Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0973/З |
Дугаар | 221/МА2019/0346 |
Огноо | 2019-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0346
С.Н нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Н, өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу С.Н нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын Газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2015 оны “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-д өөрчлөлт орж, 3.2-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 1.2-т заасан хүүхдийн тооны хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын газарт санхүүгийн дэмжлэгийг сар бүр шилжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Хүүхдийн тооны хязгаар батлах тухай” А/171, 67 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 937 хүүхэд хамрагдахаар батлагдсаны дагуу яамнаас шилжүүлсэн санхүүгийн дэмжлэгийг тухайн хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд Нийслэлийн Боловсролын газар шилжүүлж ажиллаж байна. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн Боловсролын газарт шилжиж ирээгүй хамааралгүй байх үеийн 2017 оны 09 дүгээр сараас тооцон санхүүгийн дэмжлэгийг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед Хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд харагчийн санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагч нарт олгож байсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Нийслэлийн Боловсролын газарт тухайн сард хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг ирүүлж байгаагүй болохоо шүүхэд хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас төлбөр авсан эсэх талаар холбогдох баримтыг хэрэгт аваагүй нь шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Хүүхэд харагч нь хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй. Гэрээ байгуулж хэдэн хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн, эцэг эх асран хамгаалагчид гэрээний хэрэгжилт, төлбөр санхүүжилтийн тайланг танилцуулсан баримт зэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс 15 хүүхдийн нэрс, регистрийг нотлох баримтаар гаргасны 5 хүүхэд нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт бүртгэлтэй байна. Нэхэмжлэгчийн хүүхэд харах төвд явж байсан гэх 15 хүүхэд нь өөр цэцэрлэгт, өөр хүүхэд харах төвд явдаггүй болохыг тогтоосон баримт байхгүй байгаа нь шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар олгосон хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс дуусгавар болсон байхад шүүх үнэлж дүгнээгүй зэрэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар нь Нийслэлийн Боловсролын Газарт холбогдуулан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөг нөхөн олгохыг Нийслэлийн Боловсролын Газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 дугаар албан бичигт С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах төвийн санхүүжилтийг зогсоосон талаар мэдэгдсэн, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар албан бичигт “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь Хүүхэд харах үйлчилгээний хуулийн 6.2.2, 6.5, 8.1.1, 12.1.4, 16.1.1, 16.1.3 дахь заалтууд болон “Хүүхэд харах журам”-ын 4.7 зүйлийг тус тус зөрчсөн тул цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсон”-ыг нэхэмжлэгч С.Н-д мэдэгдсэн, тус хэлтсээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “хуурамч санхүүгийн баримт бүрдүүлдэг, хүүхэд харах үйлчилгээний мөнгийг өөрсдийн амьдран суудаг байрны түрээсэнд зарцуулдаг, зөрчил удаа дараалан гаргаж байсан тул үйлчилгээний хувьсах зардлыг шийдэх боломжгүй” талаарх хариу тайлбар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/796 тоот албан бичгээр Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн Хүүхэд харагчийн бүртгэлд /2017 оны 12 дугаар сарын байдлаар/ нэхэмжлэгч нарын нэр байхгүй, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 дугаар албан бичигт “...Ажил хүлээлцсэн баримт бичигт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 184 хүүхэд харагчийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй 939 хүүхдийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээний 83 хаяг байршлын жагсаалтыг файлаар болон цаасаар хүлээн авсан. Уг хүлээлцсэн баримт бичигт С.Н, С.Ц, С.Х нарын мэдээлэл байхгүй байна” гэж дурдагдсан болон бусад нотлох баримтуудаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст шилжүүлж өгөөгүй үйл баримт тогтоогджээ.
Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг шилжүүлээгүй, хүүхдүүдийн нэрсийг санхүүжилтийн программаас хассан шалтгаан нөхцлийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан гэж үзнэ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс С.Н нарыг зөрчил гаргасан гэх үндэслэлээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжгүй болсныг мэдэгдэж байсан атлаа тухайн зөрчлүүдийг арилгасан эсэх баримт хэрэгт авагдаагүй, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/400 дүгээр захирамжаар С.Н, С.Ц, С.Х нарын хүүхэд харах үйлчилгээний хугацааг нэг жилээр сунгасан, 2017 оны 12 дугаар сарын 14 болон 15-ны өдөр нэхэмжлэгч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан зэрэг тодорхойгүй нөхцөл байдлын шалтгааныг тодруулах хэрэгтэй.
Түүнчлэн, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 ““хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг” гэж заасан шаардлагыг хангасан л бол хүүхдийн хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс авах эрхтэй гэж үзэхгүй бөгөөд уг шаардлагыг хангахаас гадна хүүхэд харах үйлчилгээг бодитойгоор эрхэлсэн, үйл ажиллагаа явуулснаа нотлох, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх шаардлагатай.
Дээрх үүргийг Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “санхүүгийн бүртгэл, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх”, 12.1.6 “эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах”, 12.1.7 “эцэг, эх, асран хамгаалагчид энэ хуулийн 12.1.6-д заасан гэрээний үүргийн хэрэгжилт болон төлбөр, санхүүжилтийн зарцуулалтын тайланг танилцуулах” гэж хуулиар хүлээлгэсэн бол Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 4.1 “Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /төв/-т хүргүүлнэ” /Засгийн газрын 2018.3.14-ний 74 дүгээр тогтоолоор “аймаг нийслэлийн боловсролын газарт” гэж өөрчлөгдсөн/ гэж, Хамтран ажиллах гэрээний 3.1.3 “Хүүхэд харагч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 3.1.3 “Баянзүрх дүүрэгт үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 3-ны дотор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төрийн сангийн хэлтэст хүргүүлнэ” гэж тус тус холбогдох журам болон гэрээгээр хүлээлгэсэн байна.
Гэтэл хүүхэд харагч нар үүргээ биелүүлж байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг шилжүүлж өгөөгүй, хүүхдүүдийн нэрсийг санхүүжилтийн программаас хассан шалтгааныг тодруулалгүйгээр гагцхүү болсон үйл баримтыг тоочиж, мөн хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамж, хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хийсэн хурлын тэмдэглэл, хүүхдүүдийн шинжилгээний бичиг, 2016, 2017 онд санхүүжилт орсонтой холбоотой баримтуудыг үнэлж “хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа явуулж байсан” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.
Дээр дурдсан нотлох баримтууд нэхэмжлэгч нарыг хүүхэд харах үйл ажиллагаа явуулж байсныг хангалттай нотолж чадахгүй байх бөгөөд 3 хавтас нотлох баримтаар авагдсан хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан гэх хүүхдүүдийн ирц, эцэг эхийн гарын үсэгтэй баримтууд, зарлагын болон тооцооны баримтуудыг санхүүгийн дэмжлэг шаардах эрх үүсгэсэн шууд нотлох баримт гэж үзэхгүй, харин эдгээр баримтаа эрх бүхий этгээдэд хүргүүлсэн эсэх, эрх бүхий этгээд нь Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 4.4, 5.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотолгоонд хамаарна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар санхүүгийн дэмжлэг эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол алийг шаардах эрхтэй эсэх, санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн дансанд шилжүүлэх эрхтэй гэдэг үндэслэлээр Нийслэлийн боловсролын газрыг буруутгах эсэх, хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хүүхэд харагч нар зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд 2017 оны 9 дүгээр сараас хойш хэдий хугацааны санхүүгийн дэмжлэг эсхүл хохирол авахаар шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт хийх боломжтой болно.
Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН