Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0261/з |
Дугаар | 001/ХТ2022/0014 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2022/0014
“М б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын
дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын
гаалийн улсын байцаагч
С.Г, Ө.З нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 670 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч гаалийн улсын байцаагч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.А, Ц.Л, Б.Э нарыг (цахимаар) оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч “М б г” ХХК-иас хариуцагч Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Г, Ө.З нарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005,89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох, Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах, гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 тоот актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Нэхэмжлэгч “М б г” ХХК-иас “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. “... манай үйлдвэр нь улсын чанартай төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдээгүй, улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Энэ нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд хамаарахгүйг харуулж байна. ... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3 дугаар зүйлд заасны дагуу гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх “0“ хувь байх /байтал/ Цементийн үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг гаалиар оруулахад гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулна гэж үзсэн нь хууль бус. Энэ талаар эрх бүхий удирдах дээд байгууллагад гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй.
2.2. Энэ асуудлаар Гаалийн байгууллагад хандаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүй, тодорхой хариу өгөлгүй, шалгалт оруулан багагүй хугацаа өнгөрч өдий хүрлээ. Гаалийн байгууллага, түүний улсын байцаагчид гааль болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, “0” хүртэл хувиар ногдуулах хуулийн заалт байсаар байхад татвар ногдуулан төлүүлдэг талаар гаргасан манай компанийн хүсэлтийг шийдвэрлэдэггүй, харин ч шалгалт оруулж хуулийн болон бодит үндэслэлгүй акт бичиж төлбөр, торгууль ногдуулан манай компанийг эдийн засгийн дарамтад оруулан хохироож байна ...” гэж маргасан.
3. Хариуцагч Гаалийн ерөнхий газар уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д тухайн захиргааны шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар зохицуулсан. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2013-2016 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийхдээ импортолж буй бараанд гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, ногдуулсан татварыг төлүүлэх шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн баримт болох “Гаалийн мэдүүлэг”-ийг тухай бүрт нь нэхэмжлэгч тал болох “М б г” ХХК-д гардуулан өгсөн.
3.1. Гэтэл нэхэмжлэгч тал гаалийн байгууллагын гаргасан шийдвэр болох 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгт гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл гаалийн бүрдүүлэлт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бүтэн 4 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
4. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11/17 дугаар “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх” удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нар “М б г” ХХК-ийн 2013-2016 оны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий актуудыг гаргасан.
5. Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “... 2013-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн” гэж, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн “гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 1,318,784,148.34 төгрөгт ногдох гаалийн татварт 65,939,207.42 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 138,472,335.58 төгрөг, торгуульд 61,323,462.90 төгрөг, нийт 265,735,005.89 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч “М б г” ХХК-иас уг актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсан байна.
6. Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актаар Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн “гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 26,859,031,405.69 төгрөгт ногдох гаалийн татварт 1,342,951,570.28 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2,820,198,297.60 төгрөг, торгуульд 1,248,944,960.36 төгрөг, нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ээр тус тус шийдвэрлэж, үндэслэлээ:
6.1. “… 2014-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн, ... “М б г” ХХК 2014 онд Монгол улсад цементийн үйлдвэр барих зорилгоор БНХАУ-ын “Барилгын материал олон улсын инженеринг групп” ХХК-тай “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх хуваарьтай, нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг гэрээнд тусгасан. 2014 онд тус компани нь “Ч т и” ХХК-д 53 тэрбум төгрөгийн юань шилжүүлж, тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсан ... /атлаа/ гаальд 43.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт хийсэн, санхүү, бүртгэлд тусгахдаа тоног төхөөрөмжийг 43 тэрбум төгрөгөөр хүлээн авч орлого тайлагнасан.байдаг. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг цементийн үйлдвэр гэж санхүү бүртгэлдээ бүртгэж авсан, тухайн жилийнхээ авлагын данс бүртгэлийг хаагаад дуусгасан нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон. Үнийн дүнгийн зөрүү 10 тэрбум төгрөгийг гаалийн байгууллагад барааны үнийг дутуу мэдүүлсэн зөрчил гэж үзсэн.
6.2. ... 2015 онд цементийн клинкер худалдаж авахаар 23.1 тэрбум төгрөгийн юань өөр компанид шилжүүлж клинкер импортолсон, барааг гаалийн мэдүүлэгт 6.9 тэрбум төгрөгөөр мэдүүлсэн. Зөрүү 16.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, авлагатай, мөнгөө шилжүүлсэн боловч бараагаа дутуу авсан гэх маягаар тайлагнасан бол түүнийг зөрчилд тооцохгүй. Гэтэл бид бараагаа хүлээж авсан гэх бүртгэлийн хаалтыг санхүүгийн баримт бичигт хийгээд энэ дансыг хаасан нь нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь барааны үнийг дарж санхүүгийн бүртгэлдээ бүртгэж авдаг, барааг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчил болно” гэж тайлбарлажээ.
7. Нэхэмжлэгч “М б г” ХХК-иас гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актыг эс зөвшөөрч:
7.1. “... гаалийн хилээр оруулахдаа гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулан төлсөн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид давхардуулан гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдууллаа. “Ч т и” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн гадаад төлбөр тооцоог зөвхөн 2014 онд гаалийн хилээр оруулж ирсэн 43,283,446,413 төгрөгтэй харьцуулж 10,652,448,256 төгрөгийг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэн нөхөн татвар торгуульд нийт 2,146,468,323.58 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан нь үндэслэлгүй. ... 2013-2016 оныг дуусталх гаалийн мэдүүлэг болон гаалийн статистик мэдээг бүрэн шалгаагүй ... 2014-2016 онуудад -55,114,406,040 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхдээ гаальд нийтдээ 63,370,387,216.71 төгрөгөөр мэдүүлсэн.
7.2. ... 2015 онд “Ж ц” ХХК-аас 200,000 тонн цементийн клинкер авахаар ... гэрээний үнийн дүнгийн 67 хувь болох 4,216,000 юань буюу тухайн үеийн ханшаар 23,137,7776,000 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд уг гэрээний дагуу ... 5,948,116,337.68 төгрөгийн 83,978 тонн клинкерийн татан авалт хийж, хилээр нэвтрүүлсэн бөгөөд уг барааг тээврийн зардал шингэсэн дүнгээр 6,931,192,931 төгрөгөөр мэдүүлж тус дүнгээс татвар нийт 1,325,941,936.89 төгрөг төлсөн.
7.3. ... Цементийн клинкерийн гаалийн татвар ... өссөн тул ... цементийн түүхий эд авах нь алдагдалтай болж ... “Ж ц” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж ... урьдчилгаанд төлсөн 23,117,776,000 төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115 тонн клинкерийн төлбөр болох 34,017,955.96 юанийг манай толгой компанид буцаан төлөхөөр харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу 2018 оны 01-р сард төлбөрийг буцаан төлсөн ... Гаалийн хилээр оруулж ирээгүй цементийн клинкерийн үнэнд гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулсан” гэх агуулгаар тус тус маргажээ.
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
8.1. “... 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байхаа илэрхийлсэн хэмжээгээр нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсаныг баталж төлбөл зохих төлбөрийн хэмжээг 230,545,166 төгрөгөөр тогтоож, мөн тус актын үнийн дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулсныг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
8.2. Нэхэмжлэгчийн “гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд гааль болон НӨАТ ногдуулсан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримталж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгосон.
8.3. “... “М б г” ХХК 2014 онд 43,283,446,413 төгрөг, 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг нийт 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг “Ч т и” ХХК-иас импортолсон болох нь ... гаалийн бүрдүүлэлтийн мэдээллээр тогтоогдлоо. ... гэтэл хариуцагч нар зөвхөн 2014 онд оруулж ирсэн тоног төхөөрөмжийн гаалийн мэдүүлгийг үндэслэн, 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж үзэж 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан нь ... Гаалийн тухай хуулийн 2931 дүгээр зүйлийн 2931.2-т заасантай нийцээгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий 44/17 дугаар актын эхний хэсэг буюу нь 2014 онд “Ч т и” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авч, импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжид төлсөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт холбогдох, 10652448256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн татвар, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
8.4. “... 2014 онд 23,137,776,080 төгрөгийн урьдчилсан төлбөр хийгдэж, 2015 онд 6,931,192,930 төгрөгийн худалдан авалт хийснээр үлдэгдэл 16,206,583,149 төгрөг 2015, 2016 оны санхүүгийн тайланд өглөг, авлагаар бүртгэгдээгүй байгаа нь санхүүгийн зөрчил гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, ... “Ж ц” ХХК-д нэхэмжлэгч компанийн толгой компани болох “У ц м ц” ХХК-ийн төлсөн 23,137,776,080 төгрөгөөс гаалиар орж мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж зөрүү бараа татан авалт хийгээгүй үнийн дүн болох 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд албан татвар, торгууль алданги ногдуулсан хариуцагчийн шийдвэрийн энэ хэсэг хуульд нийцсэн” гэж дүгнэн, маргаан бүхий актын “М б г” ХХК-ийн “Ж ц” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2014 онд урьдчилгаа төлбөр төлсөн, 2015 онд импортоор оруулж ирсэн цементийн клинкер /бараа/-нд төлсөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт холбогдох, 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн татвар торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
8.5. Ингэснээр гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий 44/17 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөг болгон бууруулж, нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн энэ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад,
9.1. “... шүүх нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн “… 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж, 230,545,166 төгрөг болгон тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг ... /хялбаршуулсан журмаар/ зөв шийдвэрлэсэн, уг шийдвэрт талууд гомдол гаргаагүй” талаар дурдаж, “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөв хэрэглэсэн ... /тул/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгүүдэд холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн.
9.2. Маргаан бүхий 44/17 дугаар актын “Ж ц” ХХК-иас цементийн клинкер худалдан авахаар байгуулсан гэрээний дагуу төлсөн 23,137,776,080 төгрөгөөс барааг импортоор оруулж ирэхдээ гаальд мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж зөрүү дүн болох 16,206,583,149.69 төгрөгийг зөрчилд тооцсон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж, мөн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээжээ.
9.3. Харин, анхан шатны шүүхийн “М б г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 44/17 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, 10,652,448,256 төгрөгийн зөрчилд оногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг “үндэслэл бүхий болж чадаагүй” гэж дүгнэжээ.
9.4. Давж заалдах шатны шүүхээс “ ... “М б г” ХХК нь цементийн үйлдвэр барих зорилгоор 2014 онд БНХАУ-ын барилгын материал олон улсын инженеринг грүпп ХХК-тай 203,130,300 юаний үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээгээр 20 төрлийн тоног төхөөрөмжийг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний дагуу 2014 онд нийт 55,112,770,026.44 төгрөгийг БНХАУ-ын “Ч т и” ХХК-д шилжүүлж, урьдчилж төлсөн зардал данс үүсгэсэн, мөн ондоо уг данс нь үлдэгдэлгүй хаагдсан, ... уг гэрээний дагуу 2014 онд 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолсон болох нь /нотлох баримтуудаар/ тогтоогдсон”; “... “Ч т и” ХХК-аас 2015, 2016 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж импортолсон /тоног төхөөрөмжүүд/ нь /дээрх/ гэрээнд заагдаагүй, эдгээр бараануудыг хүлээн авч, орлогод авсантай холбоотой санхүүгийн бүртгэл, анхан шатны баримтууд хяналт шалгалт явуулах тухайн цаг хугацаанд байгаагүй, нэхэмжлэгчээс байсан гэдгийг нотлох баримт, нотолгоо гарган мэтгэлцээгүй … /байх тул/ нэхэмжлэгчийг импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлээгүй, гаалийн болон бусад татвараас зайлсхийгээгүй гэж үзэх үндэслэлгүй, /маргаан бүхий актаар/ нэхэмжлэгч компанийг 2014-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн гэж, ... нөхөн татвар, торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт “Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээв.
10. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо “анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар:
10.1. “М б г” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 3 га газарт жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийг 250.0 орчим тэрбум төгрөгөөр 2013-2019 онуудад барьж, дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Үйлдвэр барих зориулалт бүхий техник, тоног, төхөөрөмж, түүхий эдийг Монгол улсын хилээр оруулахдаа гааль болон НӨАТ-т нийт 11.4 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт аваагүй. Тухайн үед гаалийн байгууллагад асуудлыг ярихад үйлдвэрээ барьж дууссаны дараа асуудлаа тавиарай гэсэн хариу өгч байсан. Цементийн үйлдвэрнйг барьж дууссаны дараа хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж татварын хөнгөлөлт авах хүсэлтээ тавихад ГЕГ-аас шийдвэрлэхгүй байгаа юм.
10.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8, 109.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн агуулга, хуулийн үндэслэлийн талаар дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, маргааныг шийдвэрлэсэнгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл, нотлох баримт, давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийсэнгүй.
10.3. “М б г” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасны дагу гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-ийг “0” хувьтай ногдуулах хуулийн заалтыг хэрэгжүүлж, 11.4 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Гаалийн ерөнхий газраас шийдвэр гаргаж өгөх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа юм.
10.4. Эрх бүхий захиргааны байгууллагаас хүсэлтийн талаар шийдвэр гараагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4, 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй. Дээр дурдсан хуулийн зүйл нь захиргааны байгууллагын хүсэлт шийдвэрлэсэн шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан байна.
10.5. “М б г” ХХК нь Хөрөнгө оруулалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудын барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих”-аар хөрөнгө оруулсан тохиолдолд импортын гааль, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт авна гэсэн итгэлтэйгээр цементийн үйлдвэр барих техник, тоног төхөөрөмжийг импортоор авчээ.
10.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” үйл ажиллагааныхаа зарчмыг Гаалийн ерөнхий газар зөрчиж ТЕХ-ийн 76 дугаар зүйлийн 76.1.3-ийн “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” шийдвэр гаргах үүргээ биелүүлэхгүй “М б г” ХХК-ийн ТЕХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх” эрхийг хязгаарлан хохироож байгаа юм. “М б г” ХХК-ийн хүсэлтийг ГЕГ заавал шийдвэрлэх үүрэгтэй.
10.7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхээс татгалзсанаар “М б г” ХХК-ийн хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагад хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, маргааны шийдвэрлүүлэх суурь эрхийг хохирооход хүргэж байна.
10.8. ЗХШХШТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хуулъ, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, мөн зүйлийн 11.6 дахь хэсэгт “... маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ ... эсхүл тодорхой бус гэсэн үндэслэлээр” шүүх хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” тухай зааснаас үзэхэд “М б г” ХХК-ийн хүсэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхээс татгалзах хуулийн боломжгүй учраас ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
10.9. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй, буруу хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн тухайд, анхан шатны шүүх “М б г” ХХК 2014 онд 43,283,446,413 төгрөг, 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг нийт 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалиар үнэн зөв мэдүүлж, татвараа төлсөн нь нотлогдсон гэж дүгнэн татварын улсын байцаагчийн 2017.06.30-ны 44/17 тоот актын 10,652,448,256 төгрөгтэй холбоотой 2,146,468,323,58 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10.10. Давж заалдах шатны шүүх “...гэрээний дагуу 2014 онд тоног төхөөрөмжийн урьдчилгаа гүйлгээний утга бүхий 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,935,894,669 төгрөгийг барилгын ажлын урьдчилгаа гүйлгээний утга бүхий 1,175,637,001.85 төгрөгийг, нийт 55,112,770,026,44 төгрөгийг “Ч т и” компанид шилжүүлж, урьдчилж төлсөн зардал данс үүсгэсэн байх боловч, мөн ондоо уг данс нь үлдэгдэлгүй хаасан, байхаас гадна уг гэрээний дагуу 2014 онд 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолсон болох нь тогтоогдсон. Гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээнээс үзэхэд төмөр хийц, хийн компрессор, суултуур, дамжуулагч гинжит, дүүжин кран... импортлохоор гаалийн бүрдүүлэлт хийсэн. Эдгээр эд юмс нь Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээнд заагдсан тоног төхөөрөмж биш, 2015, 2016 онд “Ч т и” ХХК-иас импортын барааг хүлээн авч орлогод авсан санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрийн гаргаж баталгаажуулсан санхүүгийн тайлан болон журналын бүртгэлүүд нь импортоор гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн өдөр тутмын гаалийн мэдүүлгээс ихээхэн зөрүүтэй байдал илэрсэн, татварын хяналт, шалгалтын хугацаанд хамрагдаж байх хугацаандаа татварын тайлангаа засварлуулахаар, хяналт, шалгалтын хугацааг сунгуулахаар ГЕГ, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгчийн татварын тайландаа засвар оруулахаар өгсөн баримтууд нь хяналт, шалгалтын хугацаанд хамаарахгүй баримт болох нь ... тогтоогдсон. “М б г” ХХК-ийн 2012-2016 оны санхүүгийн баримт зэргийг судлан, дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.06.04-ний өдрийн 91 тоот дүгнэлт байх боловч аудит хийгдээгүй, татварын тайлангаар баталгаажуулаагүй, хяналт, шалгалт явагдсан тухайн цаг үед гаргаж өгөөгүй анхан шатны баримтад үндэслэсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тоног төхөөрөмжтэй холбоотой хэсгийг хүчингүй болгосон.
10.11. Анхан шатны шүүх “М б г” ХХК-ийг 10.6 тэрбум төгрөгийн зөрчил гаргаагүйг тогтоон Гаалийн тариф, татварын тухай хуулийн 3, 35 дугаар зүйлийг хэрэглэж, гаалийн улсын байцаагчийн 44/17 тоот актын 2.3 тэрбум төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон нь хуулийн болон бодит үндэслэлтэй юм.
10.12. Анхан шатны шүүхийн шүүгч хурал болохоос өмнө үйлдвэр дээр очиж талуудыг байлцуулан Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, гаалийн мэдүүлэг, зураг, төсөв, бүрдүүлэлтийн баримтууд, складны бүртгэл, үйлдвэрийн угсралтын ажлын зураг, угсрагдсан тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийсэн. “М б г” ХХК нь 2014 онд “Ч т и” ХХК-тай байгуулсан “Тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээний дагуу 55,111,631,672.19 төгрөгийг шилжүүлснээр 43,283,475,452.35 төгрөгийн тоног төхөөрөмж импортоор орж ирсэн. 2015-2016 онуудад 19.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжүүдийг импортоор авч, гааль, НӨАТ-ийг 100% төлсөн. Гаалийн улсын байцаагч нар 10,6 тэрбум төгрөгийг бодит үндэслэлгүй гаргасан байсан.
10.13. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэр зааж бичигдсэн нэр бүхий техник тоног төхөөрөмжүүд нь цементийн үйлдвэрийн салшгүй хэсэг бөгөөд зураг төсвийн дагуу угсрагдан, суурилагдсан нь тоног төхөөрөмжийн гэрээ, гаалийн мэдүүлгүүд нь компаний складны болон компаний үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн нь /1-р хх-ийн 41-122/, нотлох баримтын хавтаст хэргийн 194-211 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал дүүжин кран нь үйлдвэрийн өндөр хэсгүүдийн, том байгууламж бүрт анхны угсралт, явцын засвар үйлчилгээ хийх зориулалтаар суурилагдсан, гинжит дамжуулагч нь клинкерийн хөргөх зориулалттай тоног төхөөрөмжүүдийг аажмаар эргэлдүүлэх үүрэгтэй, хийн компрессор нь клинкер, цемент, нунтаг төмөр, нүүрс зэрэг бусад зүйлсийг нягтарч хатуурахаас сэргийлж байнга үлээж хөдөлгөөнтэй байлгах зориулалтаар бүх дамжлагуудад, төмөр хийц бүх хэсгүүдэд суурилагдсан байсныг анхан шатны шүүхээс газар дээр нь очиж үзсэн байгаа.
10.14. Мөн давж заалдах шатны шүүх зөвхөн гаалийн улсын байцаагч нарын үгээр “М б г” ХХК-ийг данс нь үлдэгдэлгүй хаагдсан, импортын барааг хүлээн авч, орлогод авсан санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн өдөр тутмын гаалийн мэдүүлгээс ихээхэн зөрүүтэй, ХУД-ийн Татварын хэлтэст татварын тайлангаа залруулах хүсэлт өгч байсан гэх мэт дүгнэлтүүд нь “М б г” ХХК-ийн 2014-2016 онд 63.3 тэрбум төгрөгийн техник төхөөрөмжийг гааль, НӨАТ-ийг төлж импортолсоныг үгүйсгэж чадахгүй, бодит үндэслэлгүй юм.
10.15. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифийн дагуу ногдуулах, хураах, төлөх албан татвар”-ыг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оууулах эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн, бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарагдана” гэсэн заалтыг зөрчиж импортолсон бараа, түүний төлбөрт шилжүүлсэн мөнгө хоёроос давхардуулан гааль, НӨАТ ногдуулан авахад хүргэж байгаа юм.
10.16. Гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын 2017.06.30-ны 44/17 актын цементийн клинкертэй холбоотой хэсгийн талаар гарсан шийдвэр, магадлал нь хууль хэрэглээ, хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж гарсан.
10.17. “М б г” ХХК нь 2014.10.09-ний өдөр Хятад улсын “Ж ц” ХХК-тай Цементийн клинкер нийлүүлэх гэрээ байгуулж, 200 000 тонн клинкерийг 31.6 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээнд 2015.06.10-нд өөрчлөлт оруулан 67 хувийн урьдчилгаа /Нотлох баримт 1-р хх-ийн 101 тал/ төлөх үүргийнхээ дагуу 23.1 /хх-ийн 1-р хавтас 93-98 дахь тал/ тэрбум төгрөгийг шилжүүлэн, 83 978 тонн 6.9 тэрбум төгрөгийн клинкерийг гааль, НӨАТ-ыг төлж импортолж байх явцад Монгол улсын УИХ-ын 2015.07.09-ны 74, Засгийн газрын 08.17-ны өдөр 332 тоот тогтоолууд гарч цементийн клинкерийн импортын гаалийн татварыг 5% байсныг 20% болгон нэмсэн. Энэ нь импортын клинкерээр цемент үйлдвэрлэж, зах зээлд борлуулахад асар их алдагдал хүлээх нөхцөл үүссэн тул талууд 2016.08.25-ны /хх-ийн 1-ийн 89-103 тал/ өдөр гэрээгээ дүгнэн, цементийн клинкерийн импортыг зогсоохоор шийдвэрлэсэн. Урьдчилгаа 23.1 тэрбум төгрөгөөс 34.1 сая юань буюу 12.7 тэрбум төгрөгийн клинкер нийлүүлэгдээгүй байсныг “М б г” ХХК нь “М ц” ХХК-д өгөх өглөгтэйд тооцсон нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.
10.18. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “М б г” ХХК-ийг “... хяналт, шалгалт хийсэн тухайн цаг хугацаанд цементийн клинкерийн урьдчилгаа 23 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан нь тодорхойгоогүй, санхүүгийн баримтын дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээн аваагүй талаар баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй зэргээс үзэхэд хариуцагч 2014 оны маргаан бүхий 44/17 дугаар актаар “Ж ц” ХХК-д нэхэмжлэгч компанийн толгой компани болох “У ц м ц” ХХК-ийн төлсөн 23,137,776,080 төгрөгөөс гаалиар оруулж мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж зөрүү татан авалт хийгээгүй үнийн дүн болох 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
10.19. Энэхүү дүгнэлт нь талуудын маргаан, шүүх хурлууд явагдсан мэтгэлцээн, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй бөгөөд гааль, НӨАТ татвар ногдуулах үндэслэл болохгүй юм. Мөн бодит үнэнээс зөрүүтэй нь дараах байдлуудаас харагдана.
10.20. “М б г” ХХК нь 23.1 тэрбум төгрөгийг “Ж ц” ХХК-д урьдчилгаа төлбөрт 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн /хх-ийн 1-р хавтас 93-98 дахь тал/, шийдвэр, магадлалд бичсэн шиг “У ц м ц” ХХК нь 23.1 тэрбум төгрөгийг “Ж ц” ХХК-д төлөөгүй, хөрөнгө оруулалттай холбоогүй юм. “М б г” ХХК 23.1 тэрбум төгрөгийг клинкерийн төлбөрийн урьдчилгаанд шилжүүлж 6.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 83 978 тонн клинкерийг гааль, НӨАТ-ыг төлж импортолсон. Энэ нь компанийн санхүү, татварын тайлан, анхан шатны бүртгэл гаалийн мэдүүлэг, бүртгэлүүдээр нотлогдсон. “М б г” ХХК-ийн дансны хуулга, анхан шатны баримтууд, /1-р хавтас 89-92-т 200 000 тонн клинкер худалдан авах гэрээ, 93-98-р тал 74.2 сая юань буюу 23.1 тэрбум төгрөгийг төлсөн баримт, 99-106 тал гэрээнд өөрчлөлт оруулсан, 91-171-р талд 12.7 тэрбум төгрөг авлагаар тусгасан дансны хуулга, 2016.03.24, 2016.05.27-ны өдөр гаалийн улсын байцаагчид гаргаж өгсөн, хүлээж авсан баримтууд/-аар нотлогдсон ба санхүүгийн баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна. /1 дүгээр хавтасны 81-110, 140 дэх тал, 3 дугаар хавтасны 78-86 талууд дахь/ баримтуудыг байцаагч нар хүлээн авсан. Компанийн 2014-2015 оны өглөг, авлага дэлгэрэнгүй бүртгэлээс харагдана.
10.22. Талуудын маргаан, мэтгэлээний явцад дараах байдал тогтоогдсон. “М б г” ХХК нь 83 978 тонн клинкерийг хэлцлийн үнэ болох 6.9 тэрбум төгрөгөөр импортлохдоо гаалийн бүрдүүлэлтийг хууль, гэрээний дагуу хийсэнд талуудын хооронд маргаан байхгүй гэдгээ харилцан хүлээн зөвшөөрсөн. Гаалийн улсын байцаагч Ө.З83 978 тонн клинкерийг 23.1 тэрбум төгрөгөөр мэдүүлэх ёстой байсан гэж ярьдаг ч хуулийн үндэслэл, нотлох баримт байхгүй, бодит үндэслэлгүй юм. Тухайлбал С.Зоригтын хэлж байгаа шиг 83 978 тонн клинкерийг 23.1 тэрбум төгрөгөөр үнэлэх юм бол 1 тонн клинкерийг 275.5 мянган төгрөгөөр үнэлж, гааль, НӨАТ-ийг 30%-иар төлж, үйлдвэрлэл явуулах зардлаа нэмсэн тохиолдолд Монгол улсын цементийн дотоодын зах зээлийн үнээс 2 дахин их үнэтэй цемент гарах учраас борлогдохгүй, компанийг асар их алдагдалд оруулна. Бид Ө.З-оос 83 978 тонн клинкерийг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн 9.1.1- 9.1.5-д заасан үнийн аль аргаар нь үнэлээд 23.1 тэрбум төгрөг болгоод байгаа тухай нь тодруулахад хариулт өгөхгүй байгаа нь түүний тайлбар үндэслэлгүйг өөрөө нотолсон.
10.23. Шүүх хурал дээр актын бодит болон хуулийн үндэслэл тогтоогдохгүй болохоор гаалийн улсын байцаагч Ө.З, Д.А нар хоорондоо зөрүүтэй юм ярьцгаасан. Тухайлбал Ө.З “23.1 тэрбум төгрөг нь 83 978 тонн клинкерийн үнэ” гэхэд, Д.А нь “23.1 тэрбум төгрөгийн клинкерээс 6.9 тэрбум төгрөгийн 83 978 тонн клинкерийг гаальд мэдүүлж, зөрүү 16.2 тэрбум төгрөгийн клинкерийг гаальд мэдүүлэлгүй оруулсан” гэсэн. Д.А тайлбараа нотлох баримтаар нотлоогүй. Мөн ийм байх ямар ч боломжгүй юм. Тухайлбал 16.2 тэрбум төгрөгийн клинкер нь хэмжээний хувьд 100 гаруй вагон ачаа болох юм. Ийм их ачааг хил, мэргэжил, гаалийн хяналт, олон түмний нүднээс нууж оруулах боломж байхгүй. Монгол улсад урт хугацаанд үйлдвэрлэл эрхлэхээр ажиллаж байгаа компанийн хувьд ийм муухай юм хийх сэдэл төрөхгүй. Бүх үйлдлээ хуулийн дагуу явуулахын тулд Гаалийн тухай хуулийн 24, 27.1, 55.1, 66 дугаар зүйлд заасан журмын дагуу мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий “М т” ХХК, “О э” , “М в в” зэрэг компаниудад хандаж, гаалийн улсын байцаагч нарын хяналтанд бүрдүүлэлтээ хийлгүүлсэн байдаг.
10.24. Анхан болон давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2931.1-ийг хэрэглэхдээ ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-ын “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж маргааны нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэлэлгүй хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
10.25. Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2931.1-д заасан “Гаалийн үнэ, барааны тоо, хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал, үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол... “, 2931.2-т “Энэ зүйлийн 2931.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заалт нь бодит нөхцлийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоохыг шаарддаг.
10.26. Гаалийн улсын байцаагчийн 2017.06.30-ны 44/17 тоот актаар “импортолсон барааны тоо, хэмжээ, нэр, төрлийг худал мэдүүлсэн” гэж төлбөр ногдуулсаныг шүүхийн дүгнэлт нотлоогүй. “М б г” компани нь 2014-2016 онуудад импортолсон техник, тоног төхөөрөмж, цементийн клинкерийг 100% гаалийн бүрдүүлэлт хийлгүүлж гааль, НӨАТ-ыг төлж импортолсон нь гаалийн мэдүүлгүүд /хх-ийн 41-122, нотлох баримтын хавтасны 194-211, ГЕГ-ын статистик мэдээ хх-ийн 3-ын 29-31 тал/, өглөг, авлагын мэдээ, тайлангууд хх-ийн 123-168 тал/ бүрдүүлэлтийн баримтуудаар батлагдсан. Гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгүүд бүгд гэрээ, хуулийн дагуу үнэн, зөв хийгдсэн. Тэдгээрийг хуурамч, худлаа мэдүүлсэн гэх үндэслэл, нотлох баримт байхгүй. Шүүх хурлууд дээр гаалийн улсын байцаагч нараас “М б г” ХХК-ийг ямар нэр төрөл, тоо, хэмжээ, үнийн дүн бүхий техник тоног төхөөрөмж, клинкерийг худал мэдүүлж, 26.8 тэрбум төгрөгөөр дутуу үнэлсэн, хэзээний, ямар дугаартай, хэний бүрдүүлэлт хийсэн мэдүүлгийг худлаа гэж үзсэн тухай нь асуухад хариулт өгөөгүй. Компанийн импортолсон техник, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо, үнэ нь гэрээ, гаалийн мэдүүлгүүдийн хооронд ямар нэг зөрөө гараагүй. Тэд өөрсдөө хурал дээр “Мөнхийн баян гап” ХХК-ийн гаалиар оруулсан барааны горим, нэр төрөл, тоо, хэмжээ, гарал, үүсэл, маркийн хувьд маргаан байхгүй гэж хэлсэн. Энэ бүхэн “М б г” ХХК-ийн импортолсон техник, тоног төхөөрөмж, цементийн клинкерийн гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлэг худлаа бичигдээгүй гэдгийг нотолж байгаа юм.
10.27. Хэрэв 26.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий барааг худлаа мэдүүлсэн гэх баримт байсан бол гаалийн улсын байцаагч нар Гаалийн тухай хуулийн 2931.1, Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 3.18, 4.2.2-д зааснаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж дүгнэлт материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх, мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасны дагуу гаалийн мэдүүлгийг нөхөн хийлгүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх үүрэгтэй. Гэтэл гаалийн улсын байцаагч нар эдгээр ажиллагааны алиныг ч хийлгээгүй нь гаалийн зөрчил гараагүй гэдгийг харуулдаг. Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “... гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах” эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын шалгалтаар гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтийн мэдээллүүдийн хооронд зөрчил илрээгүй, бүгд тохирсон. Гаалийн улсын байцаагч нар 44/17 тоот актандаа “импортолсон барааны тоо, хэмжээ, нэр, төрлийг худал мэдүүлсэн” гэж акт бичсэн. Шүүх хурал дээр тэд шилжүүлсэн мөнгө, импортолсон барааны үнийн зөрүү, клинкерийн үнийг дутуу мэдүүлсэн гэж ярих болсон. Тэд нарт ярьж байгаа нь акттай нь тохирохгүй байгааг сануулахад хариулт хэлэлгүй өнгөрөөсөн. Бодит байдал дээр импортын барааны үнийг 26.8 тэрбум төгрөгөөр багасгаж, болгоомжгүйгээр худлаа мэдүүлэх боломж байхгүй. Худлаа мэдүүлэх нь гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдэлд хамаарна.
10.28. Гаалийн улсын байцаагчийн хэлдэг, шийдвэр, магадлалын дүгнэлтэд бичсэн данс хаасан, санхүүгийн тайландаа өглөг, авлагаар бүртгээгүй, барааг орлогод аваагүй, татварын тайлан засварлах хүсэлт гаргаж байсан, шинжээч нь аудит хийгдээгүй, татварын тайлангаар баталгаажаагүй, хяналт, шалгалт явагдсан цаг үед гаргаж өгөөгүй баримтад үндэслэсэн гэсэн дүгнэлтүүд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүх хурал дээр мэтгэлцээний явцад бүрэн няцаагдсан юм. Мөн энэхүү дүгнэлтүүд импортын барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн эсэхийг тогтоох, гааль болон НӨАТ ногдуулах үндэслэл болохгүй.
10.29. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн, бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарагдана” гэсэн заалтыг хэрэглэхгүй, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2931.1, 2931,2-д заасан зөрчил гарсаныг үгүйсгэсэн нотлох баримтуудыг үнэлэхгүй, талуудын мэтгэлцээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасанд нэхэмжлэгч гомдолтой байна.
10.30. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн бол нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж Гаалийн тухай, Гаалийн тариф, татварын тухай хууль хэрэгжиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хангагдана гэж итгэж байна.
10.31. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-ийн “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2. “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 670 дугаар магадлалыг хянан үзэж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
11. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12. Хариуцагч Ө.З, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт “Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөв гэж үзлээ.
14. Нэг. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Г, Гаалийн улсын байцаагч Ө.Знар “М б г” ХХК-ийн 2013-2016 оны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийж, гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 44/17 дугаар актыг гаргасан, маргааныг шийдвэрлэхэд шүүхээс хэрэглэх хууль нь Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиуд, Татварын ерөнхий хууль бөгөөд тухайн цаг хугацаанд 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хууль (2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон) хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.
15. Татварын ерөнхий хууль (2008)-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3.2-т “дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна: 3.2.1.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох, 3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай, Газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах” гэж заасан, нэхэмжлэгчээс “... манай үйлдвэр нь улсын чанартай төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдээгүй, улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй /тул/... цементийн үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг гаалиар оруулахад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3 дугаар зүйлд заасны дагуу гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх “0“ хувь байх /байтал/ ... гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулна гэж үзсэн нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлгүй.
16. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс маргаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан “барилгын материал ... болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэсний дагуу цементийн үйлдвэр барих зорилгоор импортоор оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тусгайлан хөнгөлөх, чөлөөлөх талаар татварын хууль тогтоомжоор зохицуулаагүй, хөрөнгө оруулалтаар баригдаж буй цементийн үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг импортоор оруулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдан гараагүй байна.
17. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд “гаалийн албан татвараас чөлөөлөгдөх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “албан татварын “0” хувь хэмжээг хэрэглэх”, 13 дугаар зүйлийн 13.1-д “нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” барааг нэрлэн зааж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, албан татварын “0” хувь хэрэглэх талаар тусгайлан зохицуулсан, нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн цементийн үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд нь эдгээр хуулийн зохицуулалтад хамаарахгүй, талууд энэ талаар маргаагүй байна.
18. Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан, энэ тохиолдолд, нэхэмжлэгч “М б г” ХХК-иас “гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах”-тай холбоотой асуудлаар маргаагүй, Татварын ерөнхий хууль (2008)-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан татвараас хөнгөлөх, чөлөөлөхөд баримтлах онцгой журам нь энэ тохиолдолд нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн хувьд, маргааны үйл баримт, маргаж буй харилцаанд хамааралгүй.
19. Иймд, “М б г” ХХК-ийн 2013-2016 онд цементийн үйлдвэр барих зорилгоор импортоор оруулж ирсэн техник тоног төхөөрөмжид гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж үзсэн гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
20. Хоёр. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн 2013-2016 онд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр оруулж ирсэн бараа, импортын үйл ажиллагаанд гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11/17 дугаар “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх” удирдамжийн дагуу хариуцагч гаалийн улсын байцаагч нар 2017 онд хяналт шалгалт хийсэн.
21. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "... гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” ойлгохоор, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ... “-ээр тус тус заасны дагуу 2013-2016 онд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр барааг оруулж ирэхдээ мэдүүлэгч “М б г” ХХК нь тухай бүр барааныхаа үнийг тодорхойлж мэдүүлсэн байх зохицуулалттай, харин 2017 онд хийгдсэн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт нь 2013-2016 онд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр барааг оруулж ирэхдээ мэдүүлэгчийн гаргасан гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт, түүнд өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилготой тул барааг гаалийн нутаг дэвсгэрт анх оруулах үедээ мэдүүлэгчийн мэдүүлсэн барааны үнэ, тоо хэмжээг үндэслэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсантай холбоотой Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтууд энэ тохиолдолд хамааралгүй.
22. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ: 9.1.1.хэлцлийн үнийн арга”, 10 дугаар зүйлийн 10.1-д “хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ”, 10.2-т “хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл, “М б г” ХХК-ийн 2013-2016 онд гаалийн хилээр оруулж ирсэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааг худалдан авахаар хийсэн гэрээ хэлцэлд заасан үнээр, уг “хэлцлийн үнэ”-ийг нийлүүлэгчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнээр тодорхойлохоор байна.
23. “М б г” ХХК-ийн 2014 онд цементийн үйлдвэр барих зорилгоор БНХАУ-ын “Ч т и” ХХК-тай “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ” байгуулж, 20 төрлийн тоног төхөөрөмжийг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон, 2014 онд тоног төхөөрөмжийн үнэд нийт 53,935,894,669 төгрөгийг тус компанид төлж, урьдчилж төлсөн зардал данс үүсгэсэн, уг данс нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр “үлдэгдэлгүй” төлвөөр хаагдсан нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар тогтоогдсон, талууд энэ баримтуудтай маргаагүй байна.
24. Түүнчлэн, “М б г” ХХК нь уг гэрээний дагуу 2014 онд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирсэн, санхүүгийн баримт бичгийн бүртгэлд уг гэрээтэй холбоотой “өглөг, авлагын данс бүртгэлийг хаагаад дуусгасан” боловч 2014 онд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхдээ мэдүүлэгч “М б г” ХХК нь барааны үнийг 43,283,446,413 төгрөгөөр мэдүүлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь хэрэгт авагдсан тус компанийн 2014 оны санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байна.
25. Нэхэмжлэгчээс “… 2014 онд гэрээний дагуу 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолсон, 2015 онд 17,940,365,664 төгрөгийн, 2016 онд 1,287,190,613 төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг гэрээний дагуу оруулж ирсэн” гэх боловч хэрэгт авагдсан санхүүгийн баримт бичгүүд, бичмэл нотлох баримтуудыг үнэлээд “… 2015, 2016 онуудад импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд нь 2014 онд БНХАУ-ын “Ч т и” ХХК-тай 20 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр байгуулсан гэрээнд хамааралгүй” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, тогтоогдсон үйл баримтыг хяналтын шатны шүүх өөрчлөх дүгнэх үндэслэлгүй гэж үзлээ.
26. Гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий актаар тогтоосон хоёр дахь зөрчилд холбогдох анхан болон давж заалдах шатны шүүхээс нэгэнт дүгнэгдсэн нотлох баримтын үнэлгээ, тогтоосон үйл баримтуудыг хяналтын шатны шүүхээс мөн өөрчлөн дүгнэхгүй.
27. “М б г” ХХК нь 2014 онд “Ж ц” ХХК-тай цементийн клинкер худалдан авах гэрээ байгуулж, мөн онд 23,137,776,080 төгрөгийн төлбөр төлсөн, уг гэрээний дагуу “... 2015 онд 6,931,192,930 төгрөгийн цементийн клинкер худалдан авч, импортоор оруулсан, үлдэгдэл 16,206,583,149 төгрөгийн барааг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй” гэх боловч 2015, 2016 оны санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт 16,206,583,149 төгрөгийг “үлдэгдэл, өглөг, авлагаар бүртгээгүй”-гээс уг үнийг зөрүүг “бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтаар илэрсэн зөрчил” гэж үзсэн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ.
28. Иймд, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Г, Гаалийн улсын байцаагч Ө.Знарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 44/17 дугаар актаар “М б г” ХХК-ийг 2014, 2015 онд гаалийн хилээр барааг импортоор оруулахдаа “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх ... зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн” гэж үзэж, Гаалийн тухай хуулийн 2931 дүгээр зүйлийн 2931.1-д “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
29. Гурав. Нэхэмжлэгчийн “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ ... захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан, 2013-2016 онд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг гаалийн хилээр оруулж ирсэн, тухай бүр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, 2019 онд үйлдвэр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан үйл баримт тогтоогдсон байхад үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлээгүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 .... дэхь заалтууд нь захиргааны байгууллагын хүсэлт шийдвэрлэсэн шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан” гэх гомдол үндэслэлгүй.
31. Түүнчлэн, шүүх “нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хуулъ, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 11.6-д “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасантай хамааралгүй, энэ талаарх нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол мөн үндэслэлгүй.
32. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нарын “...анхан болон давж заалдах шатны шүүх ... нотлох баримтуудыг зөв үнэлэхгүй, талуудын мэтгэлцээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан”, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан”, “... бодит нөхцлийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогоогүй”, ‘... импортын барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн эсэхийг тогтоогоогүй” гэх зэрэг үндэслэл дурдаж, “нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
33. Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан баримтуудаас үзэхэд, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, энэ үндэслэлээр нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ... 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөрийн дүнг 230545166 төгрөгөөр тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг засаагүй байх тул магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 670 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2-т “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь дэх заалтуудыг нэгтгэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “М б г” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7 8 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5, 6, 7 гэж өөрчилсүгэй” гэж нэмж, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4” гэснийг “3” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарын 3 болгож тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.МӨНХТУЯА