Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0367

 

“У у ц ц с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Ш нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “У у ц ц с” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0035 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1702000086 дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “У у ц ц с” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Ш давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэхгүйгээр ... шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд ... шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Гомдол гаргагч “У у ц ц с” ХХК-аас “... “Концессын гэрээ”-ийн гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрт хамаарах газрыг төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас “Усан цэнэгт цахилгаан станц барих” зориулалтаар худалдан авсан, төсөл хэрэгжих газарт концессын эрх бүхий этгээд болон концесс эзэмшигч талуудад мэдэгдэлгүй, үйлдвэрийн барилга барих, турба хоолой дээгүүр бусад аж ахуйн нэгж, иргэдэд газар олгосон, бид өөрсдийн газар дээр үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170200008 дугаар шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргаж маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... “У у ц ц с” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт далан барьж, түр барилга, байгууламж байршуулсан, уг төсөл хэрэгжүүлэх газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас одоог хүртэл ямар нэгэнт шийдвэр, тогтоол гараагүй, гомдол гаргагч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул торгууль ногдуулсан” гэх тайлбарыг гаргажээ.  

Энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3-т “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй”, 112 дугаар зүйлийн 112.9-д “шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй” гэж зааснаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулах үүрэг болон хэргийн оролцогчдоос ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрх хамаарахааргүй байсны улмаас анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн авч 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосноор захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”, мөн зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу “маргаан бүхий 1702000086 дугаар шийтгэлийн хуудаст заасан зөрчил, түүнд ногдуулсан шийтгэл үндэслэлтэй эсэхэд хамаарах нотлох баримтыг цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, “У у ц ц с” ХХК зөрчлийн актад дурдагдсан газарт үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан үндэслэл буюу эрх зүйн ямар харилцааны оролцогчийн хувиар тухайн газарт үйл ажиллагаа явуулсан талаар мөн “У у ц ц с” ХХК явуулсан гэх үйл ажиллагаа иргэн Б.М-ын эзэмшил бүхий газартай давхцаж байгаа эсэх, тухайн үйл ажиллагаа явуулсан гэх газар нь “Концессын гэрээ”-г хэрэгжүүлэх талбайд хамаарах эсэх, нэхэмжлэгчийн “тус газрыг тусгай хэрэгцээнд авах ажиллагаа явагдаж байгаа” гэсэн тайлбар үндэслэлтэй эсэх, мөн нэхэмжлэгчид тухайн газарт үйл ажиллагаа явуулах эрх гэрээ, бусад эрх зүйн баримтаар зөвшөөрөгдсөн эсэх зэрэг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны эцэст зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0035 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “У у ц ц с” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ