Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01398

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01398

 

2023 07 19 210/МА2023/01398

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэртэй

Д.Д-гийн нэхэмжлэлтэй,

ЦЕГ-т холбогдох,

Гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хархүү, түүний өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2013 оны 12 сарын 19-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засварын буудлаас зам хөндлөн гарах явцад УБТЗ дахь Цагдаагийн офицер, ахмад Ж.Г- 00-00 УНМ улсын дугаартай Тоёото-ипсум маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин явган зорчигч намайг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан.

Уг гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн х\ч В.Э-шалгаж, Ж.Г-т таслан сэргийлэх арга хэмжээг зохистой хэрэглээгүйн улмаас Ж.Г- нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор улсын хилээр гарч оргон зайлсан. Ж.Г-ыг интерполын шугамаар эрэн сурвалжилж В-2532\7-2018 дугаартай хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020 оны 03 сарын 08-ны өдөр Швед улсын Акалла хотод зөрчил гарган саатуулагдсан нь тогтоогдсон байхад ЦЕГ-аас түүнийг шилжүүлэн авах арга хэмжээ аваагүй нь гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан гэмт этгээдэд боломж олгосон гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 1075 тоот тогтоолоор хэргийг хааж, энэхүү гэмт хэргийн улмаас Д.Д-гийн эрүүл мэндэд учруулсан хохирол, эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний шүүхэд хандан гэм буруутай этгээдээс шийдвэрлүүлэх эрхтэй гэж зааснаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч цагдаагийн хошууч В.Э- буруутай үйл ажиллагаанаас болж яллагдагч Ж.Г- мөрдөн байцаалтаас оргон зайлсан, оргох бололцоог хангасан В.Э- буруутай.

Иймд ЦЕГ-аас Д.Д-гийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр 97,117,669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд 97,117,669 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүнд эрүүл мэндэд учирсан хохирол бус банкнаас авсан зээлийг хамааруулан тооцсон атлаа эрүүл мэндэд учирсан хохиролдоо дээрх зээлүүдийг тооцсон нь үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно, Эрүүгийн байцаан шийтгэх тухай /2002 оны/ хуулийн 30 дугаар 30.1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно гэж зааснаар цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүх ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба цагдаагийн байгууллага гэмт хэрэгт тус прокурорын хяналтгүй, дур мэдэн ажиллагаа явуулдаггүй.

Яллагдагч Ж.Г- анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээтэй байсан, мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан магадлалд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй гэж дурдсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гээд цагдан хорих үндэслэлийг тодорхой заасан. Мөн хуулийн 68.3-т энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал мөрдөн байцаагч нь яллагдагчийг цагдан хорих үндэслэлээ прокурорт танилцуулж прокурор шүүхэд танилцуулж шүүгч цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дурдаж байгаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн байцаагч шууд авдаггүй, прокурорын хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм.

Мөн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээд, сураггүй алга болсон хүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах, гэмт хэрэг, гэмт этгээдийн талаар мэдээлэл солилцох гэсэн чиг үүрэгтэй бөгөөд гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй.

Нэхэмжлэлд дурдсанчлан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон үйл баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаагч тухайн үедээ өөрөөс хамаарах, хуулийн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийгээд оргон зайлсан байхад албан хаагчийг буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасантай нийцэхгүй, хамаарахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ЦЕГ-аас 97.117.669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643.538 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЦЕГ-аас 643.538 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тус тус зааснаас үзэхэд цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба цагдаагийн байгууллага гэмт хэрэгт тус байгууллагын хяналтгүй, дур мэдэн ямар нэг ажиллагаа явуулдаггүй.

Шүүхийн шийдвэрт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэргийг очтол Ж.Г-т урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байхад мөрдөн байцаагч нь түүнд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зохих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд батлан даалт-д өгөх таслан сэргийлэх нэг л арга хэмжээ заагдсан ба шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ нэгэнт авсан байхад хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж ирсний дараа мөрдөн байцаах дахин таслан сэргийлэх арга хэмжээ заавал авна гэсэн зохицуулалтгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээтэй хүнд дахин таслах сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж хариуцагчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн дурдаж буй цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурорын хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Тухайн хэрэг яллагдагчид энэ арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байхад авах боломжгүй ба хуулийн байгууллагаас зохих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дүгнэлтийг батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг шүүхээс авсан учир Ж.Г- оргон зайлсан, цагдаагийн байгууллагын мөрдөгч В.Э-уг таслан сэргийлэх арга хэмжээг авсан бол оргохгүй байжээ гэх утгаар тайлбарласан нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангасан бөгөөд хуулийн зохицуулалтаас үзвэл 498.2 дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар нэг үйл баримт байх шаардлагатай бөгөөд мөрдөн байцаагч тухайн үед өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийсэн байхад оргон зайлсан үйлдэлд нь иргэний хэргийн шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллагаа дутуу хийсэн гэж алба хаагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын чиг үүрэг нь гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй болохыг шүүхээс үнэлж дүгнээгүй байна.

Шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 05 д сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Ж.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэснийг дурдаад, прокурор бүрэн эрхийн хүрээнд хэргийг хааж шийдвэрлэсэн байхад хаагдсан хэрэгт мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн прокурорын байгууллагын бүрэн эрхэд шууд халдаж байна.

Шүүхийн шийдвэрт ...иймд хариуцагч ЦЕГ-ын ажилтны буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Д.Д-д эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь Ж.Г- байхад цагдаагийн байгууллага, түүний мөрдөгч яаж тухайн хохиролд хамаарч байгаа нь ойлгомжгүй. Хэрэв цагдаагийн байгууллага, түүний мөрдөгч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд хамаатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж, хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүн таслах чиг үүрэгтэй шүүх ч мөн хариуцагч байх үндэлсэлтэйг анхаарч үзнэ үү.

Мөн ....нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж дурдсан атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг зааж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь цагдаагийн ажилтан. Цагдаагийн 2 ажилтны буруугаас миний гэр бүл 10 дахь жилдээ хиймэл үетэй, бусдын асрамжид, байнгын хэвтэрт байна. Манай гэр бүлийн хувьд хуулийг гууль болтол, эзэнтэй хэргийг эзэнгүй хэрэг болтол шалгасны хор уршгийг өнөөдөр бид амсаж байна.

Уг хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс нотолж, хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн байгууллагын 2 ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж, хохирол үүссэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. ЦЕГ-ын хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд тухайн байгууллагын толгой байх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нь иргэн би уншаад ойлгогдохгүй, хоёрдмол утгатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч ЦЕГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 3.1. Ж.Г- нь 2013 оны 12 сарын 19-ний өдөр 18:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засварын автобусны буудлын замд 00-00 УНМ улсын дугаартай Toёото-Ипсум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явганаар зорчиж явсан Д.Д-г мөргөж хүнд гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 12 сарын 24-ний өдрийн 344 тоот актад Д.Д-гийн биед хэвлийн битүү гэмтэл, давсаг, нарийн гэдэсний чацархай, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа, аарцаг ясны зүүн талын умдаг болон суудал яс, баруун талын суудал яс, баруун атгаал ясны зөрөөтэй хугарал, духанд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлчлэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлтээр тогтоогджээ.

Ж.Г-ын дээрх үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2015 оны 09 сарын 24-ний өдрийн 70 дугаартай Яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

3.2. ЗЦГ-ын ГХТГ-ын ЭХБМБХ-ийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.А-гийн 2014 оны 01 сарын 02-ны өдрийн Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол-оор Ж.Г-т мөрдөн шалгах ажиллагааны явцад гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

3.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 0000 дугаартай Шийтгэх тогтоолоор Ж.Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-гийн биед хүнд гэмтэл учруулсан, ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ыг ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Г-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол Ж.Г-т урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.4. Ж.Г- нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 10 сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан, буцаж орж ирээгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа талаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Эрэн сурвалжлах ажиллагааг явуулах тухай мөрдөгчийн тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 1075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд дурджээ.

3.5. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Ж.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.

3.6. Дээрх зам тээврийн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Д-д хүнд гэмтэл учирч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний болон бусад зардал 97,117,669 төгрөг болсон нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0000 дугаартай Шийтгэх тогтоол, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

3.7. Ж.Г- нь мөрдөн шалгах ажиллагаанаас 2016 оны 10 сард оргон зайлж улсын хилээр нэвтэрсэн байхад цагдаагийн байгууллага 2018 оны 07 сарын 27-ны өдөр Интерполын бүх гишүүн улсуудад хандан Хөх булант зар байршуулж оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Эрэн сурвалжлах ажиллагааг явуулах тухай мөрдөгчийн тогтоол, тус газрын мөн өдрийн 06/5984 тоот албан бичиг, Интерполын үндэсний төв товчооны 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 13/322 тоот хариу мэдэгдэх хуулас, ЦЕГ-ын 2022 оны 04 сарын 14-ны өдрийн 12/116 тоот танилцуулгад тус тус дурдагджээ.

 

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэйг хуульчилсан.

4.1. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн яллагдагч Ж.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч В.Э-нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуулийг чанд сахиж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх ажиллагааг явуулаагүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 97,117,669 төгрөгийн хохирлыг В.Э-ыг ажиллуулж буй ЦЕГ- хариуцан арилгах үүрэгтэй талаархи үйл баримт, шалтгаант холбоог зөв тогтоосон байна.

4.2. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаахдаа тодорхой ажиллагааг хуульд нийцүүлэн дахин гүйцэтгүүлэхээр заасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаагч, прокурор заавал биелүүлэх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.6 дахь хэсэгт заасан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусгах, шаардлагатай тохиолдолд прокурорын хяналтанд хэргийн хугацааг сунгахаар хуульчилжээ.

4.3. Мөрдөн байцаагч нь дээрх хугацаанд магадлалын заалтыг хэрхэн биелүүлж, ямар тодорхой ажиллагааг гүйцэтгэсэн болон шүүхээс хэргийг прокурорт буцаасантай холбоотой прокуророос тодорхой чиглэл, даалгаврыг мөрдөн байцаагчид өгсөн бол хэрхэн биелүүлж ажилласан буюу мөрдөн байцаагч хуулиар хүлээсэн, өөрт хамаарах мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч нь мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулсан, мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтанд явагддаг, дангаар ажиллагаа явуулдаггүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй.

4.4. Хариуцагч ЦЕГ-ын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 12/1-1922 дугаартай албан бичигт, мөрдөгч В.Э- буруутай үйлдэл тогтоогдсон ч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэх агуулгатай хариуг нэхэмжлэгч талд өгч байжээ. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн дэд дарга Ч.Б-ын мэдүүлэгт ... В.Э-нь яллагдагч Ж.Г- 2016 онд хилээр гарсан байхад 2018 нод Интерполд мэдэгдсэн, 2 жилийн хугацаанд зарлан мэдээлээгүй нь албан хаагчийн ёс зүйн зөрчил боловч хуульд заасан арга хэмжээ тооцох боломжгүй ... гэжээ.

Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцаасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулж чадаагүй гэж үзэх нөхцөл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6, 8 дугаар зүйлд заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, хууль ёсны байх зарчмыг хууль хэрэгжүүлэгч этгээд үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй нь яллагдагч мөрдөн байцаалтаас оргон зайлах, улмаар уг хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзнэ.

4.5. Иймд мөрдөн байцаагч В.Э-албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас яллагдагч Ж.Г- мөрдөн байцаалтаас оргон зайлж, хохирогч өөрт учирсан хохирлоо Ж.Г-аас шаардан гаргуулах боломжгүй болсныг хариуцагч ЦЕГ- хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Д.Д- нь эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 97,117,669 төгрөг гэж тодорхойлж, хохиролтой холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасантай хариуцагч үндэслэл бүхий тайлбар, баримтаар маргаж няцаагаагүй, уг хохирлын мөнгөн дүнгийн хэмжээг багасгах, үгүйсгэх нөхцөл байдлыг тогтоолгохтой холбоотой баримт, хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаж, зохигч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар нотлох, үгүйсгэх замаар мэтгэлцэж, энэ тухай тайлбар, нотлох баримтаа өөрөө гаргах үүрэг хүлээдэг.

Хариуцагч нь гэм буруугийн талаар маргасан хэдий ч хохирлын мөнгөн дүнгийн талаар маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан баримтуудын эсрэг хариуцагч холбогдох татгалзал, баримтыг шүүхэд гаргаагүй нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч ЦЕГ-аас гэм хорын хохирол 97,117,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ