Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0875/з |
Дугаар | 001/ХТ2022/0035 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/0035
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт
тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0018 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахим) нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тогтоох, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх НХААГ-20/0134 дүгээр тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, нэхэмжлэгч “Э” ХХК нь уг тендер сонгон шалгаруулалтад оролцсон байна.
2.1. Үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...”Аркосис” ХХК-тай ... гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2055 дугаар албан бичгээр “Э” ХХК-нд ирүүлсэн тендерээс ... татгалзаж байгаа тухай мэдэгдлийг хүргүүлсэн, “Э” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянаж үзээд, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/6767 дугаар албан бичгээр ...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн”, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ ... “А” ХХК-тай ... гэрээ байгуулах эрх олгох тухай” 6 дугаар дүгнэлтийг гаргаж, мөн өдрийн 02/2157 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг дахин хүргүүлжээ.
2.2. Үүний дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/2196 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “А” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
2.3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх НХААГ-20/0134 дугаар гэрээ”-г 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэмжилтийн багаж хэрэгслийг хүлээлцэн, гэрээ дүгнэсэн акт үйлджээ.
3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... “А” ХХК-ийн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ...-д заасан шаардлага хангаагүй байхад түүнийг хяналгүй шалгаруулсан. ... Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор сонгон шалгаруулалт хийгээгүй. Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор гэрээ байгуулаагүй, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дүгнэлтийг хянаж, баталгаажуулаагүй, тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй. ... Захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр худалдах, худалдан авах гэрээ хууль бусаар байгуулсан, ... захиалагч нь “А” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан. Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ноцтой зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт буруу нөлөөлсөн учир байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. ...” гэх зэргээр маргаж байна.
4. Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас: “... манай байгууллага тендер зохион байгуулах эрх бүхий ажилтангүй тул нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зохион байгуулж өгөх хүсэлтийг хүргүүлсний дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь захиалагчийн үүрэг хүлээж НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан. ... Захиалагч байгууллага болох нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зөвлөмжийн дагуу тус компанитай гэрээ байгуулсан ба уг тендер зохион байгуулах болон тендер үнэлгээний хороо зэрэг үйл ажиллагаанд манай байгууллага ямар нэг байдлаар оролцоогүй. “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага манай байгууллагатай хамааралгүй. ...” гэжээ.
4.1. Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас: “...Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг тендерт оролцогч аж ахуйн нэгж цахимаар ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерт оролцогч нараас дахин тодруулга авсан, ... хууль зөрчөөгүй. ... Сангийн яаманд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь баталгаат засварын төвгүй гэсэн асуудлаар маргаж байсан. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр баталгаат засварын төвтэй байх талаар ийм байдлаар нотолно гэж заагаагүй учраас гомдлыг үндэслэлгүй байна гэж Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн албан бичигт тодорхой дурдсан. ... Тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусаад 15-ны өдөр нь амралтын өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөрт шилжүүлж 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тэгэхээр гэрээг хүчинтэй хугацаанд хийгээгүй, хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй. ...” гэв.
5. Гуравдагч этгээд “А” ХХК-аас: “... тендерт шалгарахад манай компанийн зүгээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийн дагуу ... уг тендерт шалгарсан. “Э” ХХК-аас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Уг нэхэмжлэлийг гаргагч “Э” ХХК нь тендерт манай компаниас өндөр үнийг санал болгосон байна. Нотлох баримтад тооцогдох тендерийн материал нь цахим тендерт илгээгдсэн бөгөөд захиалагч болон тендерт оролцогчдод ил тод нээлттэй харагдаж байгаа ...” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
6.1. “... Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан НХААГ-20/0134 дугаар тендер сонгон шалгаруулалтад шалгарсан гуравдагч этгээд “А” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 5.2-т үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх, ТОӨЗ 12.1 ё-д өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ, ТОӨЗ 18.1 а-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх шаардлагыг хангаагүй байхад тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй.
6.2. Мөн захиалагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай НХААГ-20/0134 нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан журмыг зөрчсөн.
6.3. Гуравдагч этгээд “А” ХХК-иас анх тухайн тендер сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгосон 8 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг бүрэн хавсаргаагүй,
6.4. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/2150 дугаар албан бичгээр ... “J S I” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлсэн байх боловч энэхүү ... үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд тус тендерт шаардсан 8 төрлийн бараа багтаж байгаа эсэх тухай нотлох баримт, чанарын гэрчилгээ ... ирүүлэх-ийг мэдэгдсний дагуу “А” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын “J S I” ХХК-аас нийлүүлэх тухай мэдэгдэж, “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” гэх баримтыг хавсарган өгсөн байх боловч тухайн албан бичигт хавсаргасан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн огноо бүхий үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдээс анх тендерийн баримт бичигт хавсаргасан “J S I” ХХК-ийн үйлдвэрлэгчийн гэрчилгээ гэх баримтаас өөр лого тэмдэгтэй,
6.5. Гуравдагч этгээдээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Хэмжилтийн багаж хэрэгсэл хүлээн авсан комиссын акт”-аар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэж өгсөн 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 4 нь л БНХАУ-ын “J S I” ХХК-ийн бүтээгдэхүүн бөгөөд бусад нь өөр үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/579 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар, мөн “А” ХХК нь ТОӨЗ 12.1 ё-д заасанчлан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвгүй болох нь гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ...шаардлагатай засвар үйлчилгээг БНХАУ-д үйлдвэрлэгчид нь илгээж засварлуулдаг хэмээх тайлбараар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/2150 дугаар тодруулга авах тухай албан бичгээр, мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай “ ... багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г байгуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасан журмын дагуу гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой шийдвэрийг гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдсон.
6.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.3.захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох хэмээн, 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй хэмээн заасан бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсончлон ... гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоох шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй” гэж дүгнэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
7.1. “ ... Анхан шатны шүүх “...нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан НХААГ-20/0134 дугаар тендер сонгон шалгаруулалтад шалгарсан гуравдагч этгээд “А” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ... -д заасан шаардлагыг хангаагүй байхад тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй, ... Мөн захиалагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай ... гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан журмыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэж Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.
7.2. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн баримтуудыг үзвэл тухайн тендер сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгосон 8 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээг бүрэн хавсаргаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр тухайн 8 төрлийн багаж хэрэгслийг бүгдийг нь БНХАУ-ын “J S I” компаниас нийлүүлэх тухай мэдэгдэж, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэх баримтыг хавсарган өгсөн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тендерийн баримт бичигт Хятад, Солонгос, Америк улсын гэж тодорхой заасны дагуу байх ёстой улсын бүтээгдэхүүнүүдийг авсан ... бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн биш, тухайн Хятад улсын компани нь борлуулагч компани байж болно” гэж тайлбарласнаас үзэхэд “А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх, 5.2-т заасан олон улсын чанарын стандартын аль нэгийг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлэх, 12.1-ийн 4-т заасан өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагуудыг хангаагүй болох нь тогтоогдсон.
7.3. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалд хар тугалгын усны чанарын онлайн анализатор, эрчим хүчний дисперсив, рентген туяаны фльюресценсийн спектрометр, индукцийн холбоост плазмын масс спектрометрийн гэрчилгээг тус тус хавсаргасан боловч тендер захиалагчийн хүссэн гадна орчны агаарын тоосжилт хэмжигч, шахмал түлшний чийг хэмжигч, дизель хөдөлгүүрт автомашины хаягдал утааны хий хэмжигч, хөрсний хүнд металл тодорхойлогч, автобензины актоны тоо хэмжигч, байгалийн болон шатамхай хий хэмжигч, орчны агаарын урсгал хэмжигч болон дотоод орчны агаар дахь хорт хийн агууламж тодорхойлогч гэсэн нийт 8 төрлийн бүтээгдэхүүнүүдийн чанарын гэрчилгээг тус тус ирүүлэх шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд хариуцагчийн тендер шалгаруулалтыг зөвтгөж давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
7.4. “А” ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг үндэслэж байгуулагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ мөн хууль бус болох учиртай.
7.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4-т зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер анхнаасаа бүрдэл дутуу, тендерийн шаардлага хангаагүй байхад захиалагч уг тендерээс татгалзаж, түүнтэй гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй.
7.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн акт хэрэгжиж дууссан, энэ тохиолдолд хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээ мөн биелэгдсэн тул маргаан бүхий актыг дагалдаж гарсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
7.7. Тендер захиалагчаас тендерийг анх 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нээлт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болж байгаа боловч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу уг хүчинтэй хугацаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тасалдаж, Сангийн яамнаас гомдлын хариуг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгснөөс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу гэрээ байгуулах хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсныг тэмдэглэх нь зүйтэй” гэжээ.
8.1. “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлж актаар хүлээлгэн өгч гэрээний төлбөрийн 95%-г НМХГ-аас нийлүүлэгчид олгосон. НМХГ уг багаж, хэрэгслийг одоогийн байдлаар 1 жил 4 сар хэрэглэсэн бөгөөд баталгааны хугацаанд доголдол, гологдол гараагүй байна. Баталгаат засварын хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусна.
8.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг хэрэглэснийг авч хэлэлцээгүй.
8.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу “А” ХХК, “Э” ХХК оролцогчоос нэгэн зэрэг тодруулга авч үнэлгээнд харгалзан үзсэнийг шүүх авч хэлэлцээгүй. Тодруулга нь тендерийн салшгүй хэсэг бөгөөд тендерт материал ирүүлсэнд тооцож үзэх ёстой байсан. Тодруулгаар авсан баримт, бичгийг ирүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй.
8.4. Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн тухайд: Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/6767 дугаар албан бичгээр Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “... 4. Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримт ирүүлнэ...” гэж заасан бөгөөд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, засварын төвийн зургийг ирүүлсэн байна. Түүнчлэн тендерийн баримт бичигт баталгаат засварын төвтэй болохыг хэрхэн нотлох талаар тусгайлан заагаагүй байх тул гомдолд дурдсаны дагуу албан ёсны засварын үйлчилгээ эрхлэх бичиг баримт ирүүлээгүй гэж үнэлэх үндэслэлгүй байна. Хүчинтэй хугацааг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/6767 дугаар албан бичгээр 15 хоногоор сунгасан. Дахин үнэлгээ хийлгэхээр даалгасан.
8.5. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-иас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон чанарын гэрчилгээний талаар, “Э” ХХК-аас тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сунгасан тухай албан бичигт дурдсан боловч баталгааны өөрчлөлтийг ирүүлээгүй байх тул энэ талаар тус тус тодруулга авахаар шийдвэрлэсэн.
8.6. “А” ХХК “J S I” LLC-ийн албан ёсны дистрибютр үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлсэн бөгөөд “air quality measurement, monitoring instrument, tools, parts” буюу хяналт, хэмжилт хийх багаж, хэрэгсэл бүгд багтсан гэж ерөнхий эргэлзээтэй байдлаар ирүүлсэн тул тодруулга авахаар шийдвэрлэсэн.
8.7. Уг тодруулга нь ирүүлсэн баримтад тулгуурлан нэмэлтээр тодруулсан тул огт баримт ирүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, шинээр болон ирүүлээгүй баримт биш тул тендерт ирүүлээгүй гэж үзэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй шийдвэр гаргасан.
8.8. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу 2 оролцогчоос тодруулга авч үнэлгээнд харгалзан үзсэнийг шүүх авч хэлэлцээгүй. Уг хуулийг хэрэглээгүйгээс болж тендерийн материалд “Э” ХХК баталгааны өөрчлөлт, “А” ХХК үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанарын гэрчилгээг ирүүлсэн байхад ирүүлээгүй гэж дүгнэсэн нь маш том үр дагавар үүсгэж байна.
8.9. Оролцогчдын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу өрсөлдөх тэгш боломжоор хангах үүднээс үнэлгээний хороо хоёр оролцогчоос хоёулангаас нь тодруулга авахаар шийдвэрлэсэн. “Э” ХХК Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тендерийн баталгааны өөрчлөлт ирүүлсэн.
8.10. “А” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/521 дүгээр албан бичгээр БНХАУ-ын “J S I” LLC-ээс нийлүүлэх зөвшөөрөл авч байгаа бөгөөд уг 8 төрлийн багаж хэрэгсэл нь багтаж байгааг мэдэгдсэн бөгөөд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанарын гэрчилгээг мөн хавсаргаж ирүүлсэн байдаг. Үүнийг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд өгсөн байдаг.
8.11.2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтад заасны дагуу “А” ХХК-ийг нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж хэрэгслийг 193,401,660 (нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жар) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, “Э” ХХК нь 194,258,000 (нэг зуун ерэн дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга) төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан тул нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2157 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн.
8.12. Тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
8.13. Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн бөгөөд хүчинтэй хугацаа 30 хоног байх ба Сангийн яаманд гомдол гарч 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түдгэлзүүлсэн. Гомдлын хариуг Сангийн яам 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлэхдээ хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасан.
Бодож үзвэл:
Хугацааны төрөл | Өдөр | Хоногийн тоо |
Тендер зарласан огноо | 2020.08.18 |
|
Тендерийн нээлт хийсэн огноо | 2020.09.17 | 30 |
Тендер хүчинтэй байх хугацаа | 2020.10.17 |
|
Гомдол гаргасан өдөр | 2020.10.09 |
|
Гомдлын хариу ирсэн өдөр | 2020.10.23 | 14 |
Тендер хүчинтэй байх хугацаа сунгасан | 2020.11.15 | 15 |
8.14. Хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд уг өдөр 7 хоногийн амралтын өдөр таарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан нь хууль зөрчөөгүй байхад хүчинтэй хугацаанд гэрээ байгуулаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
8.15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1. “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
9. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
9.1. “... Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай: анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.3 “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн, 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн заасан бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсончлон “... гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй байна. Үүнтэй холбогдуулан ..., нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийн буюу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна ....” гэж тайлбарласан.
9.2. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн акт хэрэгжиж дууссан, энэ тохиолдолд хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээ мөн биелэгдсэн тул маргаан бүхий актыг дагаж гарсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул шийдвэрт оруулав” гэж тайлбарласан.
9.3. Дээр дурдсаны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.5 дахь заалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарыг илт хууль бус гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх хуралдаан дээр хамгийн сүүлийн байдлаар ..., нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалт нь захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох тухай заалт бөгөөд захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоох тухай ямар ч зохицуулалт агуулаагүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүх захиргааны гэрээг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл түүнийг хүчингүй болгох эсхүл, илт хууль бус байсан болохыг тогтоох гэсэн 2 төрлийн шийдвэр гаргах боломжтой тухай заасан бөгөөд харин хууль бус байсан болохыг тогтоох гэсэн зохицуулалт байдаггүй.
9.4. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.
9.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан.
9.6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9.7. Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулах ажиллагаа явуулан анх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК-ийг шалгаруулсан. “Э” ХХК нь тухайн дүгнэлтийг эсэргүүцэж Сангийн яаманд гомдол гаргаснаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сангийн яам өмнөх дүгнэлтийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Үнэлгээний хороо/-т даалгаж шийдвэрлэсэн.
9.8. Улмаар Тендерийн үнэлгээний хороо нэмэлт ажиллагаа явуулж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 6 дугаартай дүгнэлт гарган “А” ХХК-ийг шалгаруулсан. Үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулж хэлбэр бөгөөд “Э” ХХК нь тухайн дүгнэлт /захиргааны акт/-ийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан холбогдох ажиллагааг явуулах ёстой атал шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх тус нөхцөлд дүгнэлт өгөлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
9.9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар магадлалыг хүчингүй болгож нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0018 дугаар шийдвэрийн “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн тендер гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэг”-ийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
10. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоолоор хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Р.Д нарт хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон гуравдагч этгээд “А” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын дагуу, шүүхийн эрх хэмжээний хүрээнд маргааны үйл баримтуудад холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн, хяналтын шатны шүүх энэ маргаанд холбогдох нотлох баримтын асуудлаар дүгнэлт хийхгүй.
14. Анхан шатны шүүх “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “А” ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НХХААГ-20/0134 дугаартай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай хэмжилтийн багаж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь “захиргааны гэрээ”-нд хамааралгүй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг засаж, нэхэмжлэлийн үндсэн болон дагалдах шаардлагыг зөв ялгаж, эрх зүйн үр дагаварыг зөв тогтоожээ.
15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгохоор зааснаас үзэхэд тендер шалгаруулалт нь тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааны цогц бөгөөд, тендер шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаагүй буюу Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын үр дүнгийн талаарх шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд түүнийг үндэслэж гарсан гэрээ байгуулах эрх олгох, шийдвэр, гэрээ байгуулах ажиллагааг “тусдаа үйл ажиллагаа” буюу энэ тохиолдолд, бие даасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон тусдаа эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, нэхэмжлэгчээс “ ... гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх “ ... Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус, ... гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй байхад ... гэрээ байгуулсан” гэж дүгнэсэн атлаа “гэрээг хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй” гэсэн нь энэ тохиолдолд алдаатай болжээ.
17. Тодруулбал, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж дүгнэсэн дүгнэлт “хууль бус байсан” гэж маргасан, энэ нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд, уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны “хууль бус” дүгнэлтийг үндэслэн гарсан бусад актуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд /нэхэмжлэлийн дагасан шаардлага/ мөн хангагдах үндэслэлтэй болно.
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/2196 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “А” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж, захиалагч нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК-тай НХААГ-20/0134 дугаар гэрээг байгуулсан, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтосоон журмыг зөрчсөн гэж үзэхгүй.
19. Иймд, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ...-д заасан шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлгүй, ... хуульд заасны дагуу 2 оролцогчоос тодруулга авч үнэлгээнд харгалзан үзсэнийг шүүх авч хэлэлцээгүй, ... тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх зэрэг агуулгаар, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3, 106.5 дахь заалтуудыг илт хууль бус тайлбарласан, ... захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоох гэсэн зохицуулалт байхгүй, ... шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэх зэрэг агуулгаар тус тус гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.МӨНХТУЯА