Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0824/З |
Дугаар | 221/МА2019/0179 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0179
2019 оны 3 сарын 27 өдөр Дугаар 221/МА2019/0179 Улаанбаатар хот
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ““Б” ------ дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, “Б” ------ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ112019/0047 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг: Анхан шатны шүүх шийдвэртээ “ ...нөхөх олговортойгоор цуцлах эрхийг төрийн захиргааны байгууллагад хуулиар олгоогүй байна. ...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийн дагуу уг хүсэлтэд хавсаргасан баримтуудыг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянаж, нөхөх олговрын хэмжээг баталгаажуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр төрийн захиргааны байгууллага уг тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох юм” гэж нөхөх олговор олгох асуудал нь зөвхөн Сангийн яаманд хамаарах, харин хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт нөхөх олговор олгох асуудлаар ямар нэгэн эрх байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нөхөх олговор олгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлаар дараах эрхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хууль болон журмаар олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.15[1], 56.1.3[2]-аар хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах эрхийг төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байна.
Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтоохоор[3] хуульчилсан. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг цуцлах үндсэн нөхцөл нь нөхөх олговор төлсөн байх буюу нөхөх олговрыг төлснөөр тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-аар нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авах, нөхөх олговрыг олгох эсэх, нөхөх олговрын хэмжээг тодорхойлох, улмаар нөхөх олговрын хэмжээг тогтоосон тодорхойлолтоо Сангийн яаманд хянуулахаар хүргүүлэх[4] үүргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэсэн байна.
Харин Сангийн яам нь нөхөх олговрын хэмжээг хянах, баталгаажуулах, улсын төсөвт тусгаж. хүсэлт гаргасан этгээдэд шилжүүлэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай эсэх, давхацсан талбайд хайгуулын ажил хийж зардал гарсан эсэх, зардал нь хайгуулын ажлын тайланд туссан эсэх зэргийг хянаж, нөхөх олговор олгох үндэслэлтэй эсэхийг тодорхойлж, нөхөх олговрын хэмжээг тодорхойлдог.
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг хангаж, нөхөх олговор олгох эсэхийг тодорхойлж шийдвэрлэх эрхтэй, харин Сангийн яам нь энэхүү тодорхойлолтод дурдсан нөхөх олговрын мөнгөн дүнг баталгаажуулах, шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд нөхөх олговор олгохоос татгалзах эрхгүй байна.
Нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авах, хүлээн авсан хүсэлтээ зохих хууль, журмын дагуу шийдвэрлэх үүрэг нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт байх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ бусад төрийн байгууллагыг татан оролцуулах нь захиргааны байгууллагын хоорондын чиг үүргийн уялдаа холбоо, зохион байгуулалттай холбоотой асуудал болохоос бус хүсэлтийг шийдвэрлэх үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй.
Хоёр: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “...нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж байхад анхан шатны шүүх шууд тодорхой шийдвэр буюу “ ...тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцалсан шийдвэр гаргахыг хариуцагчаас шаардах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч хайгуулын ажил үргэлжлүүлэх тухай хүсэлтэд хариу өгөөгүй хэрнээ шүүхэд гаргасан тайлбартаа 1) хайгуулын ажлыг хориглосон хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдсан мөн 2) тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөх олговор олгохгүй учир нь хүсэлт гаргах 90 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “90 хоногийн хугацааг зөрчөөгүй учир нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” хэмээн тодруулсан болно.
“90 хоногийн хугацааг зөрчөөгүй” тухайд: Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, мөн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу 2012 оны I дүгээр сарын 8- ны өдрөөс өмнө ирүүлэх зарыг Зууны мэдээ, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн. Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй” гэдэг.
Гэтэл дээрх журмын 3.4.2 “... давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” хэмээн тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан ёсоор мэдэгдсэний дараагаас 90 хоногийн хугацаа тоологдохоор зохицуулсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Зуун мэдээ, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад нийтэлсэн зард нэхэмжлэгч компанийн нэр байхгүй, нөхөх олговор авах хүсэлт гаргах талаар хариуцагч өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдээгүй учир уг журамд заасан хүсэлт гаргах 90 хоногийн хугацаа өнгөрөөгүй буюу тоологдож эхлээгүй” гэж мэтгэлцсэн бөгөөд шүүх энэ асуудлыг тодруулах зорилгоор өөрийн санаачлагаар нэмэлт нотлох баримт буюу Үндэсний шуудан, Үнэн сонины холбогдох дугаарыг хавтаст хэрэгт цуглуулах ажиллагааг хийсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр нөхөх олговор авах хүсэлт гаргах журамд заасан хугацааг зөрчөөгүй болохыг тогтоож, анхан шатны шүүх шийдвэрт “... нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Б ------ дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хучин төгөлдөр байх тул нэхэмжлэгч компани нөхөх олговор авах хүсэлтийг дээрх журамд заасны дагуу гаргах эрхтэй ...” хэмээн дүгнэсэн.
“Хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэдэгт нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авах, зардал гаргасан талаарх нотлох баримтыг шинжлэн судлах, хориглосон газрын давхцлыг тогтоох, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргахын аль нэгийг сонгох[5] шийдвэр гаргах ажиллагаанд бусад төрийн захиргааны байгууллагыг татан оролцуулах зэрэг бүх нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр зохих шийдвэр гаргахыг ойлгоно.
“тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлах” гэсэн нь зөвхөн хуулиар хориглосон талбайтай давхацсан хэсэгт хамаарах[6] бөгөөд давхцаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь нэхэмжлэгч компанийн хувьд нээлттэй, мөн Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ ...тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх” гэж заасан нь нөхөх олговор олгох, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал хамтдаа хийгдэх ажиллагаа буюу нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрхийг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагаа хийгдэх ёстой гэсэн агуулгатай болохыг анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хангалттай тайлбарласан.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч “Б” ХХК-аас ““Б” ------ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, “Б” ------ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. С аймгийн Х сумын нутагт орших “Б” нэртэй 4527,26 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ------ тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “М м” ХХК-д олгожээ.
Үүний дараа Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ
2. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 228 тоот шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК шилжүүлэн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 143 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Хариуцагчаас “Б” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн талаар мэдэгдэхдээ 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар тогтоосон хилийн зааг бүхий талбайд хамаарч байгаа талаар буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг дурдаж байжээ.
Хариуцагч хариу тайлбартаа “Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр маргасан байх тул нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн авснаас хойш Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол батлагдан гарах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь хуулиар хориглосон талбайд хамаарч байгааг шийдвэрлүүлэхээр төрийн захиргааны байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй байна.
3. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-д нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийг тусгаж, нөхөх олговрыг тооцох, олгох журмыг зохицуулжээ.
Нэхэмжлэгчээс дээрх журамд заасан шаардлагыг хангасан нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан эсэх, нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийг нотолсон дээрх журмын 4.1-д заасан баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.2-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хариуцагч нь тус журамд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан шаардлага хангасан /нөхөх олговрын зардлыг тооцсон/ хүсэлтийг үндэслэн нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолт гаргах эрх хэмжээтэй байна.
Мөн журмын 4.8-д зааснаар “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөх олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгоно”, 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.
Нөхөх олговор олгох харилцааг зохицуулсан дээрх журамд зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлыг баталгаажуулсан нотлох баримтыг хавсаргаж нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх журмын 3.1-д “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэсэгт холбогдох нөхөх олговорт тооцох зардал, түүнийг нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Түүнчлэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарснаас хойш тус хуульд заасан хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011, 2012, 2015 оны тогтоолууд батлагдан гарахад тухай бүрт нь нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь тус тогтоолуудад заасан хилийн заагтай давхцалтай байгаа талаар төрийн захиргааны байгууллагад шийдвэрлүүлэхээр хандаж байсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тодруулсан байна. Гэтэл шүүх шийдвэртээ /тодорхойлох болон тогтоох хэсэгт/ нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй бичсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.15.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх ;
[2] Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3.хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;
[3] Урт нэртэй хуулийн 4.6 Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.
[4] Засгийн газрын 2010 оны 299-р тогтоолоор батлагдсан журмын 4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана;
4.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
[5] Захиргааны ерөнхий хууль 42.1 Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.
[6] Засгийн газрын 2010 оны 299-р тогтоолоор батлагдсан журмын 3.1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно.