Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01658

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 25 210/МА2023/01658

 

 

********ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/02853 дугаар шийдвэртэй

********ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 4,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ********ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байрыг Н.О-ийн захиалгаар 7 автомашины зогсоолтой, үйлчилгээний талбайтай, 44 айлын орон сууцыг холбогдох туслан гүйцэтгэгч байгууллагуудын хамтаар гүйцэтгэснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66/2017 дугаартай актаар улсын комисс хүлээн авсан. Энэхүү орон сууцнаас ** тоотод байрлах 8 м.кв талбайтай объектыг өөрсдөө барьсан тул худалдан борлуулаагүй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ********ХХК хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус орон сууцыг хариуцуулж өгсөн хүнээс Д.А гэгч нь түлхүүрийг аваад цоожны голыг солиод одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байна.

1.2.Хариуцагч Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн ажлын байрны зориулалттай байранд амьдран суусан хугацаа болох 3 жил, 8 сар буюу 44 сарын хугацааны төлбөрийг сарын 100,000 төгрөгөөр тооцоход 4,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байрны ** тоотод байрлах 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204113506 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хохиролд 4,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй, харин өөр хаягт оршин суудаг талаар хаягийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн орон сууц Алдар-35 СӨХ-ны жижүүрийн өрөө учраас хариуцагч тухайн хаягт байрлаж ажилладаг. Тус өрөөнд цахилгааны хянах самбар, байрны камер зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан тул энэ асуудал нийт оршин суугчдын эрх ашгийг хөндөж байна.

2.2. Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тухайн өрөөнд амьдарч эхэлсэн гэдэг талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Алдар-35 СӨХ нь манайх хариуцагчийг гаргасан ч дараагийн ажилтныг байрлаж ажиллуулах нөхцөл байдал үүснэ гэж татгалзсан тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 35 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 8 м.кв талбайтай, орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, хохиролд 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,550 төгрөг /70,200+85,350/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу орон сууцыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй. Мөн өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг эзэмшиж байгаа Д.А-гийн эзэмшил нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шаардах эрх үүсэхгүй хэмээн өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн хууль бусаар амьдарч буй Д.А-гаас хохиролд 4,400,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг холбогдох заалтуудыг бүхэлд нь баримтлан гаргасан боловч нотлох баримт байхгүй, харин амаар гаргасан тайлбарыг нотлох баримт гэж ойлгон шийдвэрлэжээ. Мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх чадвараа бүрэн алдсан бөгөөд ямар нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргасан болохоо онцлон тэмдэглэн үнэлж чадахгүй байна. Хариуцагч талаас ямар нотлох баримт гаргаж өгсөн, түүнийг хэрхэн дүгнэсэн, маргааны зүйлтэй холбоотой ямар баримт байгааг үндэслэх хэсэгтээ тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгч ********ХХК-ийн маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг болохыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотолсон. Энэхүү нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хэсэгт нэхэмжлэгч нь тухайн ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байна гэж дүгнэсэн хэдий ч эсрэг шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудасны 4 дүгээр тодотгох догол хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй гэж тайлбарлаад дараа дараагийн тодотгох догол хэсгүүдэд нотлох баримт ирүүлснийг, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчилдгийг тус тус нотолсон байна.

4.3. Архивын ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.О-ийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитекур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхрын 3 тоот 13.48 м.кв талбайтай... гэж онцгойлон тодотгосон хэсэг нь барилга угсралтын ажлын явцад ашиглагддаг ажлын зураг гэдгийг ойлголгүй үндэслэлтэй гэж үзсэн явдал юм. Барилга угсралтын ажлын явцад барилга архитектур, технологийн байгуулалт болон бусад ажлын зургийг ашигладаг бөгөөд барилгын ажил бүрэн дуусч барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комисс хүлээн авсны дараа өрөө тасалгаа бүрийг үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлэх эрх үүсдэг гэдгийг мэдэхгүйгээс төөрөгдөлд орсон шийдвэр гаргасан. ********ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч О.О нь Баянзүрх дүүрэг, 22 хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байрны анхны хууль ёсны өмчлөгч тул энэ байрнаас үл хөдлөх эд хөрөнгийг салган бусдад олгосон ба энэ байрны ** тоотыг өөрийн өмчлөлд авч өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн орон сууцны барилгын барилга архитекур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1 давхрын 3 тоот нь улсын комисс хүлээн авсны дараа бүртгэлийн дугаарлалтаар ** тоот болсныг баталдаг. Харин Баянзүрх дүүрэг, 22 хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байранд 3 тоот орон сууц байрлах бөгөөд уг 3 тоот орон сууц тус барилгын 2 дугаар давхарт байдаг. Шүүгч шийдвэртээ барилгын ажлын зургийн 1 давхрын 3 тоот гэж тодотгосноор тухайн барилга байгууламжинд байх 3 тоот орон сууцны өмчлөх эрхэнд халдаж шүүхийн шийдвэрээ ойлгомжгүй болгох маш ноцтой алдаа гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. ********ХХК-аас тухайн орон сууцыг барьсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 8 м.кв талбай байрыг чөлөөлөх талаар нэхэмжлэл гаргасан боловч Улсын төв архиваас авсан зургаар 16.48 м.кв талбайтай орон сууц байдаг. Хариуцагч Д.А нь тухайн хаягт жижүүр буюу харуулаар ажилладаг болох нь сууц өмчлөгчдийн холбоо, хорооны тодорхойлолтоор нотолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

3.а. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль, гэрээгээр эзэмших эрхгүй гэх байдал тогтоогдсон байх учиртай.

 

3.б. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч ********* ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоотод байрлах, 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22041135** дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх7/

 

3.в. ХариуцагчЦ.Агийн оршин суугаа газар Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 5 хэсэг /их дахь эх / гудамж 532 тоот хаягт бүртгэлтэй болох нь түүний тайлбар, оршин суух хаягийн лавлагаагаар тогтоогдож байгаа боловч тэрээр маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон үзлэгийн тэмдэглэл зэрэг хэргийн баримтаар тогтоогджээ . /10, 17, 43-44 /

 

3.г. Нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоотыг хариуцагчЦ.А СӨХ-ийн жижүүрийн ажлыг хийхдээ эзэмшдэг гэх агуулга бүхий тайлбар гарсан байхад шүүх Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оюунчимэгийн захилгатай үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур технилогийн байгуулалтын ажлын зургийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

3.д. Хариуцагч нь татгалзлаа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн хяналт болон зохих байгууллага нэхэмжлэгч компанийг өмчлөгч байж болохгүй гэж дүгнэсэн, өмчлөх эрхийн гэрчилгээг ямар үндэслэлээр гаргуулсан нь тодорхойгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.г. Хариуцагч Д.А маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийн үнэн зөв эсэх талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй тул энэ хуулийн 183.1-т зааснаар уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Мөн хариуцагч Д.А Алдар-35 СӨХ-ийн жижүүр, үйлчлэгчээр ажилладаг, ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр ** тоот үл хөдлөх хөрөнгөөс нүүлгэн гаргах үндэслэлгүй гэж маргасан.

 

3.д.Ц.А нь Алдар-35 СӨХ-ийн жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч ********* ХХК-ийн зүгээс Алдар-35 СӨХ болон хариуцагч Д.А нарын хэн алинд гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч эзэмшүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Д.А маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

3.е. Иймд нэхэмжлэгч ********ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.А-гийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын байрны зориулалттай байранд хариуцагч 44 сарын хугацаанд амьдарсны төлбөрт 4,400,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох хохирол 4,400,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч хууль зүйн дүгнэлтийн хувьд зөвтгөнө.

 

4.б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр аливаа этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө, хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгийг хүлээн авсан болон шилжүүлсэн хоёр этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд ийнхүү шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

 

4.в. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ажлын байрны зориулалттай орон сууцанд амьдарснаар нэхэмжлэгчид 4,400,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

 

4.г. Иймд нэхэмжлэгчийн хохиролд 4,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/02853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22041135** дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 8 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.А-д холбогдох 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Д.А-гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 155,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ