Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01771

 

  

 

 

 

 

2023 оны 09 сары18 өдөр 210/МА2023/01771

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.*******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Мөнх-Ертөнц, Н.Алтанзул нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Арвин хур ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 81,508,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Б.Мөнх-Ертөнц, хариуцагч Н.Алтанзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн өмгөөлөгч Л.Жавзмаа,[BS1]  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Х.******* нь Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нартай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1-р хороо Алтай хотхон Энгельс гудамж, 16-р байр 135 тоот хаягт орших, 73,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

Дээрх орон сууц нь Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлийн барьцаанд байсан тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 65,432,887.78 төгрөгийг төлж, барьцаанаас чөлөөлүүлсэн.

Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргахад худалдагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нар бусад этгээдэд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарласантай холбоотой улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, орон сууцыг худалдан авах боломжгүй болсон.

 

Тиймээс орон сууцны төлбөрт өгсөн 65,432,887.78 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөг нийт 66,832,887.78 төгрөгөө буцаан авахаар шүүхэд хандаж байна.

 

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нар нь 86,200,000 төгрөгийн зээл авч сард 825,685.41 төгрөгийг төлж, үндсэн зээлд 388,474.46 төгрөг, зээлийн хүүд 462,169.19 төгрөгийг төлдөг байсан бөгөөд уг зээлээ хаалгасан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийт 3 жил гаруй буюу нийт 39 сарын зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн 66,832,887.78 төгрөгийн мөнгийг ашигласнаар нийт 14,675,997 төгрөгийн үр шимийг хүртсэн байна.

 

Миний бие хариуцагч нарын зээлийг хаасан 66,832,887.78 төгрөгийг хадгаламжид байршуулсан бол сарын 1,1 хувиар тооцоход нийт 39 сарын хадгаламжийн хүү 28,671,308 төгрөгийн ашиг хүртэх боломжтой байсан.

 

Хариуцагч нар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн хэмжээгээр буюу 14,675,997 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нараас нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх боловч Х.*******тай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулаагүй.

 

Н.Алтанзул нь Х.*******гийн хамаарал бүхий газар тариалангийн компанид 2019 онд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд ажиллаж байх хугацаандаа тэднээс зээлсэн мөнгө болон учруулсан гэх хохирол зэргийг барагдуулах үүднээс өөрийн нэр дээр бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр үнэлж, Худалдаа хөгжлийн банк дахь 65,432,887.78 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл зөрүү төлбөрийг бусад төлбөрт тооцож өрөнд шилжүүлж авахаар харилцан тохиролцон, тэдний ажилтан гэх Д.Янжмаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц барьцаанаас чөлөөлөх, худалдах, бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэлийг хийж өгсөн.

 

Итгэмжлэл хийж өгсөн нь Н.Алтанзулын учруулсан гэх хохирлыг барагдуулах зорилготой байсан бөгөөд тухайн байр банкнаас гадна өөр газар барьцаанд болон битүүмжлэлтэй байсныг мэдээгүй.

 

Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласныг мэдсэнээс хойш Н.Алтанзул нь банкны зээл хаасан төлбөр, учруулсан гэх хохиролд Д.Янжмаагийн Хаан банкны 5079057256 тоот дансанд 2020 оны 02-р сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 02-р сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

 

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Х.*******тай байгуулаагүй ба 66,832,887.78 төгрөгийг Х.*******гаас аваагүй, гэрээний үүргийг гэрээний оролцогч бус хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 14,675,997 төгрөг, нийт 81,508,884.78 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Н.******* нь Хаан банк дахь Янжмаагийн эзэмшлийн 5079057256 дансанд 2 удаагийн шилжүүлгээр эхний удаа 2020 оны 02 сарын 21-ний өдөр*******аас байрны төлбөр урьчилгаа 30,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 28-ны өдөр байрны төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлж, Х.*******гийн гэрээний төлбөр төлөгдсөн.

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй, Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нарт холбогдуулан 66,832,887.78 төгрөг гаргуулах, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа төгрөг 14,675,997 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 81,508,884.78 болгон өөрчилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нараас 66,832,887.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нараас 492,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр 66,832,887.78 төгрөгийг болон гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээ биелсэнээс олсон ашиг 14,675,997 төгрөг нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, бодит үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээ биелсэнээс олсон ашиг 14,675,997 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэг, 7 дахь талд Иймээс мөнгөн хөрөнгийг үүрийн гүйцэтгэлд буюу өр барагдуулахад зарцуулсан тул ийнхүү зардал хэмнэснийг ашиг олж авсантай адилтгах боломжгүй, хариуцагч нар нь өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэх үндэслэлээр 14,675,997 төгрөгийг төлөх үүрэггүй байх тул 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтыг хэт явцуу тайлбарлан хэрэглэж гэрээний нэг талд давуу байдлыг бий болгож байна.

 

Хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нар нь банкнаас 86,200,000 төгрөгийн зээл авсан ба сард 825,685,41 төгрөгийг төлж, үндсэн зээлд 388,474,46 төгрөг, зээлийн хүүд 462,169,19 төгрөгийг төлдөг байсан.

 

Уг зээлээ төлүүлснээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн 66,832,887.78 төгрөгийн мөнгийг ашигласнаар нийт 14,675,997 төгрөгийн үр шимийг хүртсэн байна.

Харин анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр гэрээ биелсэнээс олсон ашиг гэж зөвхөн орлогыг ойлгохоор тайлбарласан нь буруу бөгөөд ашиг гэдэг нь орлогоос гадна үр шим хүртэж байгаагаар ойлгох ба зайлшгүй гарах ёстой байсан зардлаа хэмнэж, зээлийн хүү төлөх үүргээсээ бүр мөсөн чөлөөлөгдсөнөөр мөн хэмжээгээр өөрсдөдөө хөрөнгөтэй үлдэж байгаа нь гэрээ биелсэнээс олсон үр шимийг хүртэж байгаа буюу ашгийг бий болгосон. Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 14,675,997 хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 118 дугаар зүйл, заасан үндэслэл журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна

 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2023 оны 07 сарын 26-ны өдөр болсон. Гэтэл 2 жилийн өмнө шүүхийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэр гарснаар буюу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэг, УДШүүхийн 2006 оны 4 сарын 25-ны өдрийн Зөвлөмж-ийн 2 дахь заалтыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх өөрчилж засах боломжгүй алдаа гэж үзэж байна.

 

Мөн хариуцагч Н.Алтанзулын шүүхэд гаргасан татгалзлал, тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг зааж тусгаагүй. Хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй ба ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.3, УДШүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Зөвлөмж-ийн 3.4, 3.5-д зааснаар хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар шийдвэрт тусгагдана гэж заасан хууль болон зөвлөмжийн заалтыг зөрчсөн.

 

Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан байсныг мэдсэнээс хойш Н.Алтанзул нь итгэмжлэл хийж өгсөн гэх Д.Яжмаагийн хувийн эзэмшлийн Хаан банк дахь 5079057256 тоот дансны хуулгаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг байрны төлбөрт шилжүүлж, Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 байр, 135 тоот, 73,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Худалдаа хөгжлийн банк дахь зээлийн үлдэгдэл төлбөрт Х.*******гийн төлсөн 65,432,887.78 төгрөгийг буцааснаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн.

 

Харин Д.Янжмаа нь шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг Х.*******д өгөөгүй, Арвин хур ХХК-д шилжүүлэх эрх байхгүй, Д.Янжмаагийн данснаас мөнгө гараагүй. Н.Алтанзулаас 70,000,000 төгрөг гарсан, тухайн мөнгийг Х.******* аваагүй зэрэг үйл баримтад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хариуцагч нарын хэн нь Арвин хур ХХК-д өртэй, Б.Мөнх-Ертөнц үүрэг хүлээх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

 

Мөн шүүх Арвин хур ХХК-ийн кассанд Н.Алтанзулын компанид учруулсан хохирол төлбөр гэх утгатайгаар бүртгэсэн гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй гэж дүгнэсэн байх ба Н.Алтанзулаас шилжүүлсэн мөнгийг Арвин хур ХХК-ийн өр төлбөрт шилжүүлэх эрх Д.Янжмаад олгогдоогүй, тухайн орон сууц нь хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд Арвин хур ХХК-ийн өмнө Б.Мөнх-Ертөнц төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, эрх зүйн харилцаанд ороогүй талаар маргасан байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

 

Н.Алтанзул, Арвин хур ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөр, Д.Янжмаа, Арвин хур ХХК-ийн хооронд өр төлбөр барагдуулах үүрэг зэрэг нь тус тусдаа бие даасан эрх зүйн харилцаа байх бөгөөд Арвин хур ХХК-ийн өр төлбөрийг хариуцагч нарт хамаатуулан улмаар хариуцагч Б.Мөнх-Ертөнцийн эрхийг зөрчсөн байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Алтанзулын 33,416,443.89 төгрөг, Б.Мөнх-Ертөнцийн 33,416,443.89 төгрөгийн хэмжээнд тэдний банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтээр харуцагч тус бүрээр үүргийг тодорхойлсон баримт байна.

 

Мөн итгэмжлэл нь нэг талын хүсэл сонирхолоор төлөөлөгчийн эрх, үүргийн тусгайлан тусгаж болно. Гэтэл шүүх итгэмжлэлд хариуцагч нар үүргийн талаар тохиролцоогүй гэх дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүйгээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хариуцагч нарын үүрэг тэнцүү байна гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна

 

Иймд ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-д зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал буюу манай гардаж авсан шүүхийн шийдвэр 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн алдаагүй шүүхийн шийдвэр гардуулсан. Мэдээжийн буюу үг, үсэг техникийн зэрэг алдааг шүүхийн алдааны зэрэгт авч үзэхгүй болно гэж тайлбарласан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага гэрээний үр дагаврын буцаах болохоос биш компанийн хохирлыг шаардаагүй. Үүнийг ялгаж ойлгохгүйгээр гэрээ байгуулах үндэслэлээр ойлгож тайлбарлаж байгаа нь буруу байна. Б.Мөнх-Ертөнц шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд ирүүлсэн хүсэлт нь хуулбар, ямар нэг гарын үсэг, нотлох баримт байхгүй учраас шүүх хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Үүнтэй холбоотой хариуцагч тал шүүгчээс татгалзсан.

 

Хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзаж байгаа нь хуульд заагаагүй учир анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий байна гэжээ.

 

8. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

Хариуцагч нараас 70,000,000 төгрөгийг Арвин хур ХХК-д өр төлбөр барагдуулах байдлаар шилжүүлсэн. Маргаан бүхий 70,000,000 төгрөг нь Н.Алтанзулын компанид учруулсан хохирлыг төлж барагдуулахтай холбоотой асуудал. Гэтэл тухайн үед 2020 онд компанийн өр төлбөр гэж төлсөн мөнгөө гэрээ биелэгдэх боломжгүйгээс төлсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа нь компанийн эрх, ашиг ноцтой хохирох нөхцөл байдал үүсэж байна.

 

Хариуцагч нарын Х.*******д төлсөн мөнгө нь компанид учруулсан хохирол гэдэг нь эргэлзээгүй тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын алдаатай зүйлд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг буцаах, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэдэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч болон гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нарт холбогдуулан 81,508,884.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.1. Хариуцагч Б.Мөнх-Ертөнц нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргаж, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогч нь мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

3.2. Түүнчлэн, хавтаст хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэр авагдсан, харин нэхэмжлэгч талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэр гардуулагджээ.

 

Анхан шатны шүүхийн техник алдаа гаргасан гэж үзэж болох боловч нэг дугаар, агуулга бүхий хоёр өөр огноотой шийдвэр байж болохгүй. Учир нь шүүхийн шийдвэр гарсан огноо нь эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,330 төгрөг, хариуцагч Н.Алтанзул, Б.Мөнх-Ертөнц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР

 

 

 


 [BS1]Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ертөнц, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Жавзмаа