Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 162

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Ц.Одмаа, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ж ны Б ,  

Хариуцагч:Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс, 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Р гийн Б , 

Гуравдагч этгээд: Б гийн Ц , 

Гуравдагч этгээд:  “Б ” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж.Б ын нэр дээрх .. тоот автозогоолыг Р.Б ийн нэр дээр давхардуулан бүртгэсэн Ү-220600..... дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,  

Гуравдагч этгээд Р.Б ийн “., .. тоот автозогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагатай. 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Э , нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Б , түүний өмгөөлөгч Ч.Э , гуравдагч этгээд Б.Ц , гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , гэрч Д.Э , Д.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2004 онд Хан-Уул дүүргийн . дугаар хороо, .. дугаар байрны .. тоот байрыг .. тоот автомашины зогсоолын хамт худалдаж авсан юм. Түүнээс хойш 11 жил ямар ч хэл амгүй машинаа тавьсан юм. 

Гэтэл 2015 оны 6 дугаар сараас эхлэн манай байрны .. тоотод оршин суудаг Б.Ц гэдэг хүн би энэ .. тоот зогсоолд машинаа тавих ёстой гээд Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулан план зураг авчирч намайг машинаа зайлуул гэсэн юм. 

Би энэ талаар Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн зоорийн давхарт машин байрлуулах тойм зургаар миний .. тоот зогсоолыг өөрчилж хажуугийн .. тоот зогсоол дээр .. тоотын оршин суугч Р.Б гэдэг хүнтэй давхардуулж хуваарилсан будлиантай асуудал гарч ирсэн юм. Энэхүү хууль бус план зургийг ашиглан Хан-Уул дүүргийн . дугаар хороо .. дугаар байрны .. тоотод оршин суугч Р.Б нарын үйлдлийг өөгшүүлэн байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү.

Миний үл хөдлөх хөрөнгө болох .. тоот зогсоолыг дур мэдэн миний зөвшөөрөлгүй Б.Ц эд өгсөн байгаа асуудал хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэн үүнийг хэзээ хэний тушаал заавраар хийснийг олж тодруулах үүднээс энэхүү будлиантай асуудлыг хийсэн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 

“...Ж.Б миний  үл хөдлөх хөрөнгийн халдашгүй дархан эрхийг үйлдэл гаргаж, энэхүү эрх зүйн актаар далимдуулан Хан-Уул дүүргийн . дугаар хороо, .. дугаар байрны зоорийн .. тоот зогсоолыг .. дугаар байрны .. тоотод оршин суугч Б.Ц , .. тоотод оршин суугч Р.Б нарт луйвардан авах бололцоо олгосон Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хууль бус ажиллагааны акт болон будлиантай гаргасан “Зоорийн давхрын гражид машин байрлуулах тойм” бүдүүвч зургуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгуулж, .. тоот автозогсоолыг хууль ёсны эзэмшигч Ж н овогтой Б миний эзэмшилд үлдээн шийдвэрлүүлэхийг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах  захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага албан тушаалтанд даалгах” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгахыг хууль зүйн дагуу шаардаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... “Б ” ХХК нь Хан-Уул дүүргийн . дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө .. дугаар бүхий 48 айлын орон сууцны байрыг барьж ашиглалтанд оруулж 2005 онд тус газарт хандан орон сууц захиалагч тус бүрт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар хүсэлт гаргаж “Б ” ХХК-ийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн Ү-2206005... дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгасан байна.

“Б ” ХХК-иас ирүүлсэн жасгаалтад уг орон сууцны барилгыг 48 айл, 20 зогсоолтой байхаар тусгаж, түүнээс 7, 10, 15, 17, 18, 19, 21, 29, 30, 33. 34, 36. 40 42, 44. 45. 46, 47, 48, 49 тоот орон сууцны өмчлөгч нь автозогсоолтой байхаар тэмдэглэгдсэн байна. 

Жагсаалтад иргэн Ж.Б ыг .. тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Б.Ц ийг . тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Р.Б /Э.М анхны өмчлөгч /-ийг .. тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр тусгагдсан байна. 

Иргэн Ж.Б ын .. тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220600... дугаарт 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анхны бүртгэлээр, иргэн Б.Ц ийн . тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220600... дугаарт 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анхны бүртгэлээр иргэн Р.Б ийн .. тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-220600..... дугаарт 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр /иргэн Э.М гийн өмчлөлд/ анхны бүртгэлээр тус тус бүртгэгдсэн байна.

Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б ” ХХК нь Ж.Б ын улсын бүртгэлийн Ү-220600... дугаартай .. тоот орон сууц, зогсоол, Р.Б ийн улсын бүртгэлийн Ү-220600..... дугаартай .. тоот орон сууц, авто зогсоолын материалыг бүрдүүлж өгөхдөө зогсоолын схем зурагт дээрх 2 зогсоолыг давхардуулан тэмдэглэж олгосон байна. 

Харин иргэн Б.Ц ийн өмчлөлд бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Ү-220600.... дугаартай . тоот орон сууц, зогсоолын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд . тоот нь дээрх . тооттой давхцаагүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий  хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1. дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй ...” гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээд нь нотлох баримтын үнэн зөвийг хариуцдаг. 

Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргадаг бөгөөд ингэхдээ нотлох баримтын үнэн зөвийг иргэний хувийн болон эд хөрөнгийн хаягийн мэдээллээр шүүж давхацсан эсэхийг хянадаг. Харин зурган мэдээллийн давхцлыг хянах боломжгүй байдаг.

Иймд дээрх .. тоот, .. тоот автозогсоолын өмчлөх эрхийн нотлох баримтыг иргэдэд өгөхдөө схем зурагт давхардуулан тэмдэглэж бүртгэл хийлгэсэн “Б ” ХХК-ийг шүүх хуралд татан оролцуулж, тайлбар гаргуулах хүсэлттэй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б а овогтой Ц миний бие 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Б ” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулж авах 07 дугаар гэрээ байгуулан, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө . дугаар хороо .. дугаар байр . тоот орон сууцанд орж одоог хүртэл амьдарч, .. тоот гражид машинаа тавьж байна.

Б.Ц миний бие “Б ” ХХК-иас гаргаж өгсөн баримт, тус компанитай байгуулсан гэрээг үндэслэн 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-220600... дугаарт Улсын бүртгэлд бүртгүүлэн 00015.... дугаар гэрчилгээ авч, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө . дугаар хороо, .. дугаар байр . тоот, 64,5 м.кв орон сууц болон 13 м.кв талбайтай . тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр эзэмшин амьдарч байна. 

Тус байрны доор байрлах миний эзэмшлийн . тоот зогсоол нь тус барилгыг барьсан “Б ” ХХК нь надад хүлээлгэн өгөхдөө ханан дээр 42 гэсэн дугаар бүхий 13 м.кв автозогсоолыг тухайн  компанийн борлуулалт хуваарилалт хариуцаж байсан хүмүүс хүлээлгэн өгсөн.

Уг автозогсоол нь Улсын бүртгэлд анх бүртгэхдээ “Б ” ХХК болон Б.Ц нарын харилцан тохиролцон худалдсан, худалдан авсан авто зогсоолыг 7 дугаар зогсоолоор схем зураглал хийж,  надад хүлээлгэн өгч, Улсын бүртгэлд бүртгүүлэн  Б.Ц миний өмчлөлд шилжүүлсэн. 

Харин гражийн ханан дээр байгаа 42 тоо нь Улсын бүртгэлд ямар нэгэн хамааралгүй зүйл бөгөөд зүгээр нэг бичсэн тоо юм. Дээрх тоог үндэслэн миний өмчлөлийн автозогсоолыг булаах гэж байгаа үйлдлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нэхэмжлэгч Ж.Б нь өөрөө “Б ” ХХК-тай харилцан тохиролцож зураглал хийж, схемийн дагуу .. тоот автозогсоолыг хүлээн авсан бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Ж.Б ын .. тоот гражийн ханан дээр 5 гэсэн тоот байдаг боловч энэ тоо нь мөн л Улсын бүртгэл хамааралгүй тоо юм.

Нэхэмжлэгч Ж.Б болон гуравдагч этгээд Р.Б нарт гражийн зогсоолын талаар маргаан үүсч байх үед буюу 2015 оны 06 дугаар сард Б.Ц миний Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан байсан, схем зураглалын лавлагааг өөрийн орон сууц, автозогсоолын Ү-220600... дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хамт үзүүлэн тайлбарлаж байсан болно. 

Уг гражид автомашин байрлуулахдаа “Б ” ХХК-ийн гаргаж өгсөн план зургийн дагуу авто зогсоол эзэмшигч нар хуваарьт зогсоол дээрээ зургийн дагуу байрлуулахад даацын 2 багана саад болдог учраас автозогсоол эзэмшигч нар хоорондоо зохицох байдлаар авто машинаа байрлуулсаар ирсэн.

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө . дугаар хороо .. дугаар байрны . тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Б а овогтой Ц миний бие учир нэхэмжлэгч Ж.Б ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б нь 2009 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө гудамж, . дугаар хороонд байрлах Ү-220600..... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй .. дугаар байрны .. тоот хаягтай орон сууцыг .. тоот авто зогсоол (15 м.кв талбайтай)-ын хамт худалдан авч гэр бүл үр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Тус байрны зоорийн давхарт байрлах автозогсоол нь зүүн, баруун 2 хэсэгт хуваагдан байрладаг бөгөөд зүүн талын граж дахь байрыг анх ашиглалтанд ороход зогсоол худалдан авсан хүмүүсийн нэрс дотор хаалганы тоот, эзэмшигчийн нэр, гарын үсэг нь байдаггүй 2 зогсоол нэмэгдэж, гарч ирснээр гражийн даацыг хэтрүүлж, зарим зогсоол давхцаж үндсэн граж эзэмшигчдийн өмчлөх эрхийг зөрчих болсон. Ямар учраас үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 зогсоол гарч ирсэн учрыг олохоор үндсэн граж эзэмшигчид бид нэгдэн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч зарим иргэдийн ажлын зав мөнгөний асуудлаас болж хойшлогдсон.

Гражийн ханан дээр граж эзэмшигчийн хаалганы тоотыг улаан будгаар тавьсан байдаг ба манай зогсоол гэхэд .. тоот гэж анх тэмдэглэснээр одоог хүртэл байдаг. Гэтэл . тоот гэж байдаггүйг бүгд мэднэ. Б.Ц нь уг зогсоолыг бусдад түрээслүүлэн ашиг олоод зогсохгүй үндсэн граж эзэмшигч биднийг өөрийн эзэмшлийн зогсоол дээрээ машинаа байрлуулах гэхээр хэл амаар доромжилж, сүрдүүлэх бүр цаашлаад зодох зэргээр дарамтлан өмчлөх эрхэнд минь халдаж машиныг тавиулахгүй хохироож ирлээ.

Би тус байрны СӨХ-ны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг, мөн граж  эзэмшигчийн хувьд .. тоотын Ж.Б , .. тоотын н.У нарын хамт тус будлианы учрыг олохоор хөөцөлдөж байсан нь . тоотын Б.Ц ийн дургүйцлийг төрүүлж, иргэн миний орон гэрт орон орой үдшийн амралтын цагаар гэрийн үүдэнд гэр бүлийн минь өмнө намайг зодож танхайрсан.

.. тоот автозогсоол эзэмшигч Ж.Б нь ямар шалтгаанаар миний эзэмшдэг зогсоол дээр давхацсан, бусад граж эзэмшигчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр м.кв хэмжээг заасан байдаг атал .. тоотын гэрчилгээнд талбайн хэмжээ бичээгүй байдаг. Мөн . тоотын Б.Ц болон 2. тоотын 2 зогсоол нь анхны худалдан авагчдын нэрсийн жагсаалтад байхгүй мөртлөө хэрхэн үл хөдлөхийн гэрчилгээтэй болж гражийн даацыг хэтрүүлсэн зэргийг нягталж өгнө үү” гэв.  

Гуравдагч этгээд Р.Б бие даасан шаардлагаа тодруулахдаа: “Нэхэмжлэгч Ж.Б ын эзэмшлийн гэх зогсоолын хэмжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдаагүй, маргаан бүхий .. тоот зогсоол бодит байдал дээр бие даасан гуравдагч этгээд Б.Б миний хууль ёсны .. тоот зогсоол дээр давхцаж байна.

Нэхэмжлэгч нь бүртгэлийн үйл ажиллагааг эсвэл барилга барьсан компанийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр миний өмчлөлийн зогсоолд өөрийн машинаа байнга тавьж өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд хариуцагчид маргаан бүхий зогсоолын .. тоот гэсэн бүртгэлийн талбайн хэмжээг барилгын зургийн дагуу тогтоож, талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тэмдэглэхийг даалгах бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Б миний өмчлөлийн .. тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан талбайд дахин хэмжилт хийж, хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нарийвчлалтайгаар дахин бүртгэхийг тус тус даалгаж өгнө үү” гэв 

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх нь зүйтэй байна. Гэхдээ хэргийн оролцогчид хүчингүй болгож шийдвэрүүлэх хүсэлттэй байгаа тул шүүх харгалзаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Б нь “Миний нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн . дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, .. дугаар байрны .. тоот автозогсоолыг Р.Б ийн нэр дээр давхардуулан .. тоот гэж бүртгэсэн Ү-220600..... дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”, гуравдагч этгээд Р.Б нь “Хан-Уул дүүргийн . дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, .. дугаар байрны 7, .. тоот автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагуудаа тус тус тодруулсан байна. 

Барилга, үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа явуулах “Б ” ХХК нь Хан-Уул дүүргийн . дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, .. дугаар бүхий 48 айлын орон сууцны барилгыг 2005 онд барьж ашиглалтанд оруулж, улмаар орон сууц болон автозогсоол бариулах захиалга өгч, гэрээ байгуулсан оршин суугчдын нэр дээр орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай хүсэлт, орон сууц, автозогсоол авсан иргэдийн нэрсийн жагсаалт, тус бүрийн план зургуудыг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. 

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн . дугаар хорооны .. дугаар байрны маргаан бүхий .. тоот автозогсоолыг 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600... дугаарт Ж.Б ын, . тоот автозогсоолын өмчлөх эрхийг 2005 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Y-220600... дугаарт Б.Ц ийн, .. тоот автозогсоолын өмчлөх эрхийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн Ү-220600..... дугаарт Э.М /гуравдагч этгээд Р.Б ийн гэх/-ийн нэр дээр тус тус бүртгэж гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар “Б ” ХХК нь анх автозогсоолуудыг иргэдийн авсан орон сууцны дугаараар хананд нь тухайн үед дугаарласан гэх бөгөөд одоо хүртэл автозогсоолын хэсэгт засвар хийгээгүй, дугаарууд нь хэвээрээ байгаа нь үзлэгийн явцад харагдсан ба тухайн орон сууцны доорх гарааш нь 2 тусдаа хаалгатай, дундуураа баруун зүүн хэсэгт тусгаарласан ханатай, зоорийн давхартаа 20 машины автозогсоол бүхий зураглалыг үйлдэж, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 066/2005 дугаар актаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс хүлээн авсан, маргаан бүхий авто зогсоолын хэсгийн хаалган талын урд хана дагуу 5 ширхэг автозогсоолыг байрлуулсан 40, 43, 5 /арилгасан/, 42, 36 гэж тэмдэглэснээр Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-д заасны дагуу бүртгэсэн бөгөөд автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хэмжээг тусгаагүй, хэргийн оролцогчид “Б ” ХХК-тай автозогсоол худалдан авахдаа хэмжээг нарийвчлан тохироогүй, талбайн хэмжээгээр маргаагүй, гуравдагч этгээд “Б ” ХХК нь маргаан бүхий автозогсоолуудын байршлыг нягталж, зохицуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд автозогсоолын байршил давхацсан учир улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. 

Шүүхээс маргаан бүхий автозогсоолын хэсэгт үзлэг хийхэд автогражийн хаалганы урт 3 м, хаалганаас ханын төгсгөл хүртэлх уртын хэмжээ нь 13,90 м байгаа нь 13,90/5=2.80 м, урд хананаас гол багана хүртэл автозогсоолын өргөний хэмжээ 5,50 м байна. Иймд нэг автозогсоолд 2,80м х 5,50м =15.40м2 хэмжээ бүхий тооцоо гарч байгааг дурдаж байна. 

Харин шүүхээс автозогсоолуудын хувийн хэргийг хянан үзэхэд нэхэмжлэгч Ж.Б ын өмчлөлийн .. тоот, Б.Б ийн өмчлөлийн .. тоот автозогсоолуудыг давхардуулан 5 буюу арилгасан тооны харалдаа байрлалд, . тоот буюу Б.Ц ийн автозогсоолын план зургийг .. тоотын харалдаа байрлалаар тус тус зөрүүлсэн план зураг дээр тэмдэглэж, улсын бүртгэлийн байгууллага руу хүргүүлсэн нь “Б ” ХХК-д борлуулагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Д.Л гийн “тухайн үедээ 5 зогсоолын дунд талын буюу одоо тоо нь арилгасан гэх байрлал дээр 40, .. тоот автозогсоолын байрлалыг тэмдэглэсэн, 42 гэж дугаарласан байрлал дээр . тоот автозогсоолын байрлалыг зөрүүлэн тэмдэглэсэн план зургийг үл хөдлөх бүртгэлийн байгууллага руу хүргүүлсэн буруутай байна. Тэмдэглэгээ хийсэн нь миний бичгийн хэв мөн” гэх мэдүүлгээр нотлогдож, гуравдагч этгээд “Б ” ХХК нь автозогсоолуудыг оршин суугчдад борлуулахдаа тэдний авсан орон сууцны дугаарыг ханан дээр нь бичсэн гэх боловч автозогсоолыг бүртгүүлэхдээ автозогсоолын байршлын план зургийг давхардуулсан, зөрүүлснээ хүлээн зөвшөөрч, компанийн зүгээс автозогсоолуудын байршил, багтаамжийг дахин нягталж, зохицуулах боломжтой гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна. 

Мөн 40 хэмээн дугаарласан захын буюу хаалган талаасаа эхний байрлалд Р.Б ийн автозогсоол байрших нь гэрч Н.Энхтуяа, Н.Э /анханы өмчлөгч Э.М гийн эцэг эх/ нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд харин гуравдагч этгээд Р.Б ийн “2005 оны 02 дугаар сард 22-ны өдөр үйлдсэн автомашины граж худалдан авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад . тоот автозогсоолыг авсан гэх Б.Ц ийн нэр байхгүй” гэх тайлбарыг өгч байгаа боловч уг жагсаалтын 20 ширхэг автозогсоолын тоонд “Б ” ХХК-ийн мэдлийн 2 автозогсоол дурдагдсан ба “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ын “манайх анх 20 зогсоол зарсан, тухайн байрлалын хувьд 5 дахь автозогсоол буюу Б.Ц эд олгосныг “Б ” ХХК-иас зохицуулж болох байх, “Б ” ХХК-ийн мэдэлд 2 автозогсоол байсан ба яг хаана байрлалтай байсныг одоо зааж мэдэхгүй, тэр 2 зогсоолын 1-ийг нь хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн мөнгөний оронд Б.Ц эд өгсөн” тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “уг 7, 40, 42 дугаар зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэл давхцаагүй бөгөөд “Б ” ХХК-иас маргаан бүхий автозогсоолуудын план зургийг залруулан дахин гаргаж өгвөл автозогсоолын байрлалын давхцлыг арилгаж, бүртгэлийг өөрчлөх боломжтой” гэж тайлбарласан бөгөөд дээрх бүртгэлүүдийг “Б ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн автомашины зогсоолын план зурагт Ж.Б , Б.Б нарын автозогсоолыг нэг байрлалд давхардуулан 40, 42 гэсэн дугаараар, гуравдагч этгээд Б.Ц ийн зогсоолыг 7 гэсэн дугаараар дугаарласныг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1. дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй...” гэсний дагуу бүртгэсэнд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд “Б ” ХХК-иас улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн орон сууцны зоорийн давхрын план зургийг үндэслэн Ж.Б , Б.Ц , Б.Б нарын автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн байдал нь бодит байдалтай нийцээгүй, тэдний автозогсоолоо өмчлөх эрх  ашгийг хөндсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, гэрч нарын тайлбараар нотлогдож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна” гэснийг зөрчсөн байх тул шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600... дугаарт бүртгэгдсэн .. тоот, гуравдагч этгээд Р.Б ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600..... дугаарт бүртгэгдсэн .. тоот, Б.Ц ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600... дугаарт бүртгэгдсэн . тоот автозогсоолуудын бүртгэлийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолуудын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл уг өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирлын ойлголт нь захиргааны хууль бус актын улмаас шууд хохирол учирсан байх нөхцөлийг шаарддаг бөгөөд өмгөөлөгчийн хөлсний хувьд нэхэмжлэгч өөрөө хүсч өмгөөлөгч авсан учир маргаан бүхий бүртгэлийн үйл ажиллагааны улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан хэлэлцэх ажиллагаатай холбогдуулж урьдчилан төлөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэл хангагдсан эсэхээс хамаарч хуулиар тогтоосон журмаар оролцогчдоор төлүүлэхээр хуваарилдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 1. дугаар зүйлийн 13.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600... дугаарт бүртгэгдсэн .. тоот, гуравдагч этгээд Р.Б ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600..... дугаарт бүртгэгдсэн .. тоот, гуравдагч этгээд Б.Ц ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-220600... дугаарт бүртгэгдсэн . тоот автозогсоолын бүртгэлийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, “Б ” ХХК-иас дахин автозогсоолын план зургийг гаргуулсны үндсэн дээр уг зогсоолуудын байрлалын давхардлыг арилгаж дахин улсын бүртгэлд бүртгэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх маргаан бүхий автозогсоолуудын бүртгэлийг шинэчлэн хийгээгүй тохиолдолд уг бүртгэл хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б ын өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Б нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА

            ШҮҮГЧ                      Ц.ОДМАА

                                                                     Д.ХАЛИУНА