Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 101/2023/00842/И |
Дугаар | 210/МА2023/01263 |
Огноо | 2023-06-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2023/01263
2023 06 26 210/МА2023/01263
*.* ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/02027 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *.* ,
Хариуцагч: *.**
Нэхэмжлэлийн шаарддага: 61,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хаиуцагч *.** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие *.** т 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Турк улсаас 90,300,000 төгрөгийн барааг захиалсан. Урьдчилгаанд 61,500,000 төгрөгийг *.** ийн ***** банк дахь данс руу шилжүүлсэн. Гэтэл *.** нь барааг өгөөгүй тул 61,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *.* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийнх нь гадаад гуйвуулга асуудалтай байгаа тул бараа захиалгын мөнгийг Турк улс уруу шилжүүлж өгөхийг надаас гуйсан. Тухайн өдөр *.* ийн заасан Турк улсын компанийн данс руу мөнгийг нь шилжүүл өгсөн. Тухайн мөнгийг би хувьдаа авч ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *.** т холбогдох 61,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *.* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шуух хурлыг явуулсан гэж үзэж байна.
2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэн ***** банкнаас нэхэмжлэгчийн гадаад шилжүүлгийн лавлагаа гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг бөгөөд энэхүү захирамжийн дагуу ирсэн нотлох баримттай өмгөөлөгч танилцаагүй.
4.2 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгчөөс өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт үйлчлүүлэгчээрээ хүргүүлсээр байтал шүүхээс хүсэлтийг хүлээн авахгүй, өмгөөлөгчөөс хүсэлт хүргүүлснийг мэдсээр байж миний үйлчлүүлэгчид хүсэлт хэлэх боломж олголгүйгээр, ирцтэй холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулалгүй зөвхөн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж шүүх хурлыг үргэлжлүүлэн оролцогчийг шинэ ирсэн нотлох баримт буюу хэргийн материалтай бүрэн танилцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шүүх хурлыг явуулж өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.8, 34.3.9, 34.3.10, 34.3.12-т олгогдсон эрхийг зөрчсөн байна.
4.3 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчаас бараа захиалгад төлсөн 61,500,000 төгрөгөө бараа нь ирээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн буцаан шаардсан. Шаардлагынхаа үндэслэлийг *.** ийн ***** банкны ************ дугаартай данс руу Н-аас барааны үнэ гэсэн утгатай шилжүүлсэн баримтаар нотлохоор шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ *.* ийн гадаад гуйвуулга асуудалтай байсан тул бараа захиалгын мөнгийг шилжүүлж өгөхийг хүссэн гэсэн тайлбар гаргадаг бөгөөд энэхүү тайлбараа Турк улс руу 102,675,444.20 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотолдог. Шүүх энэ үйл баримтыг үндэслэх нь хэсэгтээ дүгнэхдээ хариуцагч нэхэмжлэгчийн бараа захиалгын урьдчилгаа төлбөрийг өөрийн дансаар дамжуулан бараа нийлүүлэгчид шилжүүлсэн гэх тайлбар нотлогдсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.
4.4 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас зөвхөн мөнгийг дамжуулан шилжүүлсэн гэх тайлбар өгсөн атлаа *.* нь бараагаа хүлээн авсан болохыг нотлуулахаар хүсэлт гаргаж байсныг шүүхээс анхааралгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
5.1 2022 оны 04 дүгээр сард *.* ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой шүүх хуралдаан хойшилсон бөгөөд өмгөөлөгч Д.Бум-Аюуш хүсэлт гаргаж хуралдааныг хойшлуулсан. Ингээд хуралдаан хойшилсон тул ***** банк ХХК дахь *.* ийн эзэмшлийн дансны 1 сарын хуулгыг гаргуулахыг хүссэн. Харин миний хүсэлтийг үндэслэн тус шүүх хуралдааныг хойшлуулаагүй.
5.2 Би гадаад улсаас барааны захиалга хийж байгаагүй. *.* нь надад бараа захиалсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Олон улсын гуйвуулга хийхэд 30 болон 50 ам.долларын шимтгэлтэй байдаг. Гэтэл *.* мөнгөө дамжуулан шилжүүлэхдээ надад шимтгэл өгөөгүй тул 61,500,000 төгрөгийг Турк улс руу ххххххххххххххххх гэсэн утгаар шилжүүлсэн. Турк улсын АТМ-ээс Монгол төгрөг хөрвөхгүй тул ам.доллар шилжүүлснийг АТМ-ээс гаргаж авахад 35 хувийн шимтгэл авдаг. Миний явуулсан 40,000,000 гаруй төгрөг нь каргоны мөнгө бөгөөд шилжүүлж буй компанийн захирлаас *.* ийн мөнгийг хамт шилжүүлж болох эсэхийг асуухад зөвшөөрсөн.
Энэ мөнгө миний дансанд орж ирээд уг мөнгийг ахлах теллер нь хянаад тэр даруй шилжүүлсэн. Мөн түүний гар утаснаас бэхжүүлж өгсөн баримтад 12 дугаар сарын 27-ны өдөр миний бичсэн мессеж байдаг. *.* манайхаас ачаа авдаг байхдаа жижиг зүйлс авдаг байсан бөгөөд тухайн үед надаас мөнгө шилжүүлж өгөхийг хүссэн. Турк улсад байдаг монтур каргоны захирал ...*.* ийн мөнгийг шилжүүлээд өгөөч, гадаад гуйвуулга нь асуудалтай байгаа гэж хэлсэн. Би *.* ийн мөнгийг түүнээс хүчээр аваагүй, харин 61,500,000 төгрөгийг дамжуулан шилжүүлснээ хүлээн зөвшөөрдөг. *.* нь надад бараа захиалсан гэдгээ нотлоогүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.** т холбогдуулан 61,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий хүсэлт /хх 134-139/ гаргасан байхад шүүх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт ...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасантай нийцээгүй байна.
4. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/02027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН