Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0653/З |
Дугаар | 221/МА2019/0216 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0216
2019 оны 04 сарын 17 өдөр Дугаар 221/МА2019/0216 Улаанбаатар хот
Д.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын давж заалдах гомдлын дагуу Д.Х-н нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Х-ыг урьд эрхэлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх 8,973,123 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг суутган 8,053,922 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч энэ хугацааны эрүүл, мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У давж заалдах гомдолдоо: Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10.3, Авлигын уэсрэг хуулийн 33.1.13, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Д.Х-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд Д.Х хууль зөрчиж томилсон талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Д.Х Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргаар томилсон.
Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн ... томилж, чөлөөлнө” гэж заасныг зөрчиж буюу архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслээгүй, Төрийн албаны зөвлөлөөс Д.Х Архивын ерөнхий газрын даргаар томилуулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулаагүй, түүнчлэн төрийн жинхэнэ албанд урьд нь огт ажиллаж байгаагүй Д.Х-н хангаж чадахуйц ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг зөрчиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дангаараа баталгаажуулан сонгон шалгаруулалтыг хэлбэрийн төдий зохион байгуулж томилсон байдаг.
Архивын ерөнхий газрын даргын албан тушаалаас Д.Х чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлийн талаар:
Архивын ерөнхий газрын хамт олны төлөөлөл “... архивын баримтыг өөрийн танил талдаа их хэмжээгээр үнэ төлбөргүй хуулбарлан олгох зөвшөөрлийг тасралтгүй өгч байгаа нь Монгол Улсын Архивын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журамтай онц харшилдаж байна. Энэхүү байдал нь Монгол Улсын ой санамж болох түүхийн үнэт баримт үнэгүйдэхэд хүргээд байна”, “Өөрийн танил тал хүмүүсээ ажилд авахын тулд алдаа эндэгдэлгүй ажиллаж байгаа зарим хүмүүст дарамт шахалт үзүүлж, тэднийг хууль бусаар хүчээр өргөдөл бичүүлэн, албан тушаалыг нь өөрчлөх явдал удаа дараагаар гарч байна”, “Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдаар өөртөө хов зөөлгөж, хооронд нь хагалах байдлаар Архивын ерөнхий газрын ажлыг хийж байна”, “Тус аривын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Архивтай хамтарсан үзэсгэлэн Бээжин хотноо зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Архивын ерөнхий газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гадны байгууллагын 2 хүнийг хууль зөрчин Архивын ерөнхий газрын зардлаар авч явсан” тухай өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр гаргасан.
Мөн Д.Х-н дур зоргоороо аашлан аяглах нь хэр хэмжээнээс хэтрээд байгаа, Д.Х-н хувийн компанид ажиллаж байгаа мэт нөхцөл бүрдээд байгаа талаар өргөдлийг Архивын ерөнхий газрын хамт олноос Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудын нэр дээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин гаргасан.
Дээр дурдсан өргөдөлд дурдсан асуудлыг үндэслэлтэй эсэхийг хянаж шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Архивын ерөнхий газрын зарим үйл ажиллагаанд тус яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн. Д.Х нь Архивын ерөнхий газрын даргаар 6 сар хүрэхгүй хугацаанд ажиллахдаа дараах зөрчил дутагдлыг гаргасан болох нь тогтоогдсон байдаг. Үүнд:
Д.Х нь архивын баримтын хуулбарыг үнэ төлбөргүйгээр бусдад олгосон. Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/168 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд зааснаар тооцож үзэхэд Д.Х нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан 7.210.000 /долоон сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн баримтын хуулбарыг танил талдаа давуу байдал олгож үнэ төлбөргүй олгожээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад томилолтоор явахдаа Архивын ерөнхий газраас зардлыг нь гаргаж, гадны 2 хүн авч явсан ба тухайн иргэд томилолтын хугацаанд ямар нэгэн үүрэг хүлээж, ажил хийж гүйцэтгээгүй. Үүнд 3.185.000 төгрөг зарцуулсан.
Д.Х нь өөрийн сургалтын төлбөр болох 2.125.000 төгрөгийг Удирдлагы академийн данса руу шилжүүлсэн.
Архивын ерөнхий газрын зарим ажилтнуудад дарамт шахалт үзүүлдэг болох нь тогтоогдсон.
Мөн шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудсанд Д.Х Засгийн газрын тогтоолоор Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд хууль зөрчиж томилсон тухай дурдаад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулахаар санал гаргасан байна.
Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1-1/2176 тоот албан бичгээр Д.Х үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсний дагуу Д.Х Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Гэтэл анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж доорх гомдлыг гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 194 дүгээр тогтоолоор Дамдинсүрэнгийн Хоролдамбыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт: ... Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн ... 15 дугаар зүйлийн 15.1.7-д зааснаар “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших-ыг төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон.
Гэтэл Д.Х нь Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа дээрх хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Д.Х үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг заасан бөгөөд энэ хуулийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүлээлгэх хариуцлагыг Авлигын эсрэг хуульд өөрөөр буюу тусгайлан заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтны авлигын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээх үүрэг, хориглолт хязгаарлалт, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага /эрүүгийнхээс бусад/-ыг Авлигын эсрэг хуульд нарийвчлан зохицуулсан байна.
... Д.Х-н Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байх /эхний 6 сарын/ хугацаанд гаргасан зөрчил дутагдал буюу архивын баримтыг үнэ төлбөргүйгээр хуулбарлан олгосон, төсвийг хувийн зорилгодоо ашигласан, танилц талдаа давуу байдал олгосон, төрийн албан хаагчдад шахалт дарамт үзүүлсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль /26.7/, Авлигйн эсрэг хууль /33.1.3/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /29.2.4/-ийн алийг нь үндэслэл болгосон зөрчил гаргасан албан тушаалтныг “ажлаас нь халах” зохицуулалттай байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4 дэх заалтад заасан үндэслэл журмын дагуу Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Х-д Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга биечлэн уулзаж, мөн түүнтэй утсаар ярьсан тухай нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам Архивын ерөнхий газрын даргыг томилж, чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд хуулиар гагцхүү Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасан нь шүүгчийн гаргасан шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, нотлох баримт үнэлж дүгнээгүй учир давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хянаж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Шүүх үйл баримтыг тогтоогоогүй байтлаа “... хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1 дэх заалтад заасан “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “хэрэг зөрчил гаргаагүй бөгөөд энэ нь тогтоогдоогүй буюу нотлогдох боломжгүй” гэх, хариуцагчийн татгалзлын үндэслэл болох “нэхэмжлэгчийг ... Засгийн газрын тухай хууль зөрчиж томилсон, ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид зориулан баталсан”, “... нарыг өргөдлөө өгч ажлаас гарахыг хууль бусаар тулган шаардаж улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн албаны тухай хууль зөрчсөн”, “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай ... журмыг дур мэдэн зөрчиж, архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон”, “... дур мэдэн дахин томилолтоор ажиллуулах тушаал гарган ... архивын байгууллагад ажилладаггүй 2 хүнийг бүрэлдэхүүн нь оруулж тэдэнд ирж очих онгоцны тийзнээс гадна ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулж нийт 1,620,000 төгрөг олгосон”, “өөрийнхөө сургалтын төлбөр болох 2,125,000 төгрөгийг Удирдлагын академийн данс руу шилжүүлж, Авлигын эсрэг хуулийн ... төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн”, “2017 онд нийт албан хаагчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулан ялгамжтай байдлаар олгосон” зэрэг талуудын маргаж буй бүхий л үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.
Дээрх үйл баримтууд нь ямар баримтаар хэрхэн нотлогдож, эсхүл няцаагдаж байгаа, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримтуудыг актын үндэслэл болсон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа талаас нь үнэлж дүгнэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар энэ хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсний дараа холбогдох хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Түүнчлэн, “Д.Х нь архивын баримтын хуулбарыг үнэ төлбөргүйгээр бусдад олгосон. Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/168 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд зааснаар тооцож үзэхэд Д.Х нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан 7.210.000 /долоон сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн баримтын хуулбарыг танил талдаа давуу байдал олгож үнэ төлбөргүй олгосон” гэх захиргааны актын үндэслэлийн талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулж, шалгасны үндсэн дээр дүгнэлт өгөх нь зүйтэй.
Мөн, анхан шатны шүүх “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр зөрчил илэрсэн гэж үзвэл үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор сахилгын хариуцлагыг ногдуулахаар байжээ. Мөн энэхүү зөрчлийг тушаал гаргасан өдрөөр тооцон үйлдэгдсэн гэж үзвэл 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 6 сарын хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан байхад сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа дууссанаас хойш 3 сар 14 хоногийн дараа сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлсөн байна” гэж дүгнэжээ.
Хэрэв шүүх зөрчил гаргаагүй гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох шаардлагагүй, харин зөрчил гаргасан нь тогтоогдвол хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд ингэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд зөрчлийг илрүүлснээс хойш дээрх хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Маргаж буй үйл баримтууд болон нотлох баримтуудыг нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий актыг гаргахдаа шалгаж тогтоосон байдал, түүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн, ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байсан эсэх талаас нь үнэлж, дүгнэх шаардлагатай. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ