Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч М.Б-,

хохирогч Х.Б- нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Илжгэн овогт М-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048761220 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Нарны хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Илжгэн овогт М-гийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Б-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эгчийнхээ хүүхдийг сургуульд хүргэж өгөх гээд хоцроосон явж байсан. Гранд плазагаас модны хоёр руу зүүн тийш ногоон гэрлээр ороод хоёрдугаар эгнээгээр зогссон байсан. Баярхүү ах болохоор намайг хоёрдугаар эгнээнээс дарж орсон гээд байдаг. Би эгнээндээ түгжрэлд зогсож байхад над руу хажуу талаас урсгал сөрж орж ирээд бүр наалдах шахаад хаалга онгойлгох ямар ч боломжгүй болтол шахаад зогссон. Урагшаа явахад сүүлд харахад урд байсан Портер маркийн автомашинтай наалдаад гэрлэн дохион гацаад хагараад унасан байсан. Цагдаа энэнд гомдол гаргах уу гэхэд би зүгээр оогоор арчаад зураас сэв арилчихна, өргөдөл гаргахгүй гэсэн. Тухайн үед байсан Портер маркийн автомашинтай наалдаад зогссон хөдлөхгүй байж байгаад, жоохноор урагшлахад хажуу талын автомашин мэдээгүй явсан байх. Би бас тухайн үед наалдаж байхдаа автомашин мөргөлдсөнийг анзаараагүй байсан. Тэгээд би Баярхүү ахыг түр хойшилж бай, урагшлаад гаръя гэхэд чи хоёрдугаар эгнээнээс орж ирчихээд юу яриад байгаа юм гээд хэлэхээр нь нилээн маргалдаж ахыг би ална шүү гэж хэлснээ санахгүй байна гэж хэлээгүй. Хаалга онгойлгох боломжгүй байсан тул нөгөө талын хаалгаар буугаад ахын машин дээр яваад очтол ах машинаасаа буугаагүй, буух боломж байгаагүй, хаалга нь нээгдэх боломжгүй наалдсан байсан. Тэгээд би та холдооч гэсэн чинь хоёрдугаар эгнээнээс дарж орж ирчихээд гээд маргаан үргэлжилж байхад нь би зангатал ах боогоод татсан. Тэр үед миний гар автомашиных нь борооны хаалтанд алга бага зэрэг зүсэгдсэн. Тэгэхээр нь би ахын дух руу нь хоёр удаа цохиход дух нь улайсан байсан. Түүнээс би шүд рүү нь гар хүрээгүй, ах бас зөрүүлээд намайг цохиход бага зэрэг хавдсан байсан. Мөн боохдоо энгэр хэсэг хумсных нь хэлбэрээр шалбарсан байсан. Дараа нь сарын дараа Баянголын цагдаагаас над руу ярьсан. Тэгэхэд надад учирсан байсан бага зэргийн гэмтлүүд эдгэрсэн байсан тул зөрүүлж гомдол гаргахгүй гэсэн. Ийм юм болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б- мэдүүлэхдээ: “Би Гранд плазагаас дээшээ модны хоёр руу өгсөх гээд гуравдугаар эгнээнээс эргэхэд хоёрдугаар эгнээнд явж байсан машин давхар эргээд надаас түрүүлээд орсон. Тэр үед түгжрэлтэй байхад нөгөө машин түрүүлээд хамраа оруулаад зогссон. Би юм болоогүй энэ орчих байх гэж бодоод байж байтал цаанаас нэг Портер маркийн автомашин иртэл тэрэндээ шахуулчихаад цонхоо онгойлгоод чамаас болж би машин шүргэлээ чамайг ална шүү гэхээр нь би чи хэдэн хүн алсан юм гэтэл зорчигчийнхоо хаалгыг онгойлгож миний машины хонхойлгож бууж ирчихээд намайг шууд цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс наадахаа цагдаад өг гэсэн. Тэр үед би сууж байхдаа ганц нэг сарвалзсан. Тэгээд би утсаар 102 дуудахад энэ залуу машиндаа суугаад яваад өгсөн. Эхлээд цаад талын шүргэсэн Портер маркийн автомашины жолооч цагдаад хүн зодчихоод явчихлаа гээд дуудлага өгсөн байсан. Цагдаа 15 минутын дараа ирсэн. Хэрэг болох үед энэ залуу миний уруул руу цохиход цаад талын үүдэн шүд хөдөлж хавдсан, дух руу цохиход дух нээх хавдар байгаагүй. Шүд эмчлүүлэх зардал, хэд хоног хувиараа таксиндаа гараагүй тул нийт 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Х.Б-гийн “2018 оны  09 дүгээр сарын 10-ны өглөөний 11 цагийн үед Гранд плаза их дэлгүүрээс модны хоёр руу дээшээ өгсөөд модны хоёр руу зүүн эргэх замд хоёрдугаар эгнээнээс эргэсэн Приус 20 маркийн автомашины жолооч зам руу шахаад маргалдсан. Тус машины жолооч бууж  ирээд нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Ингээд машинаа унаад л яваад өгсөн. Би цагдаа дуудсан. Цагдаа 10-15 минутын дараа ирсэн. 30 орчим насны 175 см өндөртэй, цайвар царайтай махлаг залуу байсан. Машин бариад явж байхад хоёрдугаар эгнээнээс шахаж орж ирээд хэл амаар доромжилон нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Үүдэн нэг шүд хөдөлсөн. Эмчилгээ хийлгэмээр байна. Жолооч талын хаалганы усны хаялага хагалж гэмтээсэнд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

“... Миний машины цонхоор гараа оруулаад нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Би машинаас буух боломж байхгүй байсан. Намайг  заамдаад нүүр рүү цохисон учраас би өөрийгөө хамгаалсан. Гэхдээ би Б- гэх хүнийг цохисон талаар болох санахгүй байна. ... Шүдээ эмчлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №11059 дугаартай:

“1. Х.Б-гийн биед баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад М.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Усргал сөрөөд Модны 2-ын голын замын гэрлэн дохион дээр би эгнээгээрээ явж байтал, зүүн гар талаас урсгал сөрж орж ирээд хэл амаар доромжилсон. Зайл гэж хэлсэн. Би хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч холдохгүй өөдөөс хэл амаар доромжилоод байсан. Ингэхээр нь би машинаас буугаад очсон чинь Баярхүү машиныхаа цонхыг онгойлгон өөдөөс хэл амаар доромжилсон. Би эхлээд цохих гэж далайтал цонхоор гараа гаргаад миний хоолойг боосон. Би Баярхүүгийн нүүрний дух руу баруун гараараа хоёр удаа цохисон. Мөн Баярхүү миний зүүн нүдний доод хацарт, мөн хоёр удаа цохисон. Ингээд би машиндаа суугаад яваад өгсөн. ... Машинаас Баярхүү буугаагүй. Би машинаас бууж очсон. Баруун гараараа дух руу нь хоёр удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.Б- нь Х.Б-тэй үл ялих зүйлээс болж нүүрэн тус газарт нь цохиж түүний биед баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, М.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 200.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт хохирлын талаар ямар ч нотлох баримт байхгүй тул энэ тогтоолоор хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.

Харин хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Илжгэн овогт М-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.           

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ