Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01389

 

2023 07 17 210/МА2023/01389

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02199 дугаар шийдвэртэй, З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК, Б.М, Л.Б, Б.М нарт холбогдох, гэрээний үүрэгт 338,293,976 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Т ХХК, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч компанитай 2019 оны 05 сарын 22-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх 10 удаагийн ачилтаар 651,586,800 төгрөгийн үнэ бүхий 348,860 литр шатхуун нийлүүлсэн. Гэрээний 5.2.1-т зааснаар төлбөрийг 30 хоногийн дотор төлөхөөр байсан боловч хугацаандаа төлөөгүй. Иймд төлбөрийн үлдэгдэл 94,900,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас нэхэмжилж байна. Мөн гэрээний 5.2.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон. Ачилт тус бүрийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт 210,248,536 төгрөг болсон. Мөн гэрээний 5.2.3-т төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулахаар тохирсон. Торгуулийг тооцоход нийт 33,145,440 төгрөг болсон. Иймд хариуцагч Т ХХК-аас алданги 210,248,536 төгрөг, торгууль 33,145,440 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн Б.М-ын өмчлөлийн 117 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Б.М-гийн өмчлөлийн 39,14 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалсан. Хариуцагч Т ХХК гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 05 сарын 22-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсанд маргахгүй. Гэрээний хавсралтад зааснаар нэгж үнэ 1,930 төгрөгөөр 207,000 литр түлш авахаар тохиролцсон. 2019 оны 06 сарын 11-ний өдөр анхны ачилт хийсэн бөгөөд 2019 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл 6 удаагийн ачилтаар 243,940 литр түлш авсан. Гэрээний хавсралтад зааснаар 2019 оны 08 сарын 01-ний өдөр 207,000 литр шатхуунд хүрснээр талуудын байгуулсан гэрээ дууссан. Харин гэрээгээр тохиролцсоноос илүү нийлүүлсэн шатхуунтөлбөрөөс нэхэмжлэгч алданги, торгууль тооцох эрхгүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй. Мөн гэрээний 5.2.3-т зааснаар нийлүүлсэн барааны үнэ төлөгдөөгүй, төлбөр нь зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал бараа нийлүүлэлтийг зогсоох эрхтэй байсан бөгөөд зээлийн шугамын дүн буюу гэрээгээр тохирсон 399,510,000 төгрөгт тулсан тохиолдолд торгууль төлөхөөр байна. Манай компани гэрээний дагуу 399,510,000 төгрөгийн түлш авсан бөгөөд 568,808,800 төгрөгийг төлсөн, үүний 168,508,800 төгрөг нь гэрээгүйгээр авсан түлшний үнэд төлсөн төлбөр тул үүнээс алданги тооцохгүй. Тиймээс худалдах-худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа. Барьцаа хөрөнгийн тухайд иргэдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан боловч барьцааны гэрээнд Т ХХК гарын үсэг зурсан, бусад хариуцагч нар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул үүрэг хүлээх үндэслэл болохгүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас Б.М-т итгэмжлэл олгосон боловч барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зураагүй, эдгээр итгэмжлэл нь хэлцэлд тавигдах хуулийн шаардлага хангахгүй, хуулийн дагуу үйлдсэн гэж үзэхээргүй байгаа тул барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үүрэг хүлээхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 116,991,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221,302,246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Б.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39,14 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б.М, Б.М, Л.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,900 төгрөг, 2,277,986 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Б.М, Л.Б, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 813,108.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх торгууль хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын агуулгаас үзэхэд нэг гэрээнд алданги, торгууль хоёрыг хамтад нь хэрэглэж болох бөгөөд тэдгээрийн нийлбэр нь гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас торгууль шаардах эрхтэй юм.

4.2. Мөн талууд гэрээний хавсралт хэсэгт алданги тооцохоор тохиролцсон учир торгуулийг давхардуулж тооцохгүй гэж шүүхээс дүгнэсэн. Гэгэл талууд 207,000 литр шаТуунаас бусад шатхууннийлүүлэлтийг хавсралт үйлдэлгүйгээр нийлүүлсэн.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 33,145,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 388,727,200 төгрөгийн үнэ бүхий 207,000 литр, гэрээ байгуулалгүйгээр 274,181,600 төгрөгийн үнэ бүхий 147,980 литр буюу нийт 662,908,800 төгрөгийн үнэ бүхий 354,980 литр шаТууныг хариуцагч Т ХХК-д нийлүүлсэн. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчид шатхуунтөлбөрт өнөөдрийн байдлаар 568,008,800 төгрөгийг төлсөн. Хариуцагч Т ХХК гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан шатхуунтөлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул тус гэрээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу дуусгавар болсон.

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК-аас дуусгавар болсон гэрээг үндэслэн гэрээ байгуулалгүйгээр нийлүүлсэн шатхуунтөлбөрт нийт 338,293,976 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь гэрээ байгуулалгүйгээр нийлүүлсэн шатхуунтөлбөрөө барьцаа хөрөнгүүдээр хангуулах хууль бус санаархлыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, дуусгавар болсон гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

5.3. Гэрээ дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу барьцааны гэрээ буюу барьцааны эрх дуусгавар болсон. Гэтэл шүүх гэрээ дуусгавар болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа.

5.3. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу барьцааны гэрээг байгуулсанд тооцох эрх зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээний дагуу хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

5.4. Барьцааны гэрээнд хөрөнгүүдийн өмчлөгч Л.Б, Б.М, Б.М нар гарын үсэг огт зураагүй. Л.Б, Б.М нар өөрсдийн хөрөнгөө барьцаанд тавих эрхийг хариуцагч Т ХХК-д олгоогүй байхад барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчсөн байх тул тус гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

5.5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх итгэмжлэлийн агуулгаас үзвэл хариуцагч Б.М, Л.Б нар Б.Мт өөрсдийнх нь өмнөөс хэлцэл хийх эрхийг олгосон болохоос биш гарын үсгийг төлөөлөн зурах, эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэл олгоогүй болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч Б.М-т олгосон итгэмжлэл нь хариуцагч Б.М, Л.Б нар өөрсдөө гарын үсгээ зурж чадахгүйн улмаас тэдгээрийн өмнөөс гарын үсэг зурах итгэмжлэл биш байна. Түүнчлэн, барьцааны гэрээнд гарын үсэг зурах нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний стандарт нөхцөл бөгөөд тус хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Б, Б.М, Б.М нарын талд ашигтайгаар тайлбарлахаар хуульчилсан.

5.6. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт нийцээгүй буюу хариуцагч Т ХХК-аар гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгчээс авсан шатхуун төлбөрт анз төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

5.7. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримтын Хүлээн авагчийн мэдээлэл хэсэгт дансны дугаар ***, эзэмшигчийн нэр Т, банк Г гэж бичигдсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд бус харин Г ХХК-д төлсөн байна. Энэ талаар шүүх хуралд хэлсээр байтал анхан шатны шүүх Г-ны Т-д төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүхэд төлсөн гэж үзсэнд харамсаж байна. Шүүхийн тус үйлдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 210,248,536 төгрөг, торгууль 33,145,440 төгрөг, нийт 338,293,976 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч Б.М, Л.Б, Б.М нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргажээ. /хх 1-4/

 

3.   Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...гэрээний төлбөрийг төлж гэрээ дуусгавар болсон, гэрээгүйгээр нийлүүлсэн шатхууналданги, торгуулийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, барьцааны гэрээнд өмчлөгч нар гарын үсэг зураагүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

 

4.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. Талууд 2019 оны 05 сарын 22-ны өдөр *** тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр З ХХК стандартын шаардлага хангасан шатхуун нийлүүлэх, Т ХХК шатхууныг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 9-12/

4.2. Талууд мөн өдөр *** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.М-ын өмчлөлийн *** тоот хаягт байршилтай орон сууц, Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн *** тоот хаягт байршилтай орон сууц, Б.М-гийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай орон сууцаар өмнө дурдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцсон; /хх 13-17/

4.3. Хариуцагч Т ХХК нь 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 354,980 литр буюу нийт 662,908,800 төгрөгийн түлш авч, үүнээс 568,008,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 94,900,000 төгрөгийг төлөөгүй; /хх 20, 22-26/

 

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний болон 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

6.   Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

7.   ...Гэрээний төлбөрийг төлж гэрээ дуусгавар болсон, гэрээгүйгээр нийлүүлсэн шатхууналданги, торгуулийг нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т ХХК нь гэрээний хавсралтад тусгагдсан нийт 207,000 литр шатхуунаас илүү авсан 147,980 литр шатхууныг гэрээгүйгээр авсан гэж үзэхгүй.

Учир нь, талууд дээрх гэрээгээр нэг тал нь стандартын шаардлага хангасан шатхуун нийлүүлэх, нөгөө тал нь шатхууны үнийг төлөх, ийнхүү төлөөгүй бол алданги, торгууль төлөх нөхцөлийг буюу гэрээний гол нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон тул гэрээний хавсралтад тусгагдсанаас илүү хэмжээгээр шатхуун авахын тулд дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм.

 

8.   Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд хүлээн авсан шатхууны төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Гэрээнд заасны дагуу алданги тооцоход 41,160,748 төгрөг болж байх боловч анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 22,091,730 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ.

 

9.   ...Талууд гэрээний хавсралтаар алдангийн тохиролцоог хийсэн учир нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх боловч ...торгууль 33,145,440 төгрөгийг гаргуулах... тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Учир нь, магадлалын хянавал хэсгийн 4.1-т дурдсан гэрээний 5.2.3-т ...төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд ... төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулна гэж заасан, төлөгдөөгүй төлбөр 399,510,000 төгрөгт хүрээгүй байх тул алданги гаргуулах үндэслэлгүй.

 

10. ...Итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, барьцааны гэрээнд өмчлөгч нар гарын үсэг зураагүй... гэх давж заалдах гомдлын тухайд барьцаа хөрөнгийн өмчлөгч нар 2019 оны 02 сарын 18-ны өдөр Б.М-т ...барьцаалж зээл авах, зээл болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг батлуулах, холбогдох газарт бүртгүүлэх, буцаан авах... бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 18, 19/

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 323,678 төгрөг, хариуцагч Т ХХК-аас 2023 оны 06 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн нийт 813,110 төгрөг, хариуцагч Л.Б, Б.М, Б.М нараас тус тус 2023 оны 06 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.НЯМБАЗАР