Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2021/00495/И |
Дугаар | 210/МА2023/01795 |
Огноо | 2023-09-22 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/01795
2023 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2023/01795 |
“ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01921 дугаар шийдвэртэй,
“ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.Мд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,877,276 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд - тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн - тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны -од байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус “ББСБ” ХХК-аас 18 сарын хугацаатай, 15,000,000 төгрөгийг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
1.2. Зээлдэгч Б.Мтой байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул түүнээс зээл 14,482,582 төгрөг, зээлийн хүү 24,716,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,678,288 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2,950,000 төгрөг, нийт 46,827,276 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.3. Хууль зүйн туслалцаа авсан 2,900,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 43,877,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны -од орон сууцыг манай ээжийн эгч П.Р хувьчлан авч 1989 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энээ өөрөө үр хүүхэдгүй, бичиг үсэг мэдэхггүй учир намайг хамтран өмчлөгчөөр оруулсан. Энэ байранд би огт амьдардаггүй.
2.2. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.Б гэх хүн манай сургууль дээр ирээд “П.Р эмээгийн чинь дүү н.Отай ярьсан байгаа. Одоо бид нар ББСБ-аас зээл авах гэж байна, чих хурдан хүрээд ирээч” гэж дуудсан. Энэ үед би хичээлтэй байсан ч яваад очиход зээлийн бүх баримт бичиг бичигдсэн намайг гарын үсэг зурахад л бэлэн болсон байсан.
Энэ үед эмээгийн дүү н.О эгч байсан учир би зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгөөд гарсан. Дараа нь мөнгө орж ирэхэд н.Б гэх хүн мөнгийг авсан. Ингээд н.Б гэх хүн ББСБ-аас авса зээлээ төлөхгүй байсан учир ББСБ-аас намайг дуудсан.
Эмээ П.Р уурлаад Н.Б, н.О гэх хүмүүс залилчихлаа, байрыг удахгүй эргүүлээд өгнө гэсэн чинь хуурсан байна гээд эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгсөн. н.Б нь би зээлийг авсан нь үнэн, энэ зээлийг төлнө гэж хэлэээд хэргийг хаалгасан. Гэтэл одоо болтол төлөөгүй, эмээ П.Р энэ асуудлаас болж бие нь муудаж маш хүнд байдалтай байна.
2.3. Би энэ зээлийг авах хүсэлт гаргаагүй, би бизнес хийдэггүй, оюутан хүн. Намайг бизнес хийдэг талаар надаас асуугаагүй, судлаагүй. ББСБ нь П.Рын байрыг барьцаалаад н.Б гэж хүнд зээл өгч байгаагаа мэдэж хийсэн, харин надаар гарын үсэг зуруулсан. Би энэ төлбөрийг төлөх чадваргүй, эмээ маань нас өндөр, төлбөрийг төлж чадахгүй. Эмээг гэх хүн байхгүй, би л байрны мөнгийг төлж, мах шөлийг нь дөхүүлж өгдөг. Эмээ бид хоёрыг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Эмээ маань 74 настай өндөр настай хүн байраа хураалгаад очих газар байхгүй, харж хандах хүнгүй бөгөөд эмээгээ асрамжийн газар өгөх ч хэцүү хүнд байна. Би өөрөө ч орох оронгүй гадуур айл хэсэж, буудлаар хонож явж байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Моос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,219,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,658,188 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,036.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас 249,045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хэргийн шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн” гэж үзэх бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан "хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз, авах эрхээ алдах" үр дагавар үүсэх тул шүүх зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүг олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зээлийг ангилах журамд зээлдэгч нь хамгийн сүүлийн эргэн төлөлтийг төлсөн өдрөөс хойш 365 хоног төлөлт төлөөгүй тохиолдолд муу ангилалд шилжүүлэхээр заасан.
Зээлдэгч зээлийн төлөлт хийгээгүйгээс муу ангилалд орсон өдрөөс хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэн яаралтай шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа талаар тогтоосон тул 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өнөөдрийг хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй үргэлжилж байна.
Дээрх нөхцөл байдал нь шүүхийн үзэж байгаатай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаж зээл муу ангилалд орсон цагаас хойш гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоох, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар байнгын ажилласан байхад Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан зохицуулалтыг баримталж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
4.2. Мөн барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл өгсөн бөгөөд энэхүү зөвшөөрлөөр барьцаа хөрөнгийг барьцаанд тавих, хэрэв зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг бүрэн зөвшөөрсөн байдаг.
Хариуцагч Б.М тус зөвшөөрлийг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Дараа нь мөн дээрх зөвшөөрлийг баталсан нотариатын үйлдлийг хууль зөрчиж баталсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШШ2023/00651 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд дээрх гомдлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 210/МА2023/00904 тоот магадлалаар хангахгүй оршиж шийдвэрлэсэн.
4.3. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтын хүрээнд буруу дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Учир нь тус нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд авах эрхтэй байдаг тул анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тухайн үед миний бие 2 дугаар курсийн оюутан байсан ба дарамт шахалтын улмаас гарын үсэг зурсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт би төлбөр авагч, н.Б нь төлбөр төлөгчөөр явдаг. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний данс руу 1,300,000 төгрөг н.Бын зээлээс гэж орж ирсэн. Уг мөнгийг би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “ББСБ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн.
5.2. 2018 онд уг зээлийг авсан. Эмээ Д.Рын төрсөн дүү болох Д.О, н.Б нар хууран мэхэлж, орон сууцыг барьцаалж зээл авуулан мөнгийг авсан. Би зээлийн 15,000,000 төгрөгөөс аваагүй.
5.3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас тус орон сууцны өмчлөгч Д.Рыг хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,877,276 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. “ББСБ” ХХК нь Б.Мтой 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны -од байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.
3.1. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.2. Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. “ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн.
Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтад зээлдэгч Б.М нь үндсэн зээлд 517,417 төгрөг, зээлийн хүүд 5,784,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 756,813 төгрөгийг тус тус төлсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орлогын эх үүсвэргүй иргэдэд тодорхой зориулалтгүйгээр орон сууц барьцаалж зээл олгосон гэж дүгнэж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.М нь 21 настай байсан бөгөөд тэрээр тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримтгүй тул түүний өөрийнх нь тайлбарыг үндэслэн оюутан байсан гэж тодорхойлов.
Зээлдэгч “ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон Тусгай зөвшөөрлийн ТК 101/18 тоот гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага байна.
Нэхэмжлэгч Б.Моос 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргахдаа зээлийн зориулалтыг гэр бүлийн шинэ бизнест гэж тодорхойлсон байхад зээлдэгчийн эрхлэх үйл ажиллагаа болон зээлийн эргэн төлөх эдийн засгийн боломж, орлогыг судлаагүй, зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг заагаагүй орхигдуулсан, зээлийн ашиглалтыг шалгаагүй байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгож, зээлд хяналт тавихдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, мөн зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.
Түүнчлэн зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн үүргийг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.
Иймд зээлийн үйл ажиллагааг эрхэлж байгаа нэхэмжлэгч байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд хууль болон гэрээний дагуу олж авсан эрх, хүлээх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой бөгөөд өөрт олгогдсон давуу байдлыг ашиглаж зээлдэгчийн нөхцөл байдлыг судлалгүй, зээлийн гэрээний үр дагаврыг тайлбарлалгүйгээр гэрээ байгуулсан байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэж зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлж, хэтэрсэн хугацааны үүргээс чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Моос зээлийн гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 14,482,582 төгрөг, энэ хугацаан дахь зээлийн хүү 3,113,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,751 төгрөг, нийт 18,219,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. “ББСБ” ХХК болон Б.М, П.Р нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, барьцаалуулагч нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, -од байрлах улсын бүртгэлийн - дугаартай 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэж дүгнэнэ.
Барьцааны гэрээнд Б.М гарын үсэг зурахдаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр П.Раас өөрт нь олгосон хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтад үндэслэсэн байна.
Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтын агуулгаас үзвэл барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгожээ. Гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон нь барьцааны зүйлийн өмчлөгч Д.Рыг барьцааны гэрээний барьцаалуулагч биш гэж дүгнэх үндэслэлгүй.
Барьцаалуулагч Д.Рын эрх ашиг хөндөгдөж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал хариуцагчаар тодорхойлоогүй тохиолдолд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийн талаар дүгнэлт хийх боломжгүйг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Харин анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйгээс гадна найруулгын алдаа гаргасныг залруулах боломжтой байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01921 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус ...” гэснийг “төгрөгт холбогдох хэсгийг” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Мд холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны -од байрлах 18.м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 гэснийг 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ББСБ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,241 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА