Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2023/00068

 

 

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх
сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/000664 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХК-д холбогдох,   

Нэхэмжлэлийн шаардлага: “Цахилгаан эрчим хүчний төлбөр 11,935,760.13 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           “*******” ХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 9 дүгээр сараас эхлэн өр үүсч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийг үлдэгдэлтэй байна.
           “*******” ХК болон “*******” ХК тус байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болон алданги 11,935,760.13 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тооцоо нийлж, акт үйлдсэн.

            Тус компанид цахилгаан эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

       Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг, тус байгууллагатай байгуулсан аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалтууд, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 1,556,838.3 төгрөг нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

            “*******” ХК нь “*******” ХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа.

         Манай компани нь санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлаасаа шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнс экспортлох төслийн хүрээнд БНХАУ-д гурил экспортлох эрх авсан 10 гурилын үйлдвэрийн нэгээр шалгарч 2026 оныг дуустал бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй болсон юм. Манай компани 2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно.

       Бид хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

             3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-иас 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-нд олгож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 205.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.            

          2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно. Хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алданги 1,556,838.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Учир нь Манай компани нь цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөх барагдуулах талаар холбогдох ажилтнуудтай тогтмол уулзаж нөхцөл байдлаа хэлж байсан. Алданги гэж үндсэн төлбөрийнхөө аравны нэгээс ч илүүг төлөхөөр шийдвэрлэсэн энэ үед санхүүгийн хүндрэлтэй байгаа манай байгууллага санхүүгийн хүнд гарз хохирол хүлээх юм манай компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, үндсэн төлбөрөө төлөхийг зөвшөөрч буйг харгалзан авч үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу багасгах үндэслэлтэй байна.

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

          1. Давж заалдах шатны шүүх хариуцагч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийв.

          2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэв.

        3. Тухайн маргаан нь хуулийн этгээдүүдийн хоорондын маргаан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар журамлан зохицуулсан.

          Хэргийн 28 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч “*******” ХК-ий 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр тус хуулийн этгээдийг төлөөлж зөвхөн нэхэмжлэл хүлээн авах эрхийг М.Өлзийсүрэнд олгосон байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ ...Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. ...” гэж заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч М.Өлзийсүрэнд нэхэмжлэл хүлээж авахаас өөр эрх олгогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлан танилцуулж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг танилцуулж тэдгээр баримтуудад гарын үсэг зуруулж улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг гаргуулан авч хэрэгт хавсаргаж, / хх-ийн 28, 32- 36/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл итгэмжлэлээр болон хуулиар эрх олгогдоогүй, хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 25, 26 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах хуулийн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/00664 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МЯГМАРСҮРЭН                                                      

                                            ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА                                                                  

                                                                                                       Л.АМАРСАНАА