Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 125/2020/0027/З |
Дугаар | 001/ХТ2021/0143 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/0143
Ж.М-ийн нэхэмжлэлтэй,
ХА-ийн УБХ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 476 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 300 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Н.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ц, Д.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Ш-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг ХА-ийн УБХ-т даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: ХА-ийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжаар Д.Б-д 2500 мкв газрыг эзэмшүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дүгээр захирамжаар өмчлүүлсэн, Д.Б нь 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байх бөгөөд уг газрыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.М-оос (Д.Б-ийн эхнэр) Р.Э-т худалдсан гэх боловч тухайн үед газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Т газрын гэрчилгээг “залилан мэхэлж авсан” гэмт хэрэг үйлдэж, Ж.М-ийн гарын үсгийг дуурайлган зурж, нотариатын баталгааг түүний нэрийн өмнөөс хийлгэж, маргаан бүхий газрыг бусдад худалдсан, ХА-ийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр дээрх 2009 оны үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байна.
3.Нэхэмжлэгчээс “... Миний гарын үсгийг хуурамчаар зурж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж газрыг худалдаж, удаа дараа бусдын өмчлөлд шилжүүлсэн, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дээрх үйл баримтуудыг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой талаар дүгнэсэн боловч улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхээс татгалзаж, шүүхээр шийдүүл гээд бие биедээ шилжүүлж, эрх зөрчсөн” гэж, хариуцагчаас “...Б.Ш-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй” гэж, гуравдагч этгээдээс “гэрээ хэлцлийн дагуу газар худалдаж авсан, шударга өмчлөгчийн эрх хамгаалагдана, бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “...Ж.М-ийн нэрээр хийгдсэн өв залгамжлалын гэрчилгээ болон түүнд үндэслэн Р.Э-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хууль бус байсныг тогтоож, хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, улсын бүртгэлийн байгууллага нь шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран холбогдох шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хөтлөх эрхтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Б.Ш-ийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох эсхүл нэхэмжлэгч Ж.М-ийг газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Шүүхийн шийдвэрүүдэд үндэслэн газрын өмчлөгчөөр Б.Ш-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй, Ж.М-ийг газрын өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-оос давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжаар “Б.Ш-ийг бүртгэсэн бүртгэл нь хууль бус болох нь тогтоогдсон учир уг хууль бус бүртгэлээ улсын бүртгэлийн хэлтэс шийдвэрлэх боломжтой” гэж шийдсэн. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийг хүчингүй болгохгүй байна.
6.2.Газрыг Солонгос улсын иргэн орчуулагчийн нэрээр худалдан авсан, газрыг сүмийн зориулалтаар ашиглах сонирхол байгаа, барилгын ажлын хөлсийг гадаад иргэн төлсөн, гадаадын этгээд газар өмчилж болох мэтээр шүүхээс дүгнэсэн.
7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас тайлбартаа: “... Гуравдагч этгээд Б.Ш нь улсын бүртгэлийн Г-1617001044 дугаартай, 1200 мкв талбай бүхий газрынхаа өмчлөх эрхийг бусдад гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлээгүй, уг газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаагүй, түүнийг энэхүү газрын өмчлөгч биш гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
9.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д “улсын бүртгэгч нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх үүрэгтэй” гэж заасныг захиргааны байгууллага зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулаагүй, холбогдох шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж, үндэслэлгүйгээр татгалзсан байна.
10.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “улсын бүртгэл үнэн зөв байх” гэж заасан, маргаан бүхий бүртгэлээр Б.Ш-ийн нэр дээр газрыг бүртгэсэн нь бодит байдалд нийцээгүй, бүртгэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй болох нь шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн үйл баримтуудаар тогтоогдсон байна.
11.Тодруулбал, ХА дахь Сум дундын ЭХШ шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжид “... Ш.Т нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Ж.М-ийн нөхөр Д.Б-ийн өмчлөлийн газрын гэрчилгээг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоожээ.
12.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2572 дугаар шийдвэрээр “... нотариатч П.Х нь 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ж.М, Р.Э нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг батлахдаа Ж.М-ийн хүсэл зоригийг нягтлахгүйгээр эзгүйд нь хууль зөрчиж баталсан” гэж; Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр “... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул Ж.М, Р.Э нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй” гэж тус тус дүгнэжээ.
13.Эндээс үзэхэд маргаан бүхий улсын бүртгэлийн үндэслэл болсон “газар худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бусад тооцогдож, эрх зүйн үр дагаваргүй болсон тул эдгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хариуцагч маргаан бүхий газрыг Б.Ш-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөх үүрэгтэй байсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан тул хариуцагчийн “улсын бүртгэлд бүртгэх тухай шүүхийн шийдвэр байхгүй” гэсэн татгалзал хууль бус, шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд хандуулахаар нэхэмжлэгчийг чирэгдүүлсэн, хууль бус эс үйлдэхүй гаргажээ.
15.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд шүүхийн шийдвэрт бүртгэл хүчингүй болгохыг зааснаас гадна шүүхийн шийдвэрийн үр дагаврыг, шүүхээр тогтоосон үйл баримттай уялдуулан дүгнэлт хийж, улсын бүртгэл хөтлөх үүргийг захиргааны байгууллагад үүсгэх агуулгатай юм.
16.Харин мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөх” зохицуулалт энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй юм. Учир нь маргаан бүхий улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхийг энэхүү маргааны хүрээнд хянаж байгаа болохоос газрын өмчлөгч хэн болохыг тогтоох үйл баримтыг хянаагүй, иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
17.Давж заалдах шатны шүүхээс “... газар өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй, захиргааны байгууллагын шийдвэр буюу маргаан бүхий бүртгэлийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
18.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан холбогдох шүүхийн шийдвэр, түүнээс үүсэх үр дагаврыг маргаан бүхий бүртгэлд нөлөөлөхгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй атлаа “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэсний эцэст хэргийг шийдвэрлэх зарчимд нийцэхгүй.
19.Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... гэрээ хэлцлийн дагуу газар худалдан авч, шударгаар өмчилсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь гуравдагч этгээд Б.Ш-т газар өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон 2009 оны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон тул гэрээ, хэлцлийн дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэл арилсан, нэгж талбарын дугаар бүхий нэг газарт холбогдуулан маргаж байгаа тул 2009 оноос хойшхи гэрээг тусад нь салгаж үзэхгүй.
20.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар газар эзэмших, өмчлөх эрх нь гэрээ, хэлцлийн дагуу “үүсдэггүй”, харин захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гарснаар үүсэх тул энэхүү маргаанд Иргэний хуулийг хэрэглэхгүй, гуравдагч этгээдийн “газрыг шударгаар өмчилсөн” гэх тайлбар нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх хууль эрх зүйн үндэслэл болохгүй. Харин шүүхийн энэ тогтоол нь гуравдагч этгээдээс холбогдох этгээдэд холбогдуулан хохирол нэхэмжлэхэд саад болохгүй юм.
21.Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн боловч маргааны үйл баримтад хамааралгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх зохицуулалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 476 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4” гэснийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ