Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2023/00032

 

2023 04 13 207/МА2023/00032

 

 

Х банк ХХК-ийн О салбарын

нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б,

С.Т нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн О салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б, С.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15.019.223,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч С.Тгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч С.Т, Г.Б, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний О салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х банк ХХК-ийн О салбарын О тооцооны төвөөс зээлдэгч Г.Б, С.Т нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х банк ХХК-ийн О салбарын О тооцооны төвөөс ЗГ201642858547 тоот Зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11.741.116,55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.017.028,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.542,72 төгрөг, нийт 15.765.717,28 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Банк зээлдэгчийг сайн дураар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2019 оны 04-р сарын 29-ны өдөр, 2020 оны 10-р сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 8.258.883,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.408.224,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349.615,21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2.500 төгрөг, нийт 15.019.223,27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч Г.Б, С.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй. Одоо хагалгаанд орох учраас үндсэн зээлийг төлөх боломжтой тул хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б, С.Т нараас үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны О салбарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т давж заалдсан гомдолдоо:

...2018 оны 03 сараас хойш графикийн дагуу мөнгөө төлж чадахгүй болсон. Эрүүл мэндийн байдлаас болсон бөгөөд энэ талаар эдийн засагчид амаар болон бичгээр мэдэгдсэн. Бие гайгүй болж ажил хийх гэтэл короно гарч хөл хорио тогтоогоод ажил хийж чадаагүй. Хөл хорионы үеэр банкууд зээл, хүүгээ түр хугацаагаар зогсоож хойшлуулж байгаа гэхээр нь эдийн засагчид бичгээр хүсэлтээ өгсөн. Банк алданги тооцсон гээд 110.000 төгрөг, 108.000 төгрөгөөр хэд хэдэн удаа төлсөн. Энэ мөнгийг огт тооцоонд оруулаагүй байна. 15.765.717,45 төгрөг дээр нэмж төлсөн мөнгөө тооцуулах хүсэлтэй байна. 2018 оноос 2022 он хүртэл хүү тооцож нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд хандах байсан бол эрт хандаад хүүгийн зогсоох бүрэн болж банкинд байхад тэгэхгүй чимээгүй байгаад байсан. 15.019.223,27 төгрөгийг төлж чадахгүй. Банк албаар байлгаж хүү тооцож биднийг хохироож байна. Манай нөхөр 2002 онд зүүн хөлнийхөө шагайг гэмтээж зөөлөн эдгүй болчихсон. Явцаараа эдгэрэх боломжгүй заавал шагайны үе солиулах хагалгаанд орох заалттай юм. Бидний энэ байдлыг харгалзан үзээд үндсэн мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрт үнийн дүнг багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Б, С.Т нарт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4.-т заасан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Х банкны О салбар шүүхэд ...үндсэн зээл-8.258.883 төгрөг, зээлийн хүү-6.408.224 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-349.615 төгрөг, нотариатын хөлс-2500 төгрөг бүгд 15.019.223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Б, С.Т ...эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаанд орох учраас үндсэн зээлийг төлөх боломжтой. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.Талууд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж хариуцагч нар 20.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан, зээлийн гэрээний хугацаа 2019 оны12 сарын 10-ны өдөр дуусгавар болсон, тэрээр үндсэн зээл-11.741.116 төгрөг, зээлийн хүү 4.017.058 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.725 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй байна.

5.Хариуцагч нар 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.512.000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 1.700.000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.212.000 төгрөг төлж, 12 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх төлбөрөө төлөөгүй, зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20/278 дугаартай Зээл төлөх мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон байна.

6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасанчлан зээлдэгч нар хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүгийн тооцоолборыг зээлийн гэрээнд заасан хэмжээгээр тооцох ёстой.

7.Гэвч нэхэмлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд ирүүлсэн Зээлийн бүртгэлийн карт гэсэн бичвэртэй баримтаас үзэхэд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолборыг 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар нэгтгэж тооцож хийсэн нь учир дутагдалтай өөрөөр хэлбэл хэтэрсэн хугацааны хүүг сараар эсхүл жилээр, хэдэн хувиар хэрхэн тооцсон нь тодорхой бус байна.

8.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл-ийг хүлээн авч тухайн үед үндсэн зээл-8.258.883 төгрөг, зээлийн хүү-4.143.706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү -255.124 төгрөг нийт 12.657.714 төгрөг төлөх үүрэгтэй болохоо мэдсэн байна.

9. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө, мөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн байхад нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах санал гаргаагүй байна.

10.Дээрх байдлаас дүгнэхэд Давж заалдах шатны шүүхээс Зээлийн гэрээнд заасан талуудын хүлээх үүргийг тэнцүү байдлаар ногдуулж, зээлийн төлбөр төлөх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож, Зээл төлөх мэдэгдэлд бичигдсэн зээлийн төлбөрийн хэмжээгээр буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 12.657.714 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү -2.264.518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү- 94.491 төгрөг, нотариатын хөлс-2500 төгрөг бүгд 2.361.509 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иймд хариуцагч С.Тгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б, С.Т нараас үндсэн зээл 8.258.883 төгрөг, хүү 4.143.706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 255.124 төгрөг, нийт 12.657.714 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн О салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.361.509 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...233.033 төгрөг гэснийг ...217.473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн О салбарт олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.Тгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 233.046 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.УГ Б.О