Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01472

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01472

 

 

*.* ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01113 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Үндсэн нэхэмжлэл: гэрээний үүрэгт 14,750,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр **.** той 8x8,5 м.кв талбайтай, 4,80 метр өндөртэй, 4 ханатай, хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхыг зургийн дагуу бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээгээр **.** уг торхны модыг өөрөөсөө гаргаж, ажлыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эхэлж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр болж, ажлын нийт хөлсийг 10,500,000 төгрөгөөр тохиролцсон.

1.2 Ажлын хөлсний урьдчилгаа 8,500,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түүнд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дууссаны дараа өгөхөөр тохиролцсон. Түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тамбар барих материалын зардалд нэмж 1,000,000 төгрөг өгсөн.

1.3 Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 20 ширхэг модыг манай хашаанд буулгаад одоо болтол ажлаа эхлээгүй.

Иймд хариуцагчид өгсөн 9,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, нийт 17,750,000 төгрөгийг **.** гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *.* тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.6-д зааснаар захиалагч нь торхны загвар, зургийг надад ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Миний зүгээс гэрээнд заасан ажлыг эхлэхээр дүнзэн модыг нэхэмжлэгчийн хашаанд буулгасан боловч тэрээр ажлыг эхлүүлээгүй.

Иймд гэрээнд заасан ажлыг хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэхэд захиалагчийн буруугаас шалтгаалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлийн агуулга:

3.1 *.* гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнд заасан ажил хийгдээгүй. Миний бие гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *.* ы хашаанд 26 ширхэг дүнзэн торхыг буулгасан.

Иймд 26 ширхэг дүнзэн модыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 **.** нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны 20 ширхэг дүнзэн модыг манай хашаанд буулгасан. Тэрээр гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд надад учруулсан хохирлыг **.** төлж барагдуулсаны дараа уг 20 ширхэг модыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **.** гоос 14,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, *.* аас 20 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулан **.** д олгож, 6 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *.* ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 254,530 төгрөг, **.** гийн төлсөн 112,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **.** гоос 231,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. *.* ы хашаанд 26 ширхэг модыг буулгасан С.Б нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх ...Ч.Б , Л.Н , С.Б нарыг асуусан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь зөрүүтэй тул үнэлээгүй.. гэсэн нь үндэслэлгүй.

6.2 Анхан шатны шүүх ...*.* нь **.** д өөрийн сонгосон дүнзэн байшингийн зургийг өөрийн фэйсбүүк хаягаар илгээсэн болох нь ...тогтоогдсон гэжээ.

Гэтэл энэхүү зургийг *.* талууд гэрээний нөхцөлийг тохиролцохоос өмнө илгээсэн байснаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасантай нийцэхгүй. Мөн ажил гүйцэтгэж эхлэх хугацааг захиалагчийн санаачилгаар удаа дараа хойшлуулж байсан шалтгаанаар гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсноор Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.2-т Гүйцэтгэгч ажлыг хугацаанд гүйцэтгээгүй нь захиалагчийн буруутай үйлдлээс болсон тохиолдолд захиалагч алданги тооцох эрхээ алдана гэж заасан байтал шүүх алдангид 5,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн дүнгээс алдангид тооцсон 5,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 7 цагийн орчимд **.** гийн ажилчин гэх С.Б манай хашаанд 20 ширхэг модыг буулгасан. Модыг буулгаж байхад манай хадам ээж, нөхөр, бид гурав байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүк хаягаас сонгосон загварын зургийг илгээсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, алданги 5,250,000 төгрөг, нийт 14,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг ...үндсэн нэхэмжлэлд заасан мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн тохиолдолд 20 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны модыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангийг хангасан хэсэг болон сөрөг нэхэмжлэлээс 6 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах гомдол гаргасан.

 

4. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч **.** нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 8 дугаар гудамж, 144 тоот хаягт байрлах газарт 8х8.5 метрийн хэмжээтэй, 4.80 метрийн өндөртэй, 4 ханатай хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхыг зургийн дагуу хийж гүйцэтгэж 2019 оны 05 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *.* д хүлээлгэн өгөх, *.* нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 8,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дуусмагц төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх 4-5/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

5.1 Гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлсөнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8,500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /1хх 6/

 

6. Талуудын хэний гэм буруугаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж, цуцлагдсан, алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6.1 Гэрээний 2.1-д ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажил болох дүнзэн торхыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр заасан. Хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хийж гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 34-36/

 

6.2 Гэрээний 3.6-д захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 7-10 хоногт багтаан гэрээний зүйл болох дүнзэн торхны цонх, хаалганы зургийг гүйцэтгэгч болох хариуцагчид гаргаж өгөхөөр заасан. Нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дүнзэн торхны зургийг хариуцагчид хүргүүлсэн нь хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 25, 36/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болон дүнзэн торхны зургийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь дүнзэн торхыг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр буюу мөнгийг буцаан шаардсанаар цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч дүнзэн торхны цонх, хаалганы зургийг хариуцагчид ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн нийт 9,500,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаарх шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Гэрээний 5.1-т гүйцэтгэгч ажлыг хугацаанд гүйцэтгээгүй захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө гэж заасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх хугацаанаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хамаарах бөгөөд гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги болох гэрээний хариуцлагыг шаардах эрхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 141 хоногийн алданги 1,480,500 төгрөгийг /гэрээний үнэ 10,500,000 төгрөг х 0.1 хувь = 1 хоногийн 10,500 төгрөг х 141 хоног/ хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын алданги зөвшөөрөхгүй хэсгийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

9. Хариуцагч нь 26 ширхэг зүсвэртэй модыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар маргаж буй тохиолдолд нотолгооны хуваарилалтаар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

9.1 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас 26 ширхэг зүсвэртэй модыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул уг зүйл, хэсгийг хасаж, харин мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг нэмж өөрчлөн найруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **.** гоос 10,980,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, нэхэмжлэгч *.* аас 20 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулан хариуцагч **.** д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,769,500 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 231,700 гэснийг 190,638 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН