Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01485

 

 

 

 

 

2023 07 28 210/МА2023/01485

 

Э.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Хонгорт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хувьцаа худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа (цахимаар), хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.*******ийн эзэмшиж байсан Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Хонгор шилжүүлэн авахаар тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн.Тухайн үед Хелиосголд ХХК-ийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байх эрсдэл үүсэх учраас эхний ээлжинд 51 хувийг С.Хонгорт шилжүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг сэргээсний дараа С.Хонгор нь хувьцаа худалдаж авах үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөгийг шилжүүлж, Э.*******ийн үлдсэн хувьцаа болох 19 хувийг шилжүүлэн авахаар тохиролцон, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар С.Хонгор нь Э.*******ийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг 115,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож эхний ээлжинд үүнээс 50,000,000 төгрөгийг шилжүүлж, 51 хувийг шилжүүлэн авсан.

1.2. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр С.Хонгортой Хелиосголд ХХК-ийн хувьцааг шилжүүлж 115,000,000 төгрөг авч, үүний 50,000,000 төгрөгийг гэрээ хийхэд аваад, тусгай зөвшөөрөл сэргэсний дараа 65,000,000 төгрөгийг авахаар хурлын тэмдэглэл үйлдсэн.

1.3. Хелиосголд ХХК-ийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэсэн байх тул С.Хонгорыг үлдэгдэл хувьцаа болох 19 хувиа шилжүүлэн авч, хувьцаа шилжүүлэн авсны төлбөрт төлөх үлдэгдэл 65,000,000 төгрөгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч, дээрхи төлбөрийг шилжүүлээгүй бөгөөд 19 хувийн хувьцааг шилжүүлэн авахгүй байна.

1.4. Хэрэгт/2-рхх89, 189,192-т/авагдсан гурван ширхэг төлбөрийн баримтаар нийт 32,500,000 төгрөг өгсөн. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэг 65,000,000 төгрөг, дутуу төлсөн 17,500,000 төгрөг, нийт 82,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2016 оны сүүлээр миний танил хувьцаа зарах гэж байгаа, найдвартай хүмүүст бичиг баримт нь бэлэн байгаа гэсэн. Тэгээд Хелиосголд ХХК-ийн нэр дээр орд байгаа гэж хэлсэн учраас Ж.Буурчийн баталгаа болгож шилжүүл гэсэн 10,000,000 төгрөгийг манай хамтран ажилладаг инженер н.Бямбасүрэнд шилжүүлсэн.

2.2. 2017 оны эхээр Хелиосголд ХХК-ийг судалж үзэхэд өөр хүний нэр дээр бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл байхгүй байсан.

2.3. Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг худалдаж авахаар болж, нийт 50,000,000 төгрөг өгсөн.

2.4. Мөн надтай байгуулсан гэрээг С.Шийлэгцэрэн, н.Энхболд нартай байгуулсан байсан. Уг компани нь 1 сая төгрөгийн дүрмийн сантай, үйл ажиллагаа явуулдаггүй, над дээр ирсэн тамга, тэмдэг гэж байхгүй.

С.Шийлэгцэрэн гэх хүн компанийн хувьцааг худалдаж аваад 2015 онд Увс аймгийн Зүүнхангай сум руу очиход орон нутгийн бослого гараад нутгийн удирдлагын зүгээс Ж.Буурч гэх хүнтэй хэзээ ч хамтран ажиллахгүй гээд шийдвэр гаргачихсан. Би эдгээр мэдээллүүдийг сүүлд олж мэдсэн. Би 2018 онд С.Шийлэгцэрэн, н.Энхболд нартай нийлж зүтгээд компанийн 51 хувийн хувьцааны эрхийг үүсгэж сэргээгээд дахин Захиргааны шүүхээр явж байна.

2.5. Хүн төөрөгдүүлж, мэдээлэл дутуу өгсөн. 2016 оноос 2020 он хүртэлх жил бүр лицензийн төлбөр төлөөд хохироод явж байгаа. Уг төлбөрийг өөрөөсөө, С.Шийлэгцэрэн талийгаач, н.Бямбасүрэнгээс гаргаж төлдөг. Тамга даруулахаар бол Ж.Буурч дээр очиж даруулдаг. Энд бөөн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж гаргаж авч сэргээсэн лицензээ төлбөрөө төлөөгүй гэдгээр устгахгүйн тулд явж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болох Э.*******ээс компанийн 51 хувийг зохих журмын дагуу шилжүүлэн авч хувьцаа худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

3.2. Э.******* нь 19 хувийн хувьцааг одоо эзэмшиж байгаа юм. Тухайн үед Хелиосголд ХХК-ийн нэг бүр нь 2,340 төгрөгийн үнэтэй 510 ширхэг, нийт 1,193,400 төгрөгийн үнэ бүхий хувьцааг мөн дүнгээр худалдсан.

3.3. Э.******* нь надаас ямар ч үндэслэлгүйгээр хувьцааны үнийг өсгөн 50,000,000 төгрөг хүлээн авсан. Намайг илтэд төөрөгдүүлэн илүү төлбөр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 48,806,600 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

4. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын агуулга:

4.1. Э.*******т Хелиосголд ХХК-ийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг даалгаж өгнө үү.

4.2. С.Хонгор 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдер Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа гэгчтэй "Хелиосголд" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ", "Хелиосголд" ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг тус тус Т.Шийлэгцэрэн, Б.Энхболд нарын хамт байгуулсан.

4.2.1. Гэрээг байгуулахдаа "Хелиосголд" ХХК-ийн 51%-ийн хувьцааг 50,000,000 төгрөгөөр үнэлэгдэж компанийн дүрмийн санд өөрчлөлт орж байгаа гэж ойлгосон.

4.2.2. Гэтэл Э.******* нь компанийн дүрмийн санг өөрчлөлгүйгээр 2,340,000 төгрөгийн дүрмийн сантайгаар, намайг 51%-д ногдох 510 ширхэг, нэг бүр нь 2,340 төгрөгийн үнэлгээтэй 1,193,400 төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэж бүртгүүлсэн байдаг.

4.2.3. Би 1,193,400 төгрөг болон 50,000,000 төгрөгийн Э.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн дансанд шилжүүлж өгч байгаагүй. Харин Ж.Буурч гэдэг хүн надаас удаа дараа бэлэн ба бэлэн бусаар мөнгө авч байсан.

4.2.4. Надад Э.******* буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, Ж.Буурч нар нь байнга тусгай зөвшөөрөл сэргэмэгц очоод шууд ажиллах бүрэн боломжтой, бүх бичиг баримт, дүгнэлтүүд нь бүрэн гэх зэргээр худал мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулж дээрх гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан.

Өмнө нь Т.Шийлэгцэрэнд "Хелиосголд" ХХК-ийн хувьцааг 100% шилжүүлсний дараа, тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан ч нутгийн ард иргэдийн хүчтэй эсэргүүцэл болон сумын удирдлагын зүгээс өмнө нь 2012 онд тус нутагт үйл ажиллагаа явуулахдаа өөрийн талбайн гадна талд олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй, сум орон нутагт нь хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэг барьж өгнө, жимсний төгөл байгуулж өгнө гэсэн амлалтандаа хүрээгүй учраас огт ажиллуулахгүй гээд ажиллаж чадаагүй буцсан зэрэг мэдээллийг хэлэлгүй нуун дарагдуулж, надаас мөнгө авах зорилгоор хуурч, ноцтой төөрөгдөлд оруулж дээрх гэрээнүүдийг байгуулсан.

Иймд Э.******* болон С.Хонгор нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан "Хелиосголд" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ", "Хелиосголд" ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. С.Хонгорын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба өмнө нь гаргасан С.Хонгорт холбогдох нэхэмжлэлийг агуулгыг бүрэн дэмжиж байгаа. 2017 онд хүчин төгөлдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувь цаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу хувьцааг шилжүүлсэн.

5.2. С.Хонгор нь тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж үйл ажиллагаа явуулж байсны зэрэгцээ тусгай зөвшөөлийн төлбөрийг төлж ирсэн. Гэрээний дагуу 115,000,000 төгрөг авах ёстойгоос надад 3 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөг төлсөн үлдэгдэл 82,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Хонгороос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 58.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******т холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хонгорын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778,400 төгрөг, хариуцагч С.Хонгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хонгороос 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Э.*******ийн нэхэмжлэлтэй С.Хонгорт холбогдох Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 48,806,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараахь үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна

7.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28 өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шүүхийн шийдвэрт ... Нэхэмжлэгч компанийн 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргахдаа хавтасд хэргийн 2 дугаар хавтасны 25-26 дугаар талд авагдсан 2017 оны 05 сарын 05 өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэлийг үндэслэх боловч тухайн тэмдэглэлээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн байгууллагын 2 удаагийн лавлагаагаар тогтоогддог. Тиймээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлээр Э.*******, С.Хонгор нарыг Хелиосголд ХХК-ийн 19 хувийн хувьцааг 65,000,000 төгрөгөөр С.Хонгорт худалдахаар тохиролцсон гэж үзэхгүй... " гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

7.2. Зохигч хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Э.*******ийн эзэмшиж байсан Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Хонгор нь 115,000,000 төгрөгөөр худалдан авах хэлцэл хийж уг хэлцлийг Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулж, тэмдэглэл хөтөлсөн.

Тусгай зөвшөөрөл сэргээсний дараа компанийн 19 хувьцааг С.Хонгор нь шилжүүлэн авч үлдэгдэл 65,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсоныг баталгаажуулсан. Талууд хүсэл зоригоо тэгш илэрхийлэн, харилцан тохиролцож нэгдсэн шийдвэрт хүрсэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл нь хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг юм.

7.3. Э.*******ийн зүгээс тохиролцсоны дагуу 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэж, тохиролцсоны дагуу үлдсэн 19 хувийн хувьцаагаа шилжүүлэн авахыг шаардсан боловч С.Хонгор нь тохиролцоогоо зөрчин 19 хувийн хувьцааг авахгүйгээр 16957 тоот тусгай зөвшөөрлийг ашиглан үйл ажиллагаа явуулж, ашиг олж Э.*******ийн эрх ашгийг зөрчиж байгаа билээ.

7.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28 өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шүүхийн шийдвэрээр дээрх хуулийн хүчин төгөлдөр бичиг баримтыг үнэлэхгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөрчсөн үйлдэл юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28 өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шүүхийн шийдвэрийн Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулан 65,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбар:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Улсын бүртгэлийн газарт хийж өгсөн хувийн хэрэгт хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой тэмдэглэл байхгүй нь тогтоогдсон. Мөн Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчиж, тухайн тэмдэглэлийг үйлдсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгосон.

Уг тэмдэглэлийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын зочид буудалд үйлдээгүй болох нь тогтоогдсон. Тухайн тэмдэглэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зохиож бичин, архи ууж байх үедээ гарын үсэг зуруулсан талаар гэрч н.Бямбасүрэн, н.Сийлэгсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

8.2. Тухайн үед 50,000,000 төгрөгөөр 51 хувийг авч, тухайн үед нотариатаар баталгаажуулж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа нэмж шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Харин нотариатчийн зүгээс гэрээний үнэн зөвийг гэрчилж, тамга тэмдэг дарсан байна.

Гэтэл нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах тухай тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж өгсөн. Талууд 65,000,000 төгрөгөөр авна гэх тохиролцоо хийсэн тохиолдолд нотариатын байгууллагаас гэрчилж, тамга дарах ёстой бөгөөд хуулбар үнэн гэх тэмдэглэгээг хийхгүй.

Ирээдүйд бий болох эд хөрөнгөтэй холбоотой зүйлийг худалдаж авах тохиолдолд Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь ирээдүйд бий болох өөрийн бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.

8.3. Нотариатын тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэх ёстой. Тухайн тэмдэглэлийг үнэн тохиолдолд баримт бичгийг гэрчлэв гэх тэмдэг дарсан байх ёстой. С.Хонгор нь тусгай зөвшөөрлийн дагуу ашиг, орлого олсон зүйл огт байхгүй. Мөн тухайн байгууллагын тамга тэмдэг, албан бичгийг одоо хүртэл аваагүй байдаг. Тухайн хувьцааны эрх шилжүүлэх гэрээний 1.2-т хувьцаа худалдагч нь бусдад өгөх төлбөрийг гэрээний хавсралтаар гаргаж өгнө. Уг гэрээний дагуу хувьцаа худалдан авагчид тухайн байгууллагын бүх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй.

9. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрөх тухай.

9.1. Анхан шатны шүүхээс ".... хэргийн 2 дугаар хавтасны 192 дугаар талд авагдсан иргэн Ж.Бямбасүрэнгээс Ж.Буурчид нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, мөн хэргийн 244-245 дугаар талд авагдсан Хаан банк ХХК-иас ирүүлсэн 12,500,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, гэрч Ж.Бямбасүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 194-196 дугаар тал/-т дурдсанаар хариуцагч С.Хонгор нь нэхэмжлэгч Э.*******т 51 хувийн хувьцааны үнэ 50,000,000 төгрөг төлөхөөс бодитоор 32,500,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл төлбөр 17,500,000 төгрөгийг төлөх нь хууль болон гэрээнд нийцнэ гэж үзлээ" гэжээ. Гэтэл дээрх 32,500,000 төгрөг нь зөвхөн гэрч Ж.Бямбасүрэнгээр дамжиж өгөгдсөн мөнгө бөгөөд С.Хонгорын өөрийнх нь Ж.Буурчид бэлнээр өгсөн 17,500,000 төгрөгийг орхигдуулж шийдвэрлэсэн. Энэ талаар Ж.Бямбасүрэнгийн Ж.Буурчид 2017 оны 06-р сарын 12-ны өдөр Хелиосголд ХХК-ийн хувьцааны 50 саяын урьдчилгааны үлдэгдэл гэсэн утгатайгаар хамгийн сүүлд шилжүүлсэн шилжүүлгээс үзэхэд 50 сая төгрөг нь 12,500,000 төгрөг төлөгдсөнөөр бүрэн төлөгдөж дууссаныг харуулж байна.

9.2. Нэхэмжлэгч талаас 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд байх нэхэмжлэлдээ 50 сая төгрөгийг хүлээн авснаа илэрхийлсэн, мөн 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар талд байх Улсын дээд шүүхийн хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч талаас "50 сая төгрөгийг авсан. Үлдэх 65 сая төгрөгийг аваагүй" гэсэн тайлбар, мөн 2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар талын арын хуудсан дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч талаас "Манай зүгээс хариуцагчаас 65,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Өмнө авсан 50,000,000 төгрөг дээр ямар нэгэн маргаан байхгүй" гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж байсан ба энэ талаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт "Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж тодорхой заан хуульчилсан байдаг.

9.3. Гэвч үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй зөвхөн Ж.Бямбасүрэнгийн шилжүүлж байсан мөнгөн дүнг үндэслэн С.Хонгор нь 32,500,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183//ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183//ШШ2023/01388 дугаартай шийдвэрийн хариуцагч С.Хонгороос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгох тухай хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед 50,000,000 төгрөгөөс бодитоор 32,500,000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 17,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг хамаарч байгаа. Иймд тухайн 17,500,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч С.Хонгорт холбогдуулан 92,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 48,806,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх.1, 2, 156, 1хх 29, 2хх 190, 2хх 248-249 /

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 82,500,000 төгрөг болгож, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 32,500,000 төгрөг болгож тус тус багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Э.******* болон С.Хонгор нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э.******* нь Хелиосголд ХХК-ийн нэг бүр нь 2,340 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа буюу компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэх, С.Хонгор нь 50,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх. 56-57 дугаар тал/

3.б. Талууд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /1хх. 58-59 дүгээр тал/

3.в. Талууд дээрх гэрээнүүдийн дагуу Хелиосголд ХХК-ийн 51 хувийн хувьцааг С.Хонгорт шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

4. Анхан шатны шүүх Э.*******, С.Хонгор нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт зөв.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

5. Нэхэмжлэгч ...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэл /2хх. 25-26/-ийг үндэслэн Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцааг 115,000,000 төгрөгөөр тооцож худалдсан, эхлээд 51 хувьцааг шилжүүлсэн, компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргээгдэхэд үлдэх 19 хувийн хувьцааг шилжүүлэн өгч, 65,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр тэмдэглэл тул гэрээний дагуу нийт 65,000,000 төгрөг гаргуулна. гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.а. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн Хелиосголд ХХК-ийн хувийн хэрэгт хадгалагдаж байгаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах тухай тогтоол, талуудын хооронд байгуулагдсан Хелиосголд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Хелиосголд ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын 01 дугаартай тэмдэглэл /2хх. 25-26/-д дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

5.б. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын 01 дугаартай тэмдэглэлд гарын үсэг зурсан, уг тэмдэглэл үйлдэхэд хамт байсан гэрч С.Шийлэгцэрэн мэдүүлэгтээ ...Даргалагчаас: ...Ш.Базаррагчаа тэмдэглэл үйлдэж байсан уу? гэхэд үгүй байх, Зүгээр хоорондоо ярилцаж байсан, ...даргалагчаас: ...13 цаг 40 минутад хурал эхэлсэн байна. Хурал гэдэг зүйл хийсэн үү? гэхэд албан ёсоор хурал эхэлсэн зүйл байхгүй гэх мэдүүлгээс үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурал хийсэн байдал үгүйсгэгдэж байна.

5.в. Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын 01 дугаартай тэмдэглэл нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй хурлын тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул 65,000,000 төгрөг шаардах эрхгүй талаар зөв дүгнэсэн.

6. Анхан шатны шүүх хариуцагч С.Хонгороос 17,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.а. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,500,000 төгрөг төлсөн нь шилжүүлгийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй.

6.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй атлаа 50,000,000 төгрөгийг авсан үйл баримтад зөрүүтэй тайлбар гаргасныг анхан шатны шүүх дүгнээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагаас 17,500,000 төгрөгт тооцогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэдийгээр нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч нь мөнгө төлсөн болохыг нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Хелиосголд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үнэ 50,000,000 төгрөгийн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан дараах тайлбаруудаар 17,500,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...эхний ээлжинд үүнээс 50,000,000 төгрөгийг шилжүүлж, 51 хувийг шилжүүлэн авсан.... гэж тайлбарласан /1хх 1 дүгээр тал/

б. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа ...50 сая төгрөгийн 20 сая төгрөгийг бэлэн өгсөн. 30 сая төгрөгийг эрх сэргээхэд гарсан өмгөөлөгчийн зардалд өгсөн., ...50 сая төгрөгийг авсан. Үлдэх 65 сая төгрөгийг аваагүй гэж тайлбарласан /2хх 125 дугаар тал/

в. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буурч ...Манай зүгээс хариуцагчаас 65,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өмнө авсан 50,000,000 төгрөг дээр ямар нэгэн маргаан байхгүй... гэх агуултай тайлбарласан./хх/

6.в. Дээрх тайлбарыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь 17,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбар нотлогдож байх тул хариуцагч С.Хонгороос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг шаардах эрхгүй.

7. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч С.Хонгороос 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

8. Талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьцаа худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Хонгороос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын хариуцагч С.Хонгороос 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай гэснийг хасаж, ... үлдээж гэснийг үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР