Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00838

 

Хаан банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 251 472 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ворлддейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нар нь Хаан банктай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1709 тоот зээлийн гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн “Ворлддейнти” ХХК түүний захирал Э.Бямбасүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Одцэцэг нар нь дахин тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот зээлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл авахаар нэмэлт 50 000 000 төгрөгийн зээл авсан.

Хоёр талын анхны 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 43 685 480 төгрөг, хүүгийн төлбөрт 75 595 743 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 458 437 төгрөг, нийт 119 739 661 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот гэрээгээр зээлсэн 50 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн дүн нь үндсэн зээлийн төлбөрт 12 579 323 төгрөг, хүүгийн төлбөрт 9 839 844 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 960 төгрөг, нийт 22 425 128 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул Хаан банкны Дархан салбар гэрээгээ цуцалж, 2 удаагийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 193 735 196 төгрөг, хүүгийн төлбөрт 38 980 388 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 525 363 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний зардалд 43 100 төгрөг, нийт 235 284 047 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлийн төлбөрт 184 241 196 төгрөг, хүүгийн төлбөрт 60 853 506 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 334 553 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний зардалд 43 100 төгрөг, нийт 251 472 355 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгө болох 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот барьцааны гэрээний зүйл болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх-Уул ард байрлах, Замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210.4 мкв талбай бүхий гараашийн зориулалттай барилга, 312.11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 193 тоот гэрээний барьцаа хөрөнгүүд болох Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламжуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ. 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Хаан банк, “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 251 472 355 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч Ц.Отгонбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006211 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019649 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210.4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204002385 дугаартай, 312.11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012243 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000680 дугаарт бүртгэгдсэн Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000679 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 415 311 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 415 311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалын зарим хэсэг болох 16 188 307,23 төгрөгийг эс зөвшөөрч байна.

...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №01/243 дугаартай итгэмжлэгч томилох тухай албан бичгээр Төлөөлүүлэгч төлөөлөгч С.Энхсувд нь Д.Цэрэнтогтоход итгэмжлэл олгожээ. Итгэмжлэлийг үзвэл “Хаан банкийг төлөөлөн “Ворлддейнти” ХХК, Эрдэнэ-Очир овогтой Бямбасүрэн, Даариймаа овогтой Одцэцэг нартай холбоотой аливаа нэхэмжлэл, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд Хаан банкийг төлөөлөн иргэний нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд зэрэг хэргийн оролцогчоор оролцох, давж заалдах гомдол гаргах, эд хөрөнгө гаргуулах, эвлэрэн хэлэлцэх, гүйцэтгэх баримт бичгийг шаардан гардан авах иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрхийг ...Д.Цэрэнтогтоход энэхүү итгэмжлэлээр олгов” гэжээ.

Итгэмжлэлд зөвхөн хариуцагч “Ворлддейнти” ХХК, Эрдэнэ-Очир овогтой Бямбасүрэн, Даариймаа овогтой Одцэцэг нартай холбоотой хэрэгт итгэмжлэл олгосон байхад хариуцагч Ц.Отгонбаярт холбогдох хэсэгт мөн адил итгэмжлэл олгосон мэтээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын эдлэх эрхийг төлөөлүүлэгч нь итгэмжлэлдээ нэг бүрчлэн заасан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эдлэх бүх эрхийг олгоогүй, харин хязгаарлагдмал эрх олгосон байна.

Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтоход нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгогдоогүй байхад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №640 дугаартай нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, үнийн дүнг 16 188 307,23 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх түүнийг нь хүлээн авч хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж, алдааг зассангүй.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч “Ворлддейнти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо энэ талаарх гомдлын үндэслэлээ тайлбарлаж хэлсэн боловч давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй, мөн энэ талаар магадлалдаа дурдаж тайлбарласангүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан байхад итгэмжлэл нь хуульд нийцсэн эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, итгэмжлэлд заасан эрхийг хэтрүүлэн оролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүйгээс хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг анхаарч үзнэ үү.

Иймээс анх нэхэмжилсэн 235 284 047,83 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй этгээд 16 188 307,23 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 251 472 355,06 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалаас 16 188 307,23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид бүрэн оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна. Хяналтын шатны шүүх дээрх алдааг шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь зээлийн гэрээний үүрэгт 235 284 047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ “Ворлддейнти” ХХК, иргэн Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг нарт холбогдуулан гаргажээ \хх-ийн 1 дүгээр тал\.

Анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3603 дугаар захирамжаар хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагч Э.Бямбасүрэнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэхгүй орхигдуулсан байна \хх-ийн 61 дүгээр тал\.

 Шүүх иргэний хэргийг хоёр этгээдэд холбогдуулан үүсгэсэн боловч мэдэгдэх хуудсыг “Ворлддейнти” ХХК, Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг нарт хүргүүлж, шүүгчийн захирамжийг Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нарт гардуулж, харин нэхэмжлэлийн хувийг Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг нарт гардуулсан байх ба хариуцагч “Ворлддейнти” ХХК-д гардуулаагүй байна \хх-ийн 62, 63, 64, 65 дугаар тал\. Түүнчлэн, шүүх хариуцагч Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалыг танилцуулсан байна \хх-ийн 66, 68 дугаар тал\.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан-Уул аймаг дахь салбар хамтран хариуцагчаар Ц.Отгонбаярыг татах хүсэлт гаргасны дагуу шүүх шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 4444 дүгээр захирамжаар Ц.Отгонбаярыг хамтран хариуцагчаар татаж, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Отгонбаярыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байна \хх-ийн 70, 74, 76-77, 78 дугаар тал\.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагын хувийг шүүх хариуцагч Ц.Отгонбаяр, Д.Одцэцэг, Э.Бямбасүрэн нарт гардуулжээ \хх-ийн 83-85, 91, 94, 95 дугаар тал\. Хариуцагч “Ворлддейнти” ХХК-д гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг, Ц.Отгонбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Ворлддейнти” ХХК болон Д.Одцэцэг нарт хариуцуулж, Ц.Отгонбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар заасан Э.Бямбасүрэн гэгчид холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй атлаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан, ийнхүү оролцуулсан атлаа түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хариуцагчаар заасан “Ворлддейнти” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг огт оролцуулаагүй байна.

Нэхэмжлэлд хамтран хариуцагчаар заагдсан Э.Бямбасүрэн, Д.Одцэцэг, мөн хожим хамтран хариуцагчаар татагдсан Ц.Отгонбаяр нарын хэн нь ч “Ворлддейнти” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Маргааны үндэслэл болж буй зээлийн гэрээний зүйл нь хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, техник худалдан авах зориулалттай байхад уг зээлийг авсан “Ворлддейнти” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг тодруулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг шүүх хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаа болно.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлж, залруулах арга хэмжээ аваагүй байна. 

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй боловч гомдлын зарим үндэслэлийг харгалзан үзсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 238 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН