Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00192

 

Л.А-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 226/МА2023/00009 дүгээр магадлалтай,

Л.А-н нэхэмжлэлтэй

Д.Б-д холбогдох

Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 84,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Л.А-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Л.А нь Д.Б--д холбогдуулан орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 84,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 355.1, 232.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А, хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх Б дугаартай гэрээг цуцалж, хариуцагч Д.Б-аас орон сууцны урьдчилгаа төлбөр 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөг, алданги 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, нийт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

3.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 226/МА2023/00009 дүгээр магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Л.А хяналтын гомдолдоо: ...2.1.Магадлалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар ... гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно гэж хуульчилсан. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.11.28-ны өдрийн 6853 дугаартай захирамжаар тус хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Хэргийн оролцогч “эрх зөрчигдсөн үйлдлээ өөрөө тодорхойлж, хэрвээ ямар нэгэн гомдолтой бол түүнийгээ өөрөө сайн дураараа гаргаж” болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1.6, 170.1 дэх заалтаар “эрх” болгон тодорхойлсон. Хэрэг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.11.28-ны өдрөөс Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжиж, хэрэг ирснээс хойш 2023.03.07-ны өдөр хүртэл анхан шатны журмаар хянагдаж байх 3 сарын хугацаанд хариуцагч тал нэг ч удаа “харъяаллын талаар эрх зөрчигдсөн” хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. 6853 дугаартай захирамжид хариуцагч тал гомдол гаргаагүй нь “захирамжийг хүлээн зөвшөөрсөн, тус шүүхийн хэрэг шилжүүлж буй ажиллагаанд эрх нь зөрчигдөөгүй” гэж ойлгогдож байгаа бөгөөд хэрэг Хэнтий аймаг руу шилжиж ирснээс хойш 3 сарын хугацаанд ч анхан шатны шүүх рүү харъяаллын асуудлаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй нь энэхүү хэрэг шилжүүлэх ажиллагаанд эрх нь зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.

2.2. Харин хариуцагч тал 2023.03.07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх рүү шилжүүлэх шинэ хүсэлт гаргасан. Үүнийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ захирамжид хариуцагч тал өөрийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар ...171.1-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно гэж хуульчилсан тул уг “харъяаллыг шилжүүлэх” асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх бүр анхны хэрэг шилжүүлэх ажиллагаа буюу 2022.11.28-ны өдрийн 6853 дугаартай захирамжийг үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүхийг дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь уг 6853 дугаартай шүүгчийн захирамжид хариуцагч тал гомдол гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 6.1-д заасан шүүх хараат бус байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих зарчмууд зөрчигдөнө гэж үзэж байна. 6853 дугаартай захирамжтай харъяалал шийдвэрлүүлэх асуудал бол нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж шийдвэрлүүлээд дууссан ажиллагаа байсан. Харин сүүлийн харъяаллын асуудал шийдвэрлүүлсэн ажиллагаа бол хариуцагч талын зүгээс харъяаллыг шийдвэрлүүлэхээр гаргаж шат шатны гомдол гаргаж эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал байсан. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх “харъяалалтай холбоотой” хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс анх хуулийн байгууллагад 2022 оны 05 сараас хойш хариуцагч Д.Б-д холбогдуулж энэ асуудлаараа хандсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд хэрэг Хэнтий аймгийн шүүх рүү шилжиж ирэхэд даруй 10 сарын хугацаа өнгөрчхөөд байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь 60 хоног байх бөгөөд шүүгчийн зөвөлгөөнөөр 1 удаа 30 хоногоор сунгах заалттай. Гэтэл уг хэрэг шүүхийн байгууллагад өнөөдрийг хүртэл 1 жил 3 сарын хугацаа өнгөрөөд байна. Иймд Л.А-н нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох “орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 84,000,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч нь нэхэмжлэгч Л.А-н гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Аын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.06-ны өдрийн 001/ШХТ2023/01106 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Д.Б-с 84,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ “хариуцагч нь 2021.05.07-ны өдрийн “Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 56,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 28,000,000 төгрөгийг гаргуулна...” гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 56,000,000 төгрөгийг авсан, гэвч газар эзэмшихтэй холбоотой эрүүгийн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудын улмаас, мөн барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, 2021 оны 05 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн захиалагчтай гэрээ хийх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь барилгын ажилтай шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас манай компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай болсон, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүхийн харьяалал зөрчсөн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болсон гэж дүгнэжээ.

10.Хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан нь агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нөхцөл болсон байна.

11.Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болоогүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлэх боломжтой байна.

Л.А нь хариуцагч Д.Б-д холбогдуулан анх Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2022.06.27-ны өдрийн 156/ШЗ2022/00870 дугаар захирамжаар “...Л.А-н нэхэмжлэл нь үл хөдлөх хөрөнгөтэй маргаан биш гэрээний маргаан байх тул хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах”-ыг зааж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, тус шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаад шүүгчийн 2022.11.28-ны өдрийн 6853 дугаартай захирамжаар хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. /1-р хавтаст хэргийн 134-135 хуудас/

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад хариуцагчийн өмгөөлөгч хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.07-ны өдрийн 156/ШЗ2023/00434 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, захирамжид гомдол гаргасны дагуу тухайн шүүх хянаад 2023.03.30-ны өдрийн 165/ШТ2023/00016 дугаартай шүүхийн тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээжээ. /2-р хавтаст хэргийн 31-32 хуудас/

Шүүхийн харьяаллын талаар зохигч хүсэлт гаргасныг шүүх зохих журмын дагуу шийдвэрлэсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.28-ны өдрийн 6853 дугаар захирамжид хэргийн оролцогч гомдол гаргаагүйгээс гадна харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй зарчмын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх “...хэргийг шилжүүлсэн Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6853 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхэд шүүх бүрэн дүгнэлт хийх шаардлагатай байсан, энэ нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно...” гэсэн дүгнэлт хийснийг хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Шүүхийн харьяаллын талаар гаргасан шүүгчийн захирамж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаараагүй байна.

Иймд хэргийг хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 226/МА2023/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 577,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                                 Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА