Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01596

 

2023 08 14 210/МА2023/01596

 

Ш.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/02316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох, 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ш.Б нь 2019 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн танил Д.Г-д 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг өгөх болсон шалтгаан нь Д.Г хэлэхдээ Д аймгийн С хотод 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлын зөвшөөрлийг улсаас авсан. Энэ ажлыг хийгээд ашгаа 50, 50 хувиар авъя гэсэн. Ш.Б нь уг саналыг хүлээн аваад 2019 оны 09 сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Маргааш нь 2019 оны 09 сарын 20-ны өдөр Д.Г нь өөрийн танил Д.М, Ц.Я гэх хоёр хүнтэй Ш.Б гэрт ирээд 45,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ талаар давхар бичиг Д.Г-оор бичүүлж авсан байдаг. Цэцэрлэг барих газар нь ямар ч ажил хийгдээгүй. Д.Г нь яг одоо ажил эхлэх боломжгүй байна, удахгүй эхэлнэ гэдэг шалтаг хэлж 2020 оны эхэн хүргэсэн. Д.Г нь та тодорхой хугацаа өгөөч гээд хугацааг хойшлуулж байсан. Иймд хариуцагчаас 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нь хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 09 сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөгийг Ш.Б-ээс авсан гэдэг гарын үсэг зурсан С ХХК-ийн хэлцэл хэрэгт авагдсан. *** банкны *** тоот дансны эзэмшигч нь Б.М. Уг дансны 2019 оны 09 сарын 20-ны өдрийн хуулга ирсэн. Дансны хуулга дээр Ш.Б өгсөн гэх 45,000,000 төгрөгийг уг компанийн хувьцаа эзэмшигч тухайн өдөр мөнгө хүлээлгэж өгөхөд байлцсан Б.М гэх этгээд бэлнээр авч яваад мөн өдөр *** банкны *** тоот данс руу 43,800,000 төгрөгийг хийжээ. Иймд бодит байдал дээр Д.Г нь энэ мөнгийг аваагүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г-оос 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Уг мөнгийг хувь хүн Д.Г аваагүй. С ХХК-ийн нэрийн өмнөөс захирлын хувьд авч компанийн ажилтан Б.М-ын *** банкны *** тоот дансанд хийж, компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан. Иргэн Д.Г үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй.

4.2. Гэрч Б.М тэр мөнгийг шинэ яармаг төслөөс орж ирсэн байх гэж гэрчийн мэдүүлэг худал өгсөн. Шинэ яармаг төслөөс 2019 оны 10 сарын 15-ны өдөр 105,000,000 төгрөг орж ирсэн. Сарын дараа С ХХК-ийн дансаар орж ирсэн. Энэ нь дансны хуулга, мөнгө шилжүүлсэн тухай баримтаар нотлогдоно. Төслийн гүйцэтгэлийн мөнгө төсөл гүйцэтгэж байгаа компанийн данс руу ордог.

4.3. Тухайн үед буюу 2019 оны 09 сарын 20-ны өдөр 17-18 цагийн орчим Д.Г нь С ХХК-ийн захирлын хувиар гарын үсэг зурж, тамга дарсан ба уг мөнгийг С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ядамсүрэн, Б.М нар авч тэр орой хүүхдийн 100-д байрлах Голомт банкны 24 цагийн салбар дээр Б.Мын нэр дээр данс нээлгэн байршуулж С ХХК-тай холбоотой өр болон бусад зүйлд зарцуулсан. Уг үйл баримтыг *** банкны дансны хуулга нотолно.

4.4. Б.М, Ц.Я, Д.Г нар Ш.Б-ээс авсан мөнгийг компанийн ажилд зарцуулсан тул компани төлнө гэж тохирсон. Тийм учраас 2019 оны 10 сарын 15-ны өдөр өөрийн *** банкны данснаас Ш.Б 11,000,000 төгрөг Д.Г хувь данснаасаа шилжүүлж төлсөн. Үүний дараа 2020 оны 03 сарын 20-ны өдөр С ХХК-ийн хувьцааны 13%-ийг Ш.Б-д шилжүүлж өгснөөр ямар нэгэн өр авлагагүй болсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Г-д холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...уг мөнгийг С ХХК-ийн захирлын хувиар авч, С ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, иргэн Д.Г хариуцах этгээд биш... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор Д аймгийн С суманд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийн санхүүжилтийг иргэн Ш.Б-ээс гаргуулж байгаатай холбоотойгоор уг төслийн санхүүжилтийн хяналтыг хөрөнгө оруулагч талын давуу эрхтэйгээр хянан оролцохыг зөвшөөрч байна. ...2019 оны 09 сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөг хүлээн авлаа гэсэн агуулга бүхий гар бичмэлийг шүүхэд гаргаж өгсөн.

Дээрх гар бичмэлд нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Д.Г нар гарын үсэг зурж, С ХХК-ийн тамга дарагджээ.

 

4.   Дээрх гар бичмэлийн агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

5.   Маргааныг хянан шийдвэрлэхэд гэрээний харилцаа Ш.Б болон Д.Г нарын хооронд, эсхүл Ш.Б болон С ХХК-ийн хооронд үүссэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.

 

6.   Хэргийн баримт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үнэн зөв гэж үзэхээр байна. Тодруулбал:

6.1.Нэхэмжлэгчийн гаргасан ...Маргааш нь 2019 оны 09 сарын 20-ны өдөр Д.Г нь өөрийн танил Д.М, Ц.Я гэх хоёр хүнтэй Ш.Б гэрт ирээд 45,000,000 төгрөгийг бэлнээр авсан... гэсэн тайлбар нь гэрч Д.М-ын өгсөн ...Мөнгө авахад Ш.Б ах, эхнэр нь, Ц.Я, Д.Г бид нар байсан. ...45,000,000 төгрөгийг Д.Г Д аймгийн С хотод нэг ажил авах гэж байна гээд өөрөө найзтайгаа яриад ээжийнхээ компаниар өөрөө хувиараа авсан. Манай компаниар авах ямар ч үндэслэлгүй, манайх өөрөө ажилтай байсан. ...45,000,000 төгрөгийг Д.Г бэлэн мөнгөөр кардон бор цаасан уутанд хийгээд авсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Я-гийн өгсөн ...45,000,000 төгрөгийг Д.Г өөрөө ганцаараа хийсэн. ...Ш.Б, эхнэр нь, Д.М, Д.Г бид хэд байсан. ...Манай компанид өгөөгүй, Д.Г тусдаа авсан... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна,

6.2.Гар бичмэлд Д аймгийн С суманд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийн санхүүжилт 45,000,000 төгрөгийг хүлээн авсан агуулга дурдагдсан боловч хэргийн баримтаар СХХК нь Д аймгийн С суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийн ажил хэрэгжүүлж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй,

6.3. Д.М-ын эзэмшлийн *** банк дахь *** тоот дансны хуулганаас үзэхэд 2019 оны 09 сарын 20-ны өдөр хийгдсэн 43,800,000 төгрөгийн орлогын гүйлгээг Д.Г-оос шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, уг гүйлгээг *** регистрийн дугаартай Д.М хийсэн болох нь тогтоогдсон,

Өөрөөр хэлбэл, Ш.Б-ээс 45,000,000 төгрөгийг бэлнээр Д.Г-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, харин Д.Г-оос 45,000,000 төгрөгийг Д.М-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй,

6.4.Талуудын 2019 оны 09 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гар бичмэлд С ХХК-ийн тамга дарагдсан нь дээрх 45,000,000 төгрөгийг С ХХК-д шилжүүлэн өгсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь, өмнө дурдсанчлан Ш.Б-ээс 45,000,000 төгрөгийг Д.Г-д бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдсон. Харин Ш.Б-ээс аливаа мөнгөн хөрөнгийг С ХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй.

 

7.   Дээрхээс үзвэл Ш.Б нь мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн этгээд болох Д.Г-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй. Д.Г нь уг мөнгөн хөрөнгийг цааш хэрхэн захиран зарцуулсан асуудал нь Ш.Б-д хамааралгүй юм.

Д.Г нь Д аймгийн С суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд зарцуулна гэж 45,000,000 төгрөгийг Ш.Б-ээс хүлээн авсан атлаа уг ажлыг хийж гүйцэтгээгүй буюу хамтын ажиллагаа хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, хариуцагчаас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

Анхан шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.

 

8.   Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийг захиран тушаах хэлбэрээр томьёолоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс мөн залруулна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/02316 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Г-оос 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...олгохоор тогтоов гэснийг ...олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР