Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 112

 

Д.У нарын 6 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалтай, Д.У, Д.Э, С.С, З.Н, П.Б, Р.Х нарт холбогдох 1921001500201 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 01 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял,

2017 оны 09 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2019 оны 05 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 7 сар 21 хоног хорих ял шийтгүүлсэн, Бүргэд овогт П.Б,

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 03 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

2015 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял,

2018 оны 10 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2019 оны 06 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 30 хоног хорих ял шийтгүүлсэн, Баргажин овогт Р.Х,

3.Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2010 оны 01 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2019 оны 09 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгүүлсэн, Хатагин овогт Сайнзаяагийн Сүрэнжав,

4.Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 10 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2019 оны 05 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн, Бодонгууд овогт З.Н,

5.Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2020 оны 05 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн, Иөншөөбү овогт Д.У,

6.Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цахар овогт Д.Э.

Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Э, С.С, П.Б, З.Н, Р.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Уыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч Д.Э, С.С, П.Б, З.Н, Р.Х нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Д.Уыг 5 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, С.С, П.Б, З.Н, Р.Х нарыг тус бүр 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ут энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ялаас          эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 13 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 2 сар 13 хоног хорих ялаар,

шүүгдэгч С.Ст энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 10 сар 27 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 4 сар 27 хоног хорих ялаар,

шүүгдэгч З.Нид энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 2 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 2 сар 2 хоног хорих ялаар,

шүүгдэгч П.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сар 21 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоног хорих ялаар,

шүүгдэгч Р.Хт энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 30 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 13 хоног ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 13 хоног хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 50 хоног, С.Сын цагдан хоригдсон 76 хоног, З.Нийн цагдан хоригдсон 73 хоног, П.Бийн цагдан хоригдсон 73 хоног, Р.Хын цагдан хоригдсон 73 хоногийг шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгч Д.Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Цын өмчлөлийн “Хун Лян Бүргэд” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Уаас, шүүгдэгч Д.У, Д.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.У, Д.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх,

шүүгдэгч Д.У, З.Н, Д.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Оын өмчлөлийн “Хондо лого” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгон эзэмшигч Ц.Оод буцаан олгох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уаас 5.733.333 төгрөг, С.Саас 900.000 төгрөг, П.Бээс 400.000 төгрөг, Р.Хаас 500.000 төгрөг, Д.Эаас 900.000 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулах,

шүүгдэгч З.Н, Д.Э нар нь хохирогч Ч.Н, Ж.О, М.Г нарт учруулсан хохирлыг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж, 3 дахь заалтыг “...нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Д.У, Д.Э, С.С, З.Н, П.Б, Р.Х нарын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

 

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:...Шүүгдэгч Д.Уыг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор: 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, 80-ын пайз гэх газраас иргэн Н.Аийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Ямаат гэх газраас иргэн Д.Дын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Ямаатын хар далан гэх газраас иргэн Д.Дын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Зүүн сүүж гэх газраас иргэн Д.Бы эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Өгөөмөр гэх газраас иргэн Б.Бийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өгөөмөр гэх газраас иргэн Ц.Б эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 6 үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцож, 5 жил хорих ялаар шийтгэсэн байсан.

Мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дугаар 311 дугаартай шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Д.Этай хамтран 2019 оны 02 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, Энгэр хашаат гэх газраас иргэн М.Ггийн эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч С.С, П.Б нартай хамтран 2019 оны 05 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, Цайдам нуур гэх газраас иргэн Г.Агийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч З.Н, Д.Э нартай хамтран 2019 оны 05 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Айргийн энгэр гэх газраас иргэн Ч.Нын эзэмшлийн 1, мөн иргэн Ж.Оын үхрээс 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Д.Э, С.С, Р.Х нартай хамтран 2019 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, Цайдамын нуур гэх газраас иргэн Г.Агийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2019 оны 05 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Ямаатын ам гэх газраас иргэн Д.Аийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 5 удаагийн үйлдлээр нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож 5 жил хорих ялаар шийтгэж байна.

2020 оны 05 сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө мөрдөн байцаалтын шатанд Д.У нь өөрийн үйлдсэн гэх дээрх 11 үйлдлийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж шалгуулж байсан. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгтэй танилцах үед сүүлийн 5 үйлдлийг нь тусгаарлан авч үлдсэн бөгөөд танилцуулаагүй, уг сүүлийн 5 үйлдэл дээр яллагдагчаар татаж шалгаж байсан боловч “Д.Уын үйлдэл эдгээр хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байгаа тул тусгаарлав” гэж прокурорын тогтоол гаргасан байсан учир өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргалгүй орхисон.

Гэвч 5 үйлдлийг тусгаарлан авч үлдэж, дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ уг 5 үйлдэл дээр нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлж, шүүх уг зүйл ангиар шийтгэж байгаа нь Д.Уын эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Прокурорын зүгээс хуулийг хоёр өөр байдлаар хэрэглэсэн. Хэрэв Д.Уын 11 удаагийн үйлдлийг нэг мөр шалгаад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээр шийдсэн бол энэ хүний эрх зүйн байдал дордохгүй байсан.

Мөн шүүгдэгч Д.Этай хамтран 2019 оны 02 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, Энгэр хашаат гэх газраас иргэн М.Ггийн эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.У нь Эыг өөрийн эзэмшлийн үхрээсээ барьж өгч байна гэж бодож уг 4 тооны үхрийг авч явсан байдаг. Энэ байдлыг Д.Э хэлсээр байхад Д.Уыг буруутган ял сонсгож байгаа нь үндэслэлгүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Д.Уыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэж зүйлчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э нь ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, түүнийг эцэг, эх нь тэжээн тэтгэдэг бөгөөд 5 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлж, олсон орлогоороо өрх гэрээ тэжээж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “олон тооны мал хулгайлсан” гэж хөнгөрүүлэх зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э, С.С, П.Б, З.Н, Р.Х нарын хувьд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Эт холбогдох зарим хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу тусгаарлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан гомдлыг үндэслэн П.Б, Р.Х, С.С, З.Н, Д.У, Д.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.У, Д.Э нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Ггийн эзэмшлийн үхэрнээс 4 үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

мөн Д.У, С.С, П.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шинжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Агийн үхэр сүргээс нэг үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

мөн Д.У, З.Н, Д.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нын үхрээс нэг, мөн тус газарт бэлчиж байсан иргэн Ж.Оын үхрээс нэг, нийт 2 үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

мөн Д.У, Д.Э, С.С, Х.Хасбаатар нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Агийн адуунаас 2 адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

мөн Д.У нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Аийн 6 адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э, С.С, З.Н, П.Б, Р.Х нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг хууль зүйн үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Д.У, Д.Э, С.С, З.Н, П.Б, Р.Х нараас нэр бүхий хохирогч нарт гаргуулахаар заасан гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, тэрээр 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд буюу 3 сарын хугацаанд ганцаараа 1 удаа, бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын нийт 7 үхэр, 8 адууг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Уыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй үйлдлийг ойлгохоор хуульчлагдсан билээ.

Гэтэл шүүгдэгч Д.Уын үйлдэл нь тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэрээр хууль бусаар олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн, түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна.

Иймд өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан хяналтын гомдлыг хангаж, шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлж, тухайн зүйл хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 13 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 8 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан хяналтын гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Д.Ут холбогдох хэсгийг: “Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилсүгэй.

Шүүгдэгч Иөншөөбү овогт Д.Уыг бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд тооцсугай.”...,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Д.Ут холбогдох хэсгийг “Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй” ...,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын Д.Ут холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ут энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 13 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” ...,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч Д.Ут оногдуулсан 9 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял” гэснийг “шүүгдэгч Д.Ут оногдуулсан 6 жил 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

     С.БАТДЭЛГЭР

     Б.БАТЦЭРЭН

      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН