Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00797

 

“Хүч боржигон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэр,

        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 631 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Шинэ дэлхий” ХХК нь манай компанийн бетон зуурмагийн үйлдвэрээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нийт 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй М300 маркийн бетон зуурмагийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх №15/01/035 тоот гэрээний дагуу худалдан авсан. Гэрээний урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 18 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч төлөхгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийн төлбөр төлөлт хийсэн.

Иймд “Шинэ дэлхий” ХХК-иас үндсэн төлбөр 17 500 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 26 500 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №15/01/035 тоот “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэгч талаас бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд манай талаас тухайн үед санхүүгийн асуудлаас болж 6 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийн төлбөрийг хийсэн. Хариуцагч талын зүгээс гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд алдангийн хэмжээ хэт их байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд алданги төлөх нь хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул 9 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-иас 26 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 290 489 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 631 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж, “26 500 000 гэснийг 26 250 000” гэж, “олгосугай” гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хариуцагчаас 290 450” гэснийг “хариуцагчаас 289 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талууд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” №15/01/035 тоот гэрээг байгуулж, “Шинэ дэлхий” ХХК нь бетон зуурмагийн үнэ болох 24 000 000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлын үүднээс хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй нь үнэн болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох тухай тохиролцсон хэдий ч хариуцагч тал санхүүгийн нөхцөл байдал болон ажил зогсонги байдал зэргээс төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд гэрээний алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул алдангийн үнийн дүнгээс 2 750 000 төгрөгийг хасч, 6 000 000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцоо, найруулгын засвар оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК нь хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч, харин алданги төлөхөөс татгалзжээ.

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх“ гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч “Хүч боржигон Холдинг” ХХК чанарын шаардлага хангасан бетон бэлтгэн нийлүүлэх, хариуцагч “Шинэ дэлхий” ХХК хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг хоёр хувааж төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний үнэ болох 24 000 000 төгрөгөөс хариуцагч 17 500 000 төгрөг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан шаардлагад нийцүүлэн тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог боловч хариуцагч тал алдангийн хэмжээг илт их гэж үзэх, алдангийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэлийг баримтаар нотолж, шүүхэд тайлбарлаагүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 631 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН