Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0325

 

Ю.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Ю.Т нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ю.Т-ийн гомдолтой, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХНББУБ Б.Бд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14, 1.25-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Т-ээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-гийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Ю.Т давж заалдах гомдолдоо: “...Ю.Т намайг мэргэжлийн нягтлан бодогч гэж тогтоогоогүй байж Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.14, 1.25 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх хууль бус нотлох баримтыг хууль зөрчиж үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Хавтаст хэрэгт Ю.Т намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч гэдгийг тогтоосон нотлох баримт байдаггүй.

Миний бие нягтлан бодогч мэргэжилгүй байхад “А т” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нягтлан бодогч гэж үзэж байгаа нь хууль бус үйлдэл. Учир нь “А т” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шийдвэрийн үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг буруу хэрэглэсэн, салбарт гарсан хэрэгт миний буруутайг тогтоосон хууль ёсны баримт нотолгоо байхгүй байхад энэ үйлдэлд буруутай байна гэж үндэслэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Гомдол гаргагч Ю.Т-ээс “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХНББУБ Б.Б-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3-д “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” гэж заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах болон хуульд заасан шаардлагатай бусад ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул хариуцагчаас ирүүлсэн “зөрчлийн хэрэг”-ийн хүрээнд дүгнэлт хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэвч Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг хүчингүй болгосноор шүүх гомдлоор үүссэн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”, мөн зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй болсон, өөрөөр хэлбэл, шүүх гомдлоор үүссэн хэргийг хянан шийдвэрлэхдээ бусад захиргааны хэрэг, маргаантай адил нотлох баримтыг цуглуулах боломжтой болжээ.

Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан улсын байцаагчийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нь дээрх албан тушаалын нэр ажилд томилсон тушаалтай зөрүүтэй байгаагаас гадна нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь гомдол гаргагчийн хэзээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, гомдол гаргагчаас “...намайг мэргэжлийн нягтлан бодогч гэж тогтоогоогүй байж Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.14, 1.25 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн. Миний бие мэргэжлийн нягтлан бодогч биш...” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд шүүхээс гомдол гаргагч Ю.Т-г нягтлан бодогчоор томилсон тушаал байгаа эсэх, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №1414 хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссаны дараа дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, ажлын байрны тодорхойлолтыг гомдол гаргагч Ю.Т-д танилцуулсан эсэхийг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, уг эргэлзээтэй байдлыг хөтөлбөргүйгээр тогтоох нь гомдол гаргагч Ю.Т-г байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

Энэ талаарх гомдол гаргагчийн “хөдөлмөрийн гэрээ хэзээ байгуулсан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэхүү маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ