| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 102/2019/03655/И |
| Дугаар | 210/МА2023/01670 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/01670
| 2023 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2023/01670 |
К ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/02448 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д ХХК, Т ХХК нарт холбогдох,
52,350,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: К ХХК нь Д ХХК, Т ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЭТ/2018/003 дугаар Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-г байгуулж, ажлыг нийт 58,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
1.1. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг ч бүрэн олголгүй 10,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч зураг төслийг зохиож дуусах үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч үлдэгдэл төлбөр 47,700,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчиж байна.
1.2. Талууд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 019/007 дугаар Баталгаажуулах нь баримтыг үйлдэж, захиалагч нар гүйцэтгэгчид 47,700,000 төгрөгийг төлөөгүй болохыг батгалгаажуулсан байдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 39 сар өнгөрсөн ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар дээрх хэтрүүлсэн хугацааны хуулиар тогтоосон хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
1.3. Иймд Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 47,700,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хүүнд 4,650,750 төгрөг, нийт 52,350,750 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-ний 5.1, 5.2-т заасны дагуу ажлын үр дүн, зураг төслийг Д ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.
2.1. Хэрэгт авагдсан К ХХК-ийн Баталгаажуулах нь гэх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2019/07 тоот албан бичигт Д ХХК-аас гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй байдаг. Түүнчлэн К ХХК-ийн төлбөр шаардсан гэх мэдэгдлүүдийг Д ХХК-д хүргүүлээгүй тул нэхэмжлэгчид ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсэхгүй.
2.2. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч чанартай үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил чанаргүй буюу ажлын үр дүн доголдолтой болох нь тогтоогдсон.
2.2.а. Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээний 1.4, 4.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч зураг төслийг экспертизээр хянуулж магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэснээр сая ажлаа бүрэн дуусгасанд тооцож гэрээнд заасан чанарын шаардлага хангасан үр дүнг хүлээлгэн өгөх байсан. Гэтэл ажлын үр дүнг нотлох акт болох Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон болно.
2.2.б. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалын ерөнхий дүгнэлт нь хүчингүй болсон нэхэмжлэгчийн зураг төсөлд үндэслэн барилга барих зөвшөөрөл авах боломжгүй тул Д ХХК уг доголдолтой үр дүнг хүлээн авах үүрэггүй, үүнтэй холбоотой хөлс төлөх үүрэггүй болно.
2.2.в. Нэхэмжлэгч нь барилгын зургийг захиалагчийн даалгаваргүй зурснаа хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн зураг төслийг зурахын өмнө нэхэмжлэгчээс барилга баригдах үйлдвэрийн талбай дээр очиж танилцаагүй, газар дээр нь очиж үзээгүй байж хэрхэн барилгын зураг төсөл боловсруулсан нь ойлгомжгүй. Мөн мэргэжлийн зураг төслийн компани гэх мөртлөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулж өөрчилсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очбаясах өмнөх шүүх хуралдаанд хэлдэг. Гэтэл зураг төсөл хийлгэх үйлдвэрийн байршил Дорнод аймагт бөгөөд газар зүйн онцлог, байрлал, хөрсний чанар зэрэг хүчин зүйлс өөр байхад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зургийг ашигласан нь үндэслэлгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Д ХХК-тай харилцаж байгаагүй ба Т ХХК-тай тохиролцоод хуучин зургийг эвлүүлээд хийсэн гэж үзэж байна.
2.2.г. К ХХК нь үүдийн төмрийн хүдрийн барилга байгууламж барих Дорнод аймгийн Булган сумын нутагт газарт очиж өрөмдлөг, шинжилгээ хийх ёстой байхад хийгээгүй, геодези, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй, Экогео гэх ХХК-ийн инженер геологийн дүгнэлтийн архивын хуулбарыг ашигласан байдаг. Гэвч уг барилга барих газар дээр инженер геологийн дүгнэлтийг архивын хуулбар ашиглах боломжгүй, шинээр мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой байхад архивын хуулбараар орлуулсан нь цаашид гарах эрсдлийг тооцолгүй, барилга барих боломжгүй болгосон.
2.2.д. Зураг төслийн иж бүрдэл дотор Хотол орд ХХК-ийн хийсэн халаалт агаар сэлгэлтийн ажлын зураг төсөл нь хэрэглэж байсан зураг төслийг хуулбарласан, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцэхээргүй, Хотол орд ХХК-ийн захирлын гарын үсэггүй, инженерийн гарын үсгийг зургаар буулгаж тавьсан нь шаардлага хангахгүй.
2.2.е. Мөн магадлалын ерөнхий дүгнэлтэд экспертүүдийн дүгнэлтүүд байхгүй, зураг төсөлд Онцгой байдлын газрын хяналтын хэлтсийн мэргэжилтэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Цайны газрын талбай, танхим нь стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрийн барилгатай хэт ойр зурагдсан. Зарим зураг төслийн хэмжилтүүд нь хоорондоо зөрсөн тул барилгын норм ба дүрмийн шаардлага хангахгүй.
2.2.ё. Нэхэмжлэгчийн хийсэн гэх зургийн иж бүрдэл дотор, гадна дотно цахилгааны шугам сүлжээний зураг байхгүй тул энэ нь гэрээний 1.3-т заасан шаардлагыг хангахгүй байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээтэй тохирохгүй байгаа тул ажлын үр дүн биет байдлын доголдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүнг доголдолтой, ажлыг бүрэн гүйцэтгээгүй, барилгын норм ба дүрмийн дагуу зургийг зураагүй, тус зураг төслөөр барилга байгууламж барих боломжгүй, зураг төсөлд магадлал хийсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг илт хууль бус актад тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Анх Д ХХК болон Т ХХК-иуд хамтран Дорнод аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахаар болж, гадны хөрөнгө оруулалт болон тухайн үйлдвэрийн зураг төсөл зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь төмрийн хүдрийн ордоо ашиглах, үйлдвэрлэл явуулах, мөн хөрөнгө оруулагч татахын тулд тухайн орд газартаа барих үйлдвэрийн зураг төслөө хийх ёстой. Ийм учраас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр К ХХК-тай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсэн хөлсийг 58,200,000 төгрөгөөр тохиролцон, гэрээний урьдчилгаанд 10,500,000 төгрөгийг төлсөн. Гэвч хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу нэхэмжлэгч доголдолтой зураг хийж өгсөн нь баримтуудаар тогтоогдсон учир нэхэмжлэгчид төлбөр төлөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д ХХК, Т ХХК-иудаас нийт 52,350,750 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 530,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол нотлох баримт болох Б-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0399 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон тул нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн буюу доголдолгүй үр дүн хүлээлгэн өгсөн үйл баримт үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Д ХХК-аас 017 дугаар албан бичгээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг захиалагч цуцалж, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болсон асуудалд эрх зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүн буюу зураг төслийг хариуцагчийн заавар, даалгаврын дагуу Барилгын хөгжлийн төвөөр хянуулж, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан ба уг ажлын төлбөрийг барилгын хөгжлийн төвд хариуцагч өөрөө төлсөн. 2019 оны 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрч, гэрээт ажлын үр дүнг хүлээж авсан байдаг боловч барилгын ажлаа явуулах хөрөнгө мөнгөний боломжгүй болсон хариуцагч нар нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж, дээрх дүгнэлтийг захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулсан. Дээрх дүгнэлтийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон үндэслэл нь нэхэмжлэгч К ХХК-ийн аливаа буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй ба энэ нь зөвхөн төрийн байгууллагын үйлдэлтэй хамааралтай болох нь илэрхий байна.
Гэтэл хариуцагчаас Б-ийн дүгнэлт хүчингүй болсон нь нэхэмжлэгчийн буруугаас болсон мэтээр тайлбарлаж, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой гэж дурдаж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэж гэрээг цуцалсан. Хэрэв нэхэмжлэгч доголдолтой ажил гүйцэтгэсэн бол үүнийг арилгах боломжийг олгох ёстой байсан. Хариуцагчаас гэрээт ажил дуусахаас өмнө гэрээг цуцлаж, үүргийн харилцааг цаашид үргэлжлүүлэхгүйгээр дуусгавар болгосон тул тэрээр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь гэрээнд заасан зураг төслийг бүгдийг зохиож буюу боловсруулж дууссан байсан ба эдгээр ажлын нийт хөлс 58,200,000 төгрөг болохыг талууд харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлгэж өгөхөөс өмнө буюу зураг төсөл зохиож дууссаны дараа төлөхөөр гэрээний 2.2-т талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээ цуцлагдахад 58,200,000 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул үлдэгдэл 47,700,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч нар уг төлбөрийг төлөх үүрэгтэй юм.
Нөгөө талаас дээр дурдсан ажил дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан бол ийнхүү цуцалснаар ажил гүйцэтгэгчид үүссэн хохирлыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасан байх ба хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Тийм учраас захиалагч нь анх тохиролцсон хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй. Гэрээ цуцлагдсан ч нэхэмжлэгч гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл төлбөр 47,700,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байхад шүүх гэрээ цуцлагдсан асуудалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай.
5.2.Анхан шатны шүүх 0399 дугаартай захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт захиргааны маргаанд нэхэмжлэгчээр оролцсон Д ХХК-ийн хувьд маргах эрхгүй болохоос биш тус захиргааны хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй иргэний хэргийн нэхэмжлэгч К ХХК-ийн хувьд маргах, мэтгэлцэх эрх нь нээлттэй, дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй байдгаас гадна хариуцагч нараас нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар мэдэгдэл ирүүлэх хүртлэх хугацаанд нэг ч удаа энэ талаар мэдэгдэж байгаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0399 дугаартай шийдвэрээр Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг захиргааны актын хувьд илт хууль бус болохыг тогтоосон болохоос биш тус дүгнэлтийн агуулгын хувьд хүчингүй гэж дүгнээгүй болно.
5.3. Д ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 017 дугаартай гэрээг цуцлах албан бичгийг ирүүлэх хүртэлх хугацаанд захиалагч нарын хэн нь ч 2019 онд хүлээж авсан гэрээт ажлынхаа үр дүнг доголдолтой талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байгаагүй, гомдлыг шаардлага гаргасан эсэхэд шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрээт ажлын үр дүнг тогтоох зорилгоор шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Харин шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбоо-ны албан бичгээр захирамжид заасан шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүрэггүй ба холбогдох газарт нь хандана уу гэх хариу ирүүлсэн байдаг. Шүүхээс томилсон этгээд нь шүүгчийн захирамжид заасан дүгнэлт гаргах чиг үүрэггүй гэх хариу өгсөн, мөн нөгөө талаас шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн буюу доголдолгүй үр дүн хүлээлгэн өгсөн эсэх нь эргэлзээтэй, тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэл бүрийг нэг бүрчлэн хянан үзэж, хэргийг бүхэлд нь хянаж зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус маргаан нь ажил гүйцэтгэх гэрээ юм. Бид зураг төслийг хүлээж аваагүй байхад нөгөө тал хүлээлгэж өгсөн учир төлбөрөө авна гэж нэхэмжилсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш бид зураг төсөл, ажлын үр дүнгээр барилга байгууламж барих боломжгүй гэж үзэн гэрээ цуцалсан мэдэгдлийг өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбарласан гэрээ цуцалсан дүгнэлтийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй, үүнд дүгнэлт хийхгүй шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус болсон нь захиргааны акт гарсан цагаас эрх зүйн өөрчлөлтгүй байдаг. Иймд тухайлан агуулга нь хүчинтэй, хүчингүй гэсэн шүүх дүгнэлт гаргах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
К ХХК нь 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн учир төлбөр авах тухай шаардлага гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний чанар шаардлага, тоо хэмжээнд хүрээгүй гэж үзэн маргасан. К ХХК өнөөдрийг хүртэл үүргээ ойлгохгүй илэрхийлж байгаад нь шүүх дүгнэлт хийх шаардлагагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч тал хүсэлт гаргах боломжтой байсан боловч гаргаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохоор гомдол гаргах шаардлагагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Д ХХК, Т ХХК нарт холбогдуулан барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээний үлдэгдэл төлбөрт 47,700,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хүүнд 4,650,750 төгрөг, нийт 52,350,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. Захиалагч Д ХХК, Т ХХК болон гүйцэтгэгч К ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 дугаартай гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч нь Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 58,200,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 9-13/
3.2. Нэхэмжлэгч К ХХК болон хариуцагч Т ХХК тооцоо нийлж, ажлын хөлсний урьдчилгаанд 10,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 47,700,000 төгрөг төлөгдөөгүйг баталгаажуулсан байна. /1хх-18/
3.3. Гэрээний 1.4-т зааснаар нэхэмжлэгчийн боловсруулсан барилгын ажлын зураг төслийн баримт бичгийг Барилгын хөгжлийн төв магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна. /1хх 47-52/
3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаар шийдвэрээр дээрх магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх 175-182/
4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргах эрх хэмжээгүй төдийгүй уг ажлыг зохион байгуулах чиг үүрэггүй атлаа хүн, хуулийн этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхүйц магадлалын ерөнхий дүгнэлт гэх нэртэй эрх зүйн баримт бичгийг гаргаж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан нь хууль бус гэх үндэслэлээр Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрээр Барилгын хөгжлийн төв өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр магадлалын ерөнхий дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоосныг барилгын ажлын зураг төсөл доголдолтой байсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч К ХХК-ийн боловсруулсан барилгын ажлын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомж, барилгын зураг төслийн ажлын норм дүрэм, стандарт-техникийн нөхцөлд нийцсэн эсэх нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн, талууд гэрээт ажлын хөлсийг 58,200,000 төгрөгөөр тогтоосон байх ба үүнээс нэхэмжлэгч хэдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн зэрэг байдлууд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхээс талуудыг маргааны зүйл рүү чиглүүлэх, тодруулах, түүнтэй холбоотой ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/02448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419,704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БЯМБАСҮРЭН