Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 60

 

Н.Н-, Б.Н-, Б.Ш-,

Н.Б-, Н.У-, Д.Б-, М.Н-,

Н.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Н- болон түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ж.Б-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай, Н.Н-, Б.Н-, Б.Ш-, Н.Б-, Н.У-, Д.Б-, М.Н-, Н.А- нарт холбогдох 190200070348 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Б-, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй гэх, ***,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Н овогт Н-н Н-,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн

Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Т овогт Б-н Н-,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Ө овогт Б-н Ш-,

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Н-н Б-,

5. Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Н-н У-,

6. Монгол Улсын иргэн, 1958 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, И овогт Д-н Б-,

7. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Г овогт М-н Н-,

8. Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Н-н А-.

Улс төрд нөлөө бүхий хүн болох Н.Н- нь Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаан дээр хийхдээ болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол гаргахдаа холбогдох хууль дүрмийн заалтуудыг зөрчсөн, улмаар хууль бус үүрэг чиглэл өгч, хийх ёсгүй үйлдэл хийж “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан мэтээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар бүрдүүлэн нийт 29 төслийн санхүүжилтийг шийдвэрлэн, бусдад давуу байдал бий болгосон хэргийг нэр бүхий 8 нийтийн албан тушаалтан нартай хамтран үйлдэж, уг гэмт хэргийг удирдаж зохион байгуулсан,

Б.Н- нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус үүрэг чиглэл өгч, хийх ёсгүй үйлдэл хийж “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан мэтээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар бүрдүүлэн нийт 29 төслийн санхүүжилтийг шийдвэрлэн, бусдад давуу байдал бий болгосон дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Б.Ш- нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн  албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Н.Б- нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн  албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Н.А-, Д.Б-, Н.У-, М.Н- нар нь “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа, дээрх төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлыг хэсэг хуралдаж, сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж, оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг жич товлож,

шүүгдэгч Н.Н-ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Н-г “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ш-ыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б-ийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Д.Б-, М.Н-, Н.У- нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил, 5 сар хорих ялаар,

шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар,

шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Д.Б-, М.Н-, Н.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-, Б.Н-, Б.Ш- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, М.Н-, Н.У-, Д.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, М.Н-, Н.У- тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж.

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ж.Б-, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын “гэмт хэргийн хамжигчид гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан” хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч П Баасанжав, шүүгдэгч Н.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Н.Н- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хүнийг эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн нэг талыг барьж намайг буруутгах гэсэн агуулгаар явагдаж тэр ч үр дүндээ хүрсэн. Миний хувьд шүүх, прокурорын байгууллага хүний эрх болон хуулийг ийм ноцтой байдлаар зөрчин үйл ажиллагаа явуулж буйг улс төрийн захиалгат гэхээс өөрөөр огт харахгүй байгаа ба нэг ч төгрөгийн хохиролгүй хэрэг дээр 5.5 жилийн хорих ял, 100 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн хэрэгт холбогдогчид 40 сая төгрөгийн торгуулийн ял өгч байгаагаас шүүхийн шударга ёс, захиалгат, захиалгат бус нь маш тодорхой харагдаж байна.

Шүүх хараат бус зөвхөн хуульд захирагдан үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй. Шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл Монгол улсад далд бий болсон байгаад туйлаас харамсч байна. Учир нь Олон улсын гэрээ, Монгол улсын Үндсэн хуульд заагдаж хамгаалагдсан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг минь хязгаарлаж, ноцтой зөрчсөн үйл ажиллагааг анхан шатны шүүх явуулсан байхад давж заалдах шатны шүүх хүний эрх огт зөрчигдөөгүй мэтээр дүгнэсэн байгааг яав ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол улс хууль ёсыг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан, шударга нийгмийг цогцлоохоор Үндсэн хуульдаа тунхагласан улс. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш болохыг хуульчлан хамгаалсан Үндсэн хуультай орон. Шүүгч гагцхүү хуульд захирагдах болохыг ч хуульчлан тодорхойлсон. Монгол улсад тэр тусмаа шударга ёсыг хамгаалагч шүүхийн системд ийм ноцтой хүний эрхийн зөрчил практик болон тогтвол олон иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтой зөрчигдөх анхдагч болж шан татах бий гэхээс болгоомжилж байна. Хэрэв шүүх хараат бус тодорхой захиалгат байдлаар хэргийг хянах бол дээрх өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарладаг хүний эрхийн зөрчил зөвхөн надаар дуусгавар болоосой гэж чинь сэтгэлээсээ хүсч байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс харахад намайг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх шийдвэрлээд байна уу, Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яам, Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэхийг хянаад байна уу гэдгийг огт ойлгохгүй байна.

Би хуульч хүн биш учраас миний оролцоотой гарсан хамтын шийдвэрүүд хуульд нийцэж байна уу, нийцэхгүй байна уу гэдгийг тодорхойлохгүй ба түүнийг зөвхөн хянасан ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газар, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны эрхэлсэн мэргэжилтэн, хуульч нар хариуцах нь гарцаагүй. ЗГ болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр арга хэмжээг яг энэ арга байдлаар өмнө нь ч хэрэгжүүлсээр ирсэн, надаас хойш ч хэрэгжүүлсээр яваа бөгөөд ямар ч хууль зөрчсөн талаар маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүйг баттай хэлж чадах байна.

Анхан шатны шүүх хүний эрхийг хангаж, хэргийн бодит үнэнийг олохын оронд үндэслэлгүйгээр намайг хуульч мэргэжилтэй болгон өөрийгөө өмгөөлөх боломжтой гэж дүгнэж, гэрч оруулах эрхийг минь хязгаарлаж, мэтгэлцэгч нөгөө талд давуу байдал олгож хууль бус шийдвэр гаргахаар илт улайрч үр дүнгээ шийтгэх тогтоолоор харуулсан.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шударга ёсны зарчмыг баримтлан үнэн зөвөөр хянаж шийдвэрлэх байх гэж итгэж байсан ч намайг харин ч үндэслэлгүйгээр хуульч, бараг шүүгч хүнд л үүрүүлэх хууль хэрэглээний асуудлаар буруутгаж анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг улайн цайм хаацайлсан, зөвтгөх гэсэн арга ядсан дүгнэлтүүдийг хийсэн байна.

Намайг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ сайдын ямар эрх мэдэл, албан тушаал байгаад түүнийг урвуулах үйлдэл хийсэн гэдэгт дээрх 2 шүүхийн аль нь ч үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Зөвхөн ЗГ-ын 276 дугаар тогтоолоор батлагдсан жижиг зээл, санхүүгийн дэмжлэг мөн эсэх тухай тойруулж дүгнэлт хийж түүнийг надад нялзаах гэсэн арга ядсан байдал л харагдана. Надад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тэмдэглэл гаргах, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол гаргах эрх мэдэл байхгүй нь хавтаст хэрэгт бэлээхэн нотлогдсон. Би хэдий хуульч биш ч надад албан тушаалын бүрэн эрх мэдэл байж түүнийгээ урвуулах ёстой. Тэр “эрх мэдэл” гэдэг зүйл нь тодорхой бие даасан шийдвэрийг албан тушаалтны хувиар гаргах боломжтой байж төгс утгаар урвуулах үйлдэл хэрэгжих ёстой бөгөөд надад байхгүй эрх мэдлийг яаж урвуулсан гэж шүүх үзэж, дүгнээд байна.

Шүүхээс намайг хийгээгүй, оролцоогүй “29 аж ахуйн нэгж, иргэний тендерийн сонгон шалгаруулах” үйлдэлд буруутан болгохын тулд миний оролцоотой гарсан 2 шийдвэрийг ЗГ-ын 276 дугаар тогтоолоор батлагдсан жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн журмыг зөрчсөн мэт болгож холбох гэсэн арга ядсан дүгнэлтүүдийг хийсэн.

Тухайлбал анхан шатны шүүхийн намайг гэм буруутайд тооцох болсон үндэслэл, дүгнэлтийг харвал Н.Н- миний бие нь “урьдаас 29 иргэн, аж ахуйн нэгжтэй тохиролцож тэдгээрт давуу байдал олгохын тулд хууль зөрчсөн “танилцуулга” боловсруулахыг яамны мэргэжилтнүүдэд даалгаж, түүнийгээ ЗГ-ын хуралдаанд хүүтэй, зээл хэлбэрээр олгох гэж буй мэтээр танилцуулж, 13-р хуралдааны тэмдэглэлийг албажуулж хуулийн үндэслэлийг нотлох эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж тэмдэглэлийг “танилцуулга”-ын утга санаанд нийцүүлэн гаргуулж, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн гишүүдэд нөлөөлж 03 тоот тогтоолыг батлуулж, ингэснээр Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүдэд хууль бус сонгон шалгаруулалт явуулахыг тушааж, даалгаж үгсэн хуйвалдаж албан тушаалын эрх мэдлийг урвуулсан” мэтээр хавтаст хэрэгт огт нотлогдоогүй үйл баримтаар дүгнэж үндэслэлгүй гүтгэсэн гэм буруутайд тооцсон байдаг.

Хэрэв шүүхийн дүгнээд байгаа шиг үйл явдал болсон бол надад “танилцуулга” бэлдэхэд тусалсан байж болох яамны мэргэжилтэн, хуульч нар, Засгийн газрын хууль эрх зүйн мэргэжилтэн, шийдвэр гаргасан сайд нар, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн бүх гишүүд хамтран оролцогч болж хамтдаа ялтны ширээнд суух байсан. Гэвч энэ нь зөвхөн надад зориулсан зохиол учраас тэдгээр хүмүүсийг хилсээр буруутгах боломжгүй байсан.

Миний хувьд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаанд Засгийн газраас 2017 онд хэрэгжүүлсэн “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн тэргүүлэх зорилтот төсөл хөтөлбөр”-ийг батлах, хэрэгжүүлэх хүрээнд дараах байдлаар оролцсон.

УИХ-ын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг” /15хх-40 тал/ баталсан байдаг. Үүний дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 тоот ЗГ-ын тогтоолоор “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Төлөвлөгөөний 3.3.3-т “орон нутгийн онцлогийг тусган боловсруулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийг нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх”-ээр тусгаж /15хх-43-45/ уг ажлыг Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам хариуцан 2017 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн төсвөөс 6.0 тэрбум төгрөгөөр” уг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон. Үүний дагуу Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж зөвшөөрч Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/17 тоот тушаалын хавсралтаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн” 2017 оны “төсвийн хуваарь”-ийн 20-д /11хх-182 тал/ 3.768.572.6 төгрөгийг төсөвлөсөн байдаг.

Уг ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот /11-хх 152-р тал/ Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн /ХЭҮЗ гэж товчлов/ тогтоолын 3 дахь заалтаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт /Ц.Амартөгс/ даалгасан байдаг. Танилцуулга төслийг сайд бус яамны чиг үүргийн хэлтэс тэдгээрийн мэргэжилтнүүд боловсруулсан гэдэг нь дээрх баримтаар тод нотлогддог.

Тиймээс миний хувьд сайдаар ажиллах хугацаандаа өөрөө дур мэдэн тоо тооцооллыг гаргаж танилцуулга бэлдээгүй, харин мэргэжлийн баг тооцоо судалгаанд үндэслэсэн Төсөл хөтөлбөрийг томьёолсон “танилцуулга” бэлдсэн гэдэг нь тодорхой харагддаг. Хэрэв прокурор, мөрдөгч нар бодит байдлыг тогтоохыг хүссэн бол “Танилцуулга”-ыг бэлдэж гаргасан ажлын хэсэг, мэргэжлийн багаас үндэслэлийг нь тодруулж, хийсэн ажлаа тэдгээр хүмүүс мэргэжлийн талаас хамгаалж оролцсон бол огт өөр зүйл яригдах байсан. Эндээс бодит үнэнийг гэрчлэх этгээдүүдийг асуухгүй далд байлгаж зөвхөн яллахад чиглэсэн нотлох баримтуудыг цуглуулсан захиалгат үйл ажиллагаа явагдсан гэдэг нь тодорхой харагдана.

Тиймээс нэгж төслийн дээд хэмжээ 200.0 төгрөгт яагаад байх ёстой, мөн жижиг зээл, ХЭҮЗ-ийн зорилтот бүлэгт нийцүүлсэн төсөл хөтөлбөрийн /276 тогтоолоор батлагдсан журмын 2.11, 5.3-т/ санхүүгийн дэмжлэг олгох журмуудыг мөрдөх ёсгүй шаардлагагүй байсан гэдгийг тодорхой болгох хүмүүс бол “танилцуулга”-г бэлдсэн ажлын хэсэг байсан.

Миний хувьд ажлын хэсгээс томьёолсон “танилцуулга” төсөл хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зохих газар хэлтсээр дамжин оруулж ирснийг танилцаад зохих мэргэжилтэн, хуульчаар хянагдаж хуульд нийцсэн тэмдэглэгээ хийгдсэн тул зөвшөөрч Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан. Надаас өмнө ч, надаас хойш ч “төсөл хөтөлбөр”-г яг ийм арга байдлаар танилцуулж, батлуулж, хэрэгжүүлж явсан байдаг. Олон жил Төрд энэ чиглэлээр ажиллаж мэргэшсэн албан хаагч нарын бэлдэж өгсөн төсөл хөтөлбөрийн “танилцуулга”-ыг намайг яагаад ганцаараа хууль зөрчсөн /хууль зүйн мэдлэгтэй байх ёстой/ “Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулаагүй атлаа Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг удирдлага болгон эрх хэмжээнээсээ давсан шийдвэр гаргасан” гэж давж заалдах шатны шүүх үзээд дүгнээд байна.

Хэрэв “танилцуулга”-г бэлдсэн яамны бодлогын болон хууль зүйн мэргэжилтнүүд хуульд нийцэхгүй гэсээр байхад сайд дур мэдэн өөрөө засвар оруулж ЗГ-ын хуралдаанд танилцуулсан гэдэг нь гэрч баримтаар нотлогдсон бол албан тушаалын байдлаа урвуулсан ойлголт гарч ирэх байсан. Гэтэл миний хувьд ямар ч тийм үйлдэл хийгээгүй гэдэг нь хавтаст хэрэгт эсрэг ганц ч баримт байхгүйгээс харагдана.

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хувьд тус яамнаас боловсруулсан “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний “танилцуулга”-ыг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол улсын Засгийн газрын 2009 оны 3-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын хуралдааны журам”-ын 7.8-д зааснаар Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд нарт урьдчилан танилцуулж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулж хэлэлцүүлсэн.

Уг асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч Хэрэг эрхлэх газрын хууль, эрх зүйн газраар хянуулаад хуульд нийцэж байгаа бол хэлэлцүүлдэг журамтай. Тиймээс “танилцуулга” гэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын байр суурьтай холбоотой чиглэл, зөвшөөрөл авах саналыг дан ганц яамны мэргэжилтэн, хуульч бус бүхэл бүтэн Засгийн газрын Хууль эрх зүйн газраар хянагдаж татгалзаагүй. Энэ байдал нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байгааг бэлээхэн нотолно.

“Танилцуулга”-д Нийгмийн хүрээнд үүссэн ажлын байр, ажилгүйдлийн шалтгаан, ажилгүй иргэдийн тоо, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, батлагдсан төсөв, аймаг орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэж, дүрэм батлуулсан зэргийг танилцуулж 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг 6 чиглэлээр хэрэгжүүлэх, төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200.0 сая хүртэл төгрөг, батлагдсан төсөвт багтаан нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, 15-аас доошгүй төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн аргачлалыг маш тодорхой хэнд ч ойлгомжтой байдлаар тусгасан байдаг.

Энд шүүхийн дүгнээд байгаа шиг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох”-оор танилцуулсан нэг ч үг өгүүлбэр байдаггүй.

Засгийн газрын үйл ажиллагааны журамд заасан процессын хувьд хуралдаанд оруулж батлуулах гэж буй төсөл, санал нь бичгийн хэлбэрээр танилцагдах шаардлага тавигдаж хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд урьдчилан тараагдан танилцуулагдаж түүнийг зөвшөөрөх замаар санал хураалт явагддаг үйл ажиллагаа. Тиймээс гишүүдийн тухайд бичгийн “танилцуулга”-ыг зөвшөөрч батлах үйл ажиллагаа явагдсан. Тэр ч учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн албан бичиг, Засгийн газрын архивт Засгийн газрын 13 дугаар хуралдааны тэмдэглэлд, “танилцуулга”, “шалгуур үзүүлэлт” гэсэн 2 баримтыг хавсаргасан байдлаас /11хх 37-39 тал/ маш ойлгомжтой харагдана.

Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэлд /184-194 тал/ Засгийн газрын гишүүн Ц.Дашдорж асуулт асууж байгаа ч юм шиг түүндээ өөрөө тайлбар хийсэн утгатай ч юм шиг зүйл асуусан. Түүнд миний бие хариуцсан сайдын хувьд 2017 оны 01 дүгээр сараас авч хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрүүлэн тайлбарласан. Гэтэл энэ байдлыг мушгин гуйвуулж анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс төсөл хөтөлбөрийг “арилжааны банкаар дамжигдаж зээл олгох, 7-8 хувийн хүүтэй байна гэж амаар танилцуулжээ” гэж гүтгэдэг. Энэ Засгийн газрын 2017 оны 13 дугаар хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг /13хх 193-194 тал/ уншсан хэн ч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр миний урьд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар яригдаж байгаа нь ойлгогдохоор байдаг.

Зээл, хүүний тухайд Засгийн газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.8-д зааснаар “жижиг зээлийн /20 тэрбум/ банкинд байршуулсан үлдэгдэлд хүү төлдөггүй явж ирсэн”-ийг 2017 оны 02 дугаар сарын 64 тоот тогтоолоор үлдэгдэлд хүү тооцдог болгосон талаар хийсэн ажлаа тодруулж ярьсан. Учир нь банк “жижиг зээл”-ийн зориулалтаар байршуулсан мөнгөний үлдэгдэлд хүү төлдөггүй учраас “жижиг зээл” авах гэсэн хүмүүст өндөр шалгуур тавьж аль болох цөөн хүнд зээл олгож үлдэгдэлд хүү тооцохгүй учраас цааш өндөр хүүтэй зээл гаргаж ашиглан зээл зохих эзэндээ очихгүй иргэдийг хохироож байна гэх гомдол гарч байсан учраас 7-8 хувийн хүү тооцдог болсон гэж ярьсан. Энэ маш их дорвитой үр дүнд хүрсэн ажил болсон гэдгийг яамны мэргэжилтнүүд одоо ч ярьдаг.

Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад ЗГ-ын дуу, дүрстэй бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авах хүсэлт тавьж байсан ч хүлээж аваагүй. Гэтэл цагаан дээр хараар маш ойлгомжтой бичигдсэн Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн /13хх-193-194 тал/ утга санааг гуйвуулж тайлбарлаж, үнэлсэнд ихээхэн харамсч байна. Хэрэв хуралдааны үед ЗГ-ын гишүүд “танилцуулга”-д зарчмын өөрчлөлт оруулах байр суурьтай, эсхүл танилцуулж буй бичгийн танилцуулга санал, оруулж буй сайдын аман танилцуулга зарчмын зөрүүтэй байсан бол 13-р хуралдааны тэмдэглэлд гарцаагүй өөрчлөлт орох, эсхүл танилцуулга буцаагдах байсан.

Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль болон салбар чиглэл хариуцсан мэргэжилтнүүд нь хуралдаанаар хэлэлцэн баталж шийдвэрлэсэн асуудлын шийдвэрийн төслийг баталгаажуулахдаа хууль тогтоомжтой нийцэхгүй байна, мөн засгийн газрын хуралдаанаас “танилцуулга”-д “төсөл хөтөлбөрт санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” гэж амаар танилцуулсан асуудал, бичгээр танилцуулж буй асуудал зөрүүтэй байвал Монгол улсын Засгийн газрын 2009 оны 3-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын хуралдааны журам”-ын 10.5-д зааснаар дахин хэлэлцүүлэх, буцаах, тэмдэглэлд нэмэлт тодруулга оруулдаг журамтай. Тэгээгүй байгаа нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тэмдэглэл хууль ёсны дагуу Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны бичгийн санал “танилцуулга”-г зөвшөөрч гарсан гэдгийг маш тодорхой баталж байдаг.

Хэрэв хэргийг шударгаар шийдвэрлүүлэх сонирхол мөрдөгч, прокурор, шүүхэд байсан бол уг Засгийн газрын хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд нэг бүрээс Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “танилцуулга”-ыг хэрхэн ойлгож дэмжсэн талаар мэдүүлэг авах, хуралдааны соронзон бичлэгийг гаргуулж үзлэг хийлгэх замаар шалгаж тогтоох боломжтой байсан.

Өмгөөлөгч нарын хэлдэг шиг нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан байхад шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн.

Үүний тод жишээ бол Засгийн газрын шинжээч, референтээр ажиллаж байсан ямар ч хамааралгүй гэрч Г.Оюунтунгалагийн /12хх 242-243тал/ байр суурь, санал бодлоо илэрхийлсэн хамааралгүй мэдүүлгийг үнэлсэн байдлаас харагдана. Нэгд Г.Оюунтунгалаг нь ЗГ-ын шийдвэрийг тайлбарлах эрх бүхий субъект биш, хоёрт ЗГ-ын гишүүдийн өмнөөс тэдний шийдвэрийг таамаглах эрхгүй юм. Үнэхээр Н.Н- нь хуралдааны үед ЗГ- ын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “хүүтэй байна” гэж хэлсэн түүнийг би гэрчлэнэ гэж байгаа бол түүний мэдүүлэг ач холбогдолтой байсан. Гэтэл түүний мэдүүлэгт ямар ч тийм үг өгүүлбэр болон ач холбогдолтой байдлыг нотолсон зүйл байдаггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын 13 дугаар хуралдаанд оруулсан танилцуулга, шалгуур үзүүлэлтийг зөвшөөрсөн тэмдэглэл /11хх 37- 39 тал/ нь хууль зүйн хувьд дараах шалгуураар дамжиж баталгаажсан.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30-р зүйлийн б.Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино., Монгол улсын Засгийн газрын 2009 оны 3-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын засгийн газрын хуралдааны журам”-ын 10.6-д “Хуралдааны эцсийн томьёоллыг хэрэг эрхлэх газрын болон холбогдох яамны ажилтнууд хийж, хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хянаж гарын үсэг зурна” гэсэн хуулийн процесс зохицуулалтаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан зорилтот төслийн “танилцуулга” Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хуулийн шаардлагад нийцсэн шалгуурыг дамжин албажиж гарсан гэдэг нь харагддаг.

Гэрч Г.Эрдэнэбулганы /12хх 240-241/ мэдүүлэгт “...үүрэг даалгавар өгсөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг шүүхийн практикт Захиргааны акт гэж үздэг, харин цаг үеийн шинжтэй, эсхүл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилт, явц байдлыг танилцуулах асуудлаар оруулж Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гардаг.” гэсэн мэдүүлгээс Засгийн газрын 2017 оны 13 дугаар тэмдэглэл нь хэм хэмжээ тогтоосон акт болох нь тодорхой байдаг. Тийм ч учраас Засгийн газрын шийдвэрүүд бүхэлдээ дээрх Засгийн газрын үйл ажиллагааны хууль тогтоомжинд заасан шалгуур шаардлагыг хангасан хууль зүйн шүүлтүүрээр дамжин албажиж гарсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 68-70-р хуудсанд дүгнэсэн шүүхийн хууль хэрэглээний дүгнэлтийг би ойлгохдоо Засгийн газар, яамны үйл мэргэжлийн ажилтнуудын үйл ажиллагаатай холбоо хамаарал бүхий гэж харж байна. Сайд бол Төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагч биш бөгөөд улс төрийн томилгоо бүхий албан тушаалтан. Сайд Төрийн албаны мэргэшсэн албан тушаалтнуудын өмнө нь явуулж ирсэн үйл ажиллагааг танилцаад тэдгээрээс төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн аргачлалын дагуу саналыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн. Бүхэл бүтэн Засгийн газрын хуулийн шүүлтүүрээр оруулж шийдвэрлүүлсэн байхад шүүх намайг мэргэжлийн хуульч нарт тавигдах хууль хэрэглээний шаардлагаар хууль зөрчсөн гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газар, хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга нар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх “танилцуулга” саналыг Засгийн газрын тэмдэглэлээр зөвшөөрөл өгөх, эсхүл тогтоол гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий субъектүүд. Тэдгээр хуульч нар дээрх аргачлал буюу тэмдэглэлээр зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн байхад би хуульч биш хүн яагаад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд нийцүүлээгүй гэж буруутгагдаад байгааг л ойлгохгүй байна. Өмнө нь яамнаас ийм аргачлалаар Засгийн газраас зөвшөөрөл авч хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрийг хуульд нийцэхгүй гэж мэргэжилтнүүдтэй мэтгэлцэх хуулийн мэдлэг надад байхгүй. Засгийн газар тогтоол гаргах уу, тэмдэглэлээр зөвшөөрөл өгөх үү гэдэг нь тухайн субъектийн асуудал. Засгийн газрын тэмдэглэлийг эрх зүйн акт гэж үзэж үүрэг даалгавар өгөгдөж ажил үүрэг явдаг гэдгийг гэрч нар нотолдог.

Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас 9 гишүүдийн буюу 100 хувийн ирцтэй 03 тоот тогтоол гарч Засгийн газрын тэргүүлэх зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтож төслийг удирдамжийн дагуу сонгон шалгаруулах, шийдвэрлэх, хэрэгжилтийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг Хөдөлмөр Нийгмийн халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарга /Б.Н-д/ үүрэг болгож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавихыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт үүрэг болгосон байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль зүйн шүүлтүүрээр хянагдаж зөвшөөрөгдсөн Засгийн газрын шийдвэрийг үндэслэсэн Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 03 тоот тогтоолыг хууль зөрчөөгүй гэж прокурор яллах дүгнэлтээрээ далд зөвшөөрсөн ба 03 тоот тогтоол хууль зөрчиж гарсан бол уг шийдвэр нь хамтын шийдвэр учраас бүх гишүүд буруутгагдах байсан. Гэтэл шүүх, прокурор тэгж үзээгүй. Уг байгууллагын удирдлагын тогтолцоо нь хараат бус 9 гишүүдийн хуралдааны үндсэн дээр явагддаг. /Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 90 тоот Ерөнхий сайдын захирамж /13хх 233-237/ Тус зөвлөлийн ажиллах дүрмийг Монгол улсын Засгийн 2011 оны 350 тоот тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн дүрэм”- ийн 3.1-д “Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи ( бүрэлдэхүүний 75-аас доошгүй хувь) оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж удирдлагын тогтолцоо, шийдвэрийн үндсийг хуульчилж өгсөн байдаг.

Миний хувьд “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл”-ийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот /11хх-168 тал/ тогтоол, 1, 2 хавсралтыг гаргаснаар “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг сонгон шалгаруулах, хяналт тавих үүргээс чөлөөлөгдсөн. Уг тогтоолын дагуу сонгон шалгаруулалт, хяналтыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга /Б.Н-/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/ нар хариуцах тул Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн өмнө дээрх 2 албан тушаалтан хариуцлага хүлээх нь тодорхой.

111 төслөөс 29 иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах арга хэмжээнд миний бие шууд нөлөөлж оролцсон гэх нь баримтаар нотлогдож байсан бол шүүх ингэж дээрх 2 Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн талаар ямар ч ач холбогдолгүй, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг мөн биш, жижиг зээлийн харилцааны шинж чанарыг агуулсан байна гэж таамаглал дүгнэлт хийж арга ядан буруутгах шаардлага байхгүй байсан байх.

Эндээс харахад намайг буруутгах зүйл олохгүй болохоор л ийм гүнзгийгээр хуулийг судалж хэрэгжүүлээгүй гэж буруутгаад байна гэж үзэж байна. Тэр ч утгаар уг ажлыг тодорхой хугацаанд хариуцан ажиллаж байсан сайдын хувьд жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн ялгааг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.

“Жижиг зээл”-ийг олгох этгээд, хэмжээ хязгаар, нөхцөлийг Засгийн газрын 276 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1, 2.7, 2.9, 2.10, 2.11-т маш тодорхой зааж өгсөн. Уг журмын 2.1-т заасан “бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч” гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.12 дугаар зүйлээр хуулийн тайлбар хийх замаар тодруулсан байдаг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр”-ийг тодорхойлсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь уг хуулийн 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тодорхойлсон дан ганц зорилтот бүлэгт чиглэгдээгүй бөгөөд уг хуулийн 6.3.4-т “ажил олгогчийг дэмжих”, 6.3.7-д “хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл хөтөлбөр”-ийг дэмжихэд бас чиглэгдсэн.

Засгийн газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2, 5 дугаар бүлэгт санхүүжилтийн төрөл, нөхцөл /хүү тооцох, тооцохгүй/, хэмжээний хувьд “жижиг зээл”, “санхүүгийн дэмжлэг” гэсэн тусдаа өөр зохицуулалт бүхий ойлголтууд тусгагдсаныг давж заалдах шатны шүүх ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

“Санхүүгийн дэмжлэг” нь дотроо Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан төсөл хөтөлбөр, /журмын 5.1, 5.2 зохицуулагдсан/, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан зорилтот бүлгийн онцлогт тохируулсан 5 сая хүртэл төгрөгийн хязгаартай Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр /журмын 5.3-т/ гэж мөн хэмжээ, нөхцөл, хэрэгжүүлэх этгээдүүдийн хувьд бас ялгаатай зохицуулагдсан байдаг.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.3-т тусгагдсан Тэргүүлэх зорилтот төслийн хувьд “хүн амын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн санаачилгыг дэмжих”-д чиглэгдэж нийслэл, орон нутаг хамарсан өргөн цар хүрээтэй, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч нарыг дэмжих цогц бодлогын хүрээнд хэрэгжих гэдэг утгаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-ын тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХЭҮЗ-ийн 03 тоот гарсан.

Би хэдий хуульч биш ч эдгээр 2 шийдвэр нь уг төсөл хөтөлбөрийг ЗГ болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан төсөл хөтөлбөр гэдгийг батлах баримт гэж үздэг төдийгүй шүүхийн дүгнээд байгаа шиг Засгийн газраас дахин тогтоол гаргуулах ямар ч шаардлага байхгүй. Тухайн төсөл хөтөлбөрт журмын 5.2-т зааснаар дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тодорхойлох бүрэн эрх хадгалагдаж байсан. Тэр ч агуулгаар анхнаасаа төсөвт санхүүжилтийн хэмжээг тусгайлан суулгасныг шүүх яагаад үнэлэхгүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын А/17 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийн хуваарь”-ийн /11хх-181-183/ 9-д “жижиг зээл”-д 20 тэрбум, 20-т “Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг Нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс баталсан бусад хөтөлбөр, төслийн санхүүжилт”-д 3,768,572.6 төгрөг, 21-т Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийн санхүүжилт”-д 3,9 тэрбум гэж тус тусад нь ялгаатай төсөвлөсөн нь санамсаргүй зүйл огт биш юм.

Миний хувьд албан тушаал хашихдаа төрийн мэргэшсэн, жинхэнэ албан хаагч нарын зөвлөгөө туслалцааны үндсэн дээр явуулдаг ба тэдгээр албан хаагч нар дээрх аргачлалаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн гэж танилцуулж бүх шатанд уг арга хэмжээг баталсан шийдвэр гаргаад яваад байхад хууль зөрчиж байна гэж мэдэх ёстой байсан гэж шүүх юунд тулгуурлан намайг санаатай хууль зөрчсөн гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Хамтын шийдвэр гаргасан албан тушаалтнууд хууль зөрчөөгүй бол би ямар ч хууль зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Н.Н- намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ш- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний бие төрийн албанд 10 гаруй жил ажиллаж байна, ийнхүү ажиллахдаа хувийн ашиг сонирхлоо төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж байсангүй. Би 2017.02.16-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Улмаар 2017.04.20-ны өдөр ХХҮЕГ-ын дарга Б.Н- ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь орон нутаг нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл сонгон шалгаруулах зорилготой байсан, ажлын хэсэг 2017.04.27-ны өдөр эхний өдөр хурлаа хийсэн. Үүнээс хойш ажлын хэсэг хуралдаж чадаагүй учир нь миний хадам аав хорт хавдар оноштой эмнэлэгт хэвтсэн. 2017.07.09-ний өдөр аав нас барж, би ээлжийн амралтаа авахаас өөр аргагүй болсон. 2017.08 дугаар сарын дундуур ажилдаа ороход ажлын хэсэг хуралдан сонгон шалгаруулалт явуулсан талаар нарийн бичгийн дарга Н.Б- надад хэлсэн, би нэгэнт ажлын хэсэг хуралдсан юм бол гарын үсгээ зуръя гээд зурсан. Хэний ямар төсөл сонгон шалгарч байгааг би мэдээгүй. Гэтэл 2019 оны сүүлээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас намайг дуудаж дээрх төсөлтэй холбоотой мэдүүлэг авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байна гэсэн. Надад тэр шалгарсан 29 иргэн, байгууллагад таньж мэдэх нэг ч төсөл байхгүй, мөн би ямар нэгэн шийдвэр гаргаж тэдэнд зээл олгоогүй. Гэтэл 2020.04.29-ны өдөр ялагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан, тус тогтоол нь өмнөх тогтоолоос өөр буюу намайг улс төрд нөлөө бүхий этгээд гэж ялласан байсан. Эрүүгийн хуульд зааснаас харахад би “улс төрд нөлөө бүхий” этгээд биш байсан.

Тиймээс миний бие шүүх үнэн зөвөөр шийдэж, гэм буруутай хүмүүсийг яллаж, буруугүйг тогтоож өгнө гэж итгэсэн. Гэтэл анхан шатны шүүх намайг прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шийтгэсэн. Ингэхдээ намайг Н.Н-ын зохион байгуулалтад орж, Б.Н-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн. Мөн ажлын хэсгийн гишүүдтэй хамжиж оролцсон гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг давж заалдсан боловч шүүх гомдолд ямар ч үндэслэл бүхий хариу өгөхгүй зөвхөн Засгийн газрын журмыг л тайлбарлаж байна.

Миний бие сайд Н.Н- гэдэг хүнтэй хамт гэмт хэрэг үйлдэх нь битгий хэл уулзаж, ярилцаж ч үзээгүй. Мөн ХХҮЕГ-н дарга Б.Н-тай ажил хэргийн хүрээнд л харьцаж байснаас бус энэ төслийг шалгаруулая гэж нэг ч удаа уулзаж байгаагүй. Надад хамааралтай иргэн, аж ахуй нэгж байгууллага байгаа бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би энэ хэрэгт оролцоогүй болохоор өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг улс төрд нөлөө бүхий этгээд гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн намайг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад энэ хэргийг үйлдэх ямар ч санаа, бодол, хүсэл байхгүй. Тиймээс би Улсын дээд шүүх миний хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө гэж итгэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Ш- миний хэргийг хэрэгсэхгүй болгож, боломжгүй бол хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Н.Мандах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгч Н.Н-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

...яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардуулах үүргээ прокурор биелүүлээгүй тул ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх боломжгүй, шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлж чадсангүй.

...эрүүгийн хэрэг прокурорын хяналтад байхад Н.Н- яллах дүгнэлтээ гардаж авахаас татгалзсан мэт харагдуулах байдлаар прокурор, шүүх хууль бус хамтын үйлдлээ зөвтгөх үйлдэл хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Дээд шатны шүүх хэргийг бүхэлд хянах үүрэгтэйн хувьд өмгөөлөгч нараас Н.Н- эрх зүйн дээд боловсролтой эсэх, ямар мэргэжил эзэмшсэн талаар холбогдох баримтыг гарган өгч давж заалдах гомдол гаргасан, шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ тодорхой танилцуулсан атал давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй, анхан шатны шүүх шүүгдэгчийг өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцуулсан энэ дүгнэлт шийтгэх тогтоолд бичигдсэн, шүүгдэгчийн үндсэн эрхийг зөрчсөн талаар хэргийн оролцогч нараас маргаж байхад энэ талаар огт дүгнэлт өгсөнгүй.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд шүүгдэгчийг биечлэн оролцуулахгүйн тулд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан зохицуулалтыг шууд зөрчиж нэр дэвшигчийг цагдан хорьсон, шүүх өөрөө хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлыг удаа дараа гаргасан нь шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдаж хэргийн оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтүүдээс тодорхой харагдах ба Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хуулийн заалтыг чанд сахина” заасан зохицуулалтыг зөрчиж байсныг хяналтын гомдолд тодорхойлж байна.

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болсон шүүх хуралд Н.Н-аас шүүхэд хандаж шинээр өмгөөлөгч авч өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах, нэр бүхий 10 гэрчийг оролцуулах, шүүх хурлыг нээлттэй явуулах, өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах боломжоор хангуулах үүднээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хангаагүй ба олон улсын гэрээгээр баталгаажсан өмгөөлөгчтэй хамааралтай шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзэж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар бүлэглэж оролцсон гэж үзсэнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Н.Н- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн дарга байхдаа 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолыг гаргасан гэх асуудалд хамааралтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх субъект биш болно.

Давж заалдах шатны шүүх Н.Н- нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох”-оор танилцуулж, “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Н.Н- нь 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг 6 чиглэлээр хэрэгжүүлэх, төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200.0 сая хүртэл төгрөг, батлагдсан төсөвт багтаан нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, 15-аас доошгүй төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн аргачлалыг маш тодорхой тусгасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдээс харахад Засгийн газрын үйл ажиллагаа, хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар тогтоолыг хянах эрх хэмжээ эрүүгийн шүүхэд байгаа эсэх, дээрх захиргааны актууд хүчин төгөлдөр эсэх, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн субъектийн нэхэмжлэл гаргаснаар тусгай шүүх буюу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх боломжтой.

... шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэл, шударга ёсны зарчмыг баримтлаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал тодорхойлох шаардлагагүй, хохирлыг прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж байгаа гэж үзсэн мөртлөө тухайн хэргийн зүйлчлэлийн хувьд Н.Н-т ял шийтгэл оногдуулахдаа хатуу хандсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүд болоод эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл болгосон дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Н.Н-ыг Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн, улмаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэж, нийт 8 иргэн, 21 хуулийн этгээдэд давуу байдал бий болгож Төрийн үйлчилгээ иргэдэд шударгаар хүрэх, сонгон шалгаруулалтын тэгш байдал, Төрийн албаны хууль дээдлэх зарчим тус тус алдагдуулж албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж нотлох баримтуудыг дурдаж дүгнэсэн байдаг бөгөөд түүнийг нь давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж онцлон үзсэн байна.

Шүүхийн энэ дүгнэлтээс дараах байдал хэргийн хувьд нотлогдсон бол зөв зүйтэй дүгнэлт болох байсан нь харагддаг.

Н.Н- нь урьдаас 29 иргэн, аж ахуй нэгжтэй тохиролцож тэдгээрт давуу байдал олгохын тулд хууль зөрчсөн “танилцуулга” боловсруулахыг яамны мэргэжилтнүүдэд даалгаж, түүнийгээ 3Г-ын хуралдаанд хүүтэй, зээл хэлбэрээр олгох гэж буй мэтээр танилцуулж, хуралдааны тэмдэглэлийг албажуулж хуулийн үндэслэлийг нотлох эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж тэмдэглэлийг танилцуулгын утга санаатай нийцүүлэн гаргуулж, ХЭҮЗ-ийн гишүүдэд нөлөөлж 03 тоот тогтоолыг батлуулж, ингэснээр Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга мэргэжилтнүүдэд хууль бус сонгон шалгаруулалт явуулахыг тушааж, нөлөөлж эцэст нь А/133, А/172 тоот тушаалуудыг өөрөө гаргаж гэрээг байгуулж мөнгийг шилжүүлсэн бол”

Гэвч харамсалтай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н-ын үйлдэл, оролцоог дээрх байдлаар дүгнэж буруутгах үндэслэлгүй байдаг. Тиймээс шүүх Н.Н-ыг гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй нотлох баримтуудыг огт өөр өнцгөөс харж шударга бусаар үнэлж тодорхой улс төрийн захиалгат шийдвэр гаргасан байж болзошгүй нь анзаарагддаг.

Н.Н-ын гэм буруугийн үйлдэлд хийсэн дүгнэлтүүд нь баримтаар нотлогдоогүй, хуульд нийцэхгүй байгаа тул дараах үндэслэл бүхий тайлбарыг хийж байна.

“орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн тэргүүлэх зорилтот” төсөл хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлсэн болох тухайд:

1. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үедээ Н.Н- нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох газар хэлтсээс боловсруулсан төсөл хөтөлбөрийн чиглэл “танилцуулга”-ыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан, ЗГ-ын шийдвэрийг гаргахад саналын эрхтэй оролцсон,

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын байр суурийг танилцуулж саналын эрхтэй оролцож 03 тоот шийдвэрийг гаргахад хамтран оролцсон.

Түүний энэ оролцооны үйлдлээс харвал бие даасан ямар ч шийдвэр гаргаагүй нь тодорхой харагдана. Гэтэл шүүх бие даасан эрх мэдэлтэй байсан мэтээр үндэслэлгүй мушгин гуйвуулж дүгнэсэн байдаг.

Засгийн газрын тэмдэглэл гарах /шийдвэр/, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол гарахад саналын эрхтэй оролцож хамтын шийдвэр гаргахад оролцсон. Хэрэв оролцогчийн /сайд/ хувиар нөлөөлсөн гэвэл бусад шийдвэр хамтран гаргагч нар мөн буруутгагдах ёстой байсан. Шүүх болон прокурор тэгж дүгнэж үзээгүй байгаа тул бусад хамтран шийдвэр гаргагч нарын үйлдэл хууль ёсны бол логик буюу учир зүйн талаас Н.Н-ын үйлдэл хууль бус байх ямар ч боломжгүй юм.

Шүүх 15-р хавтаст хэргийн 40-р талд авагдсан Улсын их хурлын 45 дугаар тогтоол, 15-р хавтаст хэргийн 43-45-р талд авагдсан Засгийн газрын 121 дүгээр тогтоол, 1-р хавтаст хэргийн 182-р талд авагдсан Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/17 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн” 2017 оны “төсвийн хуваарь”, 11-р хавтаст хэргийн 152-р талд авагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 01 тоот тогтоол’” зэргийг бодитойгоор үнэлээгүй, түүнчлэн үгүйсгэж буй шалтгааныг заагаагүйгээс буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гарахад хүрсэн гэж үзэж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт суугдаагүй, Засгийн газрын тэмдэглэлээр зөвшөөрөл олгогдоогүй төсөл хөтөлбөрийн мөнгөн санхүүжилтийг аль журмыг мөрдөж хэрэгжүүлэх байсан талаар маргаж буй тохиолдолд бол прокурор, шүүхийн дүгнээд байгаа шиг хууль хэрэглээгээр тайлбарлаж болох байсан.

Гэтэл цагаан дээр хараар маш ойлгомжтой тодорхой бичсэн журмын зохицуулалтыг шүүх илтэд мушгин гуйвуулж Засгийн газрын Төсөл хөтөлбөрийг зориуд “жижиг зээл” болгож, тухайн журмаар хэрэгжүүлэх ёстой байсан мэтээр харагдуулах гэж янз бүрээр дүгнээд байгаа нь цаанаа тодорхой шалтгаантай байна гэсэн хардлагыг төрүүлдэг. Тухайлбал давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “санхүүгийн дэмжлэг авсан гэх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тэдгээр нь бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд байна” гэж дүгнэсэн байдаг.

2. Н.Н- өөрөө дур мэдэн нэгж төслийн дээд хэмжээ 200 сая төгрөг байх тоо тооцооллыг гаргаж танилцуулга хийгээгүй, харин мэргэжлийн баг тооцоо судалгаанд үндэслэн Төсөл хөтөлбөрийг томьёолсон “танилцуулга” удирдамж бэлдсэн гэдэг нь тодорхой харагддаг.

Шүүх 2017 оны 03 дугаар сарын өдрийн 13-р хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг иш татаж “зээл олгох, арилжааны банкаар дамжуулах, зээлийн хүү 7,8 хувь байна гэж танилцуулжээ” гэж гэм буруутайд тооцох үндэслэл болгодог. Уул нь шүүхийн тайлбарлаад байгаа шиг утга агуулга огт дэлгэрэнгүй тэмдэглэлээс харагддаггүй. Шүүх, прокурор тэгж харахыг хүсээд байгаагаас уг нотлох баримт дээрх байдлаар харагдаад байна гэж үзэж байна. /13хх-184-194 тал/

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгосон ЗГ-ын тэмдэглэлд ЗГ-ын Төсөл хөтөлбөрийн зээл, хүүтэй, банкаар дамжих болгон танилцуулж ЗГ-ын гишүүд шийдвэрлэсэн бол тусгагдах нь гарцаагүй байсан. Тэгэхээр уг шийдвэрлүүлж буй Төсөл хөтөлбөртэй холбоотой зээл, хүүтэй байх, банкаар дамжих асуудал яригдаагүй, сайдын хийсэн, хэрэгжүүлж яваа ажлын талаарх өөр танилцуулга яригдсан нь маш ойлгомжтой байна.

Гэрч Г.Эрдэнэбулганы /хх12-240-241/ мэдүүлэгт ...үүрэг даалгавар өгсөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг шүүхийн практикт Захиргааны акт гэж үздэг. ..” гэсэн мэдүүлгээс Засгийн газрын 2017 оны 13 дугаар тэмдэглэл нь үүрэг даалгавар ногдуулсан акт болох нь тодорхой байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, Засгийн газрын тэмдэглэлээр баталгаажсан учраас түүнийг үндэслэж Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл 03 тоот тогтоол гаргасан. Шүүх болон Прокурор 03 тоот тогтоол хууль зөрчөөгүй гэдэгтэй огт маргаагүй. Учир нь 9 гишүүдийн хамтын шийдвэр учраас хууль бус бол бүгдийг эрүүгийн хариуцлагад татах байсан нь гарцаагүй.

Н.Н-ын хувьд “Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл”-ийн тогтоолыг гаргахад оролцсоноор “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг сонгон шалгаруулах, хяналт тавих үүргээс чөлөөлөгдсөн. Уг тогтоолын дагуу сонгон шалгаруулалт, хяналтыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга /Б.Н-/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/ нар хариуцахаар болсон. 29 иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад нөлөөлсөн гэх асуудал нотлох баримтаар огт нотлогдоогүй. Уг ажлыг хариуцсан хүмүүс гэм буруугийн асуудлаар маргаагүй зэрэгт шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй.

Тиймээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож буй шүүхийн дүгнэлт нь учир зүйн талаас хоорондоо огт авцалдахгүй, шалтгаант холбоогүй дээрх тайлбар дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа гэдэгт итгэж байна.

Оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүйгээр хязгаарласан, хэргийн харьяалал зөрчсөн талаар:

Шүүгдэгч H.Н-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч нараас Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн.

Тухайлбал Хүний Эрхийн түгээмэл тунхаглалийн 8 дугаар зүйл, Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14-р зүйлийн 1 дэх хэсэг заалтуудыг зөрчиж Н.Н-ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж, эрхийг нь зориудаар хязгаарлан гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч Н.Н- нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийгөө өмгөөлөх гэхээс өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангуулах хүсэлтийг гаргаж байсан ч шүүх “хуульч мэргэжилтэй” гэх шалтгаанаар өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчсөн байдаг. Н.Н-ын хувьд хуульч мэргэжил огт эзэмшээгүй баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж эрхийг нь хангаж өгөх хүсэлт тавьсан ч магадлалд энэ талаар огт дурдагдаагүй байсан.

..эсрэг мэдүүлэг өгч байгаа, эсрэг сонирхолтой шүүгдэгч нар байсаар байтал шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч оролцуулахгүй явуулж, эсрэг сонирхолтой этгээдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Энэ мэт хүний эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь шүүх хараат бус нөлөөлөлгүй шийдвэр гаргаагүй нь харагддаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Н.Н-ыг удирдан зохион байгуулж бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулж цагаатгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч П.Баасанжав нар хамтран гаргасан гомдолдоо“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ба давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтдээ хэргийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул энэхүү гомдлыг гаргав.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх аль, аль нь хэргийн бодит байдлыг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгээр нэг мөр тогтоогоогүй тул буруу дүгнэлт хийж, Б.Н-г ХЭҮЗ-ийн хууль зөрчиж гарсан шийдвэрийг мэдсээр байж хэрэгжүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож байна. Учир нь ХЭҮЗ-ийн 2017.3.21-ний өдрийн 3-р тогтоол, хууль, журмыг зөрчиж гарсан гэх нотлох баримт хэрэгт огт байхгүй, мөрдөн байцаалтаар ч шалгаагүй.

Харин Б.Н- нь ажлаа хурдан, шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийн гишүүдийг оролцуулахгүйгээр төслүүдийг өөрөө сонгон санхүүгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэж, хурлын тэмдэглэлийг Н.Б-өөр үйлдүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ХЭҮЗ-өөс 2017.3.21 -ний өдрийн 3 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан (хэргийн 14-р хавтасны 123-р хуудас) “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн шалгаруулалт зохион байгуулах удирдамжийн дагуу ажилласан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Харин давж заалдах шатны шүүхээс хийсэн дараах дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзээгүй, буруу дүгнэлт хийжээ. Үүнд:

Магадлалд “...Засгийн газрын 2016 оны 276-р тогтоол, түүний хавсралтаар тогтоосон журмын жижиг зээл, болон санхүүгийн дэмжлэгийн зохицуулалт, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл сонгон шалгаруулсан арга хэлбэр, мөнгөний хэмжээ зэргээс үзэхэд 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид олгосон мөнгөн хөрөнгө нь агуулга болон хэлбэрийн хувьд санхүүгийн дэмжлэг бус жижиг зээлийн харилцааны шинжийг агуулж байна” гэжээ. ...Түүнчлэн санхүүгийн дэмжлэг хэсэгт хамааруулан тайлбарлаж байгаа шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын маргааны хувьд ч журмын 5.3-т заасныг зөрчсөн нь илэрхий бөгөөд санаатай үйлдэл болжээ” гэж дүгнэлт хийжээ.

Шүүх хуульд үндэслэсэн дүгнэлт хийх ёстой ч таамаглалаар дүгнэлт хийжээ.

Б.Н- нарыг “...төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2020.4.9-ний өдөр хэргийг прокурорт шилжүүлсэн байна. (Хэргийн 19-р хавтасны 155-р хуудас)

Ингээд прокурор 2020.4.29-ний өдөр Б.Н- болон бусад яллагдагч нарыг яллагдагчаар татсан тогтоолд ХЭҮЗ-ийн тогтоол нь ЗГ-ын 276-р тогтоолын хавсралтаар баталсан журмыг зөрчсөн гэдгийг мэдсээр байж хэрэгжүүлэн, хүүтэй олгох жижиг зээлийг хүүгүй олгосон, хэмжээг нь хэтрүүлсэн, банкаар дамжуулаагүй” гэж өөрчлөлт оруулжээ.

Гэтэл прокурор 2020 оны 4-р сарын 30-ны өдөр буюу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж танилцуулсны дараагийн өдөр нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Үүнээс үзэхэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн нөхцөл байдал, үндэслэл (үйл баримт буюу факт) бүрэн өөрчлөгдсөн, байхад нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авах мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүйгээс ХЭҮЗ-ийн тогтоол хууль зөрчсөн эсэх, жижиг

зээл, санхүүгийн дэмжлэгийн аль нь вэ? гэх асуудлуудыг тойрсон маргаан үүсч нэг мөр шийдвэрлэгдэхгүй байна.

Нэгэнт мөрдөн байцаалтаар шалгаагүй үйл баримт, хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж мэдүүлэг авах замаар нотлох боломжтой байсан хэдий ч тэднийг оролцуулаагүй нь шүүхээс хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гарах нэг үндэслэл болсон.

Юуны өмнө, дээрх дүгнэлттэй холбоотойгоор “жижиг зээл”,“санхүүгийн дэмжлэг”-ийн зохицуулалтыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх “жижиг зээлийн шинж чанартай байна” гэж дүгнэхээс өмнө ХЭҮЗ-ийн 2017 оны 3 тоот тогтоолоор батлагдсан төсөл хөтөлбөрийн зорилго, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг төсөл хөтөлбөрийн зохицуулалтад тус тус дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Эрх бүхий субъект нь хууль, журмаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тодорхойлсон бодлогыг шүүх өөрийн үзэмжээр санхүүгийн дэмжлэг бус, жижиг зээлийн шинж чанартай байна гэж дүгнэсэн нь буруу юм. Хэрэв энэ асуудал жижиг зээлийн харилцаа байсан бол ЗГ-ын хуралдаанд танилцуулах, ХЭҮЗ-өөс төсөл, хөтөлбөр батлах шаардлага үүсэхгүй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайн хуулийн 12-р зүйлийн 12.1-т “...Жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэлбэрээр дэмжин туслах хэлбэртэй байна” гэж заасан ба мөн хуулийн 12-р зүйлийн 12.7-д зээл, санхүүгийн дэмжлэгийг хэрхэн олгохыг ЗГ тогтоохоор заажээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Монгол улсын Засгийн газраас 2016.5.23-ны өдрийн 276-р тогтоол гаргаж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталжээ.

Энэ журмын 1.1 дэх хэсэгт “...Жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж журмын зорилгыг тодорхойлсон байна. Журамд зааснаар жижиг зээл олгох, батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх харилцааг 2-4-р бүлэгт санхүүгийн дэмжлэгийн асуудлыг 5-р бүлэгт тус тус журамлажээ.

Жижиг зээлийн санхүүжилтийн хэмжээ тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12-р зүйлийн 2-т заасны дагуу банкаар дамжуулах учир дээрх журмын 2-4-р бүлэгт шийдвэрлэгдэнэ.

Хэрэгт авагдсан Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5-р зүйлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад төсөв зарцуулах эрх олгосон (Хүснэгтийн ... 28 дахь мөр)... Дотоод эх үүсвэрээс олгох зээл гэж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн ба энэ нь яриад байгаа жижиг зээлийг төсөвт тусгаж байгаа асуудал юм.

Харин санхүүгийн дэмжлэгийг хууль, журамд хэрхэн зохицуулав.

Журамд зааснаар санхүүгийн дэмжлэгийг 2 хэлбэрээр олгож болохоор зохицуулжээ.

Журмын 5.1-д .Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно” гэж тодорхой заасан.

Энэ нь ХЭҮЗ-д хуулиар олгосон бүрэн эрхийг нарийвчлан журамласан зохицуулалт болжээ.

Уг журмын 5.2-т “...Энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд заана” гэжээ.

Харин журмын 5.3-р зүйл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12-р зүйлд заасан санхүүгийн дэмжлэгийг олгох асуудлыг журамласан зохицуулалт гэдэг нь тодорхой байна.

Үүнээс үзэхэд дээрх хууль, журамд жижиг зээл, санхүүгийн дэмжлэгээс гадна ЗГ болон ХЭҮЗ-өөс баталсан төсөл хөтөлбөр гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өөр нэг арга хэлбэр тодорхойлогдож, түүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.3.7 дахь хэсгээр, журмын 5.1, 5.2 дахь хэсгээр тус зохицуулж байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Зорилтот төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр тодорхойлсон чиглэлийн санхүүжилт нь санхүүгийн дэмжлэг юм. ХЭҮЗ шийдвэртээ санхүүгийн дэмжлэг гэж тодорхойлсон байхад шүүх хуульд заасан бүрэн эрхэд нь халдаж жижиг зээлийн шинж чанартай гэж дүгнэж болохгүй.

Энэхүү дүгнэлтээс үзэхэд давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохоос илүүтэйгээр яллах, заавал буруутгах байдлаар хууль, журмын уялдаа, холбоотой заалтууд, зохицуулалтуудыг илэрхий буруу тайлбарлан дүгнэлт хийжээ.

2) Магадлалд “...Н.Н- нь өөрийн эрх, үүргийн хүрээнд ЗГ-т танилцуулан шийдвэрлүүлж байгаа асуудалтай холбоотой тогтоол журмын хэм хэмжээг өөрчлүүлэн хууль тогтоомжид нийцүүлэх зэргээр хууль ёсны дагуу хийгдэх ажиллагааг танилцуулж, шийдвэр гаргуулаагүй атлаа ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг удирдлага болгон эрх хэмжээнээсээ давсан шийдвэр гаргасан байна” гэж дүгнэжээ.

Ийнхүү буруу дүгнэлт хийсэн нь ХНХЯ, ХЭҮЗ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн зохицуулалтууд, тогтолцоо, бодлого, түүнийг хэрэгжүүлж буй субъектуудын харилцааг мөрдөн байцаалтаар шалгаагүйтэй холбоотой.

Б.Н-г ХЭҮЗ-ийн шийдвэртэй холбоотойгоор буруутгаж байгаа тул шүүхийн дээрх дүгнэлттэй холбоотойгоор ямар учраас ХЭҮЗ-ийн 2017.3.21-ний өдрийн 3 тоот тогтоол хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болох, энэ тогтоолыг хэрэгжүүлсэн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэдгийг хуулийн үндэслэлээр нь тайлбарлая.

Иймд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын тогтолцоог зайлшгүй авч үзэх ёстой.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-д зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь; 1) Засгийн газар, 2) ажил олгогч 3) ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний З байгууллагын төлөөлөл бүхий, тодруулбал уг хуулийн 27-р зүйлийн 2-т зааснаар гурван талт нийгмийн зөвшилцлийн байгууллага юм.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 350-р тогтоолын хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 3-р зүйлийн 3.1-д “...Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи (бүрэлдэхүүний 75-аас доошгүй хувь) * * оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүд зөвшилцөн гаргаж зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна” гэж эөвлөлийн үйл ажиллагааны зарчим, шийдвэр гаргах ажиллагааг журамласан байна. Тодруулбал, шийдвэрийг хамтын журмаар гаргахаар зохицуулжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.3.7, ЗГ-ын 276-р тогтоолоор баталсан журмын 5.1-д заасан зохицуулалтын дагуу ХЭҮЗ бүрэн эрхийнхээ хүрээнд баталж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон санхүүгийн дэмжлэг юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.1-6.3.6 дахь заалтаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр”-ийг тодорхойлжээ. Харин 6-р зүйлийн 6.3.7 дахь хэсэгт “...Хууль тогтоомжид заасан Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл хөтөлбөр” гэсэн нь эдгээр байгууллагуудад хуулийн 6-р зүйлийн 6.3.1-6.3.6 дахь хэсэгт зааснаас өөр төсөл хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгосон зохицуулалт юм.

Дээрх хуулийн үндэслэлүүдээс үзэхэд ХЭҮЗ-ийн 2017.3.21-ний өдрийн 3 тоот тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр гэдэг нь тодорхой нотлогдож байна.

Иймд Б.Н- ХЭҮЗ-ийн хууль зөрчсөн шийдвэрийг биелүүлж гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Хууль, журамд зааснаар санхүүгийн дэмжлэг, жижиг зээл, төсөл хөтөлбөр гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлбэрүүд, тэдгээрийн зохицуулалтыг тодорхой журамласан байхад мөрдөгч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх яагаад үнэн зөв, хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийхгүй байна.

Эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд хүний эрх хөндөгддөг учир мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчөөс асар их хариуцлага, мэдлэг, хууль хэрэглээний ур чадвар шаарддаг маш онцгой ажиллагаа. Гэтэл яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байхад мөрдөн байцаалт явуулахгүй, өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг шалгаагүй,

Эрүүгийн хуулийн 1.3-р зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэжээ.

Б.Н- нь ХЭҮЗ-ийн хуулийн үндэслэл бүхий шийдвэр хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан гэм буруугаа хүлээсэн. Гэхдээ тэрээр энэ үйлдлийг хийхдээ ямар нэгэн хувийн ашиг сонирхол, ашиг хонжоо хайсан сэдэлт, зорилгоор үйлдээгүй. Төсөлд хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэгийг барьцаа хөрөнгө, батлан даалт гаргуулж олгосон учир эргэн төлөгдөж улсад хохирол учраагүй гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Шүүх дүгнэлтдээ хэргийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээр дурдсан нөхцөл байдлыг орхигдуулсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, ЗГ-ын 2016 оны 276-р тогтоолуудыг буруу тайлбарлаж, үндэслэлгүй илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь Н.Н-гийн эрх зүйн байдлыг дордуулж, эрхийг нь зөрчиж байна. Иймд Б.Н-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч П.Баасанжав хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ба давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтдээ хэргийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсан, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал бий. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй бол шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно. ...хэргийн материалыг танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан, хууль зөрчсөн ажиллагаа болсон. Шүүх хуралдаан зөвхөн Б.Н-гаас шалтгаалах бус бусад шүүгдэгч нараас, мөн шүүхийн өөрийн зохион байгуулалтаас шалтгаалж удаа дараа хойшилж байсан. Миний бие анхан шатны шүүхэд өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа Б.Н-гийн зөвхөн хувийн байдлыг ойлгуулсан болохоос хэргийн үйл баримтад тулгуурласан өмгөөлөл явуулж чадаагүй.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэх практик тогтож буй бөгөөд төсөл нь шалгарч чадаагүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөн мэтээр таамагласан дүгнэлт хийж болохгүй. Б.Н-гийн үйлдэл хууль ёсны болох нь Засгийн газрын 276, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолуудаар нотлогдож байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан учир одоо 80 хувийн төлөлттэй байгаа. Гэтэл хууль бус шийдвэрлэсэн гэх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, мөн хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 276 дугаар тогтоолоор баталсан журмын 5.1-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд баталж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон санхүүгийн дэмжлэг юм. Иймд Б.Н-гийн эрх ашигт нийцсэн, үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ж.Б- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-ыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ьн 2.11, 2.7.3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх дээрх журмын зохицуулалт, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл сонгон шалгаруулсан арга хэлбэр, мөнгөний хэмжээ зэргээс үзэхэд 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид олгосон мөнгөн хөрөнгө нь агуулга болон хэлбэрийн хувьд санхүүгийн дэмжлэг бус жижиг зээлийн харилцааны шинж чанарыг агуулсан байна Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар журмын хэм хэмжээнээс өөр шийдвэр гаргасан нь жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэх хуулиар тогтоож өгсөн эрх хэмжээний хүрээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ хэмээн ганцхан дүгнэлт хийжээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэг ч үг, үсэг, өгүүлбэр, заалтыг шийдвэртээ дурдаагүй байдаг. Угтаа бол Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж буруутгах учиртай. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-ыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх үүнд ямар ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Гэтэл дээрх хуулийн зохицуулалт энэхүү хэрэгт ямар ч хамааралгүй байх бөгөөд хэрэв зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь эрүүгийн бус зөрчлийн хэрэг болохоор байна. Ийнхүү огт хамааралгүй хууль зүйн зохицуулалтаар буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх улсын яллагчийн зүйлчлэлийн дагуу шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий” гэж дүгнэн хариуцлага хүлээлгэсэн.

Гэтэл хууль тогтоогч 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд аутентик тайлбар хийж, ямар албан тушаалтан багтахыг тоочин заасан. Тус тайлбараас үзэхэд Засгийн газрын агентлагийн дэд дарга нь улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр хэргийн зүйлчлэлийн хүндрүүлсэн талаар огт тайлбарлаж, дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тодорхой бичигдэж, хуульчлагдсан тайлбарыг шүүх хараагүй мэт дүр эсгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь нэг талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нөгөө талаас хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал билээ.

Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг тусгаарласан Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч өөр шүүх хуралдаанд оролцож байна гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгчид шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан гараагүй, мөн шүүгдэгч Д.Г- шүүх хуралдаанд оролцох нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход шууд нөлөөлөхөөр байтал хэргийг тусгаарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд ямар ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Б.Ш- болон бусад шүүгдэгч нарыг буруутгаж мэдүүлэг өгсөн хүн бол шүүгдэгч Н.Б-. Гэтэл түүний анх гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш шүүх хуралдаан дээр өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг хүртэлх цаг хугацаанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байтал анхан шатны шүүх түүний мэдүүлэгт тулгуурлаж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн шүүгдэгч Н.Б-ийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзсэн мөн л хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнд давж заалдах шатны шүүх мөн л дүгнэлт хийгээгүй.

Энэхүү эрүүгийн хэрэгт тодорхой нэг этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж, хохирсон байх ёстой. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосноор энэхүү хэрэг хохирогч гэх оролцогчгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд хохирогч гэж хэнийг ойлгох, ямар эрх, үүрэгтэй байх талаар зохицуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч зайлшгүй оролцож, өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг бүрэн илэрхийлэх, хамгаалах бүрэн эрхтэй гэсэн үг. Мөн хэргийн бусад оролцогч нар шүүх хуралдаан дээр хохирогчид асуулт тавих, түүний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх талаар тайлбар, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй.

Энэ нь шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх хүчин зүйл болох ёстой. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж буюу хэний эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэх асуудал байхгүй болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ асуудалд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээс аргагүй юм.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Энэхүү хэрэгт шүүгдэгч Б.Н- болон Н.Б- нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч Б.Н- /шш-ийн 24-29/ шүүгдэгч Н.Б- /шш-ийм ЗЗ/ нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 2 шүүгдэгчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан. Гэтэл шүүх зөвхөн шүүгдэгч Н.Б-ийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзэж, шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлгийг огт анхаараагүй, мөн түүнийг мэдүүлгийн үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Харин давж заалдах шатны шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй.

Энэхүү хэргийг аль дүүргийн шүүх харьяалан шийдвэрлэх ёстой байсан эсэхийг одоо хүртэл шийдвэрлээгүй.

Гэтэл шүүхийн харьяалалтай холбоотой оролцогч нарын хүсэлтийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүхийн харьяалал зөрчиж эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Харин давж заалдах шатны шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч миний бие болон бусад оролцогч нараас удаа дараа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Шүүгчийн энэхүү байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар өөрөө шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх хардлага төрүүлсээр байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг огт анхаараагүй.

Хэргийн оролцогчдын зүгээс тус шүүх хуралдаанд гэрч Г.Янжинсүрэн, Г.Оюунтунгалаг нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан. ...шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх мөн л дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Үүнд:

Гэмт хэрэг хаана үйлдэгдэж эхэлсэн, хэзээ төгссөн талаар одоо хүртэл тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уу, эсхүл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар уу, эсхүл өөр газар уу? Мөн хэрэг хэзээ эхэлж, хэзээ дуусаад байна вэ?

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нараас бусад нь энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан, нөхцөл юу байсан бэ? Ямар эрх ашиг, сонирхол тэднийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэв? 29 аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд тэдний хамааралтай хүмүүс байна уу? Шүүх ямар ч тодорхой дүгнэлт хийгээгүй.

Шүүх шүүгдэгч нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон. Гэтэл шүүгдэгч нар тухайн хэрэгт яагаад хамжигч, гүйцэтгэгч болоод байгаагаа одоо хүртэл ойлгохгүй байгаа. Учир нь зарим шүүгдэгч өөрсдийн болгоомжгүй үйлдлээс болж ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурснаасаа болоод санаатай гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэгдэх болсон.

Анх шүүгдэгч Б.Ш-ыг 29 аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд давуу байдал олгож, 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл дараа нь хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирлын асуудлыг тусад нь шийдвэрлүүлнэ гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн. Тэгэхлээр шүүгдэгч нар хэн нэгэнд хохирол учруулсан уу үгүй юу гэдэг асуулт шийдвэрлэгдээгүй хэвээр л байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо ямар байсан талаар тодорхой зүйл байхгүй. Зөвхөн зарим шүүгдэгч гүйцэтгэгч, бусад нь хамжигч гэсэн уг, өгүүлбэр байдаг. Угтаа бол хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдлийг нарийвчлан тодорхойлж, буруутгах ёстой.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тэднийг буруутгасан Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11, 2.7.3 дугаар зүйл нь орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөлд хамааралгүй, харин тус журмын 5.1, 5.2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамааралтай, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7-д заасан үндэслэлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн төсөл гэж мэтгэлцсэн боловч шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн тайлбар огт хийгээгүй байна.

Шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Талуудын мэтгэлцээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, Хөдөлмөрийн эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр зөв үү, эсхүл Монгол Улсын Сангийн яамны 2018 онд хийсэн санхүүгийн шалгалт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан шаардлага зөв үү гэсэн асуудал үүссэн. Уг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, Засгийн газрын 276 дугаар зүйлийн 5.1, 5.2 дугаар зүйлийг харахад ойлгомжтой байсан. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны ахлах байцаагчийн шаардлага асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсгэсэн. Гэтэл шүүх Монгол Улсын Сангийн яамны шийдвэр үндэслэлтэй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн. Тиймээс орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн үр дагаварт Төрийн аудитын тухай хууль заасны дагуу Үндэсний аудитын газраас нийцлийн аудит хийж, дүгнэлт гаргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн өөрийн дураар шууд дүгнэлт хийж чадахгүй. Хэрэв хуулийн зохицуулалтыг ойлгоход хүндрэл үүсвэл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийг Улсын Дээд шүүхээс өөр хэн ч өөрийн дураар тайлбарлах эрхгүй.

Шүүхээс энэхүү хэрэгт шүүгдэгч Н.А-ын тухайд гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинжийг шалгах, нотлох, үгүйсгэх, түүнтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй нөхцөлд хүрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шийдвэрт гарын үсэг зураагүй болох нь шүүгдэгч Н.Б-, шүүгдэгч Н.А-ын өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэжээ. Гэтэл шүүгдэгч Н.Б- шүүгдэгч Н.А-ыг гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн нь худал мэдүүлсэн болж таарах нь. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Ш-ыг анхнаасаа гарын үсэг зураагүй гэж мэдүүлэг өг гэж үйлчлүүлэгчдээ зөвлөх байсан уу, эсхүл шүүгдэгч Н.Б-ийг худал мэдүүлэг өгч байна гэж үзэх үү гэдэг асуулт байсаар байна.

Эцэст нь хэлэхэд улсын яллагч нар шүүгдэгч Б.Ш- болон бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шүүхэд нотолж чадаагүй. Учир нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж /хохирогч буюу эрх ашиг, сонирхол зөрчигдсөн эсэх/ болон субъектив шинж /гэм буруу буюу шууд санаатай, шунахайн сэдэлттэй/ бүрэн хангагдаагүй байтал шүүх гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хэт нэг талыг барьсан, эсхүл ямар нэгэн нөлөөлөл байна уу гэсэн хардлагыг төрүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх асуудлуудыг улсын яллагчаас тодруулсан мөртлөө шүүхийн магадлалдаа огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх ганцхан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан журамд л дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иимд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн

Магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн субъект нь “улс төрийн нөлөө бүхий этгээд” буюу тусгай субъекттэй байхаар хуульд заажээ. Хуульд тусгай субъекттэй байхаар хуульчилсан бол субъектын нийтлэг шаардлагаас гадна тусгай субъектэд тавигдах шаардлагыг хангах ёстой байдаг.

“Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн хамаарахаар байна.

Тухайн үед М.Н- нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байсан ба дээр дурдагдсан “улс төрд нөлөө бүхий этгээд”-д хамаарахгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс ..гэмт хэргийн хэн санаачилж, үр дүнг хүсч байсан нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах субъектыг тогтоох шалгуур бөгөөд уг этгээдийн эрх зүйн байдлаар гэмт хэрэг зүйлчлэгдвэл, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдын зүйлчлэл мөн адил зүйлчлэгдэх үр дагавартай байдаг... ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...ажлын хэсгийн гишүүн М.Н- нь төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хуульд нийцүүлэн явуулах шаардлага, хэлбэрийг хангасан байдал нь тус тус бүхэлдээ нэг гэмт хэргийн нийгмийн аюултай байдлыг бий болгосон байх бөгөөд тэдгээрийн хэн нэгний үйлдэл, шийдвэр гаргалтгүйгээр гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан нь шүүгдэгч тус бүрийн бодит үйлдэл, оролцоо нь учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотойг илэрхийлж байна” гэжээ.

Гэвч шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд ялгаатай, ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг зөрүүтэй, гарын үсгийг өөр хурлын тэмдэглэл, зөвлөмжид ашигласан байдал, хурлын тэмдэглэл, зөвлөмжид зурагдсан гарын үсэг Н-ийн гарын үсэг биш байгаа зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Өмгөөлөгчийн зүгээс ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд зурагдсан М.Н-ийн гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, гарын үсгийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоол, магадлалд дурдаагүй нь хэргийн байдлыг үнэн зөвөөр тогтоосон гэдэгт эргэлзээтэй байна.

Мөн түүнчлэн М.Н- нь тус гэмт хэрэгт бусадтай үгсэн тохиролцоо урьдчилан амлаж, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үс зураагүй.

Учир нь шүүгдэгч Н.Б- Б.Н-гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хурлын тэмдэглэлийг зохион бичиж, М.Н-ийг ээлжийн амралттай байх хугацаанд хурал болж, шийдвэрээ гаргачихсан мэтээр ойлгуулж, эзгүй, амралттай байсан байдлыг зориуд ашиглан, бодит байдлыг нуун дарагдуулж, хуурч гарын үсэг зуруулсан байдаг. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн анхны хурлаар тухайн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулсан байдаг ба М.Н- нь тухайн ажлын хэсгийн хуралд оролцоогүй байдаг. М.Н- нь тус ажлын хэсгийн хуралд оролцоогүй тул ажлын хэсгийн гишүүнээр томилогдсоноо мэдээгүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн оролцож байгаа болон мөн ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө чиглэлийн талаар мэдээгүй байсан нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Ажлын хэсгийн өөр бусад гишүүдтэй уулзаж, харилцан санаа сэдлээрээ нэгдсэн зүйл байхгүй ба Н.Б-ийн хуурамч тэмдэглэл, баримт бичиг үйлдсэн байсныг хожим буюу 2020 оны 04 сарын 08-ны өдөр яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолтой танилцах үедээ мэдсэн байдаг.

Энэ нь М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...би гарын үсэг зурахдаа ажлын хэсгээрээ хуралдаж шийдвэрлэсэн байна гэж бодож гарын үсэг зурсан. Учир нь бүх гишүүд гарын үсэг зурсан байсан учраас нягтлалгүй, уншилгүй гарын үсэг зурсан нь миний буруу” гэх мэдүүлэг нь бусад хамжигчаар буруутгагдсан Н.У-, Б.Б- нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн хуурамч тэмдэглэл зохион бичсэн Н.Б-ийн удаа дараагийн мэдүүлэгт “ажлын хэсгийн хурал болоогүй, даргын зүгээс хууль бус даалгавар өгөгдсөн түүний дагуу тэмдэглэлийг зохион бичсэн талаараа ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн, ойлгуулсан талаар нэг ч үг үсэг байдаггүй нь Н.Б- бодит байдлыг нууж М.Н-ээр гарьн үсэг зуруулсан болох нь нотлогддог.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Н-ийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар. бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцсон.

Аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцох үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амлаад, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийж, уг объектив нөхцөл байдлаас тухайн хүний гэм буруугийн санаа зорилгыг илрүүлж, тогтоодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг” шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. М.Н- нь тус гэмт хэрэгт урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, санаа зорилго болон үйлдлээрээ нэгдээгүй юм. Анхан шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүгдэгч Н.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа мөн адил хугацаанд ээлжийн амралттай байсан, Н.Б-өд итгээд гарын үсэг зурсан, гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэрэг адил нөхцөл байгаа М.Н-ийг гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байгаа ба энэ талаарх өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Мөн шүүхээс М.Н-ийг ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, сонгон шалгаруулах ажлыг хуульд нийцүүлэн явуулах шаардлага, хэлбэрийг хангасан нь нийгэмд аюултай нөхцөл байдал бий болгосон гэмт хэргийг төгс шууд шалтгаант холбоотойгоор оролцсон гэж дүгнэхдээ хуурамч гарын үсэгтэй, эргэлзээтэй хурлын тэмдэглэл, баримтыг үндэслэж, гарын үсэг хэзээ, хаана зурсан, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, бодит байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, М.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхээс “шүүгдэгч Д.Б-, Н.У-, М.Н- нар төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүйг мэдсээр байж ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хуульд нийцүүлэн явуулах шаардлага, хэлбэрийг хангасан байдлыг бүрдүүлжээ” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Д.Б-ийн хувьд хурлын тэмдэглэлд гарьн үсэг зурсан үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн асуудал байхгүй. 111 иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт материалуудтай нарийн бичгийн дарга Б.Б- зориудаар танилцуулаагүй, Б.Б-ийн 2018 оны 05 сарын 31- ний өдрийг хүртэл холбогдох материалуудыг хүлээн авч дууссан гэж мэдүүлдгээс танилцуулах боломж байсан нь харагддаг. Тэрээр шүүх хуралдаанд мөн танилцуулаагүй, хуралдаагүй гэдгээ ч хэлээгүй, ХХҮЕГ-ын дарга Б.Н- дарга нуун дарагдуул гэж даалгасны дагуу нуун дарагдуулснаа мөн мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлаас харахад хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байхгүй гэдэг нь харагддаг. Хэнд давуу байдал олгосноо ч мэдэлгүй үйлдсэн.

Шүүхээс ч ажлын хэсгийн яг адилхан хурал оролцоогүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан Н.А-ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэгт урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, санаа зорилго болон үйлдлээрээ нэгдээгүй” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрх зүйн зарчмыг зөрчсөн явдал боллоо. Миний үйлчлүүлэгч Д.Б-ийн хувьд ч урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, санаа зорилго болон үйлдлээрээ нэгдээгүй байдаг. Д.Б-ийн хувьд мөн л ээлжийн амралттай байсан.

Н.А- болон Д.Б- 2-ын мэдүүлэг агуулгаараа яг адилхан түүнчлэн 2017 оны 04 сарын 27-ний өдрийн болон 2017 оны 09 сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдэд мөн адил гарын үсэг зурсан байдаг.

Гагцхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж

хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн үйлдэл байдаг. Энд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрүүд байж болохыг хуульчилахдаа хохирол хор уршигт зориуд хүргэсэн, хохирол хор уршиг учруулсан гэх ойлголтыг хамт хуульчилсан байдаг. Гэтэл энэхүү гэмт хэргийг улсын яллагчийн зүгээс хохирол, хор уршиг учраагүй гэж зүйлчилж оруулж ирсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Шүүх, прокурор мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан байна. Энэхүү заалтыг ноцтойгоор зөрчиж хохирогч тогтоогдоогүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээг нотолбол зохино гэж заасныг мөн ноцтой зөрчсөн зөрчил боллоо гэж үзэж байна.

Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасныг тусгайлан иш татан тус журмын 5 дугаар зүйлд тусгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, хэмжээ, нөхцөл шаардлагыг гэрээнд заасан хэмжээгээр тогтоохоор зааснаас шалтгаалан тухайн журмыг хууль зүйн утга агуулгын хүрээнд яллах болон цагаатгах талаас өөрөөр тайлбарлах нөхцөл бүрдээд байгаа билээ.

Захиргааны хэм хэмжээний актын ойлгомжгүй байдал болон тухайн актыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндэсний аудитын газрын шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай юм.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Н- болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэр тогтоол нь баталсан журамд илт нийцэхгүй байгаа талаар хэрэгт хууль ёсны нотлох баримт авагдаагүй гэж үзэх боломжтой бөгөөд холбогдох шийдвэр, тогтоол гаргасан үйл ажиллагааг хууль бусаар гаргасан нь ажлын хэсгийн хуралдаантай хамааралгүй юм.

Хэрэв урьдчилан дэмжлэг авсан буюу урьдчилан амласан нөхцөл байдалтай байна гэж үзвэл тухайн төслийг танилцуулах Засгийн газрын хуралдаанаас эхлээд шийдвэр гарах хүртэлх нөхцөл байдлыг мэдэж байсан, ажлын хэсгийн гишүүдэд хэн хэн нь орж ажиллах талаар үгсэн тохиролцон, шалгарах компаниудтай ашиг сонирхол үүсч гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн төгс үйлдэгдэх шинжийг хангах ёстой.

Гэтэл хэргийн бодит байдалд хамжигч нарын зүгээс урьдчилан амлаад, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд объектив талын нөхцөл байдлаас тухайн хүний санаа зорилгыг илрүүлж тогтоохдоо хэргийн бодит байдалд бүрэн гүйцэд дүгнэлт хийх учиртай боловч манай үйлчлүүлэгчийн гарын үсэг зурсан нөхцөл байдлыг бүрэн дүгнэсэнгүй.

Эдгээр нөхцөл байдлууд нь албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах зарчмыг зөрчсөн үйлдэл байдаг боловч гэм хэрэг үйлдэгч нарийвчилсан журам заавар, хууль тогтоомжийг илтэд зөрчсөн байх учиртай.

Дээр дурдсанчлан хуульд дээдлэх, шударга ёсыг хангах зарчим нь нарийвчилсан дүрэм, заавар, хууль тогтоомжоор баталгаажин, тэрхүү хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчил болж хариуцлагажуулан нийгмийг зохицуулдаг билээ. Тэгэхлээр дан ганц зарчмыг үндэслэн буруутгах нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн үндэслэлд хамаарах учиртай гэтэл манай үйлчлүүлэгчийн зүгээс хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан нь ямар нарийвчилсан журам зааврыг зөрчсөн нь тодорхой бус, мөн гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн хамжигч”-ийн шинжийг хэрхэн хангаагүй байхад хангасан байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдааЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь улс төрийн нөлөө бүхий этгээд буюу тусгай субъект байхаар зохицуулсан. Тухайн үед М.Н- нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байсан ба дээр дурдсан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй. Шүүх “...гэмт хэргийн хэн санаачилж, үр дүнг хүсэж байсан нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах субъектыг тогтоох шалгуур бөгөөд уг этгээдийн эрх зүйн байдлаар гэмт хэрэг зүйлчлэгдвэл, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдын зүйлчлэл мөн адил зүйлчлэгдэх үр дагавартай байдаг...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хооронд ээлжийн амралттай байсан болох нь нотлох баримтаар тогтоогддог бөгөөд ажлын хэсгийн хуралдаанд огт суугаагүй. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар тухайн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулсан байдаг ба М.Н- нь тухайн хуралд оролцоогүй байдаг. Н.Б- нь М.Н-ийг ээлжийн амралттай байх хугацааг далимдуулж, хурал болсон мэтээр хуурч гарын үсэг зуруулсан. Хамжигчаар оролцсон гэх шүүгдэгч нарыг Н.Б-ийн удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгүүдээр буруутгадаг. Гэвч шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд ялгаатай, ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг зөрүүтэй, гарын үсгийг өөр хурлын тэмдэглэл, зөвлөмжид ашигласан байдал, хурлын тэмдэглэл, зөвлөмжид зурагдсан гарын үсэг Н-ийн гарын үсэг биш зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Өмгөөлөгчийн зүгээс ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд зурагдсан М.Н-ийн гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, гарын үсгийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоол, магадлалд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх тохиолдолд бусад шүүгдэгч нарыг санаатай гэмт хэрэг үйлдэж буйг мэдсэн, урьдчилан амлаж, үгсэн тохиролцсон байхыг шаардах боловч дээрх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоогоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, М.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

Мөн шүүх хуралдаанд шүүгчдэгч М.Н-ийн өмгөөлөгч Э.Гэрэл хэлсэн саналдаа М.Н-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн хэргийн материалтай танилцах, санал, хүсэлт гаргах эрхийг хангаагүй. Мөн М.Н-ийг буруутгаж буй тэмдэглэлд зурагдсан гарын үсэг М.Н-ийнх биш байдаг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй орхигдуулсан байна. Хуурамч тэмдэглэл зохиосон Н.Б- ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулахдаа Б.Н-гийн буруутай байдлыг нуусан болох нь тогтоогддог. Түүнчлэн М.Н- нь тус гэмт хэрэгт бусадтай үгсэн тохиролцож, урьдчилан амлаж, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай хэлбэрээр, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх нэг ч нотлох баримт байхгүй. Иймд нотлогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдохгүй байх тул М.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хэлсэн саналдаа Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрүүдтэй холбогдуулж хэлэх саналгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд Н.А-ын өмгөөлөгч Д.Отгонбат хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж, хэргийн баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн бөгөөд прокурор давж заалдах болон хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол шаардахгүй болохыг хэлэх нь зүйтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг хэрхэн олгох талаар заасан ба хуульд нийцүүлэн гаргасан тус журмыг зөрчсөн учир прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчиж аваагүй буюу анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ гэмт хэрэг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газарт танилцуулснаар эхэлж 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээл олгосон тушаал гарнаар төгссөн гэж үзсэн учир учир 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан бөгөөд прокуророос яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Улс төрийн нөлөө бүхий этгээд хэргийг зохион байгуулсан, бусад этгээдүүд хамтран оролцсон гэж ялласан учир тусгай субъект мөн эсэхэд маргах зүйл байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хэргийн харъяалал зөрчигдөөгүй байна. Гарын үсэг зурж буй эрх зүйн чадвар, чадамж бүхий төрийн мэргэшсэн албан хаагч тус үйлдлийг өөрөө хүсч хийж буй нь санаатай үйлдэл бөгөөд тус үйлдийн улмаас бусдад давуу байдал бий болгосон учир прокурорын зүгээс гэмт хэрэг гэж үзсэн. Шүүгдэгч Н.Н- нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр зөрчөөгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг  тус тус зөрчигдөж, 21 аж ахуй нэгж, 8 иргэнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Прокурор анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын талаар дүгнэлт хийх боломжгүй ба энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадал хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Б-, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Н.Н-, Б.Н-, Б.Ш-, Н.Б-, Н.У-, Д.Б-, М.Н-, Н.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.Н-ыг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаан дээр хийхдээ болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол гаргахдаа холбогдох хууль дүрмийн заалтуудыг зөрчсөн, улмаар хууль бус үүрэг чиглэл өгч, хийх ёсгүй үйлдэл хийж “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан мэтээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар бүрдүүлэн нийт 29 төслийн санхүүжилтийг шийдвэрлэн, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг удирдаж зохион байгуулсан, уг гэмт хэрэгт Б.Н-, Б.Ш-, Н.Б- нар гүйцэтгэгчээр, харин Н.А-, Д.Б-, Н.У-, М.Н- нарыг хамжигчаар хамтран оролцсон гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүйн улмаас шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөгч, прокурор гэмт хэргийн шинжид хамаарах үйл баримтыг бодитой, үнэн зөв байдлаар тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог.

Тодруулбал, шүүх хянан үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох хүмүүсийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Шүүгдэгч Н.Н-ыг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай санаа зорилгоо нэгтгэж, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд тодорхой аж ахуйн нэгж, иргэдэд хууль бус давуу байдал бий болгохоор урьдчилан тохиролцож, улмаар нийтийн албан тушаалтнуудад хууль бус үүрэг чиглэл өгч, тухайн гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн түүнийг дээрх гэмт санаагаа гүйцэлдүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тэмдэглэл гаргуулж, уг тэмдэглэлийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг санаатай зөрчсөн гэж шүүх дүгнэхдээ тухайн үйл баримтыг нотолсон гэх холбогдох баримтуудыг тал бүрээс нь бодитой хянаж үзэлгүй, тэдгээрийн агуулгыг буруу тайлбарлаж, улмаар Н.Н-ыг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ төрийн албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20 өдрийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх, уг хуралдааны тэмдэглэл гаргуулах, мөн Хөдөлмөр хамгааллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах, уг хуралдаанаас тогтоол батлах талаар хамтын шийдвэр гаргах үйл ажиллагаа зэрэгт Н.Н- эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх, ингэхдээ тодорхой эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж хэрэгжүүлсэн, эсхүл шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлсэн байж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.     

Харин тэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилт, сонгон шалгаруулалтыг баталгаажуулах, гүйцэтгэлд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас нээлттэй журмаар, шударгаар өрсөлдөж, хөтөлбөрт хамрагдаж болох байсан иргэд, байгууллагын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, түүнчлэн нийгмийн халамж үзүүлэх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал алдагдаж, тухайн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлсэн тодорхой нэр бүхий нийтийн албан тушаалтнууд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгж, иргэдийн 29 төсөлд хууль бус давуу байдал олгож, нийтдээ 3,986,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, уг гэмт хэргийн улмаас Хөдөлмөр эрхлэлтийн санд их хэмжээний хохирол учирчээ.

Шүүгдэгч Н.Н-ын хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоолыг гаргаснаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт, түүнд хяналт тавих үүргээс чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж буй боловч, тэрээр албаны бүрэн эрх, удирдан захирамжлах эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд тухайн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулж, улмаар зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж чадаагүйн улмаас бусдад хууль бусаар давуу байдал олгосон шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хувиар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/133 болон 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар тушаалуудаар баталгаажуулах, түүний дагуу санхүүжилт олгохыг албажуулах зэргээр албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Учир нь албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн байх, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгодог болно.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б-, Н.У-, М.Н- нар нь “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрсдийн оролцоог хангасан болгож, сонгон шалгаруулалт явуулсан гэх хурлын хуурамч тэмдэглэлд гарын үсэг зурсан тус бүрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул эдгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Н-гийн хувьд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, мөн Б.Ш-ын хувьд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга, сонгон шалгаруулалтыг хариуцсан ажлын хэсгийн даргаар ажиллах явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус үүрэг чиглэл өгч, хийх ёсгүй үйлдэл хийж, түүнчлэн Н.Б- нь тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан мэтээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар бүрдүүлэн нийт 29 төсөлд хууль бус давуу байдал бий болгосон, үүний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, санаа зорилгоо нэгтгэн, уг хэрэгт өөр, өөрийн чиг үүргийг гүйцэтгэн хамтран оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нар нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд нээлтэй сонгон шалгаруулалт явуулах үүрэг хүлээсэн атлаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн 29 төслийг хэрэгжүүлэгч нарт хууль бус давуу байдал олгож, тэдгээр төсөл, хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн сангаас, хууль бусаар 3,986,000,000 төгрөгийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлж буй үйлдлүүд нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Үүний зэрэгцээ Б.Н-, Б.Ш-, Н.Б- нарыг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий хүнтэй хамтарч, түүний удирдлагаар хэрэгжүүлсэн гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж, ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан оногдуулсан ялыг өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагыг харгалзан шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нар оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Түүнчлэн Н.А-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн ажлын хэсгийн хуралдаануудад оролцоогүй, хуралдааны тэмдэглэл, шийдвэрт гарын үсэг зураагүй гэж мэдүүлж ирсэн, энэ талаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б- нотолж мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах явцад гарын үсгээ өөрөө зурсан, эсхүл өөр хүн өмнөөс зурсан эсэхийг хөтөлбөргүй нотолж чадаагүй, түүний гэм буруутайд эргэлзээ гарч байгааг харгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.А-ыг цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд тус шийдвэрүүдийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Н-ын өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын хувьд, шүүхийн шатанд шүүгдэгчийг мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ эдлэхэд нь зориудаар саад болсон, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаа болон бодитой боломж олголгүйгээр хуралдааныг явуулсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч болон түүний нэр бүхий өмгөөлөгч нар нь өмгөөллийн эрхэд хамаарах хэм хэмжээний агуулгыг шүүн таслах ажиллагаа, түүнд оролцогч бусад талуудын эрх ашигт харшлах байдлаар хэрэгжүүлж, шүүх хуралдааныг явуулахгүй санаа зорилгоор ашиглаж, хуралдааныг удаа дараа хойшлуулах үндэслэл болгож байсныг тоочин дүгнэж, аливаа эрхийг хэрэгжүүлэх нь туйлын утга санаагаар илэрхийлэгдэх ёсгүй, бусад эрх ашгийн тэнцвэрт байдалтай нөхцөлдөх учиртайг зөв тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

Мөн шүүгдэгч Н.Н-ыг Улсын Их хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн байхад, Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж нэр дэвшигчийн эрхийг нь зөрчсөн гэх өмгөөлөгч Н.Мандахын гомдлын талаар дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэл, журам болон түүнд оролцогч нарын эдлэх эрх, хүлээх үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлж, гагцхүү түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гомдлын талаар дүгнэлт хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, түүнд хэрэглэгдэх нийтлэг зарчмуудын агуулга, уг ажиллагааны зорилгод нийцүүлэн, холбогдох хуулийн хэм хэмжээг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлд тулгуурлан тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын хамтран гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, Б.Н-гийн эрх ашигт нийцсэн, үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү”, шүүгдэгч Н.Н-н өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Б- нарын гаргасан “...хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1159 дүгээр магадлалд “Прокуророос шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.У-, Д.Б-, М.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг

“шүүгдэгч Н.Н-, Н.У-, Д.Б-, М.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

“Шүүгдэгч Н.Н-, Н.У-, Д.Б-, М.Н- нарыг албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Н.У-, Д.Б-, М.Н- нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 /нэг/ жил хасаж, 5,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, Б.Ш- нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Н.Б-өд нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Б-, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН