Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2023/00022

 

                                     “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2023/00302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А*******” ХХК-д холбогдох,

76 209 510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “О*******” ХХК нь “А*******” ХХК-ийн гэрээт борлуулагчийн хувьд Булган аймагт худалдаа үйлчилгээ явуулдаг бүх үйлчилгээний байгууллагатай “А*******” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж төлбөрийг тухайн сарынхаа 28-ны өдрийн дотор заавал төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллага өөрөө “А*******” ХХК-аас авсан барааныхаа үнийг сар бүрийн 28-ны өдөр бүрэн төлж байх үүрэг хүлээсэн болно. Энэ хүрээндээ Булган сумын 2 дугаар багт байрлах “Дархан хангай” дэлгүүрийг ажиллуулдаг “А*******” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл “А*******” ХХК-ийн захирал Л.Б******* 2018 оны 8 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний мөнгөө 8 дугаар сарын 11-ний өдөр 8 067 100 төг тушааснаас хойш гэрээнд заасан хугацаанд удаа дараа шаардахад “би байхгүй байна”, “мөнгөгүй байна” гэх мэтчилэн хариу өгөөд байхаар нь манай “Д*******” дэлгүүрийн эзэн Л.Э******* 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр очиж дэлгүүрийн кассын орлого болох 1 720 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Ингээд сарын сүүл болж байсан тул гэрээт газруудаас мөнгөө тушаахыг шаардаж сарын сүүлчийн өдрүүдэд ийм байдлаар ажиллаж тушаалгадаг байхад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Л.Б******* нь “танай 54 100 000 төгрөгийг Б.Ц*******д өгсөн шүү” гэхээр нь “яагаад түүнд өгч байгаа юм бэ, Б.Ц******* “А*******” ХХК-ийг хариуцахаа болиод удаж байгааг би та нарт удаа дараа хэлсэн биз дээ” гэсэн.

Б.Ц******* уг мөнгийг аваад манайд тушаагаагүй тул түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар нь асуухад “Л.Б*******гийн төрсөн эгчийн хүүхдэд би өртэй юм гэтэл намайг дарамталж удаа дараа дуудсаар байгаад уг дэлгүүрээс мөнгө авахуулаад аваад явчихлаа” гэсэн. Ингээд манай байгууллага цагдаагийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр явахад Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Ц*******гийн өмгөөлөгчийн гомдлыг хянаж үзээд хохирогчийг манай байгууллага биш гэж үзсэн тул иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.

Манай байгууллага нь “А*******” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүйн тулд өнгөрсөн 9 сарын хугацаанд маш өндөр хүүтэй зээл /хувь хүн, ломбарднаас/ авч мөнгийг төлөн ихээхэн хохирол хүлээгээд байна.

Иймд “А*******” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сард татан авсан барааны үнэ 50 806 340 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги тооцоход үнийн дүнгээс хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 25 403 170 төгрөг, нийт 76 209 510 төгрөгийг  “А*******” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сард Ц******* нь “А******* трэйд” ХХК-ийн төлөөлөгчөөр ажилладаг байсан ба  тооцооны  мөнгөө бэлнээр болон дансаар авдаг байсан. Тухайн үед Ц******* нь мөнгөө бэлнээр ирж авсан. Бид нар тухайн үед мөнгөө өгчихөөд одоо ахиад мөнгө өгөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байсан. 2018  оны 4 сард гэрээний хугацаа дууссан. Би нарийн тооцоог мэдэхгүй байна. 54 100 000 төгрөг Ц*******д өгсөн байснаас мөнгө  6 656 680 төгрөгийг пивоны мөнгө гэж буцааж өгсөн байна лээ. Тэгэхээр 47 443 320 төгрөг “А******* трэйд” ХХК-д өгсөн гэсэн үг. ... Ц******* нь “О*******” ХХК-ийн ажилтан байсан болохоор 54 100 000 төгрөгийг өгсөн гэв. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “А*******” ХХК-аас 39 600 000 /гучин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 374 900 /гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538 998 /таван зуун гучин найман мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “А*******” ХХК-аас 355 950 /гурван зуун тавин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нар давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...1. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд: Иргэний хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогсдыг нэрлэн заана" гэх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийн Удиртгал хэсэгт нь шүүх хуралдааны оролцогсдыг бүрэн нэрлэн заагаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүх хуралдааны оролцогч буюу гэрч Б.Ц******* нь цахимаар оролцсон байтал түүнийг нэрлэн заагаагүй байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 311 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд нь гэрч Б.Ц******* цахимаар оролцож байгааг тусгасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэл нь зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: 2.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжпэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж дурджээ. Гэтэл Иргэний хуулийн 26 дугаар зүйл нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварын талаарх зохицуулалт бөгөөд шүүхээс хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байна. Энэ нь хавтас хэргийн 3 дугаар талд авагдсан банкны орлогын маягтаас харагдаж байна. Дээрх хуулийн заалт нь нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжийн мөнгийг тушаахдаа зөвхөн өөрийн нэр, регистрийг бичиж тушаахыг зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 10 дахь хэсэгт “...шүүх хуралдааны шатанд шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н*******гаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл хэнээс хэнд холбогдуулж гаргасан эсэхийг тодруулахад “О*******” ХХК нь А******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь “О*******” ХХК, хариуцагч нь “А*******” ХХК гэж тайлбарласан тул нэхэмжлэгч “О*******” ХХК нь хариуцагчаар “А*******” ХХК-ийг татсан нь хариуцагчаа зөв тодорхойлсон байна гэж шүүх үзсэн” гэжээ. Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд 62 дугаар зүйлийн 62.1-д “...нэхэмжпэлийг ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг оршин байгаа газар, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг, оршин байгаа газар” нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ, хавсаргасан баримт бичгийн жагсаалт, 62.2-т “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт...” зэргийг бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүхийн зүгээс эдгээр ойлгомжгүй тодорхойгүй байдал буюу нэхэмжлэгч нь хэн болох, хариуцагч нь хуулийн этгээд эсэх, эсхүл иргэн эсэх нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлсөн эсэх нь тодорхойгүй зэрэг туйлын ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэхдээ эдгээр байдлыг өөрийн санаачлагаар зөвтгөн тодорхойлж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсгийн 3 дахь догол мөрт мөн “О*******” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “А*******” ХХК-иас 76 209 510 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 538 998 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Э******* гэсэн нэрээр тушаасан байна. Э******* нь “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй хүн биш хариуцагч компани нь “О*******” ХХК-иас авсан барааны үнийг Э*******ын ........... дугаартай дансанд төвлөрүүлдэг байсан болох нь зохигчдын тайлбар хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдсан ........... дугаартай дансны хуулгаар нотлогдож байх тул улсын тэмдэгтийн хураамж 538 988 төгрөгийг Э******* гэсэн нэрээр тушаасныг О******* ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь .............. дугаартай данс нь Э******* (А*******ТРЕЙДИНГ) гэсэн нэртэй бөгөөд энэхүү дансанд хариуцагч нь зээлээр худалдаж авсан барааны үнийг хийснээр Э******* нь “Орхонмандал” ХХК-ийн хамааралтай хүн гэж шууд ойлгож болохгүй юм. Э*******ыг “Орхонмандал” ХХК-тай хамааралтай гэх баримт буюу ажилд авсан тушаал, эсхүл эрх бүхий албан тушаалтнаар томилсон баримт бичиг хавтаст хэргийн материалд авагдаагүй байтал Э*******ыг “О*******” ХХК-тай хамааралтай этгээд байна гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1-д “....Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж зохицуулсан бөгөөд уг хуулинд хамаарал бүхий этгээд улсын тэмдэгтийн хураамж төлсөн бол нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй болно.

Шүүх өөрөө нэхэмжлэгч “О*******” ХХК биш иргэн Э******* гэх хүн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн нөхцөл байдлыг тогтоож дүгнэсэн атлаа уг улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч О******* ХХК төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

2.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “Б.Ц******* нь “О*******” ХХК-д ажилладаггүй болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, мөн 54 100 000 төгрөгийн үлдэгдэл 42 100 000 төгрөгийг Л.Б*******д төлөх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн заалтыг энэ хэрэгт хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, асуулт хариултын явцад тогтоогдсон нөхцөл байдлыг шүүх хэрхэн үнэлж дүгнэн, хэрхэн няцаасан болох нь ойлгомжгүй дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь уг хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэхдээ “нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч өөрийн эсхүл бусдын мөнгийг шаардсан эсэх нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т нийцээгүй тухай тогтоосон. Түүнчлэн шүүх маргаанд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болсон талаар тогтоосон. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан нөхцөл байдал үүссэн буюу үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ц******* А*******-гийн барааны үнийг дэлгүүрүүдээс хүлээн авах ажил хийдэг байсан бөгөөд уг ажил хэргийн хэвшсэн байдлын дагуу Б.Ц*******д А*******-гийн барааны үнэ болох 54 100 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримт бүрэн тогтоогдсон бөгөөд “О*******” ХХК-ийн зүгээс байгууллагын нягтлан бодогч Б.Ц*******д барааны мөнгийг өгч болохгүй гэж харилцагч байгууллагуудад албан ёсоор бичгээр мэдэгдээгүй, зөвхөн утсаар хэлж байсан гэж тайлбарладаг боловч утсаар мэдэгдсэн байдал болон Б.Ц*******г ажлаас чөлөөлж төлбөр тооцоо хийх эрхгүй болсон талаар харилцагч дэлгүүрүүдэд албан ёсоор мэдэгдээгүй болох нь тоггоогдсон.

Улмаар “А*******” ХХК нь “О*******” ХХК-ийн А*******-гийн барааны үнийг захирал Н*******гийн хамт болон ганцаараа ирж авч явж байсан буюу ажил хэргийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байсан нягтлан бодогч Б.Ц*******д өгсөн нь дээрх үүргийг гүйцэтгэсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн, улмаар мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Б.Ц*******г ажлаас гарсан байсан бөгөөд Б.Ц*******д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон зэрэгт дүгнэлт хийсэн атлаа “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дансны хуулга, гэрчийн мэдүүлэг болон асуулт хариултын явцад Б.Ц******* нь зөвхөн “А*******” ХХК гэлтгүй өөр бусад харилцагч байгууллагуудаас тооцооны мөнгө авч байсан, А*******-н барааны үнийг авч байсан, түүнчлэн “А*******” ХХК-ийн А*******-гийн барааны үнийг бэлнээр авч дансанд шилжүүлж байсан /ХХ-ийн 15 дугаар хуудаст авагдсан дансны гүйлгээгээр Б.Ц*******гийн .............. тоот данснаас Дархан хангай дэлгүүрийн барааны үнэ 1 154 660 төгрөг төлөгдсөн, уг төлбөр нь А*******-гийн барааны үнийн тооцооноос хасагдсан зэргээр Б.Ц******* нь ажил үүргээ гүйцэтгэж байсан, түүнчлэн О******* ХХК-иас албан ёсоор Б.Ц*******д төлбөр тооцоо хийж болохгүй гэдгийг мэдэгдээгүй зэрэг үйл баримтыг хэрхэн няцаасан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан бөгөөд шүүхээс хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад илэрсэн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон, хэрхэн ямар үндэслэлээр няцаасан дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

3. Тус шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А*******” ХХК-аас 39 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Орхонмандал” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 374 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай гэрээг үндэслэсэн байдаг бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйл буюу Зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий гэрээний агуулгыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2023/00302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үүгэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаартай шийдвэрээр “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А*******” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байна. Яагаад гэвэл 2019 оны хавраас эхэлж энэ асуудлаар шүүхэд хандсан. Энэ хугацаанд эрүүгийн хэргээр шалгагдсан боловч хохирогч нь “О*******” ХХК биш “А*******” ХХК байна гэдгийг Булган аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газраас тогтоож ирүүлсэн. Нэгэнт эрүүгийн хэргийн хохирогч биш байсан тул иргэний журмаар худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн харилцаа байсан гэдгээрээ иргэний шүүхэд хандсан. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ явцад хэрэг тодорхой хугацаагаар дахин шийдвэрлүүлэхээр ирсэн. Дахин шийдвэрлүүлэхээр иртэл хариуцагч талаас эрүүгийн хэргийг шийдтэл энэ хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шийдвэрлэсэн процесс болсон. Гол асуудал нь эрүүгийн хэрэгт байгаа нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг нотлох баримтаар авсан. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан гэж байна. Шүүх хуралд цахимаар оролцсон Ц*******гийн нэрийг бичээгүй нь процессын алдаа гэж үзэхээр боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөөгүй, төлөх ёсгүй хүн төлсөн гэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Тухайн үед “О*******” ХХК-ийн “А*******” бөөний төвийн менежерээр ажиллаж байсан Э******* асан төлсөн байдаг. Энэ хүнийг менежерээр ажилладаг гэдгийг “А******* трейдинг” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 04/595 дугаартай захиргаа хүний нөөцийн албаны дарга Н.Н******* гэдэг хүний гарын үсэгтэй албан бичийг шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүхээс тухайн үед Э******* гэдэг хүний “О*******” ХХК-тай харилцаа хамаарлыг тодруулаад 2018 оноос хойш гэрээ байгуулан ажиллаж байгаа. Захирал нь Энхнаран, менежерээр Э******* гэдэг хүн ажилладаг гэж албан тоот ирүүлж байсан байна. Нөгөө талаасаа “А*******” бөөний төвийн эргэж гардаггүй, зөвхөн “А*******”-даа тушаагддаг зээлээр гарсан бараа бүтээгдэхүүний үнэ ордог данс байдаг. Энэ данс Э******* агсны нэр дээр байсан. Энэ мэтээр харилцан хамаарал тогтоогдож байсан тул шүүх уг компанитай хамаарал бүхий этгээд биш юм гэсэн хариуцагчийн тайлбарыг няцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчөөс хэрэгт гаргаж өгсөн зарлагын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж байна. Үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх дүгнэсэн. Гэхдээ энэ нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт авагдсан байдаг. Булган аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ энэ нотлох баримтуудыг үнэлээд нийт 56,100,000 төгрөгөөс Ц*******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 12,000,000 төгрөгийг /6,600,000 төгрөгийг илүү тушаасан буюу Б******* гэгч хариуцагчийн эгчийнх нь хүүхдэд мөнгийг нь гүйцээж өгөхийн тулд пивоны үнэ гэж захиалгагүйгээр өгсөн/ хассан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  39,600,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Тэрнээс биш зарлагын баримтуудыг үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс эрүүгийн хэргийг нотлох баримтаар гаргуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэрвээ эрүүгийн хэрэг нотлох баримтаар ирсэн бол манай үндсэн баримтууд эрүүгийн хэрэгт ирэх байсан. Талийгаач Б******* гэдэг хүний “А*******” ХХК-ийн 8 сарын тооцоо гээд 66,038,000 төгрөгийн баримт байна. 54,000,000 төгрөгийг төлсөн гэж гараар бичиж өгсөн баримт ч бас хэрэгт байсан. Худалдах, худалдан авах гэрээгээр “А*******”-ын бөөний төвөөс нэрийн барааг худалдаж авч байсан эсэх дээр талууд маргадаггүй. Тэгэхдээ энэ компанид ажиллаж байсан Ц******* гэдэг хүнд барааны үнийг төлсөн гэдэг байдлаар маргадаг. Гэтэл Цомлонтуяа нь “А*******” бөөний төвд ажилладаггүй байсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлон тогтоогдсон. Тэр хүнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж, ял шийтгүүлээд явж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шийдтэл иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийн дагуу шийдэгдсэн. Хохирогч нь “О*******” ХХК гэсэн байна. “Ангийдүв” ХХК-д Ц*******гийн ашигласан мөнгийг буцааж олгосон шүүхийн шийдвэр гарсан тул энэ шийдвэрийг нотлох баримт болгосон. Ингээд худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сард барааны үнэ төлөгдөөд 39,600,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг “О*******” ХХК-д төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Давж заалдсан гомдолтой холбоотой нэмж хэлэх зүйлгүй. Өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “О*******” ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан 76 209 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 42 974 900 төгрөг болгон багасгажээ.

3. “О*******” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “А*******” ХХК-ийн захирал Л.Б*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШЗ2019/01055 дугаартай захирамжаар “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А*******” ХХК-нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна. “А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн лавлагаагаар 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэх удирдлага нь Л.Б******* байсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг “А*******” ХХК-ийн захирал Л.Б******* гэж тодорхойлжээ. /1хх-25, 2хх-7/

4. Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “А*******” нэрийн барааг “худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “О*******” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “А*******” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “А*******” ХХК-д нийлүүлэх, хариуцагч тал хүлээн авсан барааг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 5-6/

4.а. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1“Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

4.б. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй.

Тодруулбал:  Зохигчдын хооронд иргэний эрх зүйн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд төлбөрийг хэсэгчилэн болон дараа төлөхөөр тохиролцсон тохиролцоо болгон зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулдаггүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.в. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан боловч “О*******” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “А*******” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “А*******” ХХК-д нийлүүлж байсан. Хариуцагч тал хүлээн авсан барааны үнийг дансаар болон бэлнээр 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд төлж байсан болох нь хэрэгт авагдсан 5270278084 дугаартай дансны хуулга, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргадаггүй.

5. Нэхэмжлэгч “О*******” ХХК нь хариуцагчийн 2018 оны 8 дугаар сард авсан барааны үнэ 50 806 900 төгрөгөөс пивоны мөнгө 5 332 000 төгрөг, Ц*******гийн төлсөн 2 500 000 төгрөгийг хасаад одоо 42 974 900 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хариуцагч “А*******” ХХК нь төлбөрийг бүрэн төлсөн учир дахин төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “А*******” ХХК-ийн захирал асан Л.Б*******г хохирогчоор тогтоож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Б.Ц*******гаас 42 100 000 төгрөг гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна. /2хх 45-73/

6.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.“Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан тул гэрээний үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн “А*******” ХХК-аас 39 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогсдыг нэрлэн заана” гэж, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т “шүүх хуралдааны оролцогч гэдэгт хэргийн оролцогч, шинжээч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч хамаарна” гэж тус тус заасан байдаг.   

7.а. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад гэрчээр Б.Ц******* оролцсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг буюу гэрчийн нэрийг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

7.б. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан зүйл заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 26.2-т заасан гэж алдаа гаргасан байна.

7.в. Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зөрчил боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаа биш байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. “О*******” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “А*******” ХХК-д холбогдуулан 76 209 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээ биелүүлж, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 538 998 төгрөгийг төлсөн байна.

8.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 62.2 дахь хэсэгт нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт..., хавсаргана гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах бөгөөд өөрөө биечлэн төлсөн байх гэсэн шалгуурыг тавиагүй, өөр хэн нэгнээр төлүүлсэн байх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2023/00302 дугаартай шийдвэрийн удиртгал хэсэгт “хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр гэсний дараа гэрч Б.Ц*******” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2023/00302 дугаартай шийдвэрийн удиртгал хэсэгт ...хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр гэсний дараа гэрч Б.Ц******* гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “А*******” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 355 950 /гурван зуун тавин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ     

   

                                  ШҮҮГЧИД                                     Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                

                                                                                        Д.АЗЖАРГАЛ