Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01593

 

2023.08.14 210/МА2023/01593

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: З

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,911,900,328.62 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан олох байсан орлого 1,606,963,365 төгрөг, нийт 16,587,470,234.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолын дагуу явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтад Н ХХК шалгарч, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, замын барилгын ажлыг эхлүүлсэн.

Ажлын гүйцэтгэл 73 хувьтай хийгдсэн ба түүний гүйцэтгэл 33,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тус замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд бороо их орж байсан, санхүүжилтийг олгохгүй, гаднаас авах ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхгүй удааширсан зэрэг биднээс үл хамаарах нөхцөл байдлаас зам барилгын ажил удааширч, хугацаа алдсан.

1.2. Гэтэл авто замын барилгын ажлыг хугацаандаа дуусгаагүй гэх үндэслэлээр З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор гэрээг цуцалсан, үүнтэй холбоотойгоор Н ХХК-д 8,844,606,451 төгрөгийн хохирол учирсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дугаар шийдвэрээр З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, гэрээг цуцалсантай холбоотойгоор маргааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулж, Н ХХК 8,844,606,451 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн.

1.3. З ны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулахын тулд төрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах агуулга бүхий, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлийг тусгасан, хууль зөрчсөн гэрээ, хэлцэл байгуулсан явдал Монгол улсын Сайдын бүрэн эрхээс хэтэрсэн.

Эвлэрлийн гэрээ нь тохиролцоо ёсоор бүрэн биелсэн тохиолдолд З нь Н ХХК-тай шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргыг ашиглах нөхцөлд хамаарахгүй тул хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна.

Иймд Н ХХК, З С тай байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл. З С өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн Н ХХК-ийн З анд холбогдуулан 8,844,606,451 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахад хүргэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул Н ХХК-ийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

З С , Н ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул эвлэрлийн гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,541 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.4. Эвлэрлийн гэрээний 1.3-т зааснаар З Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км болон үлдэгдэл ажилтай дүйцэхүйц хэмжээний авто замуудын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулах эрхийг Н ХХК-д олгосон тохиолдолд гэрээний холбогдох заалт, шаардлагын дагуу авто замын төслүүдийг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, 2.1, 2.2-т зааснаар З нь Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, Н ХХК-аар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх, З ны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, санхүүжилтийг хуваарийн дагуу саадгүй олгож гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах үүргийг тус тус хүлээсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар тушаалаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажлыг 2-3 багц болгон хувааж, 100 км замыг Б ХХК, Ө ХХК, Х ХХК-уудаар, үлдсэн 43 км зам болон Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын үлдэгдэл ажлыг тус тус Н ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр З , М банктай 41,412,285,367 төгрөгийн өртөгтэй Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг байгуулсан.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлэхдээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 8,800,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч, энэхүү гэрээний хугацааг нийтдээ 3 удаа сунгасан бөгөөд хугацаа сунгах тохиолдол бүрд зээлийн хүүг нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын гэрээ байгуулагдсантай холбогдуулан зам барилгын ажил эхлэхээс өмнө 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Г банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 4,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, зам барилгын ажлыг эхэлж санхүүжүүлсэн.

Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа 8,844,606,451 төгрөгийг М банк нь Г банк ХХК-иас үл маргах журмаар шууд татан авснаар

-Голомт банк бидэнтэй 8,844,606,451 төгрөгийн зээл олгосон мэт гэрээ байгуулж, тус 8,844,606,451 төгрөгөөс гадна түүний хүү, нэмэгдүүлсэн хүү,

-2015 он 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 3,395,313,676.62 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг их хэмжээний өрөнд орсон.

 

1.5. Г банк ХХК-аас Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01467 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 00410 дугаар тогтоолоор 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,395,313,676.62 төгрөг, зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд ашигласны хүүнд нийт 1,318,652,081 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг, нийт хүүнд 5,911,900,328.62 төгрөгийг Н ХХК төлөх үүрэг хүлээсэн.

З ны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрийн улмаас манай компанид эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар 5,911,900,328.62 төгрөгийг хариуцагч З наас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

1.6. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл З ны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Авто замын барилгын ажлын 2016 оны гэрээ дүгнэсэн хурлын тэмдэглэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдөж, үүнтэй холбоотойгоор З ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалаар уг ажлын гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн санаачилгаар дуусгавар болгосон.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдахаас өмнөх хугацаанд Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 224,000,000 төгрөгөөр батлан акт үйлдсэн.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар захиалагч З нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,0000 төгрөгийг хариуцагч З наас гаргуулна.

1.7. 3ам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бпчгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсаны улмаас Н ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

З болон Н ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 1.4.1-д гэрээний батлагдсан төсөв нь 41,412,285,367 төгрөг, хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн 20,976,856,451 төгрөг, хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй 20,435,428,916 төгрөг гэж заасан ба санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн байсан. Бодит байдалд З наас санхүүжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын барилгын ажил санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гэх нөхцөл байдал үүсээгүй.

З ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг авто замын барилга угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг олох боломжгүй болсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээнээс олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд З С , Н ХХК хоорондын 2015 оны 04-р сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул энэхүү Эвлэрлийн гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн болох 8,844,606,541 төгрөгийг гаргуулах, Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсны улмаас Н ХХК-д учирсан хохирол болох 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулах, З нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө манай Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг гаргуулах, З ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг автозамын барилга, угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг гаргуулах буюу нийт 16,587,470,234.62 /арван зургаан тэрбум таван зуун наян долоон сая дөрвөн зуун далан мянга хоёр зуун гучин дөрвөн бүхэл жаран хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. З С , Н ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот эвлэрлийн гэрээг эрх бүхий байгууллага болон шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзээгүй бөгөөд эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийг тайлбарласан, уг тогтоолын 5.1-д мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээ зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй зөрчил хамаарах бөгөөд энэ зөрчил хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байхад нийцэхгүй байхыг хэлнэ гэжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагад хамааралтай буюу энэ хэлбэрийн шаардлага нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг хамааруулан үзнэ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан учир эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг заасан. Эвлэрлийн гэрээний гол шаардлага буюу үнэлэхүйц ажлыг тухайн гэрээний дагуу гүйцэтгүүлснээр эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг заасан байна.

2.2. Эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно гэж заасан. Эвлэрлийн гэрээний гол нөхцөл нь үлдсэн хэмжээнд тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах байсан. Зам тээврийн хөгжлийн яам үүргээ биелүүлээд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километрийн хатуу хучилттай зам барилгын гэрээг Н ХХК-тай байгуулсан.

Мөн талууд эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яам 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тухайн зам барилгын ажил хугацаанаас 2.5 жилийн хоцрогдолтой байсан тул Өвөрсалаат ХХК, Бадрах ойл ХХК гэсэн компаниудын түншлэлээр 100 километр замаас 43 километр замыг Н ХХК-д хуваарилсан.

2.3. Эвлэрлийн гэрээний 2 дугаар заалтад тусгасан Н ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн үүргийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын ажлыг гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулаад 2016 онд тус гэрээний төсөвт өртөг 15 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд суулгасан.

Гэтэл цаг агаарын байдлаас шалтгаалж Н ХХК гэрээт ажлыг хугацаандаа эхлүүлээгүйгээс төсөвт суусан байсан санхүүжилт буцаан татагдсан. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын ажлын гэрээ дүгнэсэн актаар Н ХХК-ийн тухайн чиглэлд хийгдсэн тэсэлгээний ажлын төсөвт өртгийн гүйцэтгэл 224,000,000 төгрөгийн гүйцэтгэлийг баталгаажуулаад М банканд хүргүүлсэн.

М банкны тухайн үед дотоод зохион байгуулалт, татан буулгах зэрэг шалтгаанаар энэ санхүүжилт олгогдоогүй үлдсэн байна. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яам М банк нь дотооддоо харилцан ярилцаад олгоход ямар нэгэн татгалзах зүйлгүй.

2.4. Н ХХК нь ажил гүйцэтгэхтэй холбоотой урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах шаардлагатай болсон тул Г банк ХХК-д гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 8,8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан. Урьдчилгаа төлбөрийн баталгаанд үндэслэн М банк 8,8 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ цуцалсантай холбоотойгоор энэхүү мөнгийг М банкны Монгол банк дахь тоот данс руу шилжүүлнэ үү гэдэг албан бичгийг ирүүлсэн. Голомт банкнаас М банк руу явуулсан нь хэрэгт авагдсан. Г банк ХХК, Н ХХК-ийн хоорондын мөнгөний асуудал Зам тээврийн хөгжлийн яаманд хамааралгүй. Хэрвээ Зам тээврийн хөгжлийн яам бус М банкны дансаар орсон бол хариуцагч нь Зам тээврийн хөгжлийн яам бус М банк байх байсан. Хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаар М банкнаас Голомт банк руу 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Иймд Зам тээврийн хөгжлийн яам 8,8 тэрбум төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 342.2 дахь хэсэг буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Н ХХК-аас ямар байдлаар хохирол учирсан болохыг тодорхой болгоогүй, 5,9 тэрбум төгрөгийг яаж тогтоогоод байгаа талаар баримтгүй.

2.5. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гүйцэтгэлийн үр дүнг үнэлж санхүүжилтийг олгоно гэж заасан. Гэрээгээр заасны дагуу ажлын гүйцэтгэлийг Зам тээврийн хөгжлийн яамд ирүүлсэн тохиолдолд ажлын гүйцэтгэл нь өдөр тутмын инженер, зөвлөхүүдээрээ хянагдаад төлбөр гаргуулах үндэслэл хууль, гэрээний дагуу заагдсан. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 855 дугаар магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч гэрээ цуцлагдсантай холбоотой шаардлага гаргаж байгаа бол гэрээ хэний буруугаас дуусгавар болсон, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар ямар баримт, тооцоолол байгаа, нийт ажлын төсөв болон ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн хэмжээ, үүнээс орлого нь хэд болох зэргээр гэрээ хэрэгжсэн талаар бүхэлд нь дүгнэн үзэхгүйгээр зөвхөн зайлшгүй олох байсан орлого гэх ойлголтыг тусад нь авч үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр Анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан. Иймд 1,6 тэрбум төгрөгийг Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой бодит хохиролд тооцох боломжгүй.

Нэхэмжлэгчийн хохирсон гэх баримт хэрэгт авагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр бид нар төлөх боломжгүй. Г банк ХХК-аас зээл авч М банканд гаргасан гүйцэтгэлийн баталгааг З авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримтгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Зам тээврийн хөгжлийн яамнаас 6,135,900,328.62 төгрөгийг гаргуулж, Н ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул Н ХХК-ийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 107 тоот Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 10,451,569,906 төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,000,000 төгрөгийг улсын орлого болгож, нэмж /27,415,799+30,837,452/ нийт 58,253,251 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 30,837,452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Н ХХК болон Г банк ХХК-ийн хооронд буюу аж ахуй нэгжийн хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас шууд учирсан хохиролд тооцож шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлын талаар гаргасан захиргааны актыг Захиргааны хэргийн шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон бөгөөд үүний дагуу 8.8 тэрбум төгрөгийн хохиролд талууд эвлэрсэн.

Зам тээврийн яам тус эвлэрлийн гэрээний үүргийг биелүүлэх явцдаа Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км автозамын барилгын ажил байгуулах гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгэхэд хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй тул 4 тэрбум төгрөгийг Г банк ХХК-аас зээлсэн.

2015 оны 08 дугаар сард эхэлсэн ажил 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр цуцлагдсан. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой зохих ёсоор биелүүлээгүйгээн улмаас нэхэмжлэгчид 5,9 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан.

З , Н ХХК-ийн хооронд байгуулсан Зам барилгын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр Н ХХК нь Г банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 205 дугаар зүйлд хохирол болон гэрээг зохих ёсоор шударгаар биелүүлэх үүргийг тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч З анд холбогдуулан З С болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,844,606,541 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,911,900,328 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, автозамын барилга, угсралтын ажлаас олох байсан ашиг 1,606,963,365 төгрөг, нийт 16,587,470,234 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 224,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /2хх239-242, 3хх 19-20/

3. Н ХХК болон З ны хооронд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 54,331,558,250 төгрөгөөр гүйцэтгэж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон.

Улмаар уг гэрээнд 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулсан, улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр баригдаж байсан уг замын барилгын ажлын санхүүжилт М банкинд шилжсэнтэй холбогдуулан З болон М банк, Н ХХК-ууд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 73 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн. З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалаар Н ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. /1хх 23-31/

 

3.1 Н ХХК нь З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 8,884,606,451 төгрөгийг З наас гаргуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талууд 107 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан. Гэрээгээр З ны захиалгаар баригдаж буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээг шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран Н ХХК-тай шинээр байгуулах, Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, тус компаниар гүйцэтгүүлэх эрх зүйн орчиг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Мөн захиалагчийн хувьд З ны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, санхүүжилтийг хуваарийн дагуу саадгүй олгож гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар болжээ. /1хх21-22/

 

Ийнхүү дээрх эвлэрлийн гэрээний дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дугаар шийдвэрээр З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч нь учирсан хохирол 8,844,606,451 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /1хх 21-31/

 

3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээрх эвлэрлийн гэрээний дагуу талууд болон М банкны хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. /1хх 36-62/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх36-63/

 

3.3. Улмаар, гэрээ хариуцагчийн санаачилгаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цуцлагдсан. Цуцлагдах хүртэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу 224,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, уг ажлыг үр дүнг хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас дээрх 224,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

3.4. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас дээрх гэрээг хариуцагч цуцалсантай холбоотой тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн олох байсан ашиг 1,606,963,365 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох 5,991,900,328 төгрөг гаргуулах шаардлагаа ...нэхэмжлэгчийн зүгээс Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг Г банк ХХК-д баталгаа болгуулан гаргуулсан, гэрээ цуцлагдсанаар М банк уг мөнгийг үл маргах журмаар Г банк ХХК-аас татан авсан.

 

Улмаар, уг мөнгийг Г банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрээр уг зээлийн гэрээний дагуу 5,991,900,328 төгрөг гаргуулж, Г банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төлбөр нь хариуцагчийн байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын хууль бус 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тодорхойлсон.

 

Хариуцагч уг шаардлагыг ...нэхэмжлэгчийн зам барилгын ажлын тендерт оролцох баталгааг гүйцэтгэгч болох нэхэмжлэгчийн өмнөөс М банк гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Г банк ХХК-аас баталгаа гаргуулж тендерт оролцсон, ...хохирол баримтаар тогтоогдоогүй, ...нэхэмжлэгч болон Г банк ХХК-ийн хоорондын зээлийн асуудал нь хариуцагчид хамааралгүй гэж үгүйсгэн маргасан.

 

4.1 Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан З ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг захиргааны хэргийн шүүх илт хууль бус шийдвэр болохыг тогтоож, нэхэмжлэгч хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосон.

 

Нэхэмжлэгч дээрх байдлаар хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзсаны хариуд хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах, нөхөх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г нэхэмжлэгчтэй байгуулсан. Улмаар хариуцагч нь тухайн гэрээг санхүүжих эс үүсвэр өөрчлөгдсөн үндэслэлээр цуцалсан. /1хх65-67/

 

4.2 Дээрх үйл баримтаас өмнө Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний баталгаа мөнгийг нэхэмжлэгчийн өмнөөс М банк гаргасан үйл баримт тогтоогдсон. Гэрээ цуцлагдсанаар М банк нь баталгаа мөнгийг Г банк ХХК-аас үл маргах журмаар гаргуулсан. Улмаар шүүхийн шийдвэрээр тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулан Г банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. /3хх190-205/

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн дагуу цуцалсны улмаас нэхэмжлэгчид 5,991,900,328 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч цуцалснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нь барагдуулахаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тухайн гэрээг хариуцагчийн санаачилгаар дахин цуцалснаар нэхэмжлэгч нь өмнөх Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний тендерт оролцох төлбөрийг Г банк ХХК-д зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэрийн дагуу буцаан төлөхөөр болсон нь нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаан холбоо болж байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН