Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/0008

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                    Х.Батсүрэн,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ц.Цогт,

Илтгэгч шүүгч:                           М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2021/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 567 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг (цахим) оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Х.Х-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “... Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн Х т ХХК-д холбогдох хэсгээс Х.Х-ын газар /П.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м.кв газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Х.Х нь 2012 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” хэмээх газарт суурьшиж, 2016 онд иргэн П.А-ээс 1500 м.кв газрыг 2 ширхэг сэндвичэн байшингийн хамт худалдан авч, “Хишиг” нэртэй дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа явуулж байсан. 2018 онд Х.Х-нь дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг байшингаа иргэн О.Э-д сарын 250,000 төгрөгөөр түрээсэлж байгаад 4,000,000 төгрөгөөр зарсан. 2019 онд О.Э нь “Х т” ХХК-ийг байгуулсан байна.

2.1. Нэхэмжлэгч Х.Х-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай газрыг өөр хүнд олгосон, олгох гэж байгаа, эсхүл газрын гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар хариуцагчаас бидэнд огт мэдэгдээгүй, газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй атлаа Засаг даргын 2019 оны А/137 дугаар захирамжаар манай газрыг оролцуулан Х т ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус, шударгаар эзэмших эрх олж авсан миний эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна ... гэж тодорхойлон маргажээ.

2.2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар “Х т” ХХК-д Хайрхан баг, Цагаан хад байршилд 0.4 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн 1500 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь нотлох баримтаар тогтоогдсон, талууд уг давхцалыг үгүйсгэж маргаагүй байна.

2.3. Хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06/07 дугаар тогтоолыг тус тус баримталсан, “... Засаг даргын 2012 оны 110 дугаар захирамжаар сумын төвд иргэн Н.Х-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1112 м.кв газрыг олгосон, иргэн П.А- нь газрын эрх шилжүүлэх талаар сумын газрын даамалд хүсэлт гаргаж байгаагүй, ... Цагаан хаданд байршилтай, нэгж талбарын 4601009226 дугаар бүхий 0.4 га талбай бүхий газартай давхцал байгаа эсэхийг газрын кадастрын мэдээллийн сангаас шүүхэд давхцал үүсээгүй тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, дуудлага худалдаа явагдаагүй, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд газрыг олгохдоо дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн ...” гэж; харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “Х т ХХК-д газар эзэмших эрх олгох үед нэхэмжлэгч Х.Х-, түүний хамаарал бүхий А х х ХХК, П.А- нарын нэр дээр газар эзэмших эрх олгогдсон, олгохыг хүссэн хүсэлт бүртгэгдээгүй байсан, үүнийг газрын мэдээллийн сангаас лавлагаа авч, тодруулсны үндсэн дээр газар эзэмших эрхтэй болсон ...” гэж шүүхэд тус тус тайлбар гаргажээ.

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч Х.Х-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, “... хариуцагч нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгааг мэдсээр атал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн урьдчилсан нөхцөл шаардлагыг зөрчиж, тухайн газар дээр бодит байдалд үйл ажиллагаа явуулж байгаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээдэд олгосон нь буруу ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжийн “Х т” ХХК-д холбогдох хэсгээс Х.Х-ын газар /П.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон 1500 м.кв газар/-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: ​​​​​​​

5.1. “... Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн 1500 м.кв газар гуравдагч этгээдийн эзэмшил газартай ямар огтлолцолтой, ямар цэгээр давхацсан болох хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, шинжээч томилж тогтоолгоогүй, дутуу, хэргийн үйл баримт эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулж байж дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь магадлалд нөлөөлсөн, хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй ..., Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн “Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/137 дугаар захирамжаар олгогдсон 4601009226 нэгж талбарын дугаартай “Х т” ХХК-ийн байрлал харуулсан зураг” нэртэй Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр боловсруулсан О.Х-ын үйлдсэн зургаар нэхэмжлэгчийн хамаарал бүхий “А х х” ХХК-ийн барилга, түүнд хамаарах газар, нэгж талбарын ямар цэгээр огтлолцож байгааг мэргэжлийн байгууллагаар тогтоолголгүйгээр давж заалдах шатны шүүх 1500 м.кв газар гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...​​​​​​​

5.2. Шүүхийн шийдвэр нь эцсийн байх бөгөөд энэ шийдвэр талуудын хооронд шинээр маргаан үүсгэх ёсгүй, өөрөөр хэлбэл, давхцалыг цэг бүрээр нь тодорхойлж тогтоосон байж шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой, ойлгомжтой байх шаардлагад нийцнэ, ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг тайлбартай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд, шинжээч томилон талуудын маргаан бүхий газрын огтлолцлын цэгийг тодорхой болгосны дараа хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ” гэжээ.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Газруудын давхцалуудыг нарийвчлан гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар авч үзсэн ч энэ талаар тогтоох боломж, шаардлагагүй, хариуцагч нэгэнт хууль, журам зөрчин гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн тул уг алдаагаа засварлаж, дахин кадастрын хэмжилт хийж, гуравдагч этгээдийн эзэмшлийн газраас 1500 м.кв газрыг хасч гэрчилгээг дахин олгох, эсхүл хууль, журам зөрчиж олгосон эрхийн гэрчилгээгээ бүхэлд нь хүчингүй болгох нь хуульд нийцэх, хяналтын шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд давхцалыг нарийвчлан тогтоогоогүй нь саад учруулахгүй ...” гэжээ.

8. Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Н-эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч Х.Х-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

11. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ч давхцал бүхий газрын маргааны хувьд буюу маргалдагч талууд “газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн” гэж маргаж буй тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг хэрэглэхдээ “тухай газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн”, мөн “эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх” хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэх нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасан зарчмаас үүдэлтэй. 

12. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Нэхэмжлэгчийн маргаан бүхий 1500 м.кв газрыг 2 ширхэг (сэндвичэн) байшингийн хамт П.А-ээс худалдаж авсан гэх боловч нэр дээрээ шилжүүлж аваагүй; мөн П.А-эд гэрчилгээг олгохдоо Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаар захирамжийг үндэслэсэн гэх боловч уг захирамж нь Ханбогд сумын Их булаг 1-17 тоот байршилд гэр бүлийн хэрэгцээнд 1112 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Н.Х-д эзэмшүүлсэн; П.А-тэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ байхгүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газрын төлбөр төлөгдөөгүйгээс гадна П.А-ээс Х.Х-д газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан талаарх баримт байхгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

13. Мөн үүний зэрэгцээ, Х.Х-нь 2012 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаанхад” хэмээх газарт ирж суурьшин, маргаан бүхий 1500 м.кв газарт байрлах 2 ширхэг (сэндвичэн) байшинг 2016 онд иргэн П.А-ээс худалдан авч өдгөө 194 м.кв талбай бүхий цайны газар, дэлгүүр буудал, засварын газрыг ажиллуулж байгаа; 2018 онд гуравдагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.Э-нь нэхэмжлэгч Х.Х-аас маргаан бүхий газарт байрлах 40 м.кв талбайтай байшинг түрээслэн ажиллаж байгаад худалдаж авсан бөгөөд уг газарт нэхэмжлэгчийн худалдан авсан байшин байрлаж, түүнд үйл ажиллагаа явуулж буйг үгүйсгээгүй; “А х х” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь холбогдох стандарт, норматив техникийн баримтын бичгийн шаардлагыг хангаж байгаа үндэслэлээр Стандарт, хэмжил зүйн газраас олгосон Тохирлын гэрчилгээ, Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ханбогд сумын Хайрхан багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001 дүгээр албан бичиг зэргээс төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн газрыг нэхэмжлэгч бодитой эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж байжээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй; анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

15. Хоёр. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтаас гадна 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

16. Маргаан бүхий 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ханбогд сумын Засаг даргын А/137 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Х т” ХХК-д 4000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Х.Х-ын 2 ширхэг (сэндвичэн) байшингийн хамт худалдаж авсан гэх 1500 м.кв газартай давхцуулан олгосон төдийгүй дуудлага худалдааны журмаар олгох газрыг дуудлага худалдаа явуулалгүй, оролцох дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр тооцож, захирамжаар эзэмшүүлсэн нь дээрх хууль зөрчсөн байхын зэрэгцээ тухайн газар дээр өөр этгээд үйл ажиллагаа явуулж байгааг эрх бүхий албан тушаалтан мэдсэн атлаа тухайн этгээдийг оролцуулж Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй нь өмнө дурдсанаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчимд нийцэхгүй; давж заалдах шатны шүүх энэ талаар “... нэхэмжлэгч Х.Х-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээдэд олгосон нь буруу. Энэ нь төрөөс газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлтэй.

17. Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн 1500 м.кв газар гуравдагч этгээдийн эзэмшил газартай ямар огтлолцолтой, ямар цэгээр давхацсан болох хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, шинжээч томилж тогтоолгоогүй, дутуу, хэргийн үйл баримт эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулж байж дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь магадлалд нөлөөлсөн, хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй ...” гэх агуулгаар хяналтын гомдлын үндэслэлээ тодорхойлж байгаа; хавтаст хэрэгт маргаж буй 1500 м.кв газрын огтлолцлын цэгийг тогтоосон баримт авагдаагүй боловч шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото болон тойм зураг, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох бусад баримтуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүд нь зэрэгцээ байрлалтай, маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд “Х т” ХХК-д 4000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Х.Х-ын П.А-ээс 2 ширхэг (сэндвичэн) байшингийн хамт авсан гэх 1500 м.кв газартай давхцуулан олгосон үйл баримт тодорхой байхын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид газрын давхцалын асуудлаар маргаагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилох хүсэлт гаргаж байгаагүй тул дээрх гомдол үгүйсгэгдэнэ.   

18. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                    Х.БАТСҮРЭН

                                                                                     Д.МӨНХТУЯА

         Ц.ЦОГТ

                                                                                    М.БАТСУУРЬ