Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01301

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 210/МА2023/01301

 

 

У Х Г- ХХК, Х-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02256 дугаар шийдвэртэй,

У Х Г- ХХК, Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

З.Э-д холбогдох

Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У Х Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: У Х Г- ХХК нь Х-ХХК-тай 2020 оны 05 сарын 07-ны өдөр ЗГ/202045299004 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр ФД/202045299004 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, JTMHU01J304201298 арлын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн хар өнгийн автомашиныг банкны 162,800,000 төгрөгийн зээлээр 96 сарын хугацаатай, сар бүр 2,940,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнд коронавирус халдварт өвчний улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2 удаа буюу 2020 оны 12 сарын 09-ний өдөр, 2021 оны 03 сарын 02-ны өдрүүдэд тус тус холбогдох өөрчлөлтийг оруулсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуцийн гэрээ байгуулагдсан.

Гэтэл гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан автомашин нь Х-ХХК-тай байгуулсан гэрээний оролцогч бус З.Э-ийн эзэмшилд шилжсэн байсан тул уг автомашиныг авахаар 2020 оноос хойш хөөцөлдөж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х-ХХК ба У Х Г- ХХК эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

У Х Г- ХХК-ийн хувьд уг тээврийн хэрэгсэл 2020 оны өвөл З.Э-д очсон, яагаад түүний эзэмшилд очсон талаар мэдэхгүй, харин Х-ХХК-ийн хувьд 2022 оны 06 сараас хойш У Х Г- ХХК зээлээ төлөхгүй нөхцөл үүссэнээр тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байгааг мэдсэн.

Гэтэл З.Э- нь У Х Г- ХХК-ийн эзэмшлийн, Х-ХХК-ийн өмчлөлийн дээрх автомашиныг өөрийн эзэмшилдээ хууль бусаар байлгаж байна. З.Э- нь автомашиныг буцаан өгнө, очиж уулзана гэсээр өдийг хүрсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Х-ХХК, У Х Г- ХХК нар хамтран өөрсдийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг З.Э-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: У Х Г- ХХК-ийн нэр дээр автомашин зээлээр худалдан авахаар тохиролцож 2020 оны 05 сарын 07-ны өдрийн ЗГ/20204529904 дугаартай зээлийн гэрээний урьдчилгаа төлбөр 18,100,000 төгрөгийг З.Э- нь У Х Г- ХХК-ийн Х-ХХК-ийн 0000000000 тоот дансанд шилжүүлсэн, мөн 0000000000 тоот дансанд даатгалын төлбөр 2,170,800 төгрөгийг, мөн 2020 оны 09 сарын 16-ны өдөр 3,120,900 төгрөг, 11 сарын 03-ны өдөр 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд цар тахлын улмаас зээлийг төлж чадаагүй. У Х Г- ХХК-ийн өмнөх захирал н.Мөнхтуяатай амаар ярилцаж автомашины урьдчилгааг төлж, ийнхүү тохиролцохдоо 2028 он хүртэл төлбөрийг төлж дуусгана гэсэн, түүнээс биш сард хэдий хэмжээний төгрөг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон ба өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл У Х Г- ХХК нь автомашины өмчлөгч биш, Х-ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлага хэрэгт байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн. Учир нь хэрэв хууль бус гэж үзсэн бол Х-ХХК нь З.Э-өөс шаардах ёстой, гэтэл Х-ХХК-аас З.Э-өөс автомашин шаардсан зүйл байхгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч З.Э-өөс 81-63 УАК улсын дугаартай, Тоёота ланд крузер 200 загварын, хар өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч У Х Г- ХХК-д олгож, уг тээврийн хэрэгслийг хариуцагч З.Э-өөс гаргуулах тухай нэхэмжлэгч Х-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч З.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У Х Г- ХХК-д олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхол хохирсон.

Шийдвэрт нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэжээ. 2023 оны 05 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч би нэхэмжлэгчийн шинэ нотлох баримттай танилцах, түүний үндсэн дээр хүсэлт гаргахаа илэрхийлж шүүх уг хүсэлтийг хангаж шүүх хурал 20 минутаар хойшилсон. Нотлох баримттай танилцаж шүүх хуралдаан үргэлжлэхэд хууль зүйн туслалцаа авах, тайлбар, татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг нотлох зорилгоор өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж хариуцагчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч У Х Г- ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлж шүүх хуралдааныг хийсэн. Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан хүсэлт гаргах үе шат дууссаны дараа хүсэлтээ гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, мэтгэлцэх үе шат эхэлсний дараагаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргахад шүүхээс хангаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч У Х Г- ХХК, Х-ХХК нар хариуцагч З.Э-д холбогдуулан JTMHU01J304201298 арлын дугаар, 81-63 УАК улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах эрхийг нь шүүх эдлүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримт гаргасантай хариуцагч тал танилцаж, үүнтэй холбогдуулан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт хэлэлцэх үе шат өнгөрсөн гэх үндэслэлээр дээрх хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу бөгөөд хариуцагч тал мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх үе шатанд хүсэлтээ гаргасан байна. Түүнчлэн хэргийн оролцогчийн хууль туслалцаа авах эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих боломжтойг шүүх анхаараагүй байна.

Хариуцагчийг төлөөлж Б.Алтансүх 2023 оны 03 сарын 09-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд урьд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байгаагүй, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй нь хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах үндэслэл болно.

 

4. Иймд анхан шатны шүүх хариуцагч талын буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүйгээс хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талтай тэгш эрхтэйгээр мэтгэлцэн оролцох, тайлбар татгалзлаа нотлох боломжтой байсан гэж үзэхээргүй байна.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ