Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2023/00188

 

2023 04 19 156/ШШ2023/00188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

135/2022/01378/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хэнтий аймгийн ................. тоотод оршин суух, Залан овогт Л.А.,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ............. тоотод оршин суух, Ихмянган овогт Д.Б.,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, 84,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.А.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б. /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Л.А. нь хариуцагч Д.Б.д холбогдуулан орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, 84,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Б.тай Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын ....... нутаг дэвсгэрт байрлалтай Х. хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын "Б корпусын 127, 73 мкв талбайтай үйлчилгээний төвийг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 55 сая төгрөг, 2021 оны 6 сард 1 сая төгрөг, нийт 56 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсноос хойш 5 жилийн хугацаанд төлөөд явна гэсэн гэрээ байгуулсан. Ингээд уг байрыг гүйцэтгэгч тал нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 дүгээр давхрыг барих ажил нь хэтэрхий удаашралтай сүүлдээ ажилчид нь ч байхгүй болж өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасан заалтын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах саналаа захиалагч талаас удаа дараа тавьсан ч Д.Б. нь гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй одоо барилга эхэлчихнэ гэж удаа дараа сатааруулсан, сүүлдээ нэгэнт барилга нь гэрээнд заагдсан хугацаандаа баригдахгүй нь тодорхой болсон учраас Д.Б. руу мөнгөө буцааж төлөхийг сануулж шаардаж 10 гаруй удаа, 8 сарын турш утсаар ярьж хэлдэг боловч мөнгийг чинь 14 хоногийн дараа, 7 хоногийн дараа, тэдэн сарын тэдэн гэхэд, эсвэл 2 хоногийн дараа банк гаргаж өгөхөөр боллоо, таны ажлыг хөөцөлдөж байна, банк оочиртой байна гэх мэтээр олон удаа аргацааж худал ярьсаар сүүлдээ миний бие арга буюу Д.Б.д бичгээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус гэрээнээс татгалзаж буй саналаа шуудангаар явуулж мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Д.Б.тай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлаж, Д.Ба.д байрны урьдчилгаанд төлсөн 56 сая төгрөг болон гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг Д.Б.аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч Д.Б. нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлээд байгаа мөнгийг барилгын суурь цутгах, барилгын материалд зарцуулагдсан. Орон сууц барих зохих зөвшөөрлийг авч зураг төсөл хийж барилгын ажил эхлүүлсэн. Гэтэл ковид тахал гарч хил хаагдаж, барилгын материал зогсож, үнэ нэмэгдэж, ажил зогсох болсон. Хөл хориотой болсон. Банк санхүүгийн байгууллага болон төр засгийн газраас барилгын ажил шууд шалтгаалах болсон. Нэхэмжлэгч үүнийг ойлгохгүй мөнгөө буцаана гэх нь үндэслэл муутай байна. Энэ барилгын ажилд 600 гаруй сая төгрөг зарцуулсан. Нөгөө талаар барилгын суурь зоорины давхрын ажил бүрэн хийгдэж, 1-р давхрын барилгын ажил явагдаж байхад өмнөх газар эзэмшиж байсан Т. гэгч маргаан үүсгэж шүүхийн шатанд байгаа бөгөөд асуудал шийдэгдэхээр барилгын ажлын явц хурдасаж нэхэмжлэгч мөнгө нэхэх шаардлага гарахгүй болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй /1-р хх-ийн 41/ гэж,

Мөн хариуцагч Д.Б. нь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.А.тай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 56,000,000 төгрөг авсан нь үнэн. Гэвч бидний хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа нь талуудын эдлэж байгаа эрх үүрэг, гэрээний гол нөхцөл зэргээс үүдэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарч тухайн гэрээтэй холбоотой зохицуулалтууд үйлчлэх ба гэрээний ажлын хөлс буюу орон сууцны үйлчилгээний талбайн үнэ нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал, техник тоног төхөөрөмжийн зардал бусад зардал зэргээс бүрдэж, ажил гүйцэтгэгч нь дээрх зардлууд болон ажлын гүйцэтгэлээс бий болох ашгийг тооцсоноор нийт ажлын хөлс тодорхойлогддог. Захиалагч Л.А.тай гэрээ байгуулах үед зах зээлд борлуулах орон сууцны үйлчилгээний талбайн үнийг тодорхойлохдоо барилгыг барихад шаардагдах бараа материалын зардал, тээврийн зардал, туслан гүйцэтгэгч нарт төлөх ажлын хөлс, үйл ажиллагааны зардал болон бусад зардал, талбайн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл зэргийг үндэслэн ажлын хөлсийг буюу орон сууцны талбайн үнийг 1,2 сая төгрөг байхаар тохиролцож байсан боловч 2021 оны 6 дугаар сараас эхлэн Монголл улсад хил гааль хаагдсан, ажиллах хүч хомсдсон зэрэг хүчин зүйлүүдийн улмаас барилгын бараа материалын үнэ, ажиллах хүчний зардал эрс нэмэгдсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудын улмаас, барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, 2021 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн захиалагчтай гэрээ хийх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь барилгын ажилтай шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас манай компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай, ашиггүй байгаа тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт (хх-ийн 6 тал), 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-10 тал), Л.А.н нэр дээрх ХААН банкны ......тоот дансны 2021.05.01-ний өдрөөс 2021.07.31-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 11 тал), 2021.05.01-ний өдрөөс 2021.07.31-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 12-13 тал), Монгол шуудан төв салбарын э-баримт (хх-ийн 14 тал), 2022.03.18-ны өдрийн ...Дархан-Уул аймаг, Дархан сум, .........-р хороолол, 6-43 тоотод оршин суух Д.Б. танд гэх гар бичмэл (хх-ийн 15 тал), Монгол шуудан төв салбар э-баримт (хх-ийн 15 тал), 2022.03.28-ны өдөр ...Дархан-Уул аймаг, Дархан сум, ...............хороолол, ............ тоотод оршин суух Д.Б. танд гэх гар бичмэл (хх-ийн 17 тал), 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 21-22 тал), 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2/23 дугаартай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хх-ийн 143-144 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2022/00286 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 145-147 тал), Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00028 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 148-150 тал), Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХТ2022/01248 тоот тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 151 тал), 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Л.А.н гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 241 тал), Монгол шуудангийн илгээмжийн хуудас (хх-ийн 1242-245 тал), Хэнтий аймаг Хэнтий орон сууц орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 23/13 тоот албан бичиг (хх-ийн 248 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар 07-ны өдрийн 156/ШЗ2022/00870 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (2 дугаар хх-ийн 24-25 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШЗ2022/00971 дугаартай шүүгчийн захирамж (2 дугаар хх-ийн 26 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 41, 208-209 тал), 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1201 дугаартай Д.Б.аас Г.М.д олгосон итгэмжлэл (хх-ийн 28 тал)-ийг баримтаар гаргаж өгсөн байна.

6.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Капитрон банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3006-22/456 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны харилцах дансны хуулга (хх-ийн 69-71 тал), Тээвэр хөгжлийн банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04-01/51 дугаартай лавлагаа (хх-ийн 72 тал), ХААН банк ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5045/22/10131 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны .......... тоот дансны 2021.05.07-ны өдрөөс 2021.06.30-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 73-87 тал), 2021.07.01-ний өдрөөс 2021.08.07-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 88-95 тал), Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/1094 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны ...... тоот дансны хуулга, Д.Б.ны ......... тоот дансны хуулга (хх-ийн 97-99 тал), Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаартай лавлагаа (хх-ийн 100 тал), Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6/9896 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны .. тоот дансны хуулга (хх-ийн 101-102 тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/8871 дугаартай лавлагаа (хх-ийн 103 тал),............44 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 104 тал), .............43 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 105 тал), Богд банкны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05/9250 дугаартай лавлагаа (хх-ийн 106 тал), Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31/806 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны ........ тоот харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 107-108 тал), гэрч Ш.М., гэрч Ч.Б. нарын мэдүүлэг (хх-ийн 111-116 тал), 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 117-124 тал), Капитрон банкны 2023 оны 2 дугаар сарын 07-ны Д/178 дугаартай лавлагаа (хх-ийн 214 тал), Капитрон банкны 2023 оны 2 дугаар сарын 13-ны 6/1521 дугаартай лавлагаа (хх-ийн 246 тал), Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны 01/403 дугаартай албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 156/ШЗ2023/00016/01 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол (2 дугаар хх-ийн 12-15 тал), Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны 01/310 тоот албан бичиг (2 дугаар хх-ийн 16 тал), Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01/179 тоот албан бичиг (2 дугаар хх-ийн 17 тал), 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШЗ2023/00019 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (2 дугаар хх-ийн 18-19 тал), Төрийн банкны 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 42/136 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Б.ны ............. тоот харилцах дансны харилцагчийн хуулга (2 дугаар хх-ийн 21-22 тал)-ыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч Д.Б.тай 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Х.. хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын Б корпусын 127, 73 мкв талбайтай үйлчилгээний төвийг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт нийт 56 сая төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч тал нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байрны түлхүүр хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Орон сууц барилгын ажил гүйцэтгэх тухай 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 56,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж,

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Л.А.тай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 56,000,000 төгрөг авсан нь үнэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудын улмаас, барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, 2021 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн захиалагчтай гэрээ хийх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь барилгын ажилтай шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас манай компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай, ашиггүй байгаа тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Л.А. нь хариуцагч Д.Б.аар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Х. хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын Б корпусын 127, 73 мкв талбайтай үйлчилгээний төвийг барьж гүйцэтгүүлэхээр 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч Л.А. нь урьдчилгаа төлбөр нийт 56 сая төгрөгийг төлсөн, гүйцэтгэгч тал нь 2022 оны 2 дугаар сард үйлчилгээний төвийн түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх боловч уг гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний төв баригдаагүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Д.Б. нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Ц.Б. хариуцагчийн байр суурийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагч нь урьдчилгаа төлбөрт авсан 56,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарласан.

5. Дээрх харилцаанаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Захиалагч Л.А.ын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 7 дугаар сарын 22ы өдөр, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд маргаан бүхий Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............нутаг дэвсгэрт байрлалтай Х.. хотхоны 32 айлын орон сууцны барилгын ажил нь зогсонго байдалтай байгаа болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.Б.ийн шүүхэд өгсөн ...барилгын ажил дуусаагүй, 1 давхар л баригдсан. 2022 оны 2 сараас тухайн барилгын газартай холбоотой маргаан үүссэн. Уг маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл цааш баригдах боломжгүй, зогссон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/, шүүхийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 117-124/-ээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ...энэ барилга одоогийн байдлаар анх гэрээ хийхэд ямар байсан тэр хэвээрээ байгаа, нэмж баригдсан барилга байхгүй... гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй болно.

Иймд ажил гүйцэтгэгч тал гэрээний зүйл болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын ..... багийн нутаг дэвсгэрт байрлалтай Х.. хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын Б корпусын 127, 73 мкв талбайтай үйлчилгээний төвийг гэрээнд заасан хугацаа болох 2022 оны 2 дугаар сард барьж гүйцэтгэхээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

6. Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлаас улбаалан гэрээ цуцлах саналыг 2022 оны 3 дугаар сарын 18, 29-ний өдрүүдэд хариуцагч Д.Б.д бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Монгол шуудангийн э-баримт, Д.Ба.д илгээсэн санал /1-р хх-ийн 14-17/, илгээмж /1-р хх-ийн 242-245/-ээр нотлогдож байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байдаг.

7. Ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь барилгын бараа материалын үнийн өсөлт, хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас санхүү, төлбөрийн чадваргүй болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарласан байх боловч одоог хүртэл ийм нөхцөл байдалтай байгаа эсэх талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлийн 350.1.3-ын б-д зааснаар захиалагчид мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл энэ талаар захиалагчид мэдэгдсэн эсэх талаарх үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч Д.Б. нь гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээнд заасан хугацаа болох 2021 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн бий болоогүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.А. нь хариуцагч Д.Б.тай байгуулсан гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар урьдчилгаанд шилжүүлсэн 56,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

9. Мөн талуудын байгуулсан гэрээний 6.2-д гүйцэтгэгч тал гэрээний 5.4-д заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсоны дараа, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна.

Гэрээний энэхүү заалтад заасан ...орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлвол талууд алданги тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу талууд алдангийн хэмжээг гэрээгээр тохиролцсон, мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрүүлэхгүйгээр 28,000,000 төгрөгийн алдангийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

10. Иймд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 355.1, 232.4-д заасныг баримтлан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх Б дугаартай гэрээг цуцалж, хариуцагч Д.Б.аас орон сууцны урьдчилгаа төлбөр 56,000,000 төгрөг, алданги 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А.д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.аас улсын тэмдэгтийн хураамж 774,222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А.д олгож шийдвэрлэв.

12. Хариуцагч Д.Б.д шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байх боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан, хариуцагч Д.Б.ны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

13. Хэрэгт авагдсан гэрч Ш.М.ийн мэдүүлэг /хх-ийн 111-112/-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д зааснаар хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Мөн хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 143-144/, илгээмжийн хуулбарууд /1-р хх-ийн 229-230/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6125 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 251/, нэхэмжлэлийн хуулбар /2-р хх-ийн 1/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, мөн тус хэрэгт хамааралгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

14. Хариуцагч Д.Б.ны өмгөөлөгч Ц.Б. нь шүүх хуралдаанд ...хэрэгт хариуцагч Д.Б.ны 2 удаагийн хариу тайлбар л байдаг. Өөр баримт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талд нь удирдан зохион байгуулаад явчихсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад татгалзал байна гээд хүсэлт гаргахаар хангахгүй, шүүхийн ажиллагаа нь хариуцагчийн эрхийг нь боогдуулсан. Мэтгэлцэхэд их хүнд байна. Хариуцагч талаас нотлох баримт байдаггүй юм байна. Шүүгчийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний эрх ашгийг зөрчсөн ийм нөхцөлтэй мэтгэлцэхэд их хүнд байна... гэж тайлбарлах боловч хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрхийг шүүхээс хязгаарлаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах нь хуулиар өөрт нь үүрэг болгож хуульчилсан байдаг.

Тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзэхэд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Б.ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулснаас хойш хариуцагч нь 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан гардуулахыг хүссэн хүсэлт /1-р хх-ийн 170/ гаргасаныг шүүх шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нь өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /1-р хх-ийн 231-232/ гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Харин тэдгээр нь үүнээс өөр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлээгүй, ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б.ний шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзалын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ хариуцагч, түүний өмгөөлөгч биелүүлээгүй байна.

Түүнчлэн шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, зохигчийн эрх ашгийг хязгаарласан гэж үзвэл хариуцагч, түүний өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгчийг татгалзан гаргах эрхтэй ба энэхүү эрхийг удаа дараагийн шүүх хуралдаануудад тайлбарлан өгөхөд тэрээр татгалзалгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 355.1, 232.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А., хариуцагч Д.Б. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх Б дугаартай гэрээг цуцалж, хариуцагч Д.Б.аас орон сууцны урьдчилгаа төлбөр 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөг, алданги 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, нийт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А.д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.аас 774,222 /долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА