Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 97

 

С.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, З.Хүрэлсүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Н.Жамъян, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1501 дүгээр магадлалтай, С.О-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Н.Жамъян, Л.Мөнхтөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***, ял шийтгэлгүй, О овогт С-н О-.

С.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн “Б” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар ажил хүлээлцэх үед бэлэн байсан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого болох сунгалтын хүү, хаалтын хүү, иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсан орлого зэрэг тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 135,257,850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 139,257,850 төгрөг гаргуулж “***” ХХК-д /хохирогчийн төлөөлөгч Э.О-/-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 122,969,550 төгрөг гаргуулж хохирогч “***” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ийн гаргасан давж заалдах гомдлоос хохирлын дүнтэй холбоотой хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.О- гаргасан гомдолдоо “...Би 2014 онд Э.О-тай танилцаж, түүний нөхөр А.Түмэнжаргалын ажилладаг хэвлэх үйлдвэрт ажилд орсноор дотносон танилцсан. Үүнээс хойш 2016 онд хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа муудаж эхэлсэн тул А.Түмэнжаргал, Э.О- нар “***” ХХК байгуулан хэвлэх үйлдвэрийнхээ ажлаа орхисон. Би ч бас хэвлэх үйлдвэрээсээ 2017.01 сард халагдсан. Удалгүй 2017 оны 2 сард Э.О- холбогдон ажлын санал тавьснаар 2017.03.25-ны өдрөөс эхлэн “Б-1” ломбарданд 1 өдрийн 30,000 төгрөгөөр тохиролцон ажиллаж эхэлсэн.

2017 оны 04 сарын дундуур ажлын хариуцлага алдан 8 тус тусдаа баримт бүхий нийт 5,400,000 төгрөгийн хулхи эд зүйлс аван зээл гаргаснаа мэдсэн. Сунгалтаа хийхгүй удах үед нь баримт дээрх утасны дугаар, хаягаар нь шалгаад үзэхэд хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байхад нь найдваргүй зээл гэдгийг ойлгосон.

Хөгшин настай эцэг, эхтэйгээ өрх толгойлон амьдардаг би ажлын байраа алдаж, халагдах, төрсөн ах, дүү нар шиг болж дотноссон хүмүүсийн итгэлийг алдах вий гэж айсан. Яахаа мэдэхгүй, мөнгө зээлж магадгүй найзаасаа асуутал, “Солонгос руу ээж дээрээ оччихвол шууд чамд мөнгө өгөх боломжтой болно барьцаа болох 5,000,000 төгрөг зээлчихвэл би чамд нийлүүлээд 10,400,000 төгрөг болгож өгье” гэж гуйхаар нь их хэмжээний өрөнд орсон би боломжит хувилбар гэж сэтгэсэн. Компанийн санхүүжилтээс 5,000,000 төгрөгийг өөрийн дураар авч өгсөн. Ингээд 10,400,000 төгрөгийн өрөнд орж Э.Оюундарийн аргыг хэрэглэж /Магадлал 2 хуудас 29-31 мөр/ хийсвэр мөнгөн дүнгийн бичигтэй, хуурамч зээлийн баримт бичиг, хуурамч барьцааны эд зүйлсийг лацдан хийж гэмт хэргийг үйлдэж эхэлсэн.

1. 2017.03.25-наас 2018.05.17 хүртэл “***” ХХК-ийн Б-1 салбарт 110,935,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэний 83,807,000 төгрөг нь хаан банкны 5020766190 тоот миний хувийн данс руу орж ирсэн байдаг. Уг компани нь бүх санхүүжилтээ зузаатгал гүйлгээний утгатайгаар дансаар хийдэг байсан. Энэхүү санхүүжилт нь компанийн үйл ажиллагаанаас олсон орлого болох 14 хоногийн 7 хувиар бодогдсон сунгалтын хүү, хаалт, хаалтын хүү, зарсан барааны орлого, хоногийн 05 хувийн алданги зэргээс бүрдэнэ.

Мөнгө хүүлэлт нь зээлэнд мөнгө гарах тусам ашигтай ажиллаж байна гэж үздэг. Мөрдөн байцаалтын хугацаанд 2 аудитын дүгнэлт, 2 шинжээчийн дүгнэлтүүд дээр 427,105,000-429,485,000 төгрөгийн зээл гаргасан гэж үздэг. 110,935,000 төгрөгийн санхүүжилт нь 427,105,000 төгрөг болтлоо өсөж зээлэнд гарах үндэслэлгүй юм.

Бүх мөнгийг зээлэнд гаргасан гэж тооцвол 110,935,000 төгрөгийн санхүүжилт нь 01 сарын 14 хувиар хүү болон хүүгээс хүү бодоход 2017.03.25-наас 2018.05.17 хүртэл ажилласан 15 сарын хугацаанд 140,018,426 төгрөг болтол хүүлэгдэх боломжтой байна.

Зөвхөн миний хувийн данснаас Э.О- руу шилжүүлсэн 318 удаагийн 44,589,100 төгрөгийн гүйлгээ нь 110,935,000 төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлж байхад эдгээрийг тус тусдаа компанийн орлого гэж үзэж нэмж тооцсон. Мөрдөгч, прокурор нар гэмт хэрэг хэзээ эхэлсэн талаар байцаалт аваагүй ба 2018.05.17-ны шөнө хамгийн анх болон цорын ганц удаа өгсөн мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдсэн. Уг байцаалтыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч О.Хатанболд нь цахилгаан бороохой гарган ирж, сүрдүүлж, тулгасан асуулт тавьж, өмгөөлөгч авах хүслийг минь үл тоож авсан байдаг.

Дахин мэдүүлэг байцаалт авахгүйгээр гэмт хэргийн хугацааг тогтоож, бодит хэрэглэгчдийн баримт болон хийсвэр мөнгөн дүнтэй хуурамч баримтуудыг ялган өгөх боломж олгоогүй. Нэг хуурамч баримт нь кассны дэвтэрт орлого мэт харагдаж бичигдэн хаагдаж, дараагийн шинэ хуурамч баримт дээр сунгалтын хүү, хаалт хаалтын хүү, алданги зэрэг нь нэмэгдэж өссөн дүнгээр бичигдсэн байдаг.

Э.О- нь 2017.05 сард намайг алдаатай ажиллаж мөнгө дутаасныг мэдсэн боловч шуналын сэдлээр дуугүй өнгөрсөн нь энэ гэмт үйлдлийн хохирол гэх хийсвэр мөнгөн дүн ихсэх шалтгаан болсон. Хийсвэр мөнгөн дүн бичигдсэн хуурамч баримтуудыг бичсэн кассын дэвтэр нь санхүүгийн анхан шатны баримт мөн гэж зөвшөөрөгдөн бодит орлого гэж тооцон шинжилгээ хийгдсэн.

3. Би ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлөх хүсэлтээ удаа дараа хэлсэн боловч “бид жижиг  компани, НӨАТ төлдөггүй учраас, татвараас зайлсхийж, татварын дарамтанд орохгүйн тулд чинийхийг төлж өгөхгүй” гэсэн. Энэ нь уг компани өөрөө хууль зөрчигч, санхүүгийн сахилга батгүй нь тодорхой байна.

Татварын тайланд зориулж 30,000 төгрөгөөс бага гүйлгээнүүдийг тусад нь тэмдэглэл хөтөлж, гэрээний дугаарыг нь татварын тайланд зориулж өөрөөр тэмдэглэдэг байсан.

Надад анхнаасаа завших санаа огт байгаагүй. 73-78 настай хөгшин эцэг, эх минь хорвоогийн жамаар өнгөрөхөд нялх үр бид хоёрын түшиж тулах ах эгч хоёртой боллоо хэмээн манай гэр бүл итгэж байсан.

“Танай охин чинь сайн ажиллаж байгаа, бид эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо, охинд чинь цаашдаа тусалж явах болноо” гэж гэр орноор минь очин эцэг, эхийн минь итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 28-15 тоот 2 өрөө байрыг минь барьцаанд Ариг банктай тавиулж /магадлал 8 хуудас 8-12 мөр/ Солонгос улсад сурдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Банкинд төлөлт хийхгүй байснаар гал голомт маань хураагдан зарагдаж эцэг, эх, охин 3 минь орох оронгүй болж би шоронд орсон.

Өөрийн хариуцлагагүй, хууль, эдийн засгийн мэдлэггүй, буруутай үйлдлээ нуун дарагдуулж, итгэлийг нь алдаж, өрөнд орох вий гэж бодон хийсэн үйлдлүүд маань гэмт хэрэг болно гэдгийг мэдээгүй явсан. Би гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, 2 шатны шүүхийн надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч ялаа эдлээд эхэлсэн байна.

Зөвхөн миний учруулсан бодит хохирлыг л тогтоож өгөхөд гүн туслалцаа үзүүлнэ үү хэмээн хичээнгүйлэн гуйж байна.

Хэдий би залуу хүн хэдий ч өөрийн биеэр ялаа эдлэн гарж ирээд хэтэрхий шуналтай хүмүүст хий хоосон мөнгөн дүн төлнө гэдэг нь дааж давшгүй зүйл юм.

Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа ажил хийж, хохирол мөнгөн дүнгээсээ төлж болдгийг мэдсэн нь таатай байна.

Бодит хохирол болох уг компанид учруулсан хохирлыг минь үнэн зөвөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй талаар.

Давж заалдах шатны шүүхийн үе шатнаас С.О-ийн өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцахад хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдоогүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг үнэн зөв шалган тогтоогоогүй байдаг.

С.О- нь ажилд орсон эхний өдрөөсөө эхлэн ажлаас гарах сүүлийн өдөр хүртлээ гэмт хэрэг үйлдсэн буюу мөнгө завшсан мэтээр түүний гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоосон нь үндэслэлгүй байна.

Дээрх цаг хугацааны дотор хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлээд хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл үргэлжилсэн болохыг нарийвчлан тогтоогоогүй байна.

Зайлшгүй шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийгээгүй байж удаа дараа аудит болон шинжээч томилсноор хэргийн бодит байдалд тохироогүй, илт өндөр хохирлын хэмжээ тогтоогдох үндэс болсон байна. Тухайлбал, шинжээчийн 2018.10.05-ны өдрийн 180 тоот дүгнэлт /2-р ХХ-ийн 56-60-р хуудас/-ийн 2-р хариултад “...Санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцооллыг хийж байгаа тул бүх зээлийг гарсан гэж тооцооллыг хийсэн”, “...Хуурамч гэх зээлүүдийг мөрдөн байцаалтаар тогтооно”, 6-р хариултад “...Хуурамч сунгалт хийсэн гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй” гэж тус тус дүгнэсэн байдаг.

Тухайн үед нь шинжээчийн энэхүү дүгнэлтийг анхааралдаа авч шалгалтын ажиллагааг нарийвчлан хийсэн бол С.О-ийн учруулсан хохирлын хэмжээг бодитой, бүрэн гүйцэд тогтоох боломжтой байсан байна.

Гэтэл зөвхөн аудит болон шинжээчийн дүгнэлт гаргуулахыг урьтал болгосон мөрдөн шалгах ажиллагааны буруу тактик нь дээрх боломжуудыг үгүй хийж, миний үйлчлүүлэгчийн учруулсан хохирлын хэмжээг хэт өсгөн тогтоож, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг зөв тогтоогоогүйн улмаас эрх ашгийг нь хохироосон байна.

Мөн шинжээч дүгнэлтэндээ “Би мөрдөн байцаагчийн ирүүлсэн Б ломбардны барьцаат зээлийн гэрээнүүд 15 уут, кассын дэвтэр 2 хавтас, Хаан банкны дансны хуулгууд 4 багц, 344 ширхэг барьцаат зээлийн гэрээний 2-р хувь 1 багцыг үндэслэн шинжилгээ хийсэн болно” гэсэн төдийгүй “...Санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцооллыг хийж байгаа тул бүх зээлийг гарсан гэж тооцооллыг хийсэн” гэсэн байдаг.

Энэ нь С.О-ийн хөтөлдөг кассын бүртгэлийн дэвтэр, зээлийн гэрээнүүд нь Санхүүгийн анхан шатны баримт болж шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэсэн үг. Тэгвэл С.О- нь уг баримтуудыг хөтөлдөг бөгөөд зээлийн гэрээнүүд нь хуурамч юм бол уг гэрээний дагуу мөнгө гаргасан гэсэн кассын бүртгэлийн дэвтэрийн холбогдох хэсэг нь ч мөн адил хуурамч болно.

Гэтэл энэ хуурамч баримтуудыг үндэслэн хийсэн шинжилгээ бодитой гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Нэгэнт бодитой болон хуурамч бүх зээлийн гэрээ, кассын бүртгэлийн дэвтрийг үндэслэн бүх зээлийг бодитой зээл гэж тооцон гаргасан дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй нь тодорхой юм.

Үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгч нар хохирогч болон прокуророос тодруулан асуухад тэдгээр нь үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байсан болно.

2. Аудитын болон шинжээчийн дүгнэлтүүдийн талаар.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай гэж үзээд мөрдөгч, прокурор нар нь дээрх аудит болон шинжээчийг 4 удаа томилж ажиллуулахад хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлтүүдийг гаргаж өгсөн байдаг. Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд “***” ХХК-нд учруулсан хохирлын хэмжээ нэг мөр тогтоогдоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолсон байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

3. Прокурор, шүүх хохирлын хэмжээг тодорхойлсон талаар.

Аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд нь иймэрхүү байдлаар зөрүүтэй гарсан байхад зөрүүг арилгах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Сүүлдээ тусгай мэдлэг шаардлагагүй болж прокурор нь хохирлын хэмжээг тогтоосон байдаг.

Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй буюу яллагдагчид ашигтай тооцоо гэж үзээд “...шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтээр хохирлын хэмжээ өөр өөр байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хохирогчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн дүн буюу яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээгээр хохирлыг тооцсон болно” гэсэн дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэсэн байгаа.

Давж заалдах шатны шүүх нь хохирлын хэмжээг нэг мөр тогтоохоор тооцооллыг хийсэн боловч энэ нь мөн л дээрх бодит байдалтай нийцээгүй шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн учир бодитой тооцоолол болж чадаагүй байдаг.

4. Мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдлын талаар.

Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шалгагдсан байдаг. Энэ хугацаанд хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох талаар мөрдөгч, прокурор нь Аудитын болон шинжээчийн дүгнэлт хийлгэснээс өөр хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна.

Шинжээч 2018.10.05-ны өдөр 180 тоот дүгнэлтийг гаргахдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай талаар дүгнэлтдээ тусгасан байдаг. Үүнд,

1. Санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцооллыг хийж байгаа тул бүх зээлийг гарсан гэж тооцооллыг хийлээ.

2. Хуурамч гэх зээлүүдийг мөрдөн байцаалтаар тогтооно.

3. Хуурамч сунгалт хийсэн гэх үйлдлийг Эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

Үүнээс харахад С.О-ийн өөрийнх нь бичсэн кассын бүртгэл, зээлийн гэрээнүүдийг үндэслэж дүгнэлтээ гаргасан болон хуурамч буюу хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар нь зохиомол эсэх, эсхүл үнэхээр тийм хүн бодитой байдаг эсэх, аль нь жинхэнэ зээл, аль нь хуурамч зээл болох гэх мэт ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэсэн байдаг. Эдгээр ажиллагаа хийгдэлгүйгээр ... хохирлын хэмжээ өндөр гарах эх үүсвэр болж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд аудит болон шинжээчийн дүгнэлтүүд, прокурор, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн хийсэн хохирлын талаарх тооцооллууд нь шат шатандаа зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй, хуурамч гэж үзсэн баримтууддаа үндэслэн гарсан бодит байдалд нийцэхгүй төдийгүй хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй зэргээр хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, Л.Мөнхтөр нар хамтран гаргасан гомдолдоо “...Хохирогч болон хохирлыг бодитоор тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, тус заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн.

Мөн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй.

1 .О-ийн гэм буруутай үйлдлээс***” ХХК-нд хохирол учирсан эсэх.

Шинжээч томилж дүгнэлт гаргуулах тогтоол танилцуулах бүрт Б ХХК-ийн татварын байгууллагад гаргасан тайлан балансыг авч бодит санхүүгийн байгууллагын татварын албанаас баталгаажсан тайлан баланс, мөн Б ХХК-ийн харилцагч банкны дансны хуулгыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүйгээс дээрх баримтыг шинжээчид гаргаж өгөөгүй.

Шүүх бодит үйл баримтыг үнэлэхдээ хохирогч нь хэн болох талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд *** ХХК-нд 139.257.850 төгрөг олгохоор шийдвэрлэсэн Гэтэл шүүх хуралдаанд шинжээч мэдүүлэгтээ: “*** ХХК-ийн данснаас 12.000.000 төгрөг О-ийн хувийн данс руу зузаатгал орсон байдаг” гэж мэдүүлсэн. Эндээс дүгнэлт хийхэд *** ХХК О-ийн хувийн данс руу 12.000.000 төгрөг шилжүүлсэн байхад шүүх 139.257.850 олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэнгүй.

2. Иргэн С.О-, иргэн Э.О-, А. Түмэнжаргал нар нь хувийн дансаараа мөнгө шилжүүлж, эргүүлэн хүү алданги зарсан барааны орлого харилцан шилжүүлж байсан нь иргэний эрх зүйгээр зохицуулах харилцаа болох нь.

Хавтас хэрэгт цугларсан баримтаар нэр бүхий 4 хүний хувийн данснаас 89.059.500 төгрөг, иргэн О-ийн хувийн данс руу шилжүүлснээс иргэн О- өөрийн хувийн данснаас иргэн Э.Оюундэлгэр, иргэн А.Түмэнжаргал, Аззаяа нарын хувийн данс руу 43.980.480 төгрөг зээлийн хаалтын болон сунгалтын хүү, зарагдсан барааны орлого 43.980.480 төгрөг шилжүүлсэн, дээрх мөнгөнөөс бусад үйл ажиллагааны зардалд 10.036.000 төгрөг зарцуулсан, үлдэгдэл 409.350 төгрөг хүлээлгэн өгсөн, зээлийн үлдэгдэл 7.418.000. төгргөгийн авлагатай байгаа зэрэг энэхүү харилцаа нь О-ээр Э.Оюундэлгэр, иргэн А.Түмэнжаргал нар нь мөнгө хүүлүүлж ашиг олох, татвараас зайлсхийх гэсэн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн иргэд хоорондын төлбөр тооцоотой холбоотой иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах маргаан болно.

З. Хохирлын тооцоо бодитоор тогтоогдоогүй.

Энэхүү хэрэгт удаа дараагийн шинжээч болон аудит нар нь хуурамчаар үйлдсэн гэх зээлийн гэрээнүүдийг эдийн засгийн шинжээч тогтоох боломжгүй мөрдөн байцаалтаар тогтооно гэсэн дүгнэлтүүд гарсан боловч мөрдөн байцаалтаар дээрх хуурамч гэх 168.725.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой нэг ч зээлийн гэрээг мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа хийж шалгаагүй.

Хохирлын тооцоо бодитоор тогтоогдоогүй давхардсан. Зээл, зээлийн сунгалтын болон хаалтын хүү эргэн зээлд гарах, буцааж Оюундэлгэр, Түмэнжаргал нарын данс руу орж, эргүүлэн зээлийн хүү О-ийн данс руу орсон нь давхцаж хохирлын тооцоон хий өссөн талаар удаа дараа мөрдөгч прокурор, шүүх хуралдаануудад тайлбарласан боловч үүнийг тооцоогүй. Өөрөөр хэлбэл зээлээс 10.000 төгрөг хүүгийн хамт 11.000 болж эрж ирснийг дахин зээлэнд гаргахад өссөн дүнгээр 2 зээлдэгч 21.000 төгрөг гэж тооцож зайгаа боловч 10.000 төгрөг зузаатгалаар тооцогдоод зээлийн орлого болж буцаж орж, өөр хүнд очиж ийнхүү давхардсан байгааг нарийн тооцоолоогүй тул хохирлын тооцоо бодитоор гараагүй билээ. Хохирлын тооцоог хуурамч гэх зээлийн гэрээний үнийн дүнгээр тооцож байгаа ба дээрх гэрээнүүдийн талаар шалгаагүй юм.

Шинжээч болон аудитын дүгнэлтэнд 152.932.300 төгрөг эргэж эргэлтэнд орсон гэсэн байгаа нь дээрх хэмжээгээр давхардсан болохыг хэн ч анхаараагүй, энэ дүнгээр хий зээлийн дүн өсч давхардаж байгаа болно.

Л.Мөнхтөр өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлын тооцоог бодитоор тооцоход шинжээчийн дүгнэлтээр ямар ч баримтгүй 11.613.300 төгрөг дутаж байсан гэснийг тооцоолон гаргаж бодит хохирол болох талаар тайлбарласан бөгөөд бодит хохирол нь *** ХХК-нд бус иргэн Оюундэлгэр, Түмэнжаргал нарт учирсан хохирол болохыг тайлбарласан ба энэхүү тооцооны асуудал нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тусгай мэдлэг шаардлагатай байгаа билээ.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад өмгөөлөгч Жамьян, Батцэнгэл хохирлын тооцоог бодитоор тогтоогоогүй тул шүүхийн шатанд хохирлын тооцоог бодитоор тогтоох боломжгүй, санхүүгийн тусгай мэдлэг шаардлагатай шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, мөрдөн байцаалтанд буцаах санал тавьж байсан ба өмгөөлөгч Л.Мөнхтөр миний бие шүүгдэгч С.О-ийн гэм буруутай үйлдлээс *** ХХК-нд хохирол хор уршиг учраагүй гэж үзэж байна.

Иргэд хоорондын дансаар мөнгө шилжүүлж хүү алданги тооцон, харилцан мөнгө шилжүүлж байсан харилцаа нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах иргэний эрх зүйн маргаан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар С.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөллийн дүгнэлт тайлбар гаргасан болно.

Өмгөөлөгч Л.Мөнхтөр миний хувьд хяналтын шатны шүүхэд О-т холбогдох хэргийг хохирогч гэх *** XХК-ийн тухайд гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Өмгөөлөгч Жамьян нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитоор тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгасан үндэслэл, тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинжээчийн 09, 180 тоот дүгнэлтүүд болон аудитын дүгнэлтээр шүүгдэгч С.О-ийг “Б” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах үед 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн эргэлтэд гарсан 33,734,000 төгрөг, ажиллах хугацаанд зээлийн эргэлтэд буюу үйл ажиллагаанд 152,932,300 төгрөг нийт 186,666,300 төгрөг болохыг шүүгч зөв тогтоосон боловч зээлийн эргэлтэд буюу үйл ажиллагаанд 152,932,300 төгрөгийн тооцоог гаргахдаа хасагдан тооцогдсон бэлэн үлдэгдэл 409,350 төгрөг, зардалд 8,351,950 төгрөг буюу нийт 8,761,300 төгрөгийг, эздэд шилжүүлсэн нийт 60,169750 төгрөг хэсэгт хохирлын хэмжээнээс давхардуулан хассан байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд санхүүжилт хэлбэрээр Э.О-, А.Түмэнжаргал нараас С.О-ийн дансанд шилжүүлсэн цалинд 5,673,000 төгрөг, дараа тооцох 140.000 төгрөг, урамшуулал болон виски 1,075,000 төгрөг, хандив 639.000 төгрөг нийт 7.527.000 төгрөг нь хохирлын нэхэмжилсэн дүнд оруулаагүй учраас хохирлын тооцооноос хасах үндэслэлгүй юм.

Дээрх үнийн дүнгүүд нь шинжээчийн дүгнэлтийн “С.О-ийн дансанд нэхэмжлэгч талаас шилжүүлсэн тооцоолол” гэсэн хүснэгт дээр дэлгэрэнгүй тусгагдсан дүн учраас нэхэмжилж буй хохирлын дүнд ороогүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас шилжүүлсэн хохиролд тооцоогүй дүнг нэхэмжлэгч талын хохирлоос хасч тооцож байгаа нь нэхэмжлэгч талыг давхар хохироож байна хэмээн үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолын дагуу шүүгдэгч С.О-ээс 139,257,850 төгрөг гаргуулж “***” ХХК-нд /хохирогчийн төлөөлөгч Э.О-/-д олгосугай гэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлсэнгүй. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжээгүй. С.О-ийн гэм буруутай үйлдлээр “***” ХХК-нд хохирол учирсан эсэх асуудалд шүүгч та бүхэн дүгнэлт хийхийг хүсч байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа “***” ХХК-ийн ломбардны хуулга, татварын албанд гаргасан тайлан, балансыг үндэслэн дүгнэлт гаргаагүй.

Компанийн дансаар С.О- ямар ч мөнгө хүлээж аваагүй. Энэ нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. С.О-ийн дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Ямар ч гүйлгээ хийгдээгүй компанид их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. “***” ХХК-нд С.О-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр ямар нэгэн хохирол учраагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон нь хууль зөрчсөн. Энэ хэрэгт яригдаж буй хохирлын асуудал нь иргэн С.О-, О-, Түмэнжаргал нарын хувийн данс, банкны хуулга, С.О-ийн хувиараа хөтөлсөн өдөр тутмын гүйлгээний бүртгэлийн дэвтэр, дээрх иргэдийн шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хаалтын хүү, сунгалтын хүүг тэмдэглэсэн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл эдгээр баримтууд нь иргэд хооронд гүйлгээ хийсэн гэдгийг харуулж байгаа. Шинжээч томилж дүгнэлт гаргуулах тогтоол танилцуулах бүрт “***” ХХК-ийн татварын байгууллагад гаргасан тайлан балансыг авч, бодит санхүүгийн байгууллагын татварын албанаас баталгаажсан тайлан баланс, мөн “***” ХХК-ийн харилцагч банкны дансны хуулгыг үндэслэж, шинжээчийн дүгнэлт гаргуулаач гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж авахгүй байсаар шүүх хуралдаанаар орсон. Энэ баримтыг мөрдөн байцаагч шүүх шинжилгээний байгууллагад гаргаж өгөөгүй. “***” ХХК хохирогч гээд байгаа нь үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана.

Шүүх бодит үйл баримтыг үнэлэхдээ хохирогч нь хэн болох талаар бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт “***” ХХК-д 139.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд шинжээч Бадамсүрэн мэдүүлэхдээ “***” ХХК-ийн данснаас 12.000.000 төгрөг С.О-ийн хувийн данс руу зузаатгал гэж орсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирсон иргэн, хуулийн этгээдийг хохирогч гэж хэлнэ гэхээр “***” ХХК-тай холбоотой ямар ч тооцоо байхгүй байхад хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэд хоорондын гүйлгээний асуудал нь эрүүгийн эрх зүйн харилцаагаар зохицуулах асуудал биш, 43.000.000 төгрөгийн хүү, орлого, хаалтын хүү, зарсан барааны орлого гэсэн мөнгө төлөөд харилцан тооцоо нийлээд яваад байсан асуудал нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана.

Энэ хэрэг дээр С.О-ийн үл хөдлөх хөрөнгийг О-, Түмэнжаргал нар нь банкинд тавиад 30.000.000 төгрөг авсан. Энэ асуудал хохирлоос хасагдаагүй. Хавтаст хэргийн 98 дугаар талд өөрсдөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Оюундарийн мэдүүлэг байдаг. Үүнийг шүүх үнэлж дүгнэх нь зүйтэй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон аудитын дүгнэлтэд 168.000.000 төгрөгийн хий юм бичигдсэн юм байна, энийг мөрдөн байцаалтаар тогтоох нь зүйтэй гэсэн ба энэ мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй.

Зээлийн гэрээ хуурамч, үнэн эсэхийг шалгаагүй. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг тайлбарыг гаргаж байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд 138.000.000 төгрөгийн хохиролтой байна гэснийг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 118.000.000 төгрөг байна гэж хассан. Саналын тухайд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэвэл “***” ХХК-д хохирол учраагүй, хохирогч биш учир хэргийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян хэлсэн саналдаа “Миний хувьд байр сууриа хохирлын тооцоо бодитой тогтоогдоогүй гэдэг байдлаар хэлнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бодитой тогтоож чадаагүй. Хохирол тооцооны асуудлаар Л.Мөнхтөр, Б.Батцэнгэл өмгөөлөгч нар тодорхой ярьлаа. Мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулж, хохирол тооцоотой холбоотой асуудлуудыг нэг мөр шийдэх ёстой гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Очирдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хохирлын тооцооллыг давхардуулж хассан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 179.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Данс хоорондын шилжүүлэг болон зарим нэгэн кассын үлдэгдэл зэрэг төлбөрүүдийг хасаад тооцохоор 135.000.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн учир уг дүгнэлтийг хохирогч талаас хүлээн зөвшөөрсөн ба өөр дүнгээр энэ хохирлыг хасах үндэслэл байхгүй гэж үзээд байгаа. 152.000.000 төгрөгийг бүрдэхэд үүссэн зардал, кассын үлдэгдэл, бэлнээр гэх зэрэг төлбөрүүдийг тооцоолохдоо давхар хасаад оруулж байгаа нь үндэслэлгүй.

Прокурорын гаргасан тооцоолол үндэслэлтэй гарсан. Прокурор хуурамч зээл гаргасан хохирогчдыг бүгдийг байцаах ёстой байсан гэдэг асуудлыг тал талаас нь өөр өөрөөр тайлбарлаад байгаа юм. Хуурамч баримт нь С.О-ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн баримтуудаар тодорхой харагддаг. Энэ нь үйлчлүүлэгч нарт очдог хувь баримт нь С.О-т өөрт нь хадгалагдаж байсан. Нийт 344 хуурамч баримт гарч ирсэн байгаа. Энэ хуурамч баримт, кассын дэвтэр, анхан шатны баримтуудыг үндэслэж, мэргэжлийн аудит, шинжээчид 179.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь ямар нэгэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйл байхгүй.

Шүүхээс хохирлыг тооцоолсон нотлох баримтуудыг үнэлсэн, энэ асуудалд хууль буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Хохиролд ороод байгаа данс хоорондын гүйлгээ гэсэн асуудал байгаа. Энэ нь иргэний хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа асуудал. Эрүүгийн хэргийн шүүх нь хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэнэ гээд түдгэлзсэн байгаа. Оюундарийн данс руу О-ээс орсон мөнгө буюу иргэний журмаар хэлэлцэгдээд байгаа 30.000.000 төгрөгийн 9.000.000 төгрөг нь Оюундарийн данс руу орсон байдаг. 9.000.000 төгрөгийг хохирлоос тооцсон асуудал байгаа. Энэ 9.000.000 төгрөгийг давхар тооцсон асуудлаас болоод иргэний журмаар шийдвэрлэгдэж байгаа давхар нэхэмжилж байгаа асуудал нь хохирогч талыг давхар давхар хохироох нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа юм. Оюундарийн данс руу орсон төлбөр болгоныг хохирлоос хасч тооцоод байх үндэслэл байхгүй. Харин хохирогч хоёр жилийн хугацаанд хохироод үйл ажиллагаа, сэтгэл, санаагаар хохироод явж байгаа энэ нөхцөл байдал дээрээ хэргийг удаашруулаад яахав, хохирлын тооцооны хувьд прокурорын гаргасан 134.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрье гэдэг байдлаар анхан шатны шүүх дээр хохирлын хэмжээг тогтоолгосон.

Энэ байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлсөн бөгөөд анхан шатны шүүх хохирлын тооцоог хохирогч талын хэлсэн мөнгөн дүнгээр тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Э.Оюундарийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан бөгөөд анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн дүгнэлт гаргасан шинжээчийн биеэр оролцуулсан буюу тэр хүний өмнө өгсөн мэдүүлэг, гаргасан бүх дүгнэлтийг тайлбарлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гэмт хэрэг гарсан байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад энэ хэргийн талаар хийж болох бүх ажиллагаа хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.О-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээг тодорхойлох бүхий арга хэрэгслийг ашигласан буюу аудит болон санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хоёр удаа гаргуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилоход асуулт тавих болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчдын эрхийг бүрэн хангаж ажиллажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд санхүүгийн шинжээчийг оролцуулж, гаргасан дүгнэлтийн талаар нь тодорхой тайлбарыг авсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн учруулсан гэх хохирлоос цалин, хандив, вискиний мөнгө гэсэн зүйлүүдийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй буюу нийт хохирлын хэмжээг 122.969.550 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ. Хэргийн ажиллагааны явцад хохирогчийг буруу тогтоосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.О- болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Н.Жамъян, Л.Мөнхтөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 1805027830339 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.О-ийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн “Б” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 135,257,850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, хэргийн үйл баримтад хууль зүйн зөв дүгнэлт өгөөгүй, эдгээр ажиллагааг дутуу хийсний улмаас тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтүүд бодитой, үндэслэлтэй гараагүй, мөн энэхүү санхүү, зээлийн харилцааны хүрээнд үүссэн хохиролтой холбоотой маргаан бүхий үйл баримтыг бүрэн тогтоох зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, С.О- нь зээлийн мэргэжилтнээр ажиллах явцдаа бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйлдлийг хэдий хугацаанд ямар аргаар, хэдэн удаа, хэрхэн үйлдсэн болох, уг үйлдлийн улмаас бусдад учруулсан байж болох бодит хохирлын хэмжээг тогтоож чадаагүй, үүнийг тогтоох үүднээс төрийн эрх бүхий байгууллагаар хянагдаж баталгаажсан “Б” барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны орлого, зарлага, түүнтэй холбоотой тайлан, хууль зүйн шаардлагад нийцсэн баримтуудыг үнэлж дүгнэхэд чиглэсэн болон холбогдох бусад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүйн улмаас хуурамчаар үйлдсэн зээлийн гэрээнүүд, тэдгээрийн хаалт, сунгалтын хүү, давхардсан тооцоо, хий бичилт хийх зэргээр бичигдсэн хийсвэр үнийн дүн бүхэлдээ хохирлын дүнд тооцогдсон нөхцөл байдал үүсчээ.

Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, бодит байдлыг нарийвчлан тогтоох нь тухайн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлох, тухайн хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмаар тодорхойлсон шаардлага юм.

Үүний зэрэгцээ, мөрдөн шалгах ажиллагаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж явагдсан, эрхийг хязгаарлан, уг ажиллагаа зөвхөн яллах талыг баримтлан явагдсан гэх гомдол хүсэлтийг анхааран үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулбал зохино.    

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж ажиллаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах агуулга бүхий шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх агуулга бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1501 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр Б.Батцэнгэл, Н.Жамъян нарын гаргасан гомдлыг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюундарийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч С.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН