| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2021/02632/И |
| Дугаар | 210/ма2023/01518 |
| Огноо | 2023-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 210/ма2023/01518
2023 08 04 210/МА2023/01518
Л.С, Г.Д нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01876 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.С, Г.Д нарын хариуцагч Ц ХХК , Н.Б нарт холбогдуулан гаргасан орон сууц захиалах гэрээнээс татгалзан, гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагч Ц ХХК -ийн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ш.Доржхандын нөхөр Л.С нь Ц ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Б тай 2012 оны 06 дугаар сард уулзсан ба тус компани нь Баянзүрх дүүргийн * дүгээр хороонд Цагаан хуаран нэртэй орон сууцны хотхон барихаар болсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажилд санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар хандсан. Ингээд Л.С өөрийн дүү Г.Б ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо , 50 мянгат, 13/2 дугаар байр, 13 тоотын * м.кв талбайтай орон сууцыг Капитал банкинд барьцаалан 30,000,000 төгрөгийг зээлэн авч уг мөнгөө Ц ХХК -д зээлсэн байдаг. Банкны зээлийг төлөх болоход Ц ХХК -ийн захирал Н.Б нь компани зээл төлөх боломжгүй болчихлоо, барилгын ажил зогсонги байдалтай байгаа талаар хэлсэн ба хадам дүү Г.Б ийн байрыг алдахгүйн тулд Н.Б захиралтай ярилцаад Г.Д нь нөхөр Л.С гийн хамтаар Г.Б ийн өмнөөс Капитал банкинд 33,519,940 төгрөгийг төлсөн. Энэхүү нөхцөл байдлын талаар нөхөр Л.С , Ц ХХК -ийн захирал Н.Б тай тохиролцон Цагаан хуаран хотхон ашиглалтад ормогц 1 м.кв талбайн үнийг 800,000 төгрөгөөр тохирч 2 өрөө орон сууцны төлбөрөөс 33,519,940 төгрөгийг хасаж тооцох болзолтой хэлцэл хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Улмаар барилга ашиглалтад орох үед Л.С гадаад улсад байсан учир Ц ХХК нь нөхөр Л.С гийн оронд Г.Д ын нэрээр гэрээг байгуулж болно гэсэн. Г.Д нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 326/4 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, Консулын гудамж, В1 блок, 2 дугаар орц, 2 давхрын А загварын 50,3 м.кв орон сууцанд орсон. Улмаар Ц ХХК -аас холбогдон Л.С, Г.Д нарын Ц ХХК -ийн өмнөөс Капитал банкинд төлсөн 33,519,940 төгрөгийг байрны нийт үнийн дүнгээс хасч нэмээд 20,000,000 төгрөг компанийн дансанд шилжүүлчих, тэгвэл танай 2 өрөө орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзээд гэрчилгээг танай нэр дээр гаргаж өгнө гээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан боловч гэрээний хувиа өгөөгүй. Түүнчлэн, Н.Б ы тус компанийн бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж байсан ба учир нь бид хувь хүнтэй биш хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан, захирал, удирдлага солигдоход өмнөх гэрээ хэлцэл хүчинтэй байна гэж ойлгосон. Гэтэл Ц ХХК нь А.А т Л.С гийн гэр бүлийн захиалсан одоогийн Баянзүрх дүүрэг, * байр, * тоот ын 54 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байсан. Ц ХХК 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хүчээр нүүлгэн гаргасан. Үүнээс өмнө захиалсан орон сууцаа өөрийн эзэмшилдээ байлгаж байсан учраас тайвширч хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Г.Д нь хариуцагч Ц ХХК -тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд болох А.А т шилжүүлсэн. Иймд Ц ХХК -тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 326/4 тоот орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, тус гэрээний дагуу шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг Ц ХХК болон Н.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Г.Д , Л.С нарт олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Б ы тайлбар, татгалзлын агуулга: Н.Б нь 2008 оноос 2019 оны хооронд Ц ХХК -ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Ц ХХК нь Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны гэр хорооллын иргэдээс газрыг нь худалдан авч 1-6 блок орон сууцны цогцолбор барихад санхүүжилт чухал хэрэгтэй байсан тул 2012 оны 05 дугаар сард өөрийн найз Л.С д уг барилгад хөрөнгө оруулалт хийж өгөхийг гуйсан. Л.С нь бэлэн мөнгө байхгүй гэсэн ба өөрийн дүү Г.Б ийн орон сууцыг Капитал банкинд барьцаалан банкнаас 30,000,000 төгрөг зээлсэн. Уг 30,000,000 төгрөгийг Ц ХХК нь Цагаан хуаран хотхоныг барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан буюу энэ хотхоныг барихад оруулсан хөрөнгө оруулалт юм. Мөн Г.Б оос гадна 3 иргэний орон сууцыг барьцаалж Капитал банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ бүгдийг нь Цагаан хуаран хотхоныг барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан. Тухайн үед хувьцаа эзэмшигчдийн хурлаар зээл ав, зээлдүүлэгч нарт баригдсан байрнаас орон сууц олгож, түүний төлбөрт зээлийг тооц гэж шийдвэрлэсэн тул Н.Б нь Л.С гээр зээл авахуулж байсан. Ийнхүү энэ мөнгийг Н.Б хувьдаа аваагүй, зөвхөн Ц ХХК -ийн барилга барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан ба мөн чөлөөлсөн газар нь Н.Б ы хувьдаа худалдаж авч байгаа газар биш, компани орон сууцны хотхон барихад зориулж чөлөөлсөн газар. Харин Н.Б нь компанийн нэрийн өмнөөс уг газрыг чөлөөлж хурдан барилга барих боломжийг бүрдүүлэхийн тулд 4 хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, даалгавраар ажиллаж байсан. Н.Б ыг Цагаан хуаран хотхон барихад зориулж газар чөлөөлөх ажлыг хариуцаж байсныг гүйцэтгэх захирал П.Г , нягтлан бодогч П.Ц , Г.Б , Л.С нарын мэдүүлгээр тогтоогдоно. Мөн энэхүү газар нь компанийн газар байсан нь газрын түүхчилсэн лавлагаагаар нотлогдоно. Н.Б нь компанийн үйл ажиллагаанд 2019 оноос оролцохоо больсон бөгөөд компаниас гарахдаа Д.О захиралд хэлэхэд мэдэж байгаа, болгож өгнө гэж хэлж байсан. Л.С , Ш.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг Ц ХХК бүрэн хариуцах тул уг 53,000,000 төгрөгийг Л.С, Г.Д нарт гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Цагаан хуаран хотхон, * байр, * тоот орон сууцтай холбоотой Л.С гэж хүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч гэх хүнд 30,000,000 төгрөг зээлүүлж уг * тоот орон сууцыг Л.С гэж хүнд өгөхөөр тохиролцсон гэх тохиролцоог Л.С тэй байгуулж байгаагүй. Хэрвээ 30,000,000 төгрөгөө Н.Б гэх хүнд зээлүүлсэн бол тухайн хүнээсээ зээлсэн мөнгөө шаардах нь зүйн хэрэг. Л.С гийн эхнэр Г.Д тай 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 326/4 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж 90,540,000 төгрөгөөр уг * тоот орон сууцыг худалдахаар тохирсон байсан боловч Г.Д 2017-2019 он хүртэл нэг ч төлбөр төлөөгүй тул дээрх орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан. Ийнхүү Г.Д тай байгуулсан гэрээ төлбөр төлөөгүйн улмаас цуцлагдсан тул гэрээний дагуу гэрээ цуцлагдсаны торгууль, 2 жилийн хугацаанд тухайн байранд амьдарсан түрээсийн төлбөр, дахин засвар хийсэн зайлшгүй зардал зэрэг нийт 29,582,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Г.Д ын хаяг тодорхойгүй тул тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1894 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу Г.Д ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1035 дугаар шийдвэрээр Г.Д ыг эрэн сурвалжлуулсан. Манай компани тус * тоот орон сууцыг иргэн Б.А тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд худалдсан бөгөөд Б.А 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд нь мөнгө зээлүүлээд түүнийгээ компаниас нэхэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК -аас 53,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д , Л.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Н.Б д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Д , Л.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК -аас 495,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д , Л.С нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ц ХХК -ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан, манай компанид огт хамааралгүй. зээлийн гэрээ, зээл төлсөн баримт зэргийг үндэслэж, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрч П.Ц ын мэдүүлэг, мөн компаниас хувьцаагаа худалдан гарахдаа компанид зориулан газар чөлөөлсөн мөнгийг бүрэн авч гарсан нэхэмжлэгчийн жинхэнэ хариуцагч ах дүү нар болох Н. Баярсайхан, Н.Э нарын тайлбар, мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Ийнхүү Цагаан хуаран консалтинг" ХХК нь хариуцагч Н.Б ы 2012 онд 9 айлын газар чөлөөлсөн хөрөнгө оруулалтыг тухайн тайлант үедээ өглөг үүсгэн бүртгэж, компанийн хувьцаа эзэмшигчээс гарахад бүрэн төлж барагдуулсан. Манай компани Л.С гээс зээл авсан, зээлийг болон түүний хүүг төлсөн тухай аливаа санхүүгийн баримт, бүртгэл байхгүй, санхүүгийн тайланд огт тусгагдаагүй бөгөөд манай компанийг байсан тухай тайлбараа нэхэмжлэгч өөрөө ч нотолж чадаагүй байна. 2012 оноос хойших компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ын тогтоол, өмнөх гүйцэтгэх захирлын шийдвэрт "нэхэмжлэгч, иргэн Л.С гээс зээл авсан, түүний зээлийг төлөх, авсан зээлийг байраар эргүүлэн төлөх" агуулга огт тусгагдаагүй, ийм шийдвэр байхгүй болно. Анхан шатны шүүх талууд хүсэл зоригоо илэрхийлэн байрны нийт үнийг 90,540,000 төгрөг, уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлнө хэмээн хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг дүгнээд уг гэрээг хүчин төгөлдөр, орон сууцны м.кв-ын үнийг 800,000 төгрөгөөр талууд тохирсон нь нотлогдоогүй гэж дүгнэсэн байна. Манай компани нэхэмжлэгч Л.С д нэхэмжилж буй 33,519,940 төгрөгийн өглөгтэй байсан бол дээрх гэрээг хасч тооцох, нэхэмжлэгч нар өөрсдөө ч энэхүү төлбөрийг дээрх байрны үнээс авах ёстой авлагыг хасуулж тооцуулах байсан. Манай компанид орон сууцны төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул тухай бүрт мэдэгдэж, хамтран хэлэлцэж орон сууц түрээслэх гэрээ байгуулж байсан болно. Нэхэмжлэгчид тус байрны төлбөрийг төлөх, хугацаа шаардлагатай байгаа талаар байнга хойшлуулж байсан. Гэвч бид гэрээг цуцалж гэрээнд заасан журмын дагуу алданги, учирсан хохирлыг суутгасан. Энэ үед гэнэт манай хувьцаа эзэмшигч байсан Н.Б аас авлагатай талаар мэдэгдэж энэхүү мөнгийг тус байрны төлбөрт тооцуулах талаар хүсэлт тавьсан. Энэ талаар бид судалж үзээд хувьцаа эзэмшигч байсан Н.Б болон нэхэмжлэгч Л.С нарын хооронд үүссэн асуудал гэж дүгнэж, хэрэв хувьцаа эзэмшигч Н.Б ыг тухайн зээлийг хувьдаа биш компанид зориулсныг нотлох баримтыг авч ирэхийг хүссэн боловч ямар ч баримт нотолгоо өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь "Цагаан хуаран консалтинг" ХХК-аас 53,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Ц ХХК -ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэн Г.Б ийн Капитал банкнаас 2115013714 тоот "шуурхай зээл /1XX 5-10 хуудас/ гэх нэртэй дансаар 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авч, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаан төлж, 4 сар гаруй хугацаанд ашигласан гэх зээлийг хүүд төлсөн төлбөртэй нь хамт 2017 онд Г.Д ын байр худалдаж авсан" гэх байрны төлбөрт төлөгдсөн гэж анхан шатны шүүхээс тооцсон. Гэрч Н.Э нь хариуцагч Н.Б тай төрсөн ах, дүүсийн харилцаатай, мөнгө зээлсэн гэх мөн гэрчээр оролцсон Г.Б нь нэхэмжлэгч С.С тэй ах дүүсийн холбоотой, гэрч Г.Б нь хариуцагч Н.Б тай хуурай ах дүүс гэдгээ мэдүүлдэг. Анх Г.Б ийн 4 сар гаруй хугацаанд Капитал банкнаас аваад төлсөн гэх 30,000,000 төгрөгийг Г.Б нь ах Л.С д зээлсэн гэх, Л.С нь 1 м.кв-ын үнийг 800,000 төгрөгөөр худалдаж авахаар ямар нэгэн байрыг аман тохиролцоо хийгээд Н.Б д 30,000,000 төгрөгийг өгсөн гэх, Н.Б нь Ц ХХК руу шилжүүлсэн гэх, Ц ХХК нь уг мөнгийг газар чөлөөлөлтөд ашигласан гэх, Г.Б ийн Капитал банкнаас зээлсэн гэх мөнгийг Л.С төлж дуусгасан гэх, мөн хүүд 3,000,000 төгрөг гарсан гэж тус тус үзээд 2017 оны орон сууц захиалгын төлбөрт дээрх дамжигдсан мөнгө төлөгдсөн гээд, Ц ХХК -тай байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч нарыг татгалзах эрхтэй гэж дүгнэн, эцэст нь Ц ХХК -аас 33,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Дээр дурдсан бүх процессыг эргэлзээгүй болсон гэдгийг нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхээс тогтоогоогүй бөгөөд хийсвэр, эх сурвалж нь тодорхойгүй, нэг ашиг сонирхолтой хариуцагч Н.Б болон Л.С нарын тайлбараар хэргийг шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлэг нь дээр дурдсанаар хамаарал бүхий, эх сурвалж нь тодорхойгүй, таамаглал бүхий зүйлсээ барагцаагаар мэдүүлсэн мэдүүлгүүд бөгөөд хариуцагч, нэхэмжлэгч нарыг хэргийн оролцогч биш байхад гэрчээр оролцуулж авсан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн гэрчээр өгсөн өөрийн мэдүүлэг, бичгэн тайлбараар, хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг хариуцагчийн гэрчээр өгсөн өөрийн мэдүүлгээр нь тогтоолгож, шүүхийн шийдвэртээ нотлох баримтаар үнэлсэн. Мөн хэргийн оролцогч биш хүний бичиж өгсөн гэх тайлбарыг үндэслэн хэргийг шийдсэн. Г.Б оос Л.С рүү 30,000,000 төгрөг зээлэгдсэн эсэх, /баримтгүй/ Л.С нь Н.Б д 30,000,000 төгрөгийг 1 м.кв нь 800,000 төгрөгийн үнэ бүхий байрыг худалдан авахаар тохиролцож, шилжүүлсэн эсэх, /баримтгүй/ Н.Б нь Л.С гээс хувиараа авсан /Н.Б ы дүү Н.Э гэрчээр мэдүүлэхдээ уг мөнгийг ах хувиараа авсан, компани Г.Б ийн өмнө үүрэг хариуцлага үүрэхгүй гэх мэдүүлэг/ 30,000,000 төгрөг нь Ц ХХК руу орсон эсэх, /баримтгүй/ Тус мөнгөөр нь газар чөлөөлөлтийн ажиллагаа хийгдсэн эсэх, /баримтгүй/ зээлийн мөнгийг нь 2017 оны Г.Д ын хийсэн орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцогдох эсэх, Л.С нь Г.Б ийн өмнөөс зээлийг төлж дуусгасан эсэх үйл баримтууд аль нь ч тогтоогдоогүй. Л.С нь зээлийг төлж дуусгасан, мөн 30,000,000 төгрөгийг Н.Б д шилжүүлж өгсөн тул Ц ХХК төлөх ёстой гэх шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг тогтоосон, нотолсон ямар ч нотлох баримт байдаггүй. Г.Б оос Л.С рүү мөнгө зээлэгдсэн эсэх, уг зээлийг Л.С төлж дуусгасан гэдэг анхны үйл баримтаа тогтоогоогүй байж, ийнхүү үргэлжлүүлэн хийсвэр дүгнэлт хийж, Ц ХХК -ийн аваагүй мөнгийг Г.Д ын гэрээний төлбөрт тооцон манайхаас гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Нотлох баримт болох Капитал банкны хуулгаас харвал/1ХХ 5-10 хуудас/ иргэн Г.Б ид шуурхай зээл олгов. Г.Б гэж 30,000,000 төгрөг аваад 4 сар 14 хоногийн дараа утга дээр нь зээл хаав. Батдорж гэж бичин хаасан байх бөгөөд үүнээс үзвэл иргэн Г.Б нь зээл аваад хаасан гэдэг үйл баримт тогтоогдож байна. Л.С хаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн зээлийн хүүд 3,000,000 төгрөг гарсан эсэхийг ч тогтоогоогүй байж, тус мөнгийг Ц ХХК төлөх ёстой гэж шийдсэн нь үндэслэлгүй байна. 30,000,000 төгрөгийг хэн нь манай компаниас шаардах эрхтэй гэдэг үйл баримтыг шүүх тогтоогоогүй. ...Г.Д нь зөвхөн ганц удаагийн шилжүүлгээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн ба гэрээний графикийн дагуу анхнаасаа төлөлт хийгээгүй, гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцлагдсаны хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр компанийн зүгээс хандсан ба маргаан бүхий байрыг бусдад түрээслээд явсан байснаас шалтгаалж, 2021 онд Г.Д ыг Сүхбаатар дүүргийн шүүхээр эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан ба Хан-Уул дүүргийн шүүхэд Г.Д ад холбогдуулж, иргэний маргаан үүссэн байсан боловч энэхүү иргэний хэргийг шийдтэл Г.Д тай холбоотой хэргийг шийдэх боломжгүй гэх агуулгатай шийдвэр гарсан ба ийнхүү шүүхээр уг асуудал шийдэгдэх болсныг мэдээд тухайн байранд аль болох урт хугацаагаар амьдрах зорилгоор огт хамаагүй Г.Д ын хамтран амьдрагч гэх нэхэмжлэгч Л.С шүүхэд анх манай компанийг хариуцагчаар татаж, үүсгэсэн маргаанаар ийнхүү аваагүй мөнгөнийхөө төлбөрт Ц ХХК шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Г.Б нь уг зээлсэн мөнгөө дамжуулан зээлж, шилжүүлсэн бол тухайн этгээдээс шаардах эрхтэй бөгөөд манай компанийн зүгээс дээрх аваагүй мөнгийг Г.Д ад өгөх ёсгүй болохыг анхаарч шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 326/4 дүгээр орон сууц захиалгын гэрээний дагуу гэх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн Хаан банкаар орж ирсэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг баталж, манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Г.Д нь гэрээнээс татгалзах эрхгүй ба гэрээ болон гэрээний хавсралтын дагуу 80,000,000 гаруй төгрөгийн үндсэн төлбөр болон алданги төлөгдөөгүйн улмаас гэрээ 2019 онд цуцлагдсан ба гэрээ цуцлагдсаны хохирол болох төлбөрөө гаргуулахаар гэсэн боловч энэхүү хэргийг шийдсэний дараа тус хэргийг шийдэх боломжтой гэж үзэн, дээрх шүүхийн ажиллагаа зогссон байна. Г.Д нь харин ч байраа хүлээн авч амьдарч байсан ба Ц ХХК -ийн зүгээс аливаа гэрээний зөрчил гаргаагүй, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, Г.Д ад гэрээнээс татгалзах хууль болон гэрээнд заасан эрх үүсээгүй болно. СӨХ-ны төлбөр, орон сууцны төлбөрөө ч төлөөгүй байсан бөгөөд Г.Д нь юуны өмнө манайхтай өглөг авлагаа тохиролцох, тооцоо нийлэх үүрэгтэй. Ц ХХК гэрээний ямар ч үүргээ зөрчөөгүй ба Г.Д ад гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, графикийн дагуу 3 жил төлбөр төлөөгүй бусдын байранд амьдарч байсан Г.Д тай байгуулсан гэрээ 2019 онд цуцлагдсан байхад ийнхүү цуцлагдан, дуусгавар болсон гэрээнээс Г.Д ыг татгалзах эрхтэй гэж дуусгавар болсон гэрээнд үргэлжлүүлэн эрх зүйн үйлчлэл оруулж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд өглөг авлагын асуудлаа шийдвэрлүүлээгүй, тооцоо нийлээгүй, гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, татгалзах журмыг хэрэгжүүлээгүй, дуусгавар болсон гэрээнээс татгалзах боломжгүй байхад Ц ХХК -аас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дараах үндэслэлээр тайлбар хэлье. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэл бүхий дүгнэсэн. Анх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан баримтаар буюу улсын бүртгэлийн газраас гаргасан лавлагаанаас үзэхэд гуравдагч этгээд буюу н.А т шилжүүлсэнтэй холбогдуулан тус орон сууц захиалан бариулах гэрээг үргэлжлүүлэх боломжгүй буюу гэрээнээс татгалзаж, цаашид нийт оруулсан мөнгөн дүн буюу 53,000,000 төгрөгийг шаардсан. Тухайлбал, Г.Б , Л.С нарын өмчлөлийн орон сууцыг 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиад Ц ХХК -д зээлүүлсэн. Гэтэл тухайн компани нь зээл төлөх боломжгүй болсон учраас орон сууцыг алдахгүйн тулд нэхэмжлэгч Л.С, Г.Д нар нь тухайн зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн тухайн газар нь Ц ХХК -ийн газар болох нь лавлагаагаар нотлогдсон. Хариуцагч Н.Б нь 33,000,000 төгрөгийг зарцуулаагүй гэх бөгөөд 2012 оны үед ТУЗ-д ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Н.Б нь Ц ХХК -ийн өмчлөлийн газарт 33,000,000 төгрөгийг зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн 20,000,000 төгрөгийг Ц ХХК -ийн Хаан банкин дахь дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэтэл давж заалдах гомдлын агуулгад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн бөгөөд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй буюу өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ. Улмаар 2022 онд албадан нүүлгэлтээр анхны өмчлөгч нар нь өөрийн орон байрандаа амьдарч байсан нь баримтаар тогтоогдсон. Гэвч өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууцанд амьдарсан атлаа өмчлөгчөөр тогтоолгож чадахгүй гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудал үүссэн учраас нийт хөрөнгө оруулсан 53,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.Б ы тайлбарын агуулга: 120,000,000 төгрөгийн орон сууц худалдаж аваад зээлийн хүүг 1 жил гаруй төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Л.С, Г.Д нар нь хариуцагч Ц ХХК , Н.Б нарт холбогдуулан орон сууц захиалах гэрээнээс татгалзан, гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц ХХК ...Л.С тэй гэрээ байгуулаагүй, компанийн хувьцаа эзэмшигчид хоорондоо мөнгө зээлүүлээд түүнийгээ компаниас нэхэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч Н.Б ...Л.С гийн дүү Г.Б оос зээлж авсан мөнгөө Цагаан хуаран хотхоныг барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан тул компани хариуцах үүрэгтэй... гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гарган маргажээ. /хх1-4, хх-238, 2хх139-141, 3хх62-63/
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н.Б д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Ц ХХК , Г.Д нар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, консулын гудамж В1 блок, 2 дугаар орц, 2 давхар А загвар* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг, нийт 90,540,000 худалдах, худалдан авагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /хх66-68/ байх ба уг орон сууцыг Г.Д эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
4.а. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
5. Нэхэмжлэгч нар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг Ц ХХК -ийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт болон тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдсон. /хх105, 114, 235-236/
6. Ц ХХК -аас Г.Д ад худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор орон сууц чөлөөлөх тухай албан бичгээр удаа дараа мэдэгдсэн ба орон сууцны төлбөр төлөх үүргээ худалдан авагч хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр худалдагч Ц ХХК гэрээнээс татгалзсан байна.
6.а. Үүний дараа Ц ХХК нь А.А тай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А.А ын нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ./хх75-80, 85/
6.б. Иймээс хариуцагч Ц ХХК нь орон сууцыг буцаан өөрийн эзэмшилд хүлээн авч гэрээний зүйлийг дахин бусдад худалдсан гэж үзэхээр байна.
6.в. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг. Талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нар гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч Ц ХХК -аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд гэрээний үнэд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч Ц ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Л.С, Г.Д нарт олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
7. Ц ХХК -ийн гүйцэтгэх удирдлагаар 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.Одхүү, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.Б , 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П.Г , 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.О нар тус тус бүртгэгдсэн байна. /хх63-64/
7.а. Тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал П.Г нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны тодорхой хаягт байрших газарт захирамж гаргуулахаар хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, тус хорооны нэгж талбарын 136004/0180 дугаар бүхий * м.кв газрыг Ц ХХК -д 5 жилийн хугацаатай орон сууц, оффис, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /2хх87-197/
7.б. Дээрх барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор Н.Б нь иргэн Л.С д хандаж санхүүгийн туслалцаа хүссэн ба уг саналыг хүлээн авч Л.С нь дүү Л.Батдорж, Н.Гантуяа нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууцыгК ХХК -д барьцаалан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч уг мөнгөн хөрөнгийг Н.Б д шилжүүлсэн үйл баримт хариуцагч Н.Б ы тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /3хх62-63/
Гэвч Н.Б нь зээлж авсан 30,000,000 төгрөгөө буцаан төлөөгүйн улмаас иргэн Г.Б өөрөө уг зээлийг банкинд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болох ньК ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна./хх-11/
7.в. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зохицуулжээ.
Хариуцагч Н.Б ы хувьд барилга барихын тулд газар чөлөөлөхөөр бусдаас 30,000,000 төгрөг зээлж авсан гэж хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна 30,000,000 төгрөг авсан этгээд болон Г.Б нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нар Ц ХХК -ийн барилгын үйл ажиллагаанд зарцуулахаар 30,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7.г. Хариуцагч Н.Б зээлээр авсан мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд буюу газар чөлөөлөхөд зарцуулсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
8. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан этгээдээс мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Иймд хариуцагч Н.Б нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.Б аас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С, Г.Д нарт олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
8.а. Харин хариуцагч Н.Б нь ...Капитал банк дахь барьцааны орон сууцны зээлийн хүүг Ц ХХК жил гаруй хугацаанд төлж явсан гэх агуулгаар тайлбарласан /3хх62-63/ ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулахад компанийн архивд байгаа гэж хариулсан байдлаас үзвэл уг зээлийн хүүг Ц ХХК төлсөн гэх байдал хэргийн баримтаар мөн нотлогдохгүй байна. Талууд гэрээнээс татгалзаж өгч авсан зүйлээ харилцан буцааж байгаа тохиолдолд тухайн банкинд төлсөн зээлийн хүүг хохирол гэж үзэн шаардах эрхгүй.
8.б. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК -аас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С, Г.Д нарт, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б аас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С, Г.Д нарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д , Л.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК -аас 257,950 төгрөг, хариуцагч Н.Б аас 307,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.С, Г.Д нарт олгосугай. гэж тус тус өөрчилж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК -ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН