Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 226/МА2023/00009

 

 

 

 

 

 

 

   2023        06           30                                           226/МА2023/00009

 

 

Л.А-ын нэхэмжлэлтэй,

Д.Б-д  холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /онлайнаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  156/ШШ2023/00188 дугаар шийдвэртэй Л.А-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, 84.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-тай ..................үйлчилгээний төвийг хийж гүйцэтгүүлэхээр “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 55 сая төгрөг, 2021 оны 06 сард 1 сая төгрөг, нийт 56 сая төгрөгийг төлсөн. Захиалагч талаас үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсноос хойш 5 жилийн хугацаанд төлөхөөр,  гүйцэтгэгч тал уг байрыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөөс хойш ажил удаашралтай, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасан заалтын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах саналаа захиалагч талаас удаа дараа тавьсан ч Д.Б- нь гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, барилга удахгүй эхэлчихнэ гэж удаа дараа сатааруулсан, барилга гэрээнд заагдсан хугацаандаа баригдахгүй нь тодорхой болсон учраас Д.Б- руу мөнгөө буцааж төлөхийг шаардаж 10 гаруй удаа, 8 сарын турш утсаар ярьж хэлдэг боловч “таны ажлыг хөөцөлдөж байна, мөнгийг чинь удахгүй гаргаж өгөхөөр боллоо, банк оочиртой байна” гэх мэтээр олон удаа аргацааж худал ярьсаар сүүлдээ миний бие арга буюу Д.Б-д бичгээр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус гэрээнээс татгалзаж буй саналаа шуудангаар явуулж мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй.

Иймд Д.Б-тай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлаж, Д.Б-д байрны урьдчилгаанд төлсөн 56.000.000 төгрөг болон гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 28.000.000 төгрөг, нийт 84.000.000 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлээд байгаа мөнгийг барилгын суурь цутгах, барилгын материалд зарцуулагдсан. Энэ барилгын ажилд 600 гаруй сая төгрөг зарцуулсан.  Орон сууц барих зохих зөвшөөрлийг авч зураг төсөл хийж барилгын ажил эхлүүлсэн боловч “Ковид-19” цар тахлын улмаас хил хаагдаж, барилгын материалын нийлүүлэлт зогсож, үнэ нэмэгдэж, ажил зогссон. Барилгын ажил банк санхүүгийн байгууллага болон төр засгийн газраас шууд шалтгаалах болсон. Нэхэмжлэгч үүнийг ойлгохгүй мөнгөө буцаана гэх нь үндэслэл муутай байна. Мөн барилгын суурь зоорины давхрын ажил бүрэн хийгдэж, 1 давхрын барилгын ажил явагдаж байхад урьд газар эзэмшиж байсан гэх Т- шүүхэд маргаан үүсгэж шүүхийн шатанд байгаа бөгөөд асуудал шийдэгдэхээр барилгын ажлын явц хурдасаж нэхэмжлэгч мөнгө нэхэх шаардлага гарахгүй болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэв.

 

Хариуцагч Д.Б- 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.А-тай “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж урьдчилгаа төлбөрт 56.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэвч бидний хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа нь талуудын эдлэж байгаа эрх үүрэг, гэрээний гол нөхцөл зэргээс үүдэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний төрөлд хамаарч тухайн гэрээтэй холбоотой зохицуулалтууд үйлчлэх ба гэрээний ажлын хөлс буюу орон сууцны үйлчилгээний талбайн үнэ нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал, техник тоног төхөөрөмжийн зардал бусад зардал зэргээс бүрдэж, ажил гүйцэтгэгч нь дээрх зардлууд болон ажлын гүйцэтгэлээс бий болох ашгийг тооцсоноор нийт ажлын хөлс тодорхойлогддог.

Захиалагч Л.А-тай гэрээ байгуулах үед зах зээлд борлуулах орон сууцны үйлчилгээний талбайн үнийг тодорхойлохдоо барилгыг барихад шаардагдах бараа материалын зардал, тээврийн зардал, туслан гүйцэтгэгч нарт төлөх ажлын хөлс, үйл ажиллагааны зардал болон бусад зардал, талбайн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл зэргийг үндэслэн ажлын хөлсийг буюу орон сууцны талбайн үнийг 1.2 сая төгрөг байхаар тохиролцож байсан боловч 2021 оны 06 дугаар сараас эхлэн Монголл улсад хил гааль хаагдсан, ажиллах хүч хомсдсон зэрэг хүчин зүйлүүдийн улмаас барилгын бараа материалын үнэ, ажиллах хүчний зардал эрс нэмэгдсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудын улмаас, барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, 2021 оны 05 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн захиалагчтай гэрээ хийх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь барилгын ажилтай шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас манай компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай, ашиггүй байгаа тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 355.1, 232.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А-, хариуцагч Д.Б- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх Б дугаартай гэрээг цуцалж, хариуцагч Д.Б-аас орон сууцны урьдчилгаа төлбөр 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөг, алданги 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, нийт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ “...талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т "....гүйцэтгэгч тал гэрээний 5.4-т заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсны дараа орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч мал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасан анзыг гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан…...иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцохоор тохиролцсон..., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул алданги шаардсан нь үндэслэлтэй...” гэж үзсэн нь нэхэмжлэгчийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Тодруулбал:

Нэг. Алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар: Нэхэмжлэгч нь  хариуцагчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй бөгөөд харин “...уг орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн 56.000.000 төгрөг болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги гаргуулах...” гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагавар болох төлсөн төлбөрөө эргүүлэн авах тухай шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа үйл баримтыг шийдвэрлээгүй шууд үр дагаварыг даалгаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" удаа хугацаанд үргэлжилсэн байнгын шинжтэй үүрэг үүсгэсэн хэлцэл биш бөгөөд талууд үндсэн үүргээ биелүүмэгц буюу нэг талаас хариуцагч орон сууцны байруудыг шилжүүлж, нөгөө талаас нэхэмжлэгч нь хариу төлбөрийг төлмөгц  гэрээний харилцаа дуусгавар болох үргэлжилсэн бус нэг удаагийн шинжтэй гэрээний төрөлд хамаарах юм. Дээрх төрлийн гэрээний харилцаанд хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор гараанаас татгалзсанаар үүргийн харилцаа болон хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд заасны дагуу талуудын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болж, зөвхөн иргэний байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет үүрэгтэй" гэж заасан өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавар талуудын хувьд дуусна. Иймээс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь анхнаасаа байгаагүй эрх зүйн үр дагавар бий болж хариуцагчийн орон сууцуудыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэг болон нэхэмжлэгчийн байрны үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан бөгөөд алданги нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилго бүхий гэрээний дагавар үүрэг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байгаа нөхцөлд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт “...гүйцэтгэгч тал гэрээний 5.4-т заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсны дараа орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө...” гэж тусгасан алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн хамт дуусгавар болсон. Нэхэмжлэгч хариуцагч нар "Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон байхад гэрээний дагавар үүрэг болох алданги 28.000.000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хоёр. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн талаар: Шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нар ижил тэгш эрхтэй оролцох тухай заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 ".. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно...." гэж заасныг зөрчсөн бөгөөд надад өөрийн татгалзалыг нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх боломжийг олгоогүй, гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Надад хэргийн оролцогчийн эрх үүргийг шүүхээс бүрэн танилцуулаагүй, энэ талаар дутуу ойлголтой байсан. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний биелэлт хэрэгт тайлбарласан хүнд нөхцлийн улмаас хойшилсон байх тул миний гаргасан бусад зардлыг шүүхээс анхаарч үзээгүй тул хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлттэй байна.

Иймд Хэнтийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 156/ШШ2023/00188 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги гаргуулан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлаж, Д.Б-аас байрны урьдчилгаанд төлсөн 56.000.000 төгрөг, алданги 28.000.000 төгрөг, нийт 84.000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Д.Б- нь Л.А-тай “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж урьдчилгаанд 56.000.000 төгрөг авсан нь үнэн. Цар тахал, барилгын материалын үнийн өсөлтөөс болж ажил зогсож гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

            - Л.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б- холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч талын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6853 дугаартай “хэргийг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ /1 хавтаст хэргийн 134-135 хуудас/.                                           

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.1, 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт зааснаар  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцэж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6853 дугаартай “хэргийг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргаагүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж захирамжийн биелэлт хэрэгжсэн, хэргийг хүлээн авсан шүүх шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шилжүүлсэн хэргийг харъяалалын талаар шүүхүүд маргаж болохгүй гэсэн дүгнэлт хийж 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 156/ШЗ2023/00434 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж /1 хавтаст хэргийн 248-249 хуудас/ шийдвэрлэжээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ы гаргасан гомдлоор  156/ШЗ2023/00434 дугаартай шүүгчийн захирамжийг хянан  хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 165/ШТ2023/00016 дугаартай шүүхийн тогтоолоор 156/ШЗ2023/00434 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /2 хавтаст хэргийн 31-32 хуудас/.

 

             Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх шийдвэрлэх үүрэгтэй, харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй хэдий ч хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн 6853 дугаартай шүүгчийн захирамж  үндэслэлтэй эсэхэд шүүх  бүрэн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь заалтын хүрээнд дүгнэх бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д зааснаар хэрэг шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Энэ нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

 

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 165/ШТ2023/00016 дугаартай “гомдол хэлэлцэх тухай” шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй байгааг магадлалд дурьдах нь зүйтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх Л.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б- холбогдох иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг авч хэлэлцээгүй болно.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    

Хариуцагч Д.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ГАНЗОРИГ

 

                                                                       ШҮҮГЧИД                                     Б.ДЭНСМАА

                                                                                                             

                                                                                                                                     Г.БОЛОРМАА