Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/0028

 

“БДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ЭХЗХ болон тус хорооны

улсын ахлах байцаагчид тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                          Д.Мөнхтуяа

            Танхимын тэргүүн:                       Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                            М.Батсуурь                                   

                                                                          Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:              Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 794 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Т.Б, А.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, ЭХЗХ-ны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 60-07-001/06 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “БДХ” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо, хэрэглэгчдээс ирүүлсэн эрчим хүчний төлбөр тооцоо, чанар хангамжтай холбоотой гомдол хүсэлтийн дагуу 2018-2020 онуудад нэр бүхий сууц өмчлөгчдийн холбоод, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын талаар судалгаа хийж, тухайн өргөдөл гомдлыг бүрэн барагдуулахгүй байна гэж үзэж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж, маргаан бүхий тогтоолоор “БДХ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулаан ачаалалтай, Алтаргана хотхоны 44А, 44Б, 44В дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, 1.06 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв гэснийг тус тус хасан шийдвэрлэж, мөн тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг өөрчлөн баталжээ.

3.Нэхэмжлэгч “БДХ” ХХК-иас “...Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, нэмэх хасах эрх хэмжээ байхгүй, хэн нэгэн этгээдийн гаргасан хүсэлтийг үнэн зөв гэдгийг тогтоохгүйгээр тусгай зөвшөөрлийг ихэсгэж, багасгаж болохгүй, хэрэглэгчийг хохироосон чанар стандартыг хангахгүй байгаа асуудлыг ЭХЗХшалгасан нь хууль зөрчсөн, эрх бүхий байгууллагад шилжүүлэх байсан, иргэдийн хувийн бизнест халдаж, иргэдийн сонгон үйлчлүүлэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй” гэж, хариуцагчаас “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтууд болон холбогдох бусад хууль, журамд заасны дагуу тус хороо нь хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй, тэр хүрээнд шийдвэр гаргасан, удаа дараа иргэдээс гомдол гарсан, зөрчил гаргаж байсан тогтоогдсон” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох хэрэгжилтийг хянах” гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар шаардлага, шалгуурыг хангах ёстой гэдгийг тогтоох, түүний хэрэгжилтийг хянах эрх хэмжээ болохоос бус, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулахад чиглэсэн эрх хэмжээ биш, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Эрчим хүчний тухай хуульд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг өөрчлөх гэсэн ойлголт хуульчлагдаагүй, хариуцагч Эрчим хүчний хороо нь “БДХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг үндэслэх ёстой байсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянан шийдвэрлэх хүрээ хязгаартай тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах ажиллагаа гэж үзэхгүй, хасагдсан 48 дугаар байртай холбогдуулан иргэд болон СӨХ-ноос удаа дараа гомдол ирсэн гэх үйл баримттай холбоотой нотлох баримтыг хариуцагч хангалттай цуглуулаагүй, бүрэн дүүрэн шалгаж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “БДХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “...2018-2020 онуудад нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоод, хэрэглэгчдээс өргөдөл, гомдол ирүүлж, үүний дагуу хариуцагчаас удаа дараа нэхэмжлэгч компанид үүрэг даалгавар өгч байсан гэдэг нь хэрэгт авагдсан Сууц өмчлөгчдийн холбоо, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлууд, хариуцагчийн нэхэмжлэгч компанид хүргүүлсэн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэсэн, зөрчил дутагдлыг арилгах, үүрэг даалгавар хүргүүлэх албан бичгүүд зэрэг баримтуудаас тогтоогдож байна, өргөдөл, гомдлыг судлан хэрэглэгч нь хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэй байх шаардлага болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд тус компанийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч “БДХ” ХХК-иас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Хэрэглэгчдийн өргөдөл гомдлуудад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ыг сонгон үйлчлүүлэхтэй холбогдуулан ямар ч санал хүсэлт тусгагдаагүй.

6.2.Дээрх 1 дүгээр сарын 28, 2 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтүүдийг шалган шийдвэрлэхтэй холбогдсон ямар ч ажиллагаа явуулахгүйгээр 3-7 хоногийн дотор багтаан Эрчим хүчний зохицуулах хорооны хуралдаанд шууд оруулж, 2 дугаар сарын 04-ний өдөр 141 дүгээр тогтоол гаргасан.

6.3.Нийт оршин суугчид буюу хэрэглэгчдээс орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжийг сонгохтой холбогдсон хүсэлт, судалгааг огт аваагүй, хэрэглэгчдийн дийлэнх олонхийн хүсэлт сонирхол бүрэн тусгагдсан эсэх нь эргэлзээтэй.

6.4.Эрчим хүчний тухай хуулийг 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтыг зориуд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, нэмэх хасах эрх олгогдоогүй.

6.5.Эрчим хүчний Дулаанаар зохицуулалттай хангах салбарт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын үйлчлэх хүрээ” гэсэн ойлголт байхгүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргаан бүхий 141 дүгээр тогтоолд тусгагдсан “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” гэснийг өөрчилсөн үндэслэлээ магадлалдаа тусгаагүй.

6.6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.16-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан зөрчлийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасан зөрчлийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч тус тус шалган шийдвэрлэхээр заасан.

6.7.ЭХЗХнь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй. Өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэхүүлэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэх ёстой байсан.

6.8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрийн шийдвэрийнхээ үндэслэл болох нотлох баримтуудыг магадлалдаа огт дурдаагүй гэжээ. 

7.Нэхэмжлэгч “БДХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.ЭХЗХнь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ...”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох ...” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1-д “ЭХЗХ нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөл тус бүрээр нөхцөл шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно” гэж зааснаас үзэхэд ЭХЗХнь тусгай зөвшөөрөл олгох, олгосон тусгай зөвшөөрөлдөө өөрчлөлт оруулах, хасах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, зохицуулалт хийх бүрэн эрхтэй байна.

10.Анхан шатны шүүхийн “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар шаардлага, шалгуурыг хангах ёстой гэдгийг тогтоох, түүний хэрэгжилтийг хянах эрх хэмжээ болохоос бус тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулахад чиглэсэн эрх хэмжээ биш” гэх дүгнэлт буруу бөгөөд захиргааны байгууллагад олгосон “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох” бүрэн эрх нь зөвхөн шалгуур, шаардлагыг тогтоох эрхээр хязгаарлагдахгүй, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах үйл ажиллагааны хүчин чадал, түүний хүрээг тогтоох бүрэн эрх мөн хамаарах юм.

11.Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ЭХЗХнь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэж заасан байх тул ЭХЗХ нь зохицуулалт хийх, эрчим хүчний хангамж, хэрэглээний тэнцэл тогтоох бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнээс хасалт хийх шийдвэр гаргах эрхтэй, харин ийнхүү шийдвэрлэхдээ өөрийн дур зоргоор хандах биш, өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох, хуульд үндэслэх, зөрчлийг шалган тогтоох, мэдэгдэх сонсгох зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

12.Тухайн тохиолдолд, маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг зөрчөөгүй, зөрчлийг шалган тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн дүүрэн хянасан гэж үзлээ.

13.“БДХ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор “дулааны эрчим хүчээр хэвийн хангаагүй, үндэслэлгүй төлбөр авсан, өөр хангагч байгууллагаар солих” агуулгатай өргөдөл гомдлууд удаа дараа гаргаж байсан, үүний дагуу хяналт шалгалт хийж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/1457 дугаар албан бичгээр “Зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгавар”, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1707 дугаар албан бичгээр “Үүрэг даалгавар”, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/619 дүгээр албан бичгээр “Албан шаардлага” тус тус үйлдэж, гомдлыг шалган тогтоож байсан тул нэхэмжлэгчийн “хэн нэгэн этгээдийн гаргасан хүсэлтийг үнэн зөв гэдгийг шалгаж тогтоогоогүй” гэх гомдол няцаагдаж байна.

14.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үзүүлж буй үйлчилгээтэй холбоотойгоор удаа дараа гомдол гарч, уг гомдлууд бүрэн барагдаагүй, эрчим хүчээр хангах гэрээг зарим хэрэглэгчтэй байгуулаагүй, дулааны хангамж, шугам тоног төхөөрөмжийн гэмтэлтэй холбоотой хэрэглэгчийн санал гомдлыг түргэн шуурхай шийдээгүй, ээлжийн диспетчерийн албан ёсны тэмдэглэл, параметрийн мэдээ зэрэг нь шаардлага хангаагүй, хэрэглэгчийн дулааны бүртгэлийг үндэслэн төлбөрийн хасалтыг тухай бүр хийж ажиллаагүй зэрэг зөрчил дутагдлууд байсаар байсан тул маргаан бүхий шийдвэр үндэслэлтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

15.Түүнчлэн “ЭХЗХзөрчил шалган тогтоох эрхгүй, зөрчлийг шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлэх байсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх” гэж зааснаар ЭХЗХнь маргаан шийдвэрлэх хүрээнд гомдлын үндэслэлийг шалган тогтоох, шийдвэрлэх бүрэн эрхтэй, энэ харилцаанд Зөрчлийн тухай хууль нь ерөнхий зохицуулалттай, Эрчим хүчний тухай хууль нь нарийвчилсан зохицуулалттай хууль бөгөөд Захиргааны ерөнхий хууль, холбогдох журмууд хэрэглэгдэх юм.

16.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “БДХ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                              М.БАТСУУРЬ

                                                                             Х.БАТСҮРЭН

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ