Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01645

 

2023 08 23 210/МА2023/01645

  

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн ***-р хороо, У ам, И  хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 700 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: С.Д-а нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн *** захирамжаар Баянзүрх дүүргийн ***-р хороо, У ам, И хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр улсын бүртгэлтийн *** дугаарт бүртгүүлж, газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээг авсан. Өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч Ц ХХК миний эзэмшил газар дээр гэр барьж, контейнер байршуулсан байх тул хуулийн дагуу эзэмшдэг газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах, эзэмших боломжгүй болсон. Иймд Ц ХХК-ийн гэр болон контейнерыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, ***-р хороо, У ам, И хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын *** дугаартай, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** координаттай газрыг хариуцагч Ц ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

4.1. Нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр гардан авч, хариу тайлбарыг 2023 оны 06 сарын 19-ний өдөр өгөх байсан ч хариуцсан хуульч Ч.Л 2023 оны 06 сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаасаа чөлөөлөгдсөнөөс болж шүүхэд хариу тайлбар өгөх хугацааг хэтрүүлсэн.

4.2. Шүүхээс бидэнд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болсон тухай шүүх хуралдаан болсны дараа мэдэгдсэн. Шүүгчийн туслахад хэлэхэд ...Ч.Л гэж танай төлөөлөгчтэй ярьж хурлын товыг хэлсэн... гэх боловч бид Ч.Л-ээс тодруулах үед яриагүй гэж мэдэгдсэн. Мөн хавтаст хэргийн 22-р талд ...2023 оны 06 сарын 20-ны өдөр Ч.Л-ийн утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул зурвас үлдээв... гэж тэмдэглэл үйлдсэн байна.

4.3. Компани өөрийн үйл ажиллагаа явуулдаг хаягаа шүүхэд мэдэгдсэн, мөн компанийн албан бланк дээр хаяг тодорхой байхад шүүхээс хурлын товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүйд гомдолтой байна.

4.4. Мөн хэргийн материалтай танилцах үед хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байхад шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хуульд заасны дагуу хариуцагч тал шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. Хариуцагч тал хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдаг. Ч.Л-г ажлаас гарсан гэж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо тайлбарладаг хэдий ч ажлаас гарсан нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Мөн шүүхээс хариуцагч талд зурвас илгээн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн байгууллагаас авсан баримтуудад хуулбар үнэн гэх тэмдэг даруулсан нь нотлох баримтын шаардлагыг хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүргийн ***-р хороо, У ам, И хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 700 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3.   Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Ц ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Т, Ч.Л нарыг 2023 оны 06 сарын 02-ны өдөр томилжээ.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн нэгэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр хариуцагч Ц ХХК-д мэдэгдсэнд тооцно.

Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас гэсэн баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л-ийн *** гэсэн утасны дугаар 2023 оны 06 сарын 20-ны өдөр холбогдох боломжгүй байсан тул зурвас бичив гэсэн агуулгатай тэмдэглэл бичигджээ. /хх/

Холбогдох боломжгүй байсан утасны дугаар руу зурвас бичихэд мөн адил зурвас очихгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч Ц ХХК-ийн оршин байгаа хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэх боломжтой байжээ.

 

4.   Түүнчлэн, нэхэмжлэгч С.Д-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн ***-р хороо, У ам, И хаягт байрлах, нэгж талбарын ***дугаар бүхий 700 м.кв газар дээр хариуцагч Ц ХХК-ийн эзэмшлийн гэр, контейнер байршсан болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР