайн үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь нэр дээр байгаа гэдэг шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоотоос нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол миний бие С.Ганболдоос өөрт учирсан хохирол буюу уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 18 000 000 /арван сая/ төгрөгийн гэм хорын хохирлыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон үйл явдал, үйл баримт болон бусад бичгийн болон, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү...

Жич: Орон сууцны үнэлгээ хийлгэсэн баримт нь С.Ганболдын нэхэмжлэлтэй, Б.Буджавт холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт байгаа болно...” гэжээ.

Хариуцагч Б.Буджав сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний 10 жил амьдарч байгаа байрыг мэдсээр байж авна гээд байгаад гайхаад байгаа. Авах юм бол мөнгөө өгөөд аваа...” гэв.

          Нэхэмлэгч С.Ганболд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: “...Нэгэнт би Гантулгатай байраа худалдаагүй учраас би хуурахгүй ч гэх шиг сонин сонин яриад байна тийм яриа огт яриагүй худалдаагүй учраас юу гэж өөрийнхөө байрыг гэрчилгээг нь хүнд сольж өгнө гэж хэлдэг юм. Тэр морины бариан дээр уулзсан гэж байна. Уулзсан нь үнэн гэхдээ наадмын даараа наадхыг чинь гуравуулаа сууж байгаад зохицуулж болох юм байна. Хамгийн гол нь Гантулга чи олон жил боллоо одоо наадхаа сольж өг гэсэн тийм үг оруулсан байна тийм үг огт байгаагүй. Гантулга надаас худалдаж авсан байсан бол яагаад өдөр болгон надаас ирээд нэхээд байдаггүй юм. Энэ хүмүүс ах дүүсийн нутаг орноороо олуулаа үгсэж байна. Ямар ч тийм яриа байгаагүй учраас бүгд үгээ нийлүүлсэн байна... Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Ганболд нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлин 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                 Хариуцагч Б.Буджав “би уг байрыг 2006 оны 06 сард худалдан авсан тул байрыг чөлөөлөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Буджав нь нэхэмжлэгч С.Ганболдоос өөрт учирсан хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

                 Нэхэмжлэгч С.Ганболд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

                 Нэхэмжлэгч С.Ганболд нь “2007 онд өөрийн найз Ч.Гантулгыг Сайхан сумын Үр тарианы фондын газрын даргаар хотоос томилогдож ирээд орон байргүй чиний сууцанд  түр амьдарч байя гэхээр нь байр сул байсан болохоор нь түлхүүрээ өгсөн. Би байраа дүүдээ өгнө гэж байсан болохоос зарах бодол байгаагүй энэ байрыг зараагүй, өмчлөх эрхийн гэрчлгээ нь миний нэр дээр  байгаа. Хариуцагч Ч.Гантулга ноднин Хөтөлөөс шилжсэн болохоор нөгөө байр хэцүүдлээ гэж бодоод байраа авах гэтэл Б.Буджав гэгчид зарсан сурагтай байна. Гэрч Ч.Гантулга Д.Бат-Орхон нар нь бараг худ ургийн холбоотой байсан учир миний байрыг хуйвалдаж худлаа ярьж авч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

          Хариуцагч Б.Буджав “Энэ байрыг надад манай эхнэрийн ах Д.Бат-Орхон 2006 оны 06-р сард 2 500 000 төгрөгөөр Ч.Гантулга гэгчээс худалдаж авч өгсөн. Тухайн үед Ч.Гантулга нь байрны гэрчилгээ С.Ганболдын нэр дээр байдаг. Тэр гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Үүнээс хойш 10 жил өнгөрч С.Ганболд гуайтай уулзаж байрны гэрчилгээгээ авч чадахгүй байсаар байгаад сүүлд ийм нэхэмжлэл гаргаж байна. Энэ байрыг С.Ганболдын нэр дээр байдгийг мэдэхгүй. Сая л мэдлээ. Манайх энэ байранд ороход охин минь 6 настай байсан. Одоо 16 настай болсон. Манайх энэ байрны ашиглалтын бүх зардал мөнгийг төлж байсан баримт болон гэрч Ч.Гантулга, Д.Бат-Орхон нарын мэдүүлгээр байр худалдсаныг нотолж байгаа юм. Иймд байрыг чөлөөлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч Ч.Гантулга, Д.Бат-Орхон нарын хууль сануулж өгсөн мэдүүлгүүдийг үнэлээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.Буджав чөлөөлөх үндэслэлгүй болох нь :

          Гэрч Бат-Орхоны “ ...Би энэ 1 өрөө орон сууцыг Ч.Гантулгаас 2 500 000 төгрөгөөр худалдаж авч хүргэн дүү Б.Буджавд өгсөн. Байр худалдаж авах үед байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь С.Ганболдын нэр дээр байдаг гэдгийг мэдээгүй мөнгөө өгсний дараа мэдсэн. Ч.Гантулга С.Ганболдоос авч өгнө. Дүүгийнх нь нэр дээр байдаг гэж байсан. Дүүгийнх нь эхнэр салахдаа гэрчилгээг нь урчихсан, удахгүй янзалж өгнө гэсэн. 2013 оны 06-р сарын сүүлээр 42 дугаар точик дээр Ч.Гантулга, С.Ганболд бид гурав тааралдсан. Тэгэхэд би Ч.Гантулга, С.Ганболд 2-оос байрны гэрчилгээг нэхэхэд Ганболд морь уяж байна. Наадмын дараа 09 сар гэхэд шийдээд өгнө гэсэн. С.Ганболд байр худалдагдсан гэдгийг хангалттай мэдэж байгаа. Энэ байр ийм маргаантай гэдгийг тэр дор нь  надад мэдэгдсэн бол би  Ч.Гантулгаас мөнгөө аваад өөр байр худалдаж авах байсан. Энэ хүнийг өгнө гэсэн болохоор итгээд явсан. Ч.Гантулга, С.Ганболд нарын хооронд адуу малын холбоотой асуудал байгаа. Тэр асуудалд энэ байрыг барьцаалаад байна...” гэх мэдүүлэг,

                 Гэрч Ч.Гантулгын “...Би 2002 оны 10-р сард С.Ганболдоос тухайн байрыг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17 000 000 сая төгрөгөнд бэлнээр, мөнгийг нь увуулж цувуулаад ингээд авсан. Авах үедээ байрны ордерыг шаардсан. Тэгэхэд С.Ганболд хэлэхдээ, энэ байр миний дүүгийн нэр дээр байдаг юм. Салсан эхнэр нь байрны ордерыг аваад явсан. Тэрийг шийдэгдсэн хойно өгнө гэсэн... 2007 оны хавар, намайг ТЭД-Сангийн салбарын захирлаар ажиллаж байхад манай албан өрөөнд С.Ганболд бид хоёр уулзаад байж байсан. Тухайн үед Д.Бат-Орхон гурил, будаа авч яваад таарсан. Тэгэхэд энэ хоёрыг албан ёсоор уулзуулсан. Би С.Ганболдод Д.Бат-Орхоныг ингэж болохгүй гэж хэлсэн, тухайн байрны ордерын талаар С.Ганболд түрүүний тайлбарыг хэлдэг. Дүүгийн нэр дээр байдаг байр, эхнэр нь салахдаа ордерыг аваад шатаачихсан учраас авч чадахгүй байгаад байгаа гэсэн. Тэгээд би ордерыг нь ямар нэгэн аргаар дахиж гаргуулаад өгөөч ээ гэхэд миний ширээн дээр за энэ тэр болсон. Нэг дахь уулзалт нь энэ юм. Хоёр дахь удаагаа 2010 оны 06-р сарын сүүлээр С.Ганболд, Д.Бат-Орхон нартай 42 дугаар гарам дээр таарсан. Д.Бат-Орхон тэгэхэд “хөөш та хоёр одоо тэр байрныхаа асуудлыг шийдэж өг...” гэсэн. Би С.Ганболдод энэ юмныхаа учраа ол, хүнд юм зарчихаад ингэж болохгүй гэж хэлсэн. Тухайн үед наадмын баяр болж байсан, С.Ганболд морь уяад явж байна. Яг одоо завгүй байна, баярын дараа яг шийдэж өгье гэсэн. Бид гурав яг нүүр нүүрээ харж байгаад “за, зү” болоод явсан. Энэнээс хойш бид гурав уулзсан зүйл байхгүй... Одоо байр зарагдаагүй гэж ярьж байна. Энийг олон жил ярьсан. Миний дутагдалтай тал нь чамаас бичиг баримтгүй байр авсан явдал. Хэрвээ би чамд итгээгүй байсан бол бичиг баримт үйлдээд, гар хөлийн үсэг зураад авах байсан... Оюунцэцэг, Цог хоёр хотоос очоогүй. Энэ хүмүүс байрыг, тоног төхөөрөмжийг авахдаа хэдэн төгрөг өгснийг мэдэж байгаа. Худалдаж авсан хоёр хүн байгаа, тэр хоёроор баталгаа гаргуулж авч болно... Манай дүү Очгэрэл яг тухайн үед үйлдвэрийг ажиллуулж байхад нэг жил очиж амьдарсан. Гэхдээ ирэн, очин байсан юм. Очихдоо хонож өнждөг байсан... Бат-Орхон бид хоёрын хооронд орон сууц худалдсан, худалдан авсан талаар гэрээ, хэлцэл байхгүй, амар хэлцэл байгаа... гэхдээ мөнгөө өгсөн. Гурван хүн авсан, гурвуулаа гэрчилнэ. Ганболдын талаас ч, миний талаас ч гэрээний талаар хэн хэн нь дурсаагүй. Итгэлцэл л байсан. Харин эцэст нь хүний итгэл эвдсэн. Тухайн үед найз байсан учраас Ганбодод итгээд удаа дараа эзэмшлийг шилжүүл гэсэн шаардлага тавьж байсан болохоос биш яг энэ эрхийг шилжүүлэх талаар улсын бүртгэлд хүсэлт гаргаагүй... Энэ баримт нь Ганболдод байсан учраас, гэхдээ Ганболд хэзээ энэ асуултаа шийдэж өгнө, тэр үед нь хандана гэж бодож байсан... Ганболд энэ байрыг миний нэр дээр биш манай дүүгийн нэр дээр байдаг гэж байсан. Энэ намар шүүхэд өгсөн материалаас нь Ганболдын өөрийнх нь нэр дээр байр байдаг гэдгийг мэдсэн... Энэ нэг хүнд зарсан байр юм биш. 3 хүнд зарсан. Энэ байрыг 3 хүн худалдаж авсан учраас тэр хүмүүсийг ч гэсэн авчирч асуу... Ганболдоос намайг энэ байрыг худалдаж авах үед Ганболд байраа 800 000 төгрөгөөр үнэлсэн, аман хэлцлээр. Тухайн үед байрны ханш тийм байсан. Надаас 4 жилийн дараа Бат-Орхон байрыг худалдаж авах үед байр 2 500 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Байрыг тухай тухай үеийн ханшаар нь  би ч худалдаж авсан, надаас ч Бат-Орхон худалдаж авсан. Гагцхүү одоо байрны үнэ ханшнаас болж над руу ингэж дайрч байна.... Энэ байрыг надад Ганболд зарсан. Надаас худалдаж авсан хүн нь Бат-Орхон байна. Худалдаж аваад зарж байгаа 3 хүн уулзаж ярилцсан... Би энэ асуудлаар анх удаагаа шүүхэд тайлбар өгч байна. Өмнө нь эрүүгийн цагдаад энэ талаар тайлбарласан. Энэ тайлбарын талаарх баримтаа шүүхэд өгсөн. Түүн дээр он, сар, өдөртэйгээ болсон явдлын талаар тодорхой бичсэн байгаа. Одоо ярьсан зүйл нэг ч үг үсгээр зөрөхгүй. Ямар процетураар явсныг бүр гэрч нотолж байгаа. Одоо дахиж нотлох гэх юм бол Ганболдоос байрыг би ганцаараа биш 3 хүн худалдаж авсан. Тэр хүмүүсийг байлцуулж байж энэ асуудлыг шийдэх ёстой...” гэх мэдүүлэг болон

          Бичгийн нотлох баримт болох Хөтөл-Өргөө СӨХ –ийн 2015 оны 01-р сарын 04-ний өдрийн тодорхойлолтод “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг 10-р байрны 10-н тоот орон сууц нь 2006 оны 08 сараас эхлэн одоог хүртэл Баяраа овогтой Буджав ТЯ- нэрээр тус байгууллагын хэрэглэгч байсаар ирсэн нь үнэн” болно /хх-43/ гэх тодорхойлолт,

          Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Хөтөл салбарын 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолтод “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоотод оршин суугч Баяраа овогтой Буджав /Т-/ 2006 оны 08-р сараас эхлэн одоог хүртэл энэхүү нэрээр манай байгууллагын хэрэглэгч байсаар ирсэн нь үнэн болно...” /хх-44/ гэх тодорхойлолт,

          Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гавшгай –Ус” ХХК-ний 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолтод “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот орон сууц нь 2006 оны 08-р сараас эхлэн одоог хүртэл Баяраа овогтой Буджав /ТЯ77101517/ нэрээр тус байгууллагын хэрэглэгч байсаар ирсэн нь үнэн болно...” /хх-н 45/ гэх тодорхойлолт,  

          Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хот тохижилтын газрын 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолтод “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 10-р байрны 10 тоотод оршин суугч Баяраа овогтой Буджав нь 2006 оны 08-р сараас хуурай хог хаягдлын төлбөр тооцоог байнга төлж тухайн байранд амьдардаг болох нь үнэн...” /хх-н 46/ гэх тодорхойлолт,

          Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-тай 2012 оны 12-р сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р байгийн 10-р байр, 10 тоотыг төлөөлж Баяраа овогтой Буджавын хийсэн “Цахилгаан эрчим хүчээр хагах, төлбөр тооцоо хийх тухай” гэрээ /хх-н 47-50/ хийсэн байна гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

          2006 оны 06 сард дээрх маргаан бүхий орон сууц Ч.Гантулгад худалдагдаж улмаар Б.Буджавд түүний ах Д.Бат-Орхон худалдан авч өгснөөр уг 1 өрөө орон сууц  бүрэн хэмжээгээр Б.Буджавын эзэмшилд шилжсэн нь дээрх нотлох баримтууд хангалттай нотолж  байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйин 42.11 дэх хэсэгт цахим хэлбэрээр хийх хэлцлээс бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаарлдлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр зараагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгсэлээр нотолж” болохыг заажээ. Дээрх 1 өрөө орон сууцны талаарх маргаан нь бусдын хууль бус эзэмшилээс өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан биш тул гэрч нарын мэдүүлэг болон 1 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтын талаарх нотлох баримтуудыг хуульд заасан арга хэрэгсэлээр авагдсан нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

           Нэхэмжлэгч С.Ганболд нь байрыг зараагүй гэж мэтгэлцэж байгаа боловч зарааагүй болохоо нотолж чадахгүй байна.  Дээрх орон сууцыг өмчлөх эрх нь С.Ганболдын /хх-3, 104/ нэр дээр байгаа байдал нь уг маргаан бүхий орон сууцыг худалдаагүй гэдгийг хангалттай нотлож чадахгүй. Харин уг байрыг өмчлөх эрх нь шилжээгүй байгааг л нотолж байна. С.Ганболд нь  Б.Буджавыг танихгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд  тухайн байранд 10 жил амьдарсан Б.Буджавыг мэдэхгүй байгаа, байр чөлөөлүүлэх талаар 2006 оноос хойш  Б.Буджаваас шаардаж байгаагүй зэргээс байр худалдагдсан болохыг мэдэж байсан гэж үзэхээр байна.

          Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тул шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судлагдсан 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

          Нэхэмжлэгч С.Ганболд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ч.Гантулга, Б.Буджав нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх маргаан бүхий 1 өрөө орон сууцад Б.Буджав сууж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа тул хариуцагч Ч.Гантулгаас татгалзах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбатын хүсэлтээр асуусан гэрч Ч.Очгэрэлийн мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй байна.

          Дээрх байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавд холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Хариуцагч Б.Буджав маргаан бүхий нэг өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэж байгааг хүлээж авах боломжгүй байна. Энэ талаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрыг 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан одоо С.Ганболд байраа буцааж авна гэвэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Ганболдод холбогдуулж гаргасан.

          Б.Буджавын хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүрэг биш бөгөөд  үндсэн нэхэмжлэл болох 1 өрөө орон сууцыг Б.Буджааас чөлөөлөх тухай С.Ганболдын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх  тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлинй 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 188 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавд холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн  228.1, 229 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилсэн хариуцагч Б.Буджавын нэхэмжлэлтэй, С.Ганболдод холбогдох 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус бүр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА