Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01097

 

 

“Орхонмандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2019/00495 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: “Орхонмандал” ХХК

Хариуцагч: “Ангийсдүв” ХХК

 

нэхэмжлэл: 76,209,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын хяналтын журмаар 2020.01.22-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Орхонмандал” ХХК нь “АПУ” ХХК-ийн гэрээт борлуулагчийн хувьд Булган аймагт худалдаа үйлчилгээ явуулдаг бүх үйлчилгээний байгууллагатай “АПУ” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж төлбөрийг тухайн сарынхаа 28-ны өдрийн дотор заавал төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллага өөрөө “АПУ” ХХК-иас авсан барааныхаа үнийг сар бүрийн 28-ны өдөр бүрэн төлж байх үүрэг хүлээсэн болно. Энэ хүрээндээ Булган сумын 2 дугаар багт байрлах Дархан хангай дэлгүүрийг ажиллуулдаг “Ангийсдүв” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл “Ангийсдүв” ХХК-ийн захирал Л.Болормаа 2018.08 сард авсан бараа бүтээгдэхүүний мөнгөө 08.11-ний өдөр 8,067,100 төгрөг тушааснаас хойш гэрээнд заасан хугацаанд хийхгүй болохоор нь удаа дараа шаардахад би байхгүй байна, мөнгөгүй байна гэх мэтчилэн хариу өгөөд байхаар нь манай Дөгөм дэлгүүрийн эзэн Л.Энхжаргал 08.27-ны өдөр өөрийн биеэр очиж дэлгүүрийн кассын орлого болох 1,720,000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Ингээд сарын сүүл болж байсан тул гэрээт газруудаас мөнгөө тушаахыг шаардаж сарын сүүлчийн өдрүүдэд ийм байдлаар ажиллаж тушаалгадаг байхад 2018.08.28-ны өдрийн үдээс хойш Л.Болормаа нь танай 54,100,000 төгрөгийг Б.Цолмонтуяад өгсөн шүү гэхээр нь яагаад түүнд өгч байгаа юм бэ, Б.Цолмонтуяа “АПУ” ХХК-ийг хариуцахаа болиод удаж байгааг би та нарт удаа дараа хэлсэн биз дээ гэсэн. Б.Цолмонтуяа уг мөнгийг аваад манайд тушаагаагүй тул түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар нь асуухад Л.Болормаагийн төрсөн эгчийн хүүхдэд би өртэй юм гэтэл намайг дарамталж удаа дараа дуудсаар байгаад уг дэлгүүрээс мөнгө авахуулаад аваад явчихлаа гэсэн. Ингээд манай байгууллага цагдаагийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр явахад Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Цолмонтуяагийн өмгөөлөгчийн гомдлыг хянаж үзээд хохирогчийг манай байгууллага биш гэж үзсэн тул иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.  Манай байгууллага нь “АПУ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүйн тулд өнгөрсөн 9 сарын хугацаанд маш өндөр хүүтэй зээл /хувь хүн, ломбарднаас/ авч мөнгийг төлөн ихээхэн хохирол хүлээгээд байна. Иймд “Ангийсдүв” ХХК-ийн 2018.08 сард татан авсан барааны үнэ 50,806,340 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги тооцоход үнийн дүнгээс хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг “Ангийсдүв” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага “Орхонмандал” ХХК-ийн захирал Л.Нарантуяагаас “Ангийсдүв” ХХК-ийн захирал Л.Болормаад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Л.Болормаа нь “Ангийсдүв” ХХК-ийн гишүүн биш хамааралгүй хүн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана. “Орхонмандал” ХХК нь Дархан хангай дэлгүүртэй зээлээр төлбөр тооцоо хийдэг байсан. Л.Болормаа нь Дархан хангай дэлгүүрийн тооцоо хийдэг. “Ангийсдүв” ХХК-ийн захирал нь Д.Гончигсүрэн гэж нэг хүний бүртгэлтэй компани. Л.Болормаа “Ангсийсдүв” ХХК-д хууль ёсны албан тушаал хашдаггүй. “АПУ” ХХК-иас зээлээр авсан барааны үнэ нийт 76,209,510 төгрөгийг нэхэмжилж байна. “Орхонмандал” ХХК-ийн захирал Д.Баяраа гэдэг хүн байдаг. Д.Баяраа, Л.Нарантуяа хоёр нэг гэр бүлийн хүмүүс. Л.Энхжаргал гэдэг хүний Дөгөм дэлгүүр дээр “АПУ” ХХК-ийн бүтээгдэхүүний бөөний худалдаанд ажиллаж байсан. Тооцоог тухайн үед Дөгөм дэлгүүрийн нягтлан Б.Цолмонтуяа 2018.08.28-ны өдөр орлогоо, 54,100,000 төгрөгийг бэлнээр авсан байсан. Урд өдөр нь буюу 2018.08.27-ны өдөр Л.Нарантуяа Л.Болормаад хандаж тооцоог хийх талаар утсаар мэдэгдэхэд Л.Болормаа Булган аймагт байгаагүй. Л.Нарантуяа тооцоогоо даруйхан хий гэсний дагуу Л.Болормаа хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Ингээд эгч Л.Баярмаад 54,100,000 төгрөг өгөөд Дархан хангай дэлгүүрийн худалдагч н.Батцэцэгийг байлцуулж Б.Цолмонтуяад бэлнээр өгсөн. Тухайн үед Б.Цолмонтуяа “АПУ” ХХК-ийн тооцоо, бараа бүтээгдэхүүний орлого, санхүүгийн тайлан, дэлгүүрийн ажлыг хийж байсан учраас сарын эцэс болсон тул мөнгийг өгсөн. Б.Цолмонтуяа энэ орлогын мөнгийг Дөгөм дэлгүүрийн захирал Л.Энхжаргалд өгөөгүй хувьдаа авсан учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2018.08 сарын 6, 10,17,21 өдрүүдийн бараа үйлчилгээний төлбөрийн үнийн дүн дээр зөрүү байна. 2018.08.10-ны өдрийн орлого 3,534,600 төгрөг зөрүүтэй байна. Дархан хангай дэлгүүрийн тооцооноос харахад 2,976,060 төгрөгийн бараа авсан. “АПУ” ХХК-ийн салбар хариуцсан худалдааны төлөөлөгч Б.Ариунбаатар урамшуулал зарласан гэж хэлсэн. Дархан хангай дэлгүүрээс Баян хангай дэлгүүрийн авсан 1,381,800 төгрөгийн бараа авсан нь хасагдаж тооцогдох ёстой. Дархан хангай дэлгүүр 2018.08.18-с 28-ны өдрийг хүртэл нийт 4 удаа бараа авсан төлбөрийг хасч тооцуулмаар байна. Дархан хангай дэлгүүрээс 2018.08.18-ны өдөр 2 удаа, 08.22-ны өдөр нэг удаа, 08.28-ны өдөр нэг удаа авсан барааны үнэ хасагдах ёстой. 2018.08.07-ны өдөр 670,900 төгрөг, 08.11-ний өдөр 100,000 төгрөг, хасагдах ёстой. Л.Энхжаргал, Л.Нарантуяа нар өөрсдөө тооцоогоо авдаг. Зарим тохиолдолд нягтлан нь тооцоогоо авдаг байсан. Худалдан авсан барааны нийт үнийн дүнгээс 1,211,880 төгрөгийг урамшуулал авах ёстой. Энэ мөнгө нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдах ёстой. Тухайн үед Б.Цолмонтуяа гэдэг хүн ажлаа хийж байсан болох нь цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт байдаг. “Орхонмандал” ХХК, “Ангийсдүв” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018.04.17-ны өдөр дууссан байна. “Ангийсдүв” ХХК-ийн захирал Д.Гончигсүрэн гэрээ байгуулах эрхийг Л.Болормаад итгэмжлэлээр олгоогүй тул Л.Болормаа нь гэрээ байгуулах эрх бүхий төлөөлөгч биш юм. Өөрөөр хэлбэл Л.Болормаа нь “Ангийсдүв” ХХК-ийн захирал биш учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байна. Алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 132/ШШ2019/00495 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Ангийсдүв” ХХК-иас 48,094,140 төгрөг гаргуулан “Орхонмандал” ХХК-д олгох, 28,115,370 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 398,421 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 398,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Орхонмандал” ХХК-ийн захирал Л.Нарантуяа нь “Ангийсдүв” ХХК-ийн захирал Л.Болормаад холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ 76,209,510 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлээ Л.Болормаатай байгуулан бараа нийлүүлэх гэрээг үндэслэн 2018.08.11-нд 8,067,100 төгрөг тушаасан, “Дөгөм Булган” ХХК-ийн эзэн Энхжаргал 1,720,000 төгрөгийг дэлгүүрээс нь очиж бэлнээр авсан, 8.28-наас хойш 54,100,000 төгрөгийг манай ня-бо Цолмонтуяад өгсөн төлөхгүй байна. 8-р сард татаж авсан барааны үнэ 50,806,340 гэрээний дагуу алданги 25,403,170 төгрөг нийт 76,209,510 төгрөг гэж нэхэмжилсэн. Нарантуяа хариуцагчийг Л.Болормааг гэж тодорхойлсон Л.Болормаатай бараа нийлүүлэх гэрээ хийсэн үүнийгээ үндэслэсэн. “Ангийсдүв” ХХК-ийн захирал Д.Гончигсүрэн, компаниа төлөөлж Орхонмандалтай гэрээ хийгээгүй Л.Болормаа нь “Ангийсдүв” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, компаний удирдах, гүйцэтгэх албан тушаалтай биш юм. Гэтэл эдгээр зөрчилтэй байдлыг шүүх үл харгалзан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхад шүүх өөрөө санаачлагаараа хариуцагчийг хүчээр сольж Гончигсүрэнг дуудаж, гэрчилгээгээ авчир гэж шаардан нэхэмжлэлийг албадан гардуулж, нэхэмжлэлийг өөрчил гэж өөрчлүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан. Гончигсүрэн нь яах ч аргагүй шүүхийн даалгаснаар улсын бүртгэлийн гэрчилгээгээ авчирч өгч, мөн өөрийгөө төлөөлүүлж, төлөөлөгч оролцуулсан. Нэхэмжлэлд дурьдаад байгаа “Орхонмандал” ХХК, “Дөгөм Булган” ХХК-ийн ня-бо Цолмонтуяа нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 54 сая төгрөгийг ажил албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан асуудалд иргэн Л.Нарантуяа “Дөгөм Булган” ХХК-ийн захирал Энхжаргал нар Булган аймгийн ЦГ-т Цолмонтуяаг шалгуулахаар анх өргөдөл гаргасан байдаг. Тэдний 54,000,000 төгрөгөөр хохирсон тухай өргөдлийн дагуу Булган аймгийн ЦГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өнөөдрийн байдлаар нэмэлт мөрдөн байцаалтанд хэрэг буцсан байгаа юм. Хэрэг шийдвэрлэх явцад нэхэмжлээд байгаа барааны мөнгийг завшиж үрэгдүүлсэн талаар эрүүгийн хэрэг шалгагдаж буй тул хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй хурлыг хийсэн. Энэ ИХШХШТХ-н 80-г зөрчсөн гэж үзэж байна. Нэгэнт хариуцагч талын хүсэлтийг хүлээн аваагүй шүүх хурал хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй талаар мэтгэлцсэн. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Ангийсдүв” ХХК, “Орхонмандал” ХХК-тай бараа худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурсан байна Уг гэрээгээр үнийг төлөх үүрэг хүлээжээ гэсэн дүгнэлт хийсэн. Уг гэрээнд Болормаа гарын үсэг зурсан боловч компаний захирал гарын үсэг зураагүй. Компани Болормаад удирдлагыг бүрэн төлөөлөх гэрээ байгуулах эрх олгоогүй. Захирал Гончигсүрэн энэ гэрээний талаар энэ харилцаанд огт оролцоогүй юу ч мэдэхгүй. Хэрэгт авагдаагүй баримтаар Л.Болормаа өөрийн хувийн данснаас барааны мөнгийг Дархан хангай гэж шилжүүлж байсан. Уг данс нь компаний харилцах данс биш юм. 2017.04.17-ны өдрийн гэрээний 1 тал нь “Ангийсдүв” ХХК гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл эдгээрт шүүх нотлох баримтыг үнэлэх ИХШХШТХ-н 40-г зөрчсөн, 40.2 Тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлнэ 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэнээс тодорхой харагдаж байна. Дархан хангай хүнсний дэлгүүрийг Л.Болормаа хариуцан тооцоо дансыг хөтөлдөг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байгаа барааны үнийн дүн 50,806,340 төгрөг нь буруу, хариуцагч 47,443,320 төгрөг л нэхэх ёстой байсан. Дөгөм дэлгүүрт АПУ-гийн бөөний худалдааг явуулж байсан. Дөгөм дэлгүүрийн эзэн Энхжаргал болон түүний нягтлан нар тооцоог авдаг байсан. Цолмонтуяа тухайн үед уг компаниас гараагүй байсан. Ажлаас халсан гэх тушаалыг нөхөж хийсэн нь тодорхой харагддаг. Яг энэ асуудлаар эрүүгийн хэргийг дахин нягтлан шалгахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шүүхэд шилжээгүй байгаа. Дархан хангай дэлгүүр барааны мөнгийг 8.28-нд нягтлан Цолмонтуяад өгсөн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж дуусаагүй байхад дахиад Дархан хангай дэлгүүрийн эзэн Болормаагаас уг мөнгийг дахин гаргуулахаар нэхсэнийг “Ангийсдүв” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж буй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүх жинхэнэ нэхэмжлэгч, хэн, хэн уг барааны мөнгийг хариуцах хариуцагч болох зэрэг нэхэмжлэгч хариуцагч нарыг зөв тогтоогоогүй нь мөн ажиллагааны зөрчил болно. Хэрэгт авагдсан баримтаар худалдах худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй (Захирал Гончигсүрэнгээс компанийг төлөөлж гэрээ хийх итгэмжлэл олгоогүй) зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ тул “Ангийсдүв” ХХК-ийг “Орхонмандал” ХХК-тай уг гэрээг бичгээр хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна. Шийдвэр, магадлал нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Орхонмандал” ХХК 2019.06.10-ны өдөр “Ангийсдүв” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж 76,209,510 төгрөг шаардахдаа “...үлдэгдэл барааны үнэ 50,806,340 төгрөг, алданги 25,403,170 төгрөг...” гэсэн байна. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзжээ. 

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч өөрийн эсхүл бусдын мөнгийг шаардсан эсэх нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. 

 

Тухайлбал, нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ \хх 4\-д  “...Орхонмандал ХХК...” гэж, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ \хх5\-нд “...Орхон Мандал ХХК... Дөгөм дэлгүүр...” гэж, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл \хх67\-д “...дэлгүүр АПУ ХХК-ны гэрээт борлуулагч...” гэж, мөрдөгчийн тогтоол \хх59.61\- д “...Дөгөм хүнсний дэлгүүр... АПУ ХХК-ны 54.100.000 төгрөг...” гэж., хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл \хх 62-63\–д “...АПУ ХХК-ны бөөны төв...” гэж., прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас \хх20\-д “...Дөгөм Булган ХХК... Дөгөм булган дэлгүүр...” гэж., прокурорын тогтоол \хх21\-д  “...АПУ ХХК-ны Булган дахь салбар...” гэж заасан байгааг шүүх анхаараагүй байна.

 

Түүнчлэн, шүүх маргаанд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүйгээс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгов.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хуулийн этгээд эсхүл хуулийн этгээдийн салбар эсэхийг тодруулж, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2019/00495 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 398,421 төгрөгийг захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД,                                               Б.МӨНХТУЯА

                                                                 Б.УНДРАХ

                                                                 Д.ЦОЛМОН