Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01646

 

2023 08 23 210/МА2023/01646

  

Ш.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/02012 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ш.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох,

***, ***, *** улсын дугаартай автобуснуудад төрөөс олгосон нөхөн олговрын 70 хувь болох 306,001,668 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Ш.З-той 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2010 оноос С ХХК-д өөрийн эзэмшлийн ***, *** улсын дугаартай автобуснуудыг нэр дээр нь шилжүүлэн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулан шугамд явуулдаг байсан. Гэвч сар бүр улсаас олгодог нөхөн төлбөрийг одоог хүртэл аваагүй байна. Мөн С ХХК-аас 2009 онд манай гэр бүлд *** улсын дугаартай нэг автобус бэлэглэж өгсөн нь С ХХК-ийн 2015 оны 12 сарын 12-ны өдрийн *** тоот албан бичгээр нотлогддог.

Дээрх *** улсын дугаартай автобусны нөхөн төлбөрийг одоог хүртэл мөн огт аваагүй. Би 2005 онд аж амьдралаа дээшлүүлэх зорилгоор БНСУ руу гэрээт ажилчнаар яваад 2010 онд буцаж ирсэн. Ингээд эхнэрийн дүү Г.О нэг автобус, би өөрөө нэг автобус худалдаж аваад Монгол руу өөрийн нэрээр ачуулж, хүлээн авагчийн нэр дээр хадам ах Г.Б-ын эхнэр Ц.Ө-ын нэрийг бичиж ачуулсан. Солонгос улсаас ачуулсан Дэү маркийн автобусанд *** улсын дугаар авч эзэмшигч байгууллагаар нь С ХХК-ийг бүртгүүлсэн. 2011 онд дахин нэг автобус худалдаж авч *** улсын дугаар авч, С ХХК-ийн дотоод дүрмийн дагуу нэр дээр нь бүртгүүлсэн. Би С ХХК-д эхлээд засварчнаар, дараа нь тэрэг тавиулагчаар 2015 оны 08 сар хүртэл ажилласан. 2011 оны 01 сарын 05-ны өдөр Солонгос улсаас худалдан авсан *** дугаартай автобустай холбоотой Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулсан. Харин 2011 онд худалдаж авсан *** улсын дугаартай автобустай холбоотой гэрээг 2011 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан. Миний хоёр автобус 2015 оны 04 сар хүртэл нийтийн тээврийн шугамд явж, улсаас албан ёсоор өгдөг нөхөн олговрыг С ХХК-д олгож байсан. Би одоог хүртэл нэг ч сарын нөхөн олговор гэрээ ёсоор С ХХК-аас авч байгаагүй. Мөн тухайн үед байраа томруулах зорилгоор Худалдаа, хөгжлийн банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авахаар болсон. Тухайн үед Г.Б ахын эхнэр Ц.Ө ...яаралтай 20,000,000 төгрөгийн хэрэг байна... гэсээр 25,000,000 төгрөгийн зээл дээр нэмж 20,000,000 төгрөгийг зээлж Ц.Ө авсан. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа. 2012 оны эхээр эхнэр минь, 2014 онд Г.Д ахын эхнэр Ц.Ө нас барсан. Үхэл зовлон ихтэй байхад нь нөхөн олговрын мөнгө гээд нэхээд яах вэ гээд нэхэж байгаагүй. Үүнээс өмнө Г.Д ах ...120,000,000 төгрөгийг бөөнд нь өгнө, гэрээний 5.3, 5.6-д тодорхой заасан тул гэрээг шинэчлэн байгуулах шаардлагагүй... гэж хэлж байсан. 2016 онд Г.Д ах нас барсан. *** улсын дугаартай автобусыг шугамд явах хугацаа дууссаны дараа би өөрөө С ХХК-аас авч Т ХХК-д 5,000,000 төгрөгөөр үнэлж сэлбэгт зарсан. *** улсын дугаартай автобусны хугацаа дууссаны дараа надад хүлээлгэн өгсөн, одоо миний төрсөн дүүд байдаг. Худалдаа, хөгжлийн банкнаас авсан зээлээ одоог хүртэл төлж чадаагүй байгаа тул автобуснуудынхаа нөхөн олговрыг авахаар шүүхэд хандсан. Иймд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-ний 2.6-д заасны дагуу нийт нөхөн олговорт олгогдсон 437,145,241 төгрөгөөс 30 хувь буюу 131,143,572 төгрөгийг хасаж, 306,001,668 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компанийн ерөнхий захирал Г.Д 2017 оны 08 сард нас барсан. Амьд сэрүүн байхдаа С.З-д өглөг үлдээгүй гэдгээ хэлж байсан. Мөн холбогдох тооцоог харахад манай байгууллага нь С.З-д өглөггүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. *** улсын дугаартай автобус нь манай байгууллагын гараашийн *** дугаартай, *** улсын дугаартай автобус нь гараашийн *** дугаартай, *** улсын дугаартай автобус нь гараашийн *** гэсэн дугаарт бүртгэлтэй байдаг. Архивын материалаас автобус бүрийн тооцооны бүртгэлийг шүүж үзэхэд *** дугаартай автобус нь 2010 оны 05 сараас 2015 оны 07 сарын хоорондын нийт үлдэгдэл тооцоо 6,716,607 төгрөг, *** дугаартай автобус 2011 оны 03 сараас 2015 оны 07 сарын хоорондын нийт үлдэгдэл тооцоо 10,201,230 төгрөг, *** дугаартай автобус 2009 оны 08 сараас 2015 оны 07 сарын хоорондын тооцооны үлдэгдэл 9,303,301 төгрөг, нийт 3 автобусны тооцоо 7,614,536 төгрөг байна. 2015 оны 07 сараас 2018 оны 03 сарыг дуустал манай байгууллагаас ерөнхий захирал Б.Б, дэд захирал Б.Л нарын дансаар Ш.З-ын ***банкны ***, ***банкны ***тоот данс руу 23,888,776,89 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ш.З-ын хүү З.С-ийн сургалтын төлбөрт 3,180,00 төгрөг Т дунд сургууль руу шилжүүлж, нийт 27,068,776,89 төгрөгийг өгсөн байна. Захирал Ц.Ө нь 2011 оны 07 сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ гэгчийг Ш.З болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор тус тус хийж байсан байдаг. Энэ зорилгын хүрээнд одоогийн Ш.З-ын амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, М хорооллын ***-р байрны *** тоот орон сууцны банкны 8 хувийн зээлийн нөхцөлийг хангуулах зорилготой хуурамч гэрээг хууль зөрчин үйлдэж зээлд хамруулж өгсөн. Гэвч Ш.З нь тухайн үеийн захирлуудыг нас барсны дараа тус хуурамч гэрээг гарган ирж шүүхэд материал болгон бүрдүүлж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Мөн С ХХК-ийн ***, *** улсын дугаартай автобуснуудыг нэхэмжлэгч Ш.З нь дураараа аашлан компанийн хөрөнгийг өөрийн өмч мэт өөр компанид зарж, тонож шамшигдуулсан байгаа нь шүүхийн үзлэг хийсэн өдөр нотлогдсон. Иймд компанийн өмч хөрөнгө болох дээрх 2 автобусыг тус тус 5,000,000 төгрөгөөр үнэлэн уг 2 автобусаа зүй ёсоор нэхэмжлэх шаардлага тулгарч байна. *** улсын дугаартай автобус 2009 онд Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар С ХХК авч байсан автобус бөгөөд Ш.З-оос С ХХК-ийн нэр дээр автобус шилжүүлж өгч байсан юм байхгүй. Нэхэмжлэгч *** улсын дугаартай автобусыг бэлэглэсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн, 2015 онд Т ББСБ ХХК-д энэхүү хуурамч гэрээний үндсэн дээр гаргаж өгсөн тодорхойлолтыг Ш.З шаардлагынхаа үндэслэл болгосон бөгөөд Ш.З-д бэлэглэсэн болохыг нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Одоогийн компанийн удирдлага Ш.З-д ах, дүүгийн ёсоор хандаж, Ш.З-ын хүү З.С бодож 2016, 2017, 2018 оны сургалтын төлбөр болох 3,180,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо амьдарч буй Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, М хороолол, *** байрны *** тоотод байрлах орон сууцны хүү, үндсэн төлбөр болох 24,612,776 төгрөгийг төлсөн. Мөн С ХХК-ийн ***, *** улсын дугаартай автобуснуудыг тус тус 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд С ХХК-ийн захирал Ц.Ө Ш.З-ын амьжиргааг дээшлүүлэх, байрны зээлд хамруулах зорилгоор хийгдсэн хуурамч 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, орон сууцны хүү, үндсэн төлбөрт төлсөн 24,545,675 төгрөг, нэхэмжлэгчийн дураараа аашлан хувьдаа завшсан С ХХК-ийн өмчлөлийн 2 автобусны үнэ 10,000,000 төгрөг, нийт 43,575,675 төгрөгийг Ш.З-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд намайг ...тухайн үеийн захирлууд нас барсны дараа материал бүрдүүлж, худал хэлж мөнгө авах санаатай... гэж илт гүтгэж бичсэн байна. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй гэрээ байгуулах үед С ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн захирал Г.Д, түүний эхнэр Ц.Ө нар бүгд амьд сэрүүн байсан. Гэрээг тухайн үед С ХХК-ийн эрх бүхий ажилтан Ц.М байгууллагаа төлөөлж байгуулсан. Миний хувьд хуурамч бичиг баримт бүрдүүлэх шаардлага байхгүй, тийм боломж ч байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хувь нь банкнаас, мөн С ХХК-аас шүүхийн журмаар гаргаж өгсөн баримтууд байгаа. Би хариуцагч компанийн удирдлагуудаас мөнгө зээлж байгаагүй, компанийн ажилтнуудын хүүхдүүд бүгд Т сургуульд суралцдаг, төлбөрийг байгууллага хариуцан төлдөг байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2011 оны 01 сарын 05, 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С ХХК-аас 306,001,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Зын нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлээс Ш.З-с 43,575,675 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,845,900 төгрөг, хариуцагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,820 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо ***, ***, *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэгчийн өмчлөл биш байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөл эсэх талаар баримт байхгүй гэжээ. Гэвч энэ талаарх гэрч Г.О-ын гэрчийн мэдүүлэгт шүүх огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 21-24, 2 дугаар хавтасны 57-58 тал дахь зарлагын ордероор хариуцагч байгууллага улсаас олгосон нөхөн олговроос 30 хувийг суутган авч, 70 хувийг 2010-2011 онуудад нэхэмжлэгч Ш.З-д олгож байсан талаар баримтад огт дүгнэлт хийгээгүй.

6.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон мэдүүлэгтээ Нийтийн зорчигч болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийсэн гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажилчидтай байгуулсан бүх Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж мэдүүлсэн. Гэвч хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт, мэдэгдэл зэрэгт дээрх ажилчидтай байгуулдаг гэрээ хүчин төгөлдөр болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн өөрийнх нь үйлдэл болон хэргийн 1-р хавтасны 21-24, 2-р хавтасны 57-58 дахь талд авагдсан зарлагын ордероор батлагдаж байна. Гэвч шүүхээс хэргийн гол нотлох баримт болох зарлагын ордеруудад дүгнэлт хийлгүй, хэргийг бодит байдлыг тогтоогоогүй байна.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ашиглалтын зардал тооцохгүйгээр орлогын 70 хувийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна гэжээ. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, шүүхэд гаргасан тайлбартаа огт автобуснаас олсон орлого гэж тодорхойлоогүй бөгөөд зөвхөн тухайн автобусанд улсаас олгодог нөхөн олговроос ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл явц, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэт ойлгоогүй, хэргийг нарийн хянаж чадаагүй нь харагдаж байна.

6.4. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон атлаа үндэслэх хэсэгтээ гэрээ хэрэгждэггүй байсан гэж дүгнэхээр байна, нэхэмжлэгчийн авах нөхөн олговрын мөнгө хэдэн төгрөг болсон, түүнийг хэрхэн тооцож байсан ... тогтоогдохгүй байна ... , хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрээ байгуулснаас хойш 7 жилийн дараа буюу 2018 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тус тус дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр болоод хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлтийг нэгэн зэрэг хийсэн байна.

6.5. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн автобусыг нэхэмжлэгч эзэмшиж байгаагүй нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдох бөгөөд... гэсэн байх боловч хавтаст хэргийн хэд дүгээр талд авагдсан, ямар баримтад үндэслэн тус дүгнэлтийг гаргаж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтуудыг заагаагүй байна.

6.6. Түүнчлэн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй гэж дүгнэхдээ хариуцагч талаас шүүхэд гаргасан нийт 3 автобусны тооцоог анхаарч үзээгүй байна. Хариуцагч нь шүүхэд ***, ***, *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн тооцоо нийт 7,614,536 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж мэдүүлдэг бөгөөд ийн мэдүүлж буй нь хариуцагч өөрөө дээрх 3 автобусыг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд байсан бөгөөд түүнд нөхөн олговор олгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байдаг. Гэтэл шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар тусгагдсан баримтуудыг анхаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гэрээ хүчин төгөлдөр бус буюу гэрээ хэрэгжиж байсан эсэх асуудал дээр шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөн банк бус санхүүгийн байгууллага, банкнаас зээл авахдаа ашиглаж байсан үйл баримтууд тогтоогдоно. Төлбөр хүлээж авсан гэх баримтууд үйлдэх боловч энэхүү баримтуудын хүрээнд төлбөр өгч байгаагүй. Нөгөө талаас нэхэмжлэгч төлбөр авч байгаагүй талаар талууд маргадаггүй. Энэхүү үйл баримт болон төлбөр төлсөн баримтуудын хүрээнд орлогыг нотлох зорилгоор ийм үйлдэл хийсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, өөр бусад ижил төстэй гэрээ хийж өгч байсан нь хавтас хэрэгт авагдсан. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээс нэхэмжлэл гаргах хугацааг үндэслэлтэй дүгнэсэн. Тээврийн хэрэгсэл нь өөрөө бүртгэлээр баталгааждаг. Бүртгэлийн лавлагаа С ХХК-ийн нэр дээр байсан учраас бүртгэл хүчин төгөлдөр байгаа. Өмчлөгч нь Ш.З биш болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өмчлөгч биш атлаа ийм гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрээний үүргийн хүрээнд шаардаж байгаа шаардах эрх хүчин төгөлдөр байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ш.З нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ***, ***, *** улсын дугаартай автобуснуудад төрөөс олгосон нөхөн олговрын 70 хувь болох 306,001,668 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Ш.Зтой 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-4, 78, 109-110, 194, 203, 204-205, 219, 2хх 236/

Хариуцагчийн тодорхойлсон Ш.Зын хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, Ш.Зын орон сууцны төлбөр, зээлд төлсөн 24,545,675 төгрөг, 2 ширхэг автобусны үнэ 10,000,000 төгрөг, нийт 43,575,675 төгрөгийг гаргуулах нь бие даасан сөрөг шаардлага бус харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэл байна.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр автобусны эзэн Ш.З нь ***, *** улсын дугаартай Дэү маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах, С ХХК нь автобуснуудыг ашиглах хугацаанд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, улсын хяналтын үзлэг, оношилгоонд цаг тухайд нь хамруулах, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцон компанийн санхүүжилтэнд авч байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 12-13, 16-18/

3.2. Дээр дурдсан *** улсын дугаартай автобус нь 2010 оны 04 сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр С ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэн орж ирсэн бол *** улсын дугаартай автобус нь 2011 оны 02 сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр Ц.Батхишигийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэн орж ирсэн/1хх 145-169/

3.3. Улмаар дээрх ***, *** улсын дугаартай автобуснууд 2015 оны 04 сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явсан үйл баримтад талууд маргаагүй.

 

4.   Магадлалын хянавал хэсгийн 3.1-д дурдагдсан гэрээний шинж, талуудын тохиролцоо зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ***, *** улсын дугаартай автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахад зориулж хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, хариуцагч нь эдгээр автобусуудыг эзэмшиж, ашигласан хугацааны үр шимийг хүртэх, мөн эдгээр автобуснуудад төрөөс олгох нөхөн олговрын 30 хувийг үйл ажиллагааныхаа зардалд суутган авах нөхцөл дээрх гэрээнүүдэд тусгагдсан байна.

 

5.   Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ***, ***, *** улсын дугаартай автобуснуудын бодит өмчлөгч хэн болох, мөн талуудын хооронд 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.

5.1. Талуудын хэн аль нь тухайн автобуснуудын үнийг нь төлж авсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгч үнийг нь төлсөн баримтгүй... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч Ш.Зыг том оврын автобусны эзэн гэж гэрээнүүдийн удиртгал хэсэгт тусгасан, мөн С ХХК-ийн тодорхойлолтуудад Ш.Зыг ***, *** улсын дугаартай автобуснуудын нөхөн олговрыг захиран зарцуулах эрхтэй болохыг тодорхойлсон, мөн С ХХК-ийн нягтлан бодогч Ш.Зын автобуснуудын үлдэгдэл тооцоо гэсэн тооцооллыг 2015 оны 07 сард хийсэн, С ХХК-аас Ш.Зын орон сууцны үндсэн төлбөр, хүүгийн төлбөр болон Ш.Зын хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрийг төлж байсан, мөн ***, *** улсын дугаартай автобуснуудын ашиглалтын хугацаа дууссаны дараа Ш.З захиран зарцуулсан зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үнэн зөв гэж үзэхээр байна. /1хх 12-13, 17-18, 19, 20, 111-114, 115, 117, 127-142, 2хх 239-248, 127-142/

5.2. Хариуцагч нь ...Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г Ш.Зыг дэмжихийн тулд дүр үзүүлэн хийсэн, Ш.З нь уг гэрээг үндэслэн Банкнаас зээл авсан... гэж маргаж байх боловч дээр дурдагдсан С ХХК-ийн тодорхойлолтууд, С ХХК-ийн нягтлан бодогчийн хийсэн тооцоолол нь банкинд зориулж хийгдээгүй байна. /1хх 19, 20, 111-114/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь аливаа үр дагаврыг хэлцлээр бий болгодоггүй, зөвхөн дүр үзүүлэн хийсэн шинжтэй байдаг.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ нь магадлалын хянавал хэсгийн 5.1-д дурдагдсан үйл баримтыг бий болгосон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ш.З нь дээрх гэрээг ашиглан Банкнаас зээл авсан асуудал нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэлд хамаарахгүй. Аливаа этгээд бусадтай байгуулсан хэлцлийг Банкнаас тавьсан шаардлагын дагуу гарган өгч, зээл авах нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш. /1хх 170-173/

5.3. Гаалийн бүрдүүлэлт нь С ХХК болон Ц.Батхишигийн нэр дээр хийгдсэн нь тэдгээрийг автобусны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, өмнө дурдсанчлан тухайн автобуснуудын үнийг С ХХК хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

6.   Иймд талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

Түрээслүүлэгч Ш.З нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн зохицуулалт болон талуудын хооронд 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г үндэслэн нөхөн төлбөр буюу түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.   Хариуцагч нь нотлох баримтаар Ш.З-С ХХК гэх нэртэй ***, *** улсын дугаартай автобуснуудын нөхөн олговор, зардлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нь дээрх баримтад үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцооллыг гаргаж өгсөн ба хариуцагч нь уг тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй.

*** улсын дугаартай автобус нь 20102015 онуудад нийт 135,687,030 төгрөгийн нөхөн олговор, *** улсын дугаартай автобус нь 20112015 онуудад нийт 136,621,362 төгрөгийн нөхөн олговор авсан байх тул үүний 70 хувь нь 190,615,874 төгрөг болж байна.

Үүнээс Ш.Зын орон сууцны үнэд, зээлийн төлбөрт, Ш.Зын хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрт хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн нийт 33,575,675 төгрөг болон 2 ширхэг автобусны үнэ 10,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хариуцагч С ХХК нь Ш.Зын орон сууцны үнэ, зээлийн төлбөр, Ш.Зын хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөр зэргийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн С ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан ***, *** улсын дугаартай автобусууд ашиглалтаас гарах үед эдгээр автобусуудыг Ш.Зод хүлээлгэн өгсөн баримтгүй байхад Ш.З нь Т ХХК-д нэг автобусыг 5,000,000 төгрөгөөр үнэлэн өгсөн гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагч С ХХК-аас 190,615,874 43,575,675 = 147,040,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Зод олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

8.   Хариуцагч нь гэрээгээр нөхөн олговрын 70 хувийг өгөхөөр тохиролцоогүй гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдрийн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-ний 2.6-д Жолооч /эзэн/ нарыг үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангах, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүр хуваарилагдсан нөхөн олговрын 30%-ийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцон компанийн санхүүжилтэд авна гэж тусгажээ.

Дээрх гэрээний заалтын агуулга нь түрээслэгч С ХХК нь төрөөс олгох нөхөн олговрын 30 хувийг үйл ажиллагааны зардалд суутган авах агуулгатай буюу үлдэх 70 хувийг түрээслүүлэгч Ш.З /гэрээнд зааснаар автобусны эзэн/ авах агуулгыг илэрхийлж байна.

Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

9.   Хариуцагч нь шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно гэж тус тус заажээ.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар ***, *** улсын дугаартай автобуснууд 2015 оны 04 сард ашиглалтаас гарсан үйл баримт тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 04 сард дуусна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

10.   *** улсын дугаартай автобусны тухайд нэхэмжлэгч нь уг автобусыг хариуцагч бэлэглэсэн гэж тайлбарлах боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй, мөн талууд *** улсын дугаартай автобус нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-ний зүйл биш байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

11.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ц.Мөнхжаргал, Г.Очир, Ш.Тогосмаа, Н.Болормаа, Н.Жавзмаа, С.Батсайхан, Г.Болд, Ж.Буяннасан, П.Энхжавхлан нарын мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /1хх 88-89, 190-191, 192-193, 2хх 4, 5-6, 15, 28, 29, 4хх 55-57/

Учир нь, эдгээр гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрчилдөөнтэй, харилцан бие биенээ үгүйсгэсэн шинжтэй байхаас гадна гэрч нарын мэдүүлэг нь маргаан бүхий автобуснуудын эзэмшил, өмчлөлийг тогтооход ач холбогдолгүй юм.

 

12.   Анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

13.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/02012 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас 147,040,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.З-д олгож, үлдэх 158,961,469 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Ш.З-той 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,845,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 594,820 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 454,420 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С ХХК-аас 893,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.З-д буцаан олгож, шинжээчийн зардалд 250,000 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.З-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 1,687,958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР