Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01555

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01555

 

 

О.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15ы өдрийн 183/ШШ2023/01601 дугаар шийдвэртэй,

 

            О.Эын нэхэмжлэлтэй,

Т.Бт холбогдох,

 

            Арилжааны гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Биндэръяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О.Э, Г.У нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо /13312/, Хүннүгийн гудамж, 216 дугаар байр, - хаягт байршилтай, 64.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бт 138,000,000 төгрөгөөр худалдахаар “Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ”-г 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу орон сууцны үнэ 138,000,000 төгрөгийн 95,000,000 төгрөгт Т.Б нь өөрийн эзэмшлийн Лексус-570 маркийн автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэх, зөрүү 43,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Машиныг шилжүүлсэн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй, төлбөрөөс зайлсхийж олдохгүй байсаар өдийг хүрсэн тул “43.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Бумнасангаас төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч Б.Б энэхүү арилжааны гэрээг хийх болсон шалтгаан нь М.Бумнасан гэх хүнд 110,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор М.Бумнасан нь зээлэндээ уг байрны төлбөрийг бүрэн төлсөн гэж шилжүүлсэн.

2.2. Нэхэмжлэгч О.Э нь М.Бумнасантай байр худалдах, худалдан авах хэлцлийг хийж, төлбөрийг төлснөөр тухайн үед О.Э нь “Төлбөр тооцоо бүрэн дууссан болно” гэж гэрээнд гарын үсэг зурсан байсан. Нотариат дээр худалдах гэрээ хийх үед гэрээнд М.Бумнасанг оруулахыг хүссэн боловч оролцуулаагүй.

2.3. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг Т.Б төлбөр тооцоо дууссан гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгч О.Э нь М.Бумнасангаас авах ёстой авлагадаа Т.Бийг хариуцагчаар татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. О.Э нь М.Бумнасантай анх тохиролцож, байрны зөрүү мөнгийг М.Бумнасангаас О.Эт төлсөн тул энэ хэргийн жинхэнэ хариуцагч М.Бумнасан болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-д заасныг баримтлан хариуцагч Т.Бээс арилжааны гэрээний үүрэгт 28.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. О.Э, Т.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ”-гээр нэхэмжлэгч нь О.Э, Г.У нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 216 дугаар байрны - хаягт байршилтай 64.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Бт 138,000,000 төгрөгөөр худалдахаар, Т.Б нь өөрийн өмчлөлийн - улсын дугаартай, Лексус 570 маркийн автомашиныг 95,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бийн өмчлөлд, тээврийн хэрэгсэл О.Эын өмчлөлд шилжсэнээр гэрээний дээрх хэсэг биелэгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгчид бэлнээр 43,000,000 төгрөг өгөөгүй, Т.Бийн хүсэлтээр түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүднээс гэрээнд “тооцоог төлсөн” гэж тусгасан бөгөөд нэхэмжлэгчийн дансны хуулгаар Т.Бээс О.Эт 28,000,000 төгрөг шилжүүлээгүй нь тогтоогдсон, хариуцагч тал төлсөн гэдгээ нотолж чадахгүй байхад төлсөн мэтээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч Т.Бтэй гэрээ хийсэн болохоос М.Бумнасантай гэрээ хийгээгүй. Т.Б нь гэрээний үүрэгт зөвхөн тээврийн хэрэгсэл шилжүүлсэн тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсэгт заасан үүрэг биелэгдэх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Бээс О.Эт мөнгө шилжүүлээгүй.

4.3. М.Бумнасанг гэрчээр асуулгах хүсэлтийг хариуцагч тал гаргасан ба уг хүсэлтээсээ татгалзсан байхад анхан шатны шүүх хоёр тал гуравдагч этгээдийг оролцуулахгүй татгалзсан гэж дүгнэж, гэрээний үүрэг биелсэн гэж шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт “нэхэмжлэгчийн хохирол болох 28,000,000 төгрөгийг Т.Бээс гаргуулах” өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5: Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Т.Бт холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. О.Э, Г.У болон Т.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч О.Э, Г.У нар өөрсдийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 216 дугаар байр, - хаягт байршилтай 64.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Т.Б нь гэрээний үнэ 138,000,000 төгрөгөөс 95,000,000 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн - дугаартай, Лексус 570 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үнийн зөрүү 43,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан, арилжих хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөөр тооцсон нь мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ үүссэн гэж зөв дүгнэсэн боловч мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.

 

4. Хариуцагч Т.Б нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, Лексус 570 автомашиныг 95,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч О.Эын өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаангүй.

 

5. Гэрээний 2.4-т “зөрүү 43,000,000 төгрөгийг төлсөн болно. Төлбөр тооцоо бүрэн дууссан болно” гэж тусгаж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлжээ.

Дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд хариуцагч нь зөрүү 43,000,000 төгрөг төлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан байна. 

Иймд орон сууц болон автомашины үнийн зөрүү 43,000,000 төгрөгөөс М.Бумнасангаас “байрны төлбөр” гэх утгаар шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулав. Учир нь талуудын хооронд үүссэн маргаан нь арилжааны гэрээний зохицуулалтад нийцэж байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт руу шилжих шаардлагагүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15ы өдрийн 183/ШШ2023/01601 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “243 дугаар зүйлийн 243.1”, “274.3” гэсний тус тус хасаж, “274.1” гэсний дараа “275 дугаар зүйлийн 275.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Биндэръяагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА